- Business newsletter
- Posts
- 2024/08/15
2024/08/15
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Нэг цэнэглэлтээр 1100 км зай туулах хүчин чадалтай шинэ “үүлдрийн” цахилгаан автомашиныг онцоллоо.
Шинээр ашиглалтад орох 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь нь Улаанбаатар хотод төлөвлөгджээ.
АНУ-ын инфляц 7-р сард саарсан дүнтэй гарч, алтны үнэ 0.9% уналаа. Харин он гарснаас хойш 19% өсөөд байгаа юм.
Нэг цэнэглээд Завхан
Нэг цэнэглэлтээр 1100 км зай туулах хүчин чадалтай шинэ “үүлдрийн” цахилгаан автомашины борлуулалт БНХАУ-д хүчээ авч байна. Гэхдээ багахан шатахуун хэрэг болно…
Замдаа саатах айдасгүй
Гэр бүлийнхээ анхны автомашиныг авахаар хайж буй Шанхай хотын оршин суугч, 31 настай Юань БНХАУ-д алдартай цахилгаан автомашины брэндүүд болох Nio, Xpeng-ийн автомашинуудыг сонирхож, туршилтын жолоодлого хийж үзжээ.
Гэхдээ тэрбээр цахилгаан автомашины цэнэг хурдан дуусах, цэнэглэхийн тулд замдаа саатах зэрэг чирэгдэлд санаа зовниж байлаа. Ингээд тэрбээр арай шинэлэг зүйл сонирхож үзжээ. Тэр нь хол зай туулах чадвартай цахилгаан автомашин буюу EREV (Extended-Range Electric Vehicle) юм.
Энэ төрлийн автомашин нь цэнэг хураагуурыг автоматаар цэнэглэх цор ганц зориулалт бүхий бага оврын дотоод шаталтат хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. Үүнийхээ ачаар өнөөгийн цахилгаан автомашинуудын нэг цэнэглэлтээр туулах дундаж зай болох 480 км-ээс даруй хоёр дахин урт буюу 1100 км зайг туулах хүчин чадалтай болдог аж.
Хайбридаас юугаараа илүү вэ?
Туулах зай сайтай цахилгаан автомашин нь бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашины дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-д хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж буй төрөл болжээ. Дэлхийн авто үйлдвэрлэгчид энгийн худалдан авагчдын сонирхлыг цахилгаан автомашин руу татах гэж зүдэрч байгаа энэ үед EREV нь үнэ ба туулах зай гэсэн өдгөө цахилгаан автомашинд тулгараад буй хамгийн том хоёр саадыг арилгах шийдэл болон гарч ирж байна.
EREV-ийг энгийн цахилгаан автомашины адил цахилгаанаар цэнэглэж болохоос гадна автомашин хөдөлж байх үед цэнэг хураагуурыг цэнэглэдэг, шатахуунаар ажилладаг нэмэлт жижиг хөдөлгүүртэй тул нэг цэнэглэлтээр туулах зайг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх давуу талтай. Явах эд ангид шууд хүч дамжуулдаг уламжлалт хөдөлгүүр болон хосолмол хөдөлгүүрээс ялгаатай нь EREV-ийн “бензин хөдөлгүүр” нэг ёсондоо цахилгаан үүсгэгч генератор гэсэн үг.
Ингэснээр EREV-т энгийн цахилгаан автомашиныхаас хоёр дахин жижиг хэмжээтэй цэнэг хураагуур орж, дагаад үйлдвэрлэлийн өртөг нь 4000 гаруй ам.доллароор буурах юм. Түүнчлэн автомашины цэнэг хураагуур автоматаар цэнэглэгдэх тул хол замд яваа үед цэнэглэх гэж саатах шаардлагагүй болно.
Li Auto 6
Анх зах зээлд гараад 25 жилийн нүүр үзэж буй Toyota Prius зэрэг хосолмол хөдөлгүүртэй автомашинуудыг бодвол EREV нь ихэнх үед цахилгаан хөдөлгүүрээрээ явдаг тул байгаль орчинд илүү ээлтэй. Бидний мэдэх хосолмол хөдөлгүүрт автомашинууд нь шатахуунаар ажилладаг дотоод шаталтат үндсэн хөдөлгүүр болон нэмэлт жижиг цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. Тэрхүү цахилгаан хөдөлгүүр нь автомашины цахилгааны систем болон жолооч тормоз гишгэх үед үүсдэг кинетик энергиэр цэнэглэгддэг.
Харин EREV-ийн шатахуун хөдөлгүүр нь цэнэг хураагуурыг цэнэглэх үедээ л ажилладаг тул дэлхийн дулааралд нөлөөлдөг нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг байна.
Төвлөрөл ноцтой түвшинд
2024 онд манай улсад 37 мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил шинээр эхэлснээс 81.5 хувь нь Улаанбаатар хотод баригдаж байгаа аж. 2023 оны эцсийн байдлаар орон сууцны сан 411 мянгад хүрч өссөн ч Монгол Улсын нийт айл өрхийн тооны 41.1 хувьтай л тэнцэх үзүүлэлт юм. Хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа тул 2024-2028 онд төвлөрлийг нэмэхгүй байхад бодлогоо чиглүүлэх талаар ЗГ-ын хуралдаанаар хөндөгджээ.
ҮСХ-оос танилцуулснаар Улаанбаатар хотод долоодугаар сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна. Удаан хугацаанд царцанги байсан ипотекийн зээл олголт энэ онд огцом сэргэж, зөвхөн IV-VI хооронд зээлийн үлдэгдэл 500 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдсэнийг бид өмнө нь онцолж байв.
Хятадын нөхцөл байдал
БНХАУ-д зарагдсан боловч баригдаж дуусаагүй дор хаяж 48 сая айлын орон сууц байгааг Bloomberg Intelligence тооцоолсон нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн хямрал ойрын хугацаанд арилах төлөвгүйн дохио болж байна. "Иргэд шинэ төслүүдэд урьдчилсан захиалга өгөхөөс зайлсхийж, оронд нь ашиглалтад орсон төслөөс эсвэл хуучин орон сууц худалдан авч эхэлсэн нь БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компаниудын орлогод шууд заналхийлж байна" хэмээн BI-ийн шинжээчид бичжээ.
Хятадын үл хөдлөхийн зах зээл дэх баригдаж дуусаагүй орон сууцны харьцаа 2015 оноос өмнө дунджаар жилийн борлуулалтын 17 хувьтай тэнцэж байсан бол 2015-2023 онуудад огцом өсөж, 47 хувьд хүрчээ. Түүнчлэн тус улсад худалдан авагчийн зан төлөвийн суурь өөрчлөлт гарч, өнгөрсөн онд хуучин орон сууцны борлуулалт талбайн хэмжээгээрээ шинэ орон сууцны борлуулалтаас анх удаа давсан юм.
Ф.Кишида ажлаа өгнө
Саяхан Монголд хийх айлчлалаа цуцлаад байсан Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сунгаанаас нэрээ татаж буйгаа мэдэгдэв. Ийнхүү тэрбээр ирэх сард Япон улсын Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болж байна.
Зах зээлд иений ханш буурч, Японд инфляц эрчээ авсан болон өргөн хүрээг хамарсан авлигын асуудалтай холбоотойгоор Фүмио Кишидад итгэх сонгогчдын итгэл сүүлийн саруудад эрс багасаад байсан юм. Мөн улс төрийн санхүүжилттэй холбоотой асуудлууд нь түүний дээрх шийдвэрт жин дарсан талаар тэрбээр хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Nvidia-ийн хувьцааны ханш эргэн сэргэж, зах зээлийн үнэлгээ нь сүүлийн 4 өдөрт $420 тэрбумаар нэмэгдэв
АНУ-ын эдийн засаг агших магадлал нэмэгдэж байгааг JPMorgan, Goldman Sachs анхаарууллаа
Nature Medicine: Хэт халалтын улмаас 2023 онд Европт 50 мянган хүн амиа алдсан
Онцлох чарт
Intel компани нэгэн үе ноёлж байсан салбартаа байр сууриа эргүүлэн авахын төлөө шаргуу зүтгэж байна. Энэ сарын эхээр тус компани 56 жилийн түүхэндээ хамгийн тааруу орлоготой ажилласнаа тайлагнаж, улмаар хувьцааны ханш нь бараг 30 хувиар унаад байв. Мөн компани 15 мянган ажилтнаа цомхотголд хамруулж, зардлаа бууруулахын тулд ногдол ашиг хуваарилахаа түр зогсоогоод байгаа.
Тэгвэл II улиралд Intel чип үйлдвэрлэгч ARM компанид эзэмшдэг 1.18 сая ширхэг хувьцаагаа зарснаа мягмар гарагт тайлагнажээ. Тайлант хугацаанд ARM-ийн нэгж хувьцааны үнэ дунджаар 124 гаруй ам.доллар байснаас харвал Intel уг арилжаагаар 147 сая ам.доллар босгожээ. Гэхдээ ийнхүү гэнэтийн орлого олсон ч компани II улиралд хувьцааны хөрөнгө оруулалтаас 120 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн байгаа юм.
Эцэст нь товчхон
ҮСХ: Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого оны эхний хагас жилд 36.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 35.7 хувиар өссөн байна. Борлуулалтын орлогын 21.6 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 78.4 хувийг хүнсний бус бүтээгдэхүүн эзэлжээ.
ЕТГ: Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар наймдугаар сарын 20-21-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Мөн тэрбээр Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцох аж.
Өнөөдрийн онцлох зураг
2019 оны дуулиант хулгайгаар алдагдсан үнэт эдлэлүүдийг буцаан авчирч, ХБНГУ-ын Дрезден хотын Green Vault музейд дэлгэсэн байгаа нь
Sean Gallup/Getty