- Business newsletter
- Posts
- 2024/08/19
2024/08/19
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Хятадын гангийн салбарт гүнзгий хямрал айсуйг гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани онцлов.
Оны эхний хагаст ДНБ 5.5 хувийн өсөлттэй гарч, өмнөх оны мөн үеэс 1.1 нэгж хувиар саарав.
Дэлхийн түүхий эдийн зах зээлд энэ долоо хоногт анхаарч байх таван гол чарт
Гангийн хямрал
Монгол Улсын БНХАУ-д экспортолдог нүүрсний үлэмж хувь нь гангийн үйлдвэрлэлийн үндсэн орц болох коксжих нүүрс байдаг. Тэгвэл Хятадын гангийн салбарыг гүнзгий удаашрал руу хөтөлж, нөлөөлөл нь дэлхий даяар мэдрэгдэх хэмжээний хямрал айсуйг ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компани анхааруулаад байна.
Гарцаа танав
Эрэлт муудаж, салбарын хэмжээнд ашгийн маржин огцом буурснаар өнгөрсөн сард БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд өнгөрсөн сард гарцаа танах шийдвэр гаргасан байна. VII сард Хятадын гангийн нийт үйлдвэрлэл сарын болон жилийн дүнгээр 9 хувиар буурч 82.94 сая тонн болсон нь 2024 оны хамгийн тааруу үзүүлэлт болсныг тус улсын статистикийн товчоо мэдээлжээ. Оны эхний долоон сарын нийт үйлдвэрлэл 613.71 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2.2 хувиар доогуур үзүүлэлт аж.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт сунжирч, үйлдвэрлэлийн идэвх хумигдаж байгаа нь дотоодын гангийн үнэ огцом буурахад нөлөөлжээ. Улмаар Хятадын ган үйлдвэрлэгчид гадаад зах зээл рүү экспортоо нэмэгдүүлснээр барууны орнуудтай худалдааны зөрчлийг нь улам хурцатгасан байна. Өнгөрсөн сард Европын томоохон үйлдвэрлэгч ArcelorMittal Хятадын гангийн экспортын өсөлт нь дэлхийн зах зээлийг “тогтворгүй” нөхцөлд оруулж байна хэмээн буруутгасан юм.
“Халалт, борооноос шалтгаалан эрэлт багатай байдаг зуны саруудад гарц ихэвчлэн буурдаг. Гэхдээ долоодугаар сарын бууралт төсөөллөөс илүү огцом байлаа. Зах зээлийн хүлээлт ч бас доогуур байна. Салбар даяар үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж байгаа ч гангийн үнэ тогтворжих шинж алга” хэмээн Mysteel Global-ийн шинжээч Шю Шянчунь онцолжээ.
Урт удаан өвөл
Дэлхийн нийт гангийн 7 хувийг дангаараа үйлдвэрлэдэг China Baowu Steel Corp-ийн мэдэгдэл аюулын дохиог улам тодотгосон юм. Тус компанийн ТУЗ-ийн дарга Ху Ванмин хагас жилийн тайлан хурлынхаа үеэр Хятадын гангийн салбарт үүсээд буй нөхцөл байдлыг “хахир хатуу өвөл”-тэй зүйрлэсэн бөгөөд “бидний төсөөлснөөс илүү хүйтэн, илүү урт, тэсвэрлэхэд хүнд байх төлөвтэй” хэмээсэн байна.
Тус улсын гангийн салбар 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үед, мөн 2015-2016 онд ихээхэн хохирол дагуулсан уналтад орж байв. Гэхдээ аль алинд нь ЗГ-ын асар том дүнтэй дэмжлэгийн ачаар хямрал арилж байсан юм.
Харин одоо Хятадын ЗГ дэд бүтцийн зарцуулалтаа өсгөх замаар гангийн салбарын хүндрэлийг багасгах арга хэмжээ зарлаагүй хэвээр байна. Тус салбарт олон жилийн турш “хэт үйлдвэрлэл” буюу үйлдвэрлэлийн хүчин чадал ашгаас давах үзэгдэл оршсоор байгаа. 2020 онд салбарын гарц 1 тэрбум тонноос давсны дараа Бээжингээс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шалтгаанаар гарцыг өмнөх оныхоос хэтрүүлэхгүй хязгаарлах арга хэмжээ авч байв.
Зардал өснө
Ирэх дөрвөн жилд хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай ч улсын төсвийн эх үүсвэрээр дөнгөж 12.3 хувийг нь санхүүжүүлэхээр байгааг Сангийн сайд УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр онцолж байлаа. Мөн УИХ-д өргөн бариад байгаа 2024 оны Төсвийн тодотголоор шинэ ЗГ-ын сайд нарын энэ оны улсын төсвөөс санхүүжих зардлын хэмжээ 22.5 их наяд төгрөг болж, хоёр их наядаар өссөн үзүүлэлттэй байна.
Өсөлт ба хүртээмж
2024 оны эхний хагаст Монгол Улсын ДНБ 37.4 их наяд төгрөг болж, 5.6 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. Өсөлтийн дийлэнх буюу 4.4 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2.3 хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна. Харин уул уурхайн салбарын оруулсан хувь нэмэр өмнөх оноос 2.1 нэгж хувиар буурч 1.8 хувь болсон бол өнгөрсөн өвлийн зудын улмаас хөдөө аж ахуйн салбарын хувь нэмэр 3.9 хувиар агшсан байна.
Тэгвэл эхний хагас жилд өрхийн сарын дундаж орлого 2.5 сая төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 500 мянга гаруй төгрөгөөр өссөн бол инфляцын нөлөөллийг хасаж тооцсон өрхийн бодит орлого 1.7 сая төгрөг болж 264.7 мянган төгрөгөөр нэмэгджээ. “Эдийн засгийн өсөлтийг хэнд чиглүүлэх вэ, хэрхэн тогтвортой болгох вэ гэдэг нь өсөлт хэдэн хувьтай гарахаас илүү чухал асуудал болоод байна” хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан өмнө нь онцолж байлаа.
89%-ийн өсөлт
Банкны цэвэр хүүгийн болон шимтгэл, хураамжийн орлогын сайн үзүүлэлтийн нөлөөгөөр Худалдаа, хөгжлийн банкны хоёрдугаар улирлын ашиг өмнөх оны мөн үеэс 89 хувиар өсөж, 174.1 тэрбум төгрөг болжээ. Түүнчлэн тус банк эхний хагас жилийн байдлаар 67.6 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосон нь өмнөх оны мөн үеэс 38 хувь өссөн үзүүлэлт аж. Салбарын хэмжээнд харвал банкнуудын олгосон нийт ногоон зээлийн үлдэгдэл нэг их наяд төгрөг даваад байгаа Монголбанк мэдээлсэн.
1600 км-ийн холоос ажиллана
Starbucks компанийн шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Брайан Никкол ирэх сард ажлаа хүлээн авахдаа Калифорни мужаас компанийн төв байр оршдог Сиэтл хот руу нүүж очих шаардлагагүй болжээ.
Шинэ захирлын хувьд одоо ажиллаж, амьдарч буй Калифорнийн Ньюпорт Бич хотод зайнаас ажиллах оффис гаргуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд 1600 км зайтай Сиэтл хотод очин ажиллаж байхаар гэрээндээ тохиролцсон байна. Тэрбээр жилийн 1.6 сая ам.долларын цалинтай ажиллахаас гадна гэрээний урамшуулал болгож 10 сая ам.доллар бэлнээр авах аж.
Гүйцэтгэх захирлуудыг зайнаас ажиллах боломжоор хангах нь сүүлийн үед компаниудын дунд элбэгшиж буй. Өнгөрсөн оны эхээр Starbucks-ийн оффисын ажилтнууд долоо хоногийн багадаа гурван өдөр заавал оффистоо ирж ажиллах ёстой болсон нь зарим ажилтнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байв.
Bloombergtv.mn танд санал болгож байна
WRI: Банкнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтдоо хүрэхэд асар хол байна
БНХАУ чухал ашигт малтмал сурьмагийн экспортод хязгаарлалт тогтооно
Хаяанд тулаад буй хомсдол ба яггүй сорилтууд: Зэсийн ирээдүйг S&P Global хэрхэн зураглав?
Онцлох чарт
Америкийн эдийн засаг харьцангуй тэсвэртэй байгааг харуулсан дата мэдээллүүд дараалан гарснаар АНУ-ын хувьцааны зах зээл он гарснаас хойших хамгийн сайн үзүүлэлттэй долоо хоногийг үдсэн байна. Инфляц, ажилгүйдлийн түвшин, жижиглэн худалдаа зэрэг үзүүлэлтүүд төсөөллөөс сайн байсан нь хөрөнгө оруулагчдыг тайвшруулж, тогтвортой өсөлт, үнийн бага дарамт хосолсон эдийн засгийн таатай нөхцөл үүсэх найдлагыг нэмэгдүүлжээ.
S&P 500 индекс өнгөрсөн долоо хоногт 3.7 хувиар өссөн бол Nasdaq 100 индекс 5 хувь өссөн нь өнгөрсөн оны XI сараас хойших хамгийн сайн үзүүлэлт болсон байна.
Эцэст нь товчхон
МХБ: Эрдэнэ Ресурс Девелопмент ХК-ийн нийт хувьцааны тоог 348.4 сая ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулжээ. Компанийн 346.7 сая ширхэг энгийн хувьцаан дээр Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 1.6 сая ширхэг хувьцааг нэмсэн аж.
Х.Нямбаатар: Борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа барилгын компаниудын үйл ажиллагааг зогсооно
Өнөөдрийн онцлох зураг
Жил бүр зохиогддог Брюсселийн Цэцгэн мандал арга хэмжээний үеэр сайн дурын оролцогчид цэцгээр хээ бүтээж буй нь
John Thys/AFP/Getty