- Business newsletter
- Posts
- 2024/08/14
2024/08/14
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Төлбөрийн тэнцэл $57.3 саяын алдагдалтай гарахад барааны импорт нэмэгдэж, худалдааны ашиг буурсан нь нөлөөлөв.
Олборлолтоо сэргээсэн ч Silver Elephant-ийн алдагдал II улиралд 25.3 хувиар өсжээ.
Starbucks гүйцэтгэх захирлаа үүрэгт ажлаас нь чөлөөлж, Chipotle-ийн Брайн Николыг томилсны дараа компанийн хувьцааны ханш 24% өслөө.
Богино настай ашиг
Уул уурхайн экспортын сэргэлтийн нөлөөгөөр өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээндээ хүрч байсан төлбөрийн тэнцэл болон урсгал дансны ашиг энэ оны эхний хагаст алдагдалтай гарлаа.
Хүлээлт ёсоор
2024 оны эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 57.3 сая ам.долларын алдагдалтай гарсныг ҮСХ мэдээлэв. Уг үзүүлэлтийн гол бүрэлдэхүүн хэсэг болдог урсгал данс тайлант хугацаанд 231 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нүүрсний экспортын нөлөөгөөр Монгол Улсын урсгал данс өнгөрсөн онд ашигтай гарч байв. Гэхдээ бараа бүтээгдэхүүний импортын өсөлт, нүүрсний үнийн уналтаас шалтгаалан энэ сэргэлт богино настай байна гэсэн эдийн засагчид, олон улсын байгууллагуудын төсөөлөл ийнхүү ёсоор болж байна.
Тухайлбал Fitch агентлагаас Монгол Улсын урсгал дансны алдагдал 2024 онд ДНБ-ий 4 хувьтай тэнцэх бол 2026 онд бага зэрэг өсөж, 6 хувь болно гэж тооцоолоод байгаа. Урсгал данс нь валютын ханшийн гол нөлөөлөгч хүчин зүйл болдгийн хувьд алдагдлыг дагаад төгрөгийн ханш одоогийн түвшнээсээ сулрах төлөвтэй гэж тус агентлагийн шинжээч Крисжанс Крустинс хэлж байсан юм.
Одоо л ажиллах хэрэгтэй
Манай улс энэ онд биет хэмжээгээр 60 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хүрэх нь ерөнхийдөө ойлгомжтой болсон ч төлбөрийн тэнцлийн өөрчлөлтөд голлон нөлөөлөх нүүрсний экспортын орлогын өсөлтийг өндөр түвшинд хадгалж чадах эсэх нь тодорхойгүй байна. VIII сарын эхээр Ганцмод боомтод Монголын V ангиллын түүхий нүүрсний үнэ тонн тутамдаа 20-30 юаниар буураад байгааг SXCoal мэдээлснийг бид саяхан онцолсон.
Өргөн хүрээнд харвал Азийн зах зээлд коксжих нүүрсний хэрэглээ цаашид өсөх эсэх нь эргэлзээтэй тул Монгол Улс дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, хил холболтоо шуурхайлах хэрэгтэйг эдийн засагч Н.Энхбаяр тодотгосон юм.
Ирэх онд бид валютын ханшаа савлагаагүй, тогтвортой барья гэвэл гадаад худалдааны тэнцэлд одооноос анхаарах ёстой. Импортын тарифын бодлогодоо тодорхой арга хэмжээ авах ёстой. Хэрэв одоо авахгүй бол ирэх онд хожимдоно.
Silver Elephant-ийн алдагдал
Silver Elephant Mining компани II улиралд 2.1 сая канад доллар буюу 1.5 сая орчим ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн нь өмнөх оны мөн үеэс 25.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тус компани Монгол Улсад эрчим хүчний нүүрсний “Улаан-Овоо” болон “Чандгана” төслүүдийг 100 хувь эзэмшдэг. Сүүлийн байдлаар дээрх төслүүдийн хөрөнгийн үнэ цэн тэглэгдсэн, өөрөөр хэлбэл эдийн засгийн үр ашиггүй болсон байгааг тайландаа дурдсан байна.
Компани энэ оны нэгдүгээр сард “Улаан-Овоо” уурхайнхаа үйл ажиллагааг дахин сэргээж, дотоодын хэрэглэгчдэд нүүрс нийлүүлж эхэлснээ мэдээлж байсан юм. Сэлэнгэ аймагт орших уурхайгаас 2024 онд 30-60 мянган тонн нүүрс борлуулах тооцооллыг мөн хийсэн байна.
Voyage-ийн тайлан
Дотоодод энэ оны анхны IPO-г хийсэн Эм Жи Эл Акуа ХК-ийн цэвэр ашиг эхний хагас жилд өмнөх оны мөн үеэсээ 2 хувиар буурч, 1.1 тэрбум төгрөг болсон байна. Харин борлуулалтын орлого нь 11 тэрбум төгрөг болж, 13 хувиар өсжээ. Voyage цэвэр усыг үйлдвэрлэдэг тус компани IPO-оор 15.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээс хойш хувьцааны ханш нь 7 орчим хувиар өсөөд байгаа.
Алтан медаль - Улсын хүч
Хятад улс Парисын Олимпоос алтан медалийн хур буулгаж, нийт 40 алтан медальтайгаар АНУ-тай тэнцсэн нь тус улс дэлхийн тавцан дээр Америктай эн тэнцүү өрсөлдөх чадамжтайг харууллаа хэмээн БНХАУ-ын Төрийн өмчит хэвлэл мэдээллийн агентлаг онцолсон байна. Ням гарагт Олимпын наадам өндөрлөхөд АНУ болон БНХАУ алтан медалийнхаа тоогоор бусад бүх улсыг тэргүүлсэн юм.
Мэдээж энэхүү амжилт нь Хятадад тэр даруй улс төрийн агуулгатай сэдэв болсон аж. “Олимпын наадамд БНХАУ, АНУ-ын үзүүлдэг амжилтад гарсан өөрчлөлтийг харьцуулалгүй авч үзэх аргагүй. Энэ өөрчлөлт нь өөрөө үл зогсох шинэ түүхэн чиг хандлагын илэрхийлэл” хэмээн Хятадын үндэсний үзэлт сонин Global Times даваа гарагийн нийтлэлдээ дурджээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Temu-г үүсгэн байгуулагч Хятадын хамгийн чинээлэг хүн боллоо.
Дональд Трамп 3 жил завсарласны эцэст “X”-д эргэн ирэв.
АНУ-ын инфляц анхаарлын төвд орохтой зэрэгцэн хөгжиж буй орнуудын хувьцааны ханшийн өсөлт үргэлжлэв
Онцлох чарт
MSCI China Index-ээс энэ сард БНХАУ-ын 60 гаруй бүртгэлтэй хувьцааг хасахаар болсноо MSCI компани мэдээлсэн байна. Компани тавдугаар сард Хятадын 56, хоёрдугаар сард 66 хувьцааг бүртгэлээсээ хасаад байгаа тул сүүлийн хоёр жилд Хятадын хувьцааг хамгийн өндөр тоогоор танаж буй тохиолдол энэ болж байна.
VII сарын сүүлийн байдлаар хөгжиж буй орнуудын MSCI индекст зах зээлийн эзлэх жингээр Хятадын хувьцаанууд 22.33 хувийг нь бүрдүүлж байв. Дээрх өөрчлөлт нь дэлхийн хоёр дахь том орны эдийн засгийн хүлээлт улам суларч буй, мөн хөгжиж буй орнуудын хувьцааг дагадаг индексүүдэд Хятад улс давуу байдлаа Энэтхэг, Тайваньд бага багаар алдаж буйн илрэл болж байгаа юм.
Эцэст нь товчхон
УИХ: Засгийн газраас УИХ-ын даргад 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төсөл, үйл ажиллагааны хөтөлбөрийг өргөн мэдүүллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болжээ.
МХБ: ЛэндМН ББСБ ХК ОНДО ХХК-д ₮1.5 тэрбумын бизнесийн зээл олгоно.
Өнөөдрийн онцлох зураг
Польшийн Пост-Камальдулы сүмийн орой дээгүүр хиймэл дагуул нисэж, солир харваж буй нь
Sergei Gapon/AFP/Getty