- Business newsletter
- Posts
- 2024/08/21
2024/08/21
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Шинэ ЗГ-ын урт хугацааны төсвийн бодлого Монгол Улсын зээлжих зэрэглэлд амин чухал нөлөө үзүүлнэ.
БНХАУ дахин 11 атомын цахилгаан станц шинээр барих төсөлд зөвшөөрөл олгожээ.
Алтны үнэ түүхэн дээд цэгтээ хүрснээр алтан гулдмайн үнэ анх удаагаа 1 сая ам.доллар давлаа.
Төсвийн тэлэлт ба зээлжих зэрэглэл
2023 онд төсвийн тэнцлийн ашиг ДНБ-ий 1.4 хувьтай тэнцсэн, 2024 оны эхний долоон сард төсвийн тэнцэл 1.6 их наяд гаруй төгрөгийн ашигтай гарсан гээд түүхий эдийн экспортын таатай нөхцөлөөр өдөөгдсөн төсвийн сайн үзүүлэлт одоохондоо үргэлжилж байна. Гэхдээ баталсан төсвөө жил бүр тодотголоор нэмэгдүүлдэг уламжлалыг шинээр бүрдсэн Хамтарсан ЗГ мөн үргэлжлүүлж, түүхэн том төсвөө 3 их наяд төгрөгөөр тэлэхээр боллоо.
Шинэ ЗГ-ын урт хугацааны төсвийн бодлого Монгол Улсын зээлжих зэрэглэлд амин чухал нөлөө үзүүлэхийг үнэлгээний хоёр акул Moody’s, Fitch Ratings хоёул онцолжээ. Мөн хөрөнгө оруулагчид төсвийн сул бодлого баримталж байгаа хөгжиж буй орнуудын бондыг эрчимтэй зарах болсныг дата харуулж байна.
Эргээд алдагдал руу орно
2023 онд урсгал данс болон төсвийн тэнцэл ашигтай гарсан нь Монгол Улсын гадаад өр, тэр дундаа ЗГ-ын өрийн ДНБ-д эзлэх харьцаа дорвитой буурахад гол нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг байлаа. Гэхдээ ашигтай гарсан төсвийн тэнцэл 2024 оны эцсийн дүнгээр эргэн алдагдалтай гарах төлөвтэйг Moody’s болон Fitch хоёул сүүлд гаргасан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын ажиглалтдаа онцолжээ.
Сонгуулийг угтан зарласан нийгмийн халамжийн томоохон зарцуулалт, цалин тэтгэврийн нэмэгдэл төсвийн зардлыг өсгөх бөгөөд улмаар төсвийн тэнцэл 2024 онд алдагдалтай гарч, 2025 онд алдагдал нь улам тэлнэ гэж Moody’s бичжээ. Гэхдээ нэрлэсэн ДНБ-ий өсөлт хадгалагдаж, валютын ханш тогтвортой байснаар ЗГ-ын өрийн ДНБ-д эзлэх хувь төдийлөн дээшлэхгүй, ойрын хоёр жилдээ 43 хувь орчимд хадгалагдах магадлалтай гэж тооцоолсон байна.
Харин Fitch-ийн зүгээс 2024 онд төсвийн алдагдал ДНБ-ий 1 хувьтай тэнцэнэ гэж төсөөлсөн ч төсвийн ерөнхий бодлогын хэмжүүр болдог уул уурхайн бус салбарын төсвийн алдагдал нэмэгдсэн хэвээр байх төлөвтэй гэж үзжээ.
Moody’s: Макро эдийн засгийн бодлогын үр ашигтай байдалд ерөнхийдөө өөрчлөлт ороогүйн зэрэгцээ түүхий эдийн үнэтэй хамаарал бүхий мөчлөгийн шинжтэй төсвийн бодлого руу хандаж байгаа нь Монгол Улсын эдийн засаг, ЗГ-ын санхүүг түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарсан эрсдэлд өртөмтгий хэвээр үлдээж байна.
Fitch: Хэдий ЗГ-ын өрийн түвшин буурч, гадаад шокт жийргэвч болох валютын нөөц нэмэгдэж, төсвийн бодлогын хүрээ бэхжиж, гадаад өрийн менежментийг илүү оновчилсон ч энэ онд хүлээгдэж буй төсвийн тэлэлт нь түүхий эдийн мөчлөгөөс үүдэх эрсдэл Монгол Улсад өндөр ач холбогдолтой хэвээр үлдэх дохиог өгч байна.
Ямартаа ч Монгол Улсын зээлжих зэрэглэл цаашид сайжрахад эдийн засгийн өсөлт, ГВАН-ийн хуримтлал, гадаад өрийн менежмент, ЗГ-ын өр ба ДНБ-ий харьцаа зэргээс гадна төсвийн сахилга бат даацтай нөлөөлөх хүчин зүйл болохоор байгаа нь Moody’s, Fitch-ийн дүгнэлтээс илэрхий харагдаж байна.
Төсвийн реформ → Хөрөнгө оруулалтын өгөөж
Хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалт татах чадварт төсвийн бодлого нь мөнгөний бодлогоос илүү нөлөөтэйг бондын хөрөнгө оруулагчид харуулж байна. Энэ оны IV сараас эхлэн хөрөнгө оруулагчид ЗГ нь төсвийн бодлогоо сулруулсан орнуудын бондыг эрчимтэй заржээ. Харин нөгөө талд төсвийн хашир бодлого баримталж буй орнуудын бондыг өгөөж нь бага, бүр хасах утгатайг ч үл харгалзан худалдан авах сонирхолтой байгааг Bloomberg-ийн дата харуулж байна.
Улс орнууд дахь бондын хөрөнгө оруулалтын өгөөжийн II улирлын үзүүлэлтийг шинжвэл Аргентин, Турк, Бразил гэсэн төсвийн реформ хийж байгаа орнууд өгөөжөөрөө тэргүүлжээ. Харин Мексик, Бразил тэргүүтэй төсвийн алдагдал нь нэмэгдэж буй орнууд сүүл мушгисэн байна.
Бондын арилжаа эхний хагаст
Оны эхний хагас жилд МХБ-ээр анхдагч болон хоёрдогч зах зээлд нийт 5.67 сая ширхэг бонд 565.03 тэрбум төгрөгөөр арилжаалагджээ. VI сарын 28-ны байдлаар МХБ-д 12 компанийн бонд бүртгэлтэй арилжаалагдаж байна. Энэ онд Ашид Капитал ББСБ ХК-ийн “Симпл III” бонд гарч, анхдагч арилжаагаар 20 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол Ард Кредит Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр нээлттэй бондоо гаргахаар болж, урьдчилсан захиалга авч эхлээд байна.
Харин биржийн бус зах зээл дээр энэ оны II улиралд нийт 536.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 33 шинэ бонд (төгрөгөөр гаргасан) бүртгэгдсэн байна. Салбараар нь үзвэл банк бус санхүүгийн байгууллагын бонд 41 хувийг, үл хөдлөх хөрөнгийн компанийн бонд 22 хувийг эзэлжээ.
Дэвтрийн зах зээл
Улаанбаатар Принт ХХК-ийн 2024 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад нэг сурагч жилд дунджаар 31 ширхэг дэвтэр хэрэглэж байгаа нь өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн үзүүлэлт аж. Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд тус компани дотоодын дэвтрийн зах зээлийн 95 хувийг хангадаг болохоо мэдээлж байлаа. Харин импортын хувьд оны эхний долоон сарын байдлаар манай улс 873 мянган ширхэг буюу 214.5 мянган ам.долларын сурагчийн дэвтэр импортолсон нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан дүн болжээ.
АЦС-ыг түшиглэнэ
БНХАУ даваа гарагт таван байршил дахь 11 атомын цахилгаан станцын төсөлд зөвшөөрөл олгосон нь хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтоо биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүчийг илүүтэй түшиглэж буй тус улсын хувьд урьд байгаагүй өндөр үзүүлэлт боллоо.
БНХАУ-ын Төрийн зөвлөл Жянсү, Шаньдун, Гуандун, Жөжян, Гуанси зэрэг таван мужид шинээр цөмийн цахилгааны станцууд барих зөвшөөрөл олгосныг тус улсын төрийн өмчит China Energy News агентлаг мэдээлжээ. Эдгээр 11 станцад оруулах нийт хөрөнгө оруулалт нь багадаа 220 тэрбум юань буюу 31 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нь таван жил орчим үргэлжлэх аж.
БНХАУ-д шинээр баригдаж буй атомын цахилгаан станцын тоо бусад бүх улсынхаас илүү байна. 2022, 2023 онд л гэхэд тус тус 10 шинэ реактор барих зөвшөөрөл олгоод байв. BloombergNEF-ийн тооцооллоос үзвэл БНХАУ 2030 он гэхэд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээгээр Франц, АНУ-ыг гүйцэж дэлхийд тэргүүлэхээр байгаа аж.
Алтан гулдмай $1 сая
Өнгөрсөн баасан гарагт алтны үнэ унц нь 2,500 ам.доллар хүрч, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрснээр алтан гулдмай анх удаагаа 1 сая ам.доллартой дүйцэх хэмжээний үнэ цэнтэй болжээ.
Алтан гулдмай голчлон 400 трой унц жинтэй байдаг тул нэгжийнх нь үнэ сая долларын босгыг давж байгаа юм. Гэхдээ энэ үзүүлэлтэд анхаарах хэрэгтэй зарим зүйлс бий. Дэлхийн үнэт металл арилжааны төв болох Лондоны зах зээлд стандарт алтан гулдмай 400 трой унц жинтэй, 350-430 унцын цэвэр алт агуулсан байдаг. Мөн иргэд бусад арилжааны цэгүүдээс илүү жижигхэн, хямд үнэтэй гулдмайнууд худалдан авах боломжтой.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Citigroup: Төмрийн хүдрийн үнэ үргэлжлэн унаж, тонн нь $80 болох төлөвтэй
Amundi: Иений ханш 140 нэгж хүрч чангарна
Хөгжингүй улсууд цагаачлалын бодлогоо чангалсан нь гадаад оюутнуудыг гарцгүй байдалд оруулж байна
Онцлох чарт
Энэ долоо хоногийн сүүлээр болох Холбооны нөөцийн банкны Jackson Hole симпозиумаас өмнө хөрөнгө оруулагчдын дунд эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдсэнээр хөгжиж буй орнуудын валютын индекс даваа гарагт түүхэн дээд цэгтээ хүрлээ.
Түүхий эдүүдийн үнэ өссөнөөр Чилийн песо болон Бразилын реалын ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тайланд, БНСУ, Малайзын мөнгөн тэмдэгтүүд мөн чангарчээ.
Эцэст нь товчхон
МХБ: Сүү ХК 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгийнхаа 30 хувь буюу 3.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ нэгж хувьцаа тус бүрд 10.6 төгрөг тооцож ногдол ашиг хуваарилах юм байна.
ЗТХЯ: Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гашуунсухайт дахь шилжүүлэн ачих терминалыг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүс болгожээ. 74 га талбайг хамрах тус терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замаар ачигдсан чингэлэгтэй ачааг шилжүүлэн ачих, хадгалах зориулалттай.
Өнөөдрийн онцлох зураг
“Дэлхийн залхуурлын өдөр”-өөр хэвтэн амарч буй тахианы өмсгөлтэй эр - Колумби улс
Jaime Saldarriaga/AFP/Getty