2024/08/20

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Хөгжингүй улсууд цагаачлалын бодлогоо чангалсан нь гадаад оюутнуудыг гарцгүй байдалд оруулж буй талаар энэ дугаарт онцоллоо.

  2. Агуулахын нөөц нэмэгдэж, эрэлт суларснаар БНХАУ-д коксжих нүүрсний үнийн уналт эрчимжлээ

  3. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасав.

Гадаад оюутнууд ба цагаачлалын асуудал

Засгийн газрууд хэтийдсэн цагаачлалыг хязгаарлах хялбар бай эрэлхийлж эхэлснээр удаан хугацаанд хөгжингүй орнуудын “саалийн үнээ” байсан олон улсын оюутнуудын ирээдүй улам тодорхой бус болж байна.

Гадаадад суралцахуй нь бараг 200 тэрбум ам.доллароор хэмжигддэх олон улсын бизнес бөгөөд Их Британи, Канад, Австрали улсууд тус зах зээлийн гол тоглогчид байдаг. Гэтэл эдгээр улсуудын 2024 оны эхний улиралд визийн мэдээлэл боловсруулсан нийт тоо өмнөх оны мөн үеэс 20-30 хувиар буурсныг IDP Education тооцоолжээ.

“Тооны хувьд хяналт тавихад хамгийн хялбар бүлэг нь оюутнууд байдаг учир хязгаарлах жагсаалтын нэгдүгээрт тэд байгаа юм. Их сургуулиуд тийм ч хүчирхэг байгууллагууд биш тул улс төрийн шийдвэрийн хялбар бай болж байх магадлалтай” хэмээн Австралийн Үндэсний их сургуулийн профессор Эндрю Нортон онцолж байлаа.

Их Британи үүдээ хаасан

“Боловсролын салбар боловсролд л зориулагдахаас цагаачлалын үүд болох ёсгүй” гэсэн бодлогоор өмнөх ЗГ-ын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг шинээр бүрдсэн Хөдөлмөрийн намын ЗГ дахин авч хэлэлцэж байгаа аж. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Хөдөлмөрийн намын төлөөлөгч сайд Крис Брайант нам нь хэрэв ялалт байгуулбал гадаад оюутнууд Их Британид хамаарал бүхий хүнээ дагуулж ирэхийг хориглосон шийдвэрийг цуцлахгүйгээ амалж байв.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд тус улсад гадаад оюутнуудын тоо, ялангуяа Энэтхэг, Хятадаас ирэх оюутнуудын тоо өссөн бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд 679,970 гадаад оюутан ирсэн нь дээд үзүүлэлт болж байжээ.

Канадын хязгаарлалт

Гадаад оюутнууд Канадын эдийн засагт 22 тэрбум гаруй канад долларын хувь нэмэр оруулахын зэрэгцээ 218 мянган ажлын байр бий болоход дэм үзүүлдэг гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ онд оюутны виз олголтыг 35 хувиар бууруулах, төгссөний дараах ажлын байрны шаардлагын хөнгөвчлөлийг цуцлах зэрэг төдийлөн нэрд гараагүй, жижиг коллежуудыг чиглэсэн шинэ зохицуулалтууд танилцуулагдаад байгаа.

Австрали, Их Британитай нэгэн адил Канадад орон сууцны түрээс огцом өсөж, оюутнууд нэг байранд олноороо амьдарч, эмзэг бүлэгт зориулагдсан үнэгүй хоол түгээх цэгүүдэд байнга хооллох болсон тухай мэдээллүүд гарсаар буй. Канадын сөрөг хүчний удирдагч Пьер Пуаливр хүн амын өсөлтийн хурдыг орон сууцны бүтээн байгуулалтын хурдтай зэрэгцүүлэхээ амласан нь гадаад оюутнууд хүлээн авах тоо болон цагаачлалын нийт түвшинг огцом бууруулна гэсэн үг юм.

Австралийн шинэ тогтоомжууд

2023 онд эдийн засагтаа гадаад оюутнуудаас 48 тэрбум австрали долларын нэмэгдэл орлого оруулсан Австрали улсын хувьд дэнчин бүр өндөр байхаар байна. Австралийн их сургуулиуд нийт үйл ажиллагааны орлогынхоо 1/4-ээс илүү хувийг олон улсын оюутнуудаас бүрдүүлдэг, үүгээрээ дэлхийд дээгүүр бичигдэж буйг S&P Global мэдээлж байв.

Их сургууль тус бүрд элсэлтийн хязгаар тогтоох, дотуур байрны барилгын төслийн шаардлагыг шинэчлэх зэргийг багтаасан ЗГ-ын шинэ төлөвлөгөө нь хараахан Парламентад өргөн баригдаагүй байгаа. Гэхдээ гадаад оюутнууд Англи хэлний ур чадварын шаардлага чангарах, визийн татгалзсан хариу олшрох зэрэг сорилтуудтай аль хэдийн нүүр тулж эхэлжээ. Зарим хувийн сургуулиудад хуурамч мэдүүлэгтэй гадаад оюутнуудыг элсүүлэхээ зургаан сарын дотор зогсоохгүй бол лицензийг нь цуцлахаар анхааруулсан аж.

Энэ оны VII сард гадаад оюутны виз мэдүүлэх хураамж даруй хоёр дахин өсөж 1,600 авсрали доллар хүрсэн нь дэлхийн хамгийн өндөр үнэ болохыг тус улсын тэргүүлэх 8 их сургуулийн холбооноос мэдээлжээ. Дээрх өргөн барьсан хуулийн төсөл гол хоёр намын хоёулангийнх нь дэмжлэгийг авсан тул энэ ондоо Австралийн Парламентаар батлагдах төлөвтэй гэж шинжээчид үзэж байгаа аж.

Коксын уналт эрчимжсээр

БНХАУ-ын кокс үйлдвэрлэлийн гол бүсүүдэд агуулахын нөөц илүүдэлтэй байгаагаас тус улсын коксжих нүүрс олборлогчид үнээ улам эрчимтэй бууруулж буйг SXCoal онцоллоо. Гангийн үйлдвэрүүдэд коксын эрэлт багассанаас Хятадын кокс үйлдвэрлэгчид нүүрсний худалдан авалтаа даган бууруулахаас аргагүй болжээ.

Коксжих нүүрсний үнийн энэхүү уналт Монголын экспортын нүүрсний дуудлага худалдаанд мөн нөлөөлж, V ангиллын түүхий нүүрсний спот үнэ Ганцмод боомтод тонн нь 1200 орчим юань болж буурчээ. Мөн VIII сарын 14-нд Energy Resources компани 3# агштддыг 19,200 тонн угаасан коксжих нүүрсээ дуудлага худалдаанд 1,150 юанийн эхлэх үнээр санал болгосон ч борлуулж чадаагүй байна. Энэ нь тус ангиллын нүүрсний дуудлага худалдаа IV сараас хойш анх удаа бүтэлгүйтсэн тохиолдол болжээ.

SGR-ийн сэргэсэн улирал

SouthGobi Resources компани энэ оны II улиралд 15 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Энэ нь компани өмнөх оны мөн үед х 40.5 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байснаас эрс сайжирсан үзүүлэлт болж байгаа юм. Тухайн үед алдагдал хүлээсэн нь Татварын ерөнхий газраас ногдуулсан 75 сая ам.долларын торгуультай холбоотойг тайландаа дурджээ.

Түүнчлэн SGR II улиралд 1.2 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 33 гаруй хувиар өссөн үзүүлэлт болсон ч компанийн борлуулсан нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 22 гаруй хувиар буурсан байна.

Томчууд Jackson Hole-д

АНУ-ын Холбооны нөөцийн банкны жил бүр зохион байгуулдаг Jackson Hole-ийн симпозиум энэ долоо хоногт эхэлж байна. Төв банкны мөнгөний бодлого чухал эргэлтийн цэг рүү ойртож байгаа энэ үед тус банкны тэргүүн Жером Пауэллын баасан гарагт тавих илтгэл зах зээлд өндөр хүлээлт үүсгэж байна. Мөн тус чуулган дээр Английн Төв банкны Ерөнхийлөгч Эндрю Бэйли баасан гарагт үг хэлэх бол Европын Төв банкны Ахлах эдийн засагч Филипп Лэйн бямба гарагт илтгэл тавихаар байгаа аж.

Үүнтэй зэрэгцэн Goldman Sachs банкнаас АНУ-ын эдийн засаг агших эрсдэлийн магадлалаа 25 хувиас 20 хувь болгон бууруулжээ. Сүүлд гарсан жижиглэн худалдаа болон хөдөлмөрийн захын тайлан мэдээлэл сайн гарсан нь магадлалыг бууруулахад нөлөөлсөн бөгөөд хэрэв VIII сарын ажил эрхлэлтийн үзүүлэлт “дорвитой сайн” гарвал бүр ч их хувиар багасгаж магадгүйгээ онцолжээ.

Шилэн бус мэдээлэл

Даваа гарагаас эхлэн БНХАУ-ын Хөрөнгийн бирж өдөр тутмын тоон мэдээллээ гаднын биржүүдэд өгөхөө зогсоож байна. Тус мэдээлэл нь хөрөнгө оруулагчдын хувьд 8.3 их наяд ам.доллароор хэмжигддэг БНХАУ-ын эдийн засгийг ажиглах гол үзүүлэлт байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаднын хөрөнгө оруулагчид Хятадын хөрөнгийн захаас ээлж дараалан гарч байсан нь дээрх өөрчлөлт хийгдэх гэж байгаагийн анхны дохио болж байжээ. Тус улс эдийн засгаа тогтворжуулах, зах зээлийн савлагааг бууруулах, хөрөнгө оруулагчдын анхаарлыг урт хугацааны үзүүлэлт рүү чиглүүлэх үүднээс ийм алхам хийсэн гэж шинжээчид үзэж байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • McKinsey: 2023 онд генератив хиймэл оюун, сэргээгдэх эрчим хүчний технологи эрчимжсэн

  • БНХАУ-ын гангийн салбарт хямралын эрсдэл үүсэж, үйлдвэрлэгчид гарцаа танаад байна

  • АНУ-ын эдийн засаг уналтад орох болгоомжлол буурч, Азийн улсуудын валютын ханш 7 сарын дээд түвшинд хүрч чангарав

Онцлох чарт

1990-ээд оны сүүлээс энэ оны эхэн хүртэл хугацаанд төмрийн хүдрийн үнэ бараг 10 дахин өсөж, арилжааны хэмжээ нь гурав дахин тэлснээр бусад бүх томоохон түүхий эдийг тэргүүлжээ. Энэ нь Австралийн түүхий эдийн магнатуудыг тэрбумтан болгож, уул уурхайн компаниуд хэсэг хугацаанд Уолл Стритэд эрэлтээрээ ноёлоход хүргэж байв.

Хэдий сүүлийн үед уналттай байгаа ч төмрийн хүдрийн үнэ тонн нь 100 ам.долларын орчимд хэлбэлзэж байгаа нь 1980-2000 оны үеийн дундажтай нь харьцуулахад 700 хувиар өндөр үнэ юм. Мөн одоогийн үнэ удаан хадгалагдлаа ч топ олборлогч компаниуд өндөр орлогоо хадгалсан хэвээр байхаар байна.

 

Тухайлбал Rio Tinto Баруун Австралийн Пилбарагаас тонн тутамд 21 ам.долларын зардлаар төмрийн хүдэр олборлодог. Одоогийн үнээр тооцвол компани төмрийн хүдэр олборлолтод хийсэн хөрөнгө оруулалтаасаа 40 хувь, цаашлаад 50 хувийн ч өгөөж хүртэхээр байна.

Эцэст нь товчхон

МХБ: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хассаныг мэдээллээ.

ҮСХ: МХБ-ын ТОП-20 индекс VII сард өмнөх оны мөн үеэс 28 хувиар өссөн байна. Мөн бүртгэлтэй хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 12.4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөг буюу 14.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Индонезийн Тусгаар тогтнолын баярын өдрөөр зохиогддог “Panjat Pinang” тэмцээний оролцогчид шонгийн оройд өлгөсөн шагналыг авахаар уралдаж буй нь

Al Zulkifli/AFP/Getty