- Business newsletter
- Posts
- 2024/08/13
2024/08/13
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Kincora Copper компани Монгол дахь зэс-алтны “Хүрэл үнэг” төслөө Австралийн компанид худалдахаар болсныг онцоллоо.
Macquarie: Зэсийн үнэ хоёрдугаар хагаст тонн нь 9,000 ам.доллар орчимд хадгалагдах төлөвтэй.
Temu-ийн үүсгэн байгуулагч тэрбумтан Хятадын хамгийн чинээлэг эрхэм боллоо.
Монгол дахь төсөл - Том хэлцэл
Удаан хугацаанд үргэлжилсэн татварын маргаанд ороод байсан Kincora Copper компани Монгол дахь зэс-алтны “Хүрэл үнэг” төслөө худалдах хэлцэл хийжээ.
Хэрхэн тохиролцов?
Kincora Copper Дорноговь аймагт эзэмшдэг зэс-алтны хайгуулын “Хүрэл үнэг” төслөө нутаг нэгт Woomera Mining компанид худалдахаар тохиролцсоноо мэдээлээд байна. Хоёр компанийн байгуулсан хөрөнгө оруулалтын нөхцөлтэй гэрээний дагуу Woomera таван жилийн хугацаанд 4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр төслийн 80 хувийг эзэмших аж.
Харин эзэмшлийн хувь нь 80-д хүрсний дараа төслийн үлдсэн 20 хувийг 10 сая ам.доллароор худалдаж авах, эсвэл үйлдвэрлэсэн металлын борлуулалт тутмаас 1 хувийн рояалти төлбөрийг Kincora-д төлөх гэсэн сонголтууд Woomera-д нээгдэх аж.
Гэрээний нөхцөлийг биелүүлэхийн тулд Woomera-ийн зүгээс нэмэлт хувьцаа гаргах, хувьцаа буцаан худалдан авах замаар 2 сая ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөжээ. Мөн хэлцлийн хүрээнд Kincora Woomera-ийн 450 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцааг хүлээн авах тул тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь болох аж.
Уг хэлцлийн мэдээлэл гарсны дараа Австралийн бирж дэх Woomera-ийн хувьцааны ханш 33 хувиар, Kincora-ийн хувьцаа 9 хувиар тус тус өссөн байна.
Woomera болон “Хүрэл үнэг”-ийн тухайд
Австралийн Аделаид хотод төвтэй Woomera нь үнэт металл, цэнэг хураагуурын металлын төслүүдэд төвлөрдөг хайгуулын компани юм. Компани одоогоор Баруун Австрали муж дахь литийн Ravensthorpe, алт болон никель-зэсийн Mount Venn, алтны Wyloo Dome зэрэг хайгуулын төслүүдийг эзэмшдэг. Сүүлийн байдлаар компанийн зах зээлийн үнэлгээ 2.44 сая ам.доллароор хэмжигдэж байна.
Өмнийн говийн зэс порфирын бүсэд орших “Хүрэл үнэг” хайгуулын лиценз нь 175 км.кв талбайг хамардаг. Kincora тус талбайд гурван цооногт 46 мянга гаруй метрийн өрөмдлөг хийсэн бөгөөд анхан шатны тооцооллоор 426 мянган тонн зэс, 437 мянган унц алтны нөөцтэй гэж үнэлэгджээ.
Kincora яахаар болов?
Өнгөрсөн оноос эхлэн Монгол дахь төслөө худалдахаар шийдвэрлэж, хөрөнгүүддээ хөндлөнгийн стратегийн үнэлгээ хийлгэж эхэлсэн Kincora-ийн хувьд дээрх хэлцлийг хийснээр Австрали дахь төслүүддээ бүрэн анхаарлаа хандуулах боломжтой болж байгаа гэж болно. 2023 оны эцсээр компани Австрали дахь бүх төслүүдээ 100 хувь эзэмших болсны зэрэгцээ хоёр сая австрали долларын санхүүжилт амжилттай татан төвлөрүүлсэн.
Үүнээс өмнө тус компани 2.7 тэрбум төгрөгийн татварын асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд хандаж, сунжирсан хуулийн маргаантай нүүр тулаад байв. Хууль буцаан үйлчилсэн шинжтэй татварын үндэслэгүй ногдуулалт, мөн Татварын Ерөнхий газрын аргачлал, маргаан шийдвэрлэх процесс нь Монгол Улсад цаашид хийгдэх их хэмжээний хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна хэмээн Kincora-ийн Гүйцэтгэх захирал Сэм Спринг тухайн үед онцолж байлаа.
Зэсийн үнэ ойрын хугацаанд
Зэсийн үнэ энэ оны хоёрдугаар хагаст тонн нь дунджаар 9,000 ам.доллар орчимд байхаар байгааг Macquarie Group тооцооллоо. Гэхдээ зэсийн нийлүүлэлт тооцоолж байснаас өндөр хурдаар нэмэгдэхээр байгаа тул үнэ нь 2026 он гэхэд 8000 ам.доллар болж буурна гэж үзсэн байна. “БНХАУ-д дотоодод нь эрэлт харьцангуй тааруу байх төлөвтэй байгаа гэдэг утгаараа тус улсын зэсийн эрэлт энэ онд 1.2 хувь байна” гэж Macquarie өмнөх төсөөллөө мөн бууруулжээ.
Ээлжит тайлангууд
Оны эхний хагас жилд Мах импекс ХК 25.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Ингэснээр цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар буурч, 527.1 сая төгрөг болсон байна.
Монос хүнс ХК-ийн цэвэр ашиг эхний хагас жилд 30 хувиар буурч 1.45 тэрбум төгрөг болоход компанийн санхүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 330 сая.төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Монос Хүнс ХК болон Монос Косметик ХХК эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ энэ оны хоёрдугаар сараас Киргиз улсад худалдаалж эхлээд буй. Эхний хагас жилд компани Киргиз рүү 30 мянган ам.долларын экспорт хийжээ.
Хятадын хамгийн чинээлэг эрхэм
Колин Хуан видео тоглоом, онлайн худалдааны салбарт боломжийн амжилттай хэд хэдэн бизнес эрхэлж байгаад гэнэт өвдөж, ажлаа хүлээлгэн өгчээ. Нэг жил гэртээ өнжсөн тэрбээр энэ хугацаанд дараагийн алхмаа боловсруулсан байна.
Google-ийн инженер байсан Хуан ийнхүү Pinduoduo хэмээх маш хямд бараа, өргөн далайцтай сурталчилгаагаараа танигдсан цахим худалдааны платформоо 2015 онд нээв. 2021 оны эхээр түүний цэвэр хөрөнгө 71.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж, богино хугацаанд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн эгнээ рүү дэвшив.
Харамсалтай нь Ковидын тэрбумтнууд гэгддэг олон чинээлэг эрхмүүдийн адил түүний хөрөнгө олсон шигээ хурдан замхарч, нэг жилийн хугацаанд 87 хувиар буурсан аж. Дэлхий дахинд цар тахлын тархалт саарахтай зэрэгцээд Хятадын хувийн хэвшлийн салбар гэнэтийн хямралд орж, Хуан ч онцгой их алдагдал хүлээжээ.
Тэгтэл гайхалтай зүйл болов. Хуангийн PDD холдинг компани эргэн хөл дээрээ босжээ.
БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмээр тодроод байгаа Колин Хуан Temu брэндээр дамжуулан бизнесээ хэрхэн сэргээж чадсан тухай нийтлэлийн дэлгэрэнгүйг дараах холбоосоор үргэлжлүүлэн уншаарай.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Rio Tinto-ийн Серби дэх литийн уурхайн төсөл шинэ эсэргүүцэлтэй тулгарав
АНУ-д инфляц бага зэрэг өссөн ч Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүг бууруулах шийдвэрт нөлөөлөхгүй
БНХАУ-ын бодлого нүүрснээс уур амьсгалын асуудал руу эргэн хэвийж байна
Онцлох чарт
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай, Төв банк нь цаашид бодлогын хүүгээ бууруулна гэсэн таамаг байгаагаас энэ онд Хятадын эрсдэл багатай санхүүгийн хэрэгслийн эрэлт эрчимтэй өсөж, бондын арилжаа эрчимжээд байна.
Үүнээс гадна өнгөрсөн улиралд гадаадын хөрөнгө оруулагчдын БНХАУ-аас эргүүлэн татсан санхүүжилт дээд цэгтээ хүрчээ. IV-VI сар хооронд хөрөнгө оруулагчид бараг 15 тэрбум ам.долларыг тус улсын зах зээлээс эргүүлэн татсанаар тус улсын ГШХО түүхэндээ хоёр дахь удаа хасах утгатай гарсан байна.
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт 2021 онд оргил түвшин болох 344 тэрбум ам.долларт хүрч байсан бол сүүлийн жилүүдэд тогтмол буурсан үзүүлэлттэй байгаа.
Эцэст нь товчхон
ҮСХ: Зочид буудлын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг илэрхийлэх үйлдвэрлэгчийн үнийн индекс VII сард өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсжээ. Тайлант хугацаанд автомашины зогсоол бүхий зуслан, чөлөөт цаг өнгөрөөх хоноглох байраар хангах үйл ажиллагааны үнэ өмнөх оны мөн үеэс хамгийн өндөр дүнгээр буюу 10.3 хувиар өссөн байна.
TMK Energy “Гурвантэс XXXV” төсөлдөө температур мэдрэх технологи нэвтрүүлжээ. Taqa Well Solutions компанийн нийлүүлдэг энэхүү технологийг төслийн хоёр үйлдвэрлэлийн цооногтоо ашиглах юм байна.
Өнөөдрийн онцлох зураг
Олимпын наадмын хаалтын ажиллагааны үеэр Stade de France цэнгэлдэх хүрээлэнд Олимпын бэлгэдэл болох таван цагирагийг мандуулж буй нь
Dimitar Dilkoff/AFP/Getty