- Business newsletter
- Posts
- 2024/08/16
2024/08/16
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Зэсийн шинэ төслүүдэд тулгарч буй сорилт, ирээдүйн хомсдолын төлөвийн талаар S&P Global-ийн тайланг онцоллоо.
Монгол дахь төслөө зараад буй Kincora Copper II улиралд 1.1 сая канад долларын алдагдал хүлээжээ.
Таксин Чинаватын охин, 37 настай Пэтонгтарн Чинават Тайландын дараагийн Ерөнхий сайдаар ажиллахаар байна.
Зэсийн асуудал бодсоноос хэцүү
Зэсийн үнэ өнгөрсөн V сард 11 мянган ам.доллар давж, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрснээсээ хойш өдгөө 18 гаруй хувиар унаад байна. Гэхдээ дэлхий нийтийн цахилгаан шилжилтээс үүдэх эрэлтийг өнөөгийн нийлүүлэлт хангаж дийлэхгүй тул дунд, урт хугацаандаа зэсийн томоохон хомсдол нүүрлэнэ гэсэн хүлээлт бий.
Тэгвэл S&P Global Market Intelligence-ээс “Зэсийн шинээр илрүүлсэн томоохон нөөцүүд” судалгаагаа шинэчилж, хайгуул, хөрөнгө оруулалт зэрэг тус зах зээлд үүсээд буй сорилтууд, ирээдүйд үүсэх хомсдол хэр ноцтой байхыг тодорхойлсон байна.
Шинээс хуучин нь дээр
Судалгаанд 1990-2023 оны хооронд илрүүлсэн, багадаа 500 мянган тоннын нөөцтэй томоохон 239 ордыг багтаажээ. Тэдгээр ордуудын нийт нөөц 1.315 тэрбум тонн бөгөөд өнгөрсөн онд 4 хувиар өссөн буюу 61 сая тонн нөөц шинээр илрүүлсэн байна. Гэхдээ шинэ нөөцийн дийлэнхийг хуучин ордын өргөтгөл, тэр дундаа 1990-ээд онд нээгдсэн ордуудад дахин хайгуул хийж илрүүлсэн байгаа юм.
Хэдий өнгөрсөн онд зэсийн хайгуулын зардал 12 хувиар өссөн ч сүүлийн таван жилийн хугацаанд дэлхий даяар ердөө 4 шинэ нөөц (нийт 4.2 сая тонн) илрүүлсэн нь санаа зовоох үзүүлэлт болж байна.
Үүнээс харвал зэсийн томоохон шинэ нөөцийн илрүүлэлт буурах хандлага үргэлжилсээр байна. Компаниуд шинээр хайгуул хийх бус хуучин орд, нөөцийг өргөтгөхөд гол анхаарлаа хандуулсаар байгаа нь бууралтад шууд нөлөө үзүүлж байгааг судалгаанд онцолжээ. Зэсийн хайгуулын нийт зардалд шинэ төслийн эзлэх хувь 1990, 2000-аад онд 50-60 хувьтай байсан бол 2023 оны судалгаагаар 28 хувь болж хамгийн доод цэгтээ хүрсэн нь үүнийг нотолж байгаа юм.
Тиймээс хайгуулын трендэд эргэлт гарахгүй л бол зэсийн шинэ ордын илрүүлэлт өчүүхэн хэвээр үлдэх төлөвтэйг тодотгожээ. Үүгээр зогсохгүй зэсийн үнэ өндөр байгааг үл харгалзан зэсийн хайгуулын зардал ам.доллароор тооцвол 10 жилийн өмнөхөөсөө хамаагүй доогуур байгаа нь байдлыг улам дордуулж буй. Тухайлбал 2023 оны зэсийн хайгуулын нийт зардал 2012 оны дээд цэгээсээ 34 хувиар буурсан байна.
Хаяанд тулаад буй хомсдол
S&P Global-аас саяхан гаргасан “Commodity Briefing Service” хэмээх тайланд зэсийн ойрын 5 жилийн төлөв байдлыг хөндсөн бөгөөд тус тайлангаас үзвэл 2027 оноос эхлэн зах зээлд боловсруулсан зэсийн дутагдал нүүрлэхээр байна. Гэвч хамгийн тулгамдаад буй асуудал нь зэсийн баяжмалын зах зээлтэй холбогдож буй. Тухайлбал тус зах зээлд ойрын 5 жилд хомсдолтой тулгарсан хэвээр байна хэмээн S&P Global-ийн мэргэжилтнүүд тооцоолжээ.
Зах зээлийн энэ мэт өөрчлөлтүүд хүлээлтэд нөлөөлж, нэг тонн зэсийн үнэ 10,000 ам.доллар давж байсан нь саяхан. Зэсийн төслүүдийн талаарх S&P Global-ийн шинэ тайланд онцолсноор зэсийн уурхайнуудын нийлүүлэлт 2029 онд оргил цэгтээ хүрч, 2032 он гэхэд зэсийн баяжмалын дутагдал 2.2 саян тоннд хүрч магадгүй байгаа аж. Нийлүүлэлтийн энэ зөрүүг нөхөх нь “зөөлөн боорцог” биш байхаар байгааг ч дүн шинжилгээнүүд харуулж байна.
Зэсийн нөөц бүхий ордыг нээж илрүүлэхээс анхны баяжмалаа гаргах хүртэлх дундаж хугацаа 2005-2009 оны хооронд үйл ажиллагаагаа эхлүүлсэн уурхайнуудын хувьд 12.7 жил байсан бөгөөд энэ хугацаа улам бүр урт болсоор өнөөг хүрээд буй юм.
2020-2023 онд үйлдвэрлэлээ эхлүүлсэн уурхайнуудын хувьд дээрх хугацаа 17.9 жил болж нэмэгдэхэд хайгуул, судалгаа шинжилгээ болон зөвшөөрөлд зарцуулагдах хугацаа уртассан, ТЭЗҮ-тэй холбоотой ажлууд дууссанаас хойш барилга бүтээн байгуулалтын ажил эхлэх хүртэлх хугацаа мөн сунасан зэрэг нь нөлөөлсөн байна. Энэ нь санхүүжилт босгох, барилгын зөвшөөрөл авахад зарцуулах хугацаатай хамааралтай байгаа юм.
Kincora-ийн гомдол
Хэдхэн хоногийн өмнө Монгол дахь зэс-алтны “Хүрэл үнэг” төслөө Австралийн Woomera-д зарах хэлцэл хийгээд байсан Kincora Copper компани энэ оны II улиралд 1.1 сая канад доллар, оны эхний хагас жилийн байдлаар 1.4 сая канад долларын алдагдалтай ажилласнаа тайлагнав. Алдагдал нь ийнхүү өмнөх оны мөн үеэс бараг хоёр дахин өсөхөд компанийн ерөнхий болон удирдлагын зардал огцом өссөн нь голлон нөлөөлжээ.
Kincora-ийн хувьд 2021 оноос хойш Монголд татварын маргаантай байсан юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус компанийн асуудлыг шийдвэрлэхээр хийсэн оролдлого бүр үр дүнгүй байсан бөгөөд цаашид асуудал хэзээ шийдэгдэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна гэж тайландаа дурджээ.
Хориг эргэн ирэв
Дотоодынхоо үнийн өсөлтийг тогтворжуулна гэсэн шалтгаанаар ОХУ өнгөрсөн III сард шатахууны экспортын хориг тавьж байсан бол энэ удаа хоригоо дахин сэргээж, ирэх есдүгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл экспортоо хязгаарлахаар шийдвэрлэжээ. Шинэ хязгаарлалт нь Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн болох Беларусь, Казахстан, Киргизстан, Армени зэрэг улсын нийлүүлэлтэд нөлөөлөхгүйг Moscow Times мэдээлсэн байна.
Робот гартай iPad
Орлогын шинэ эх үүсвэр эрэлхийлж буй Apple компани iPad-тай төстэй дэлгэц, робот гар бүхий ширээний төхөөрөмж хөгжүүлж эхэлснийг ойрын эх сурвалжаас Bloomberg-т мэдээлжээ. Нарийн робот гарын тусламжтай дээш, доош болон 360 хэм эргэдэг ухаалаг дэлгэц гэж болох тус төхөөрөмжийн хөгжүүлэлт дээр одоогоор хэдэн зуун хүнээс бүрдсэн баг ажиллаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр тус бүтээгдэхүүнийг ухаалаг гэрийн удирдлагын систем, видео хурлын төхөөрөмж, алсын удирдлагатай гэрийн хяналтын төхөөрөмж гэсэн олон зориулалтын дагуу бүтээж буй. Мөн Apple-ийн удирдлагын баг 2022 онд уг төслийг баталсан ч сүүлийн саруудад хөгжүүлэлтийг нь эрчимжүүлж эхэлснийг мэдээлсэн байна.
Apple ийнхүү робот технологи руу шилжиж буй нь энэ онд iPhone, iPad, Mac-д нэвтрэх Apple Intelligence хиймэл оюунт технологийн багц дээр суурилан борлуулалтаа өсгөх компанийн өргөн хүрээний зорилтын нэг хэсэг болж байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
"Dungeon & Fighter” тоглоомын орлого өндөр байсан нь Tencent-ийн ашиг эрс өсөхөд түлхэц болов
BHP компани “Escondida” уурхайн Үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээрт хүрч чадаагүйгээс ажил хаялт үргэлжилсээр байна
Онцлох чарт
Япон улсад хэрэглэгчийн зарцуулалт сайжирснаар II улиралд эдийн засаг нь агшилтаас тэлэлт рүү огцом шилжив. Энэ нь иргэдийн орлого нэмэгдэхэд зарцуулалт дагаад нэмэгдэх төв банкны удаан хүлээсэн мөчлөг эхэлж буйн дохио болж байна.
VI сараар дуусгавар болсон улиралд Японы ДНБ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 хувиар өссөн нь шинжээчдийн төсөөлөл 2.3 хувиас хол давсан үзүүлэлт болсон байна. Японы тмоохон компаниуд сүүлийн 30 гаруй жилийн хамгийн өндөр дүнгээр цалингаа нэмэгдүүлж, ЗГ мөн татварын хөнгөлөлт үзүүлсэн нь хэрэглэгчийн зарцуулалт нэмэгдэхэд түлхэц болжээ.
Эцэст нь товчхон
ҮСХ: 2024 оны эхний долоон сард төсвийн тэнцэл 1.6 орчим их наяд төгрөгийн ашигтай гарсан нь сүүлийн 3 жилийн хамгийн сайн үзүүлэлт болж байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 16.8 их наяд төгрөгт хүрсэнээс 15.8 их наяд нь татвараас бүрдсэн орлого байна.
МХБ: Сүү ХК-ийн борлуулалтын орлого оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсөж, 96 тэрбум төгрөг хүрсэн бол цэвэр ашиг нь 37 хувиар өсөж, 12.2 тэрбум төгрөг хүрчээ.
Өнөөдрийн онцлох зураг
Google-ийн Pixel гар утасны бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан Дэд ерөнхийлөгч Брайан Раковски Made By Google танилцуулга өдөрлөгийн үеэр
David Paul Morris/Bloomberg