- Business newsletter
- Posts
- 2024/08/12
2024/08/12
Powered by:
Гурван өгүүлбэрээр
БНХАУ-ын бодлого нүүрснээс уур амьсгалын асуудал руу эргэн хэвийж буй тухай энэ дугаарт онцоллоо.
SouthGobi Resources энэ оны эхний хагасын цэвэр ашиг нь 9-11 сая ам.долларын хооронд гарахаар байгааг мэдээлэв.
Долоодугаар сард улсын инфляц 5.5 хувьтай гарч, өмнөх сараасаа эрчимжлээ.
Хятадын нүүрсний ирээдүй
Хэдэн жил чимээ аниргүй байсан уур амьсгалын асуудал БНХАУ-ын төрийн бодлогод дахин сэргэж байна. Харин тэр хугацаанд эрх баригчдын дэмжлэгийг хангалттай авсан нүүрсний олборлолт, хэрэглээ нь цаашид хэрхэх бол?
Монгол Улсын экспортын нүүрсний гол хэрэглэгч БНХАУ өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн шинэ бодлогоо зарлалаа. Тэдгээрт нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөдөлшгүй тоо, цэвэр эрчим хүчний хэрэглээний амбицтай зорилт, эрчим хүчний шугам сүлжээг хүчитгэх төлөвлөгөө зэрэг багтжээ.
Хэдэн сарын турш бэлтгэгдсэн энэхүү бодлогын шилжилт нь Хятад улс сэргээгдэх эрчим хүчний суурилуулалтын өндөр хурдаа хадгалж, ялгарал дээд цэгтээ хүрээд буурч эхлэх хугацааг наашлуулах бололцоог бүрдүүлэх хүсэлтэйг харуулж байна.
Эдийн засагт нь хохирол учруулсан цахилгаан эрчим хүчний удаа дараагийн тасалдал, дэлхийг хамарсан эрчим хүчний хямралын дараа Бээжингийн бодлого шатах түлш рүү нэлээн хэвийж, улмаар сүүлийн хэдэн жилийн турш нүүрс өндрөө аваад байв. Хэдий тус улс 2026 оноос эхлэн нүүрсний ашиглалтыг аажмаар бууруулах зорилтоо илэрхийлээд байсан ч олборлолт, импорт нь түүхэн дээд цэгтээ хүрч, зохицуулагчид нүүрсний ЦС-ын төслүүдэд олноор нь зөвшөөрөл олгосон юм.
Харин эрчим хүчний аюулгүй байдлын болгоомжлол нь бараг арилсан энэ үед тус улсын бодлого уур амьсгалын асуудал руу эргэн хэвийж байна. Хятадын аж үйлдвэрийн “хөдөлгүүр”-т амин чухал үүрэгтэй цэнэг хураагуур, цахилгаан автомашин, нарны хавтан үйлдвэрлэгчдэд тэдгээр бодлогын арга хэмжээнүүд ихээхэн нэмүү үр ашиг авчрах юм.
VIII сарын 2-нд Хятад улс хүлэмжийн хийн ялгарлын зорилтот хэмжээг тогтоох аргачлалдаа томоохон өөрчлөлт хийжээ. Хэдий өөрчлөлт хэдэн жилийн турш үе шаттай хэрэгжих ч тус улс уур амьсгалын зорилтын өртөг ДНБ-д нөлөөлөхгүй байхад дэм үзүүлэх аж. Мөн тухайн өдөр Бээжингээс мужуудад СЭХ-ний хэрэглээг нэмэгдүүлэх зорилтот хэмжээг баталсан байна.
Гэхдээ Хятад улс нүүрсийг бүрэн орхихгүй. Зарим нүүрсний ЦС-уудын бохирдуулалтыг багасгах замаар ашиглалтын хугацааг нь уртасгах төлөвлөгөө ч гаргаад байгаа. Хэдий тийм ч яг одоо тус улсын эдийн засгийн амбиц аль болох богино хугацаанд шилжилт хийхэд төвлөрч байгаа нь ядаж л уур амьсгалын асуудалд сайн мэдээ болж байна.
Онцлох чарт
Хятадын ган үйлдвэрлэгчдийн эрэлтийн гол эх үүсвэр болох барилга, бүтээн байгуулалтын салбарыг уналтад оруулсан орон сууцны зах зээлийн урт удаан хямрал үргэлжилж, цаашид ч дээрдэх төлөв ажиглагдахгүй байна. Энэ онд тус улсын барилгын салбарт гангийн эрэлт 10 хувиар буурах төлөвтэйг Kallanish тооцоолжээ. Үүний үр дүнд нийт хэрэглээний материал, бүтээгдэхүүний дунд гангийн эзлэх хувь 15 орчим хувь болж буурахаар байгаа аж.
Гангийн үнэ унаж, үйлдвэрүүдийн ашиг муудаж, Хятадын ЗГ-аас урт хугацаандаа эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийн бодлого цөөн байна.
SGR алдагдлаас ашиг руу
SouthGobi Resources компани 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан нь эерэг үзүүлэлттэй гарахаар байгааг хөрөнгө оруулагчдадаа зарлав. Компани аудитлагдаагүй тайлан тооцоондоо урьдчилсан үнэлгээ хийхэд эхний хагасын цэвэр ашиг нь 9-11 сая ам.долларын хооронд байх тооцоо гарчээ. Өмнөх оны мөн үед тус компани 52.8 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээж байсан юм.
Алдагдлаас гарч ийнхүү ашигтай ажилласан нь нүүрсний борлуулалтын биет хэмжээний өсөлттэй холбоотойг мэдэгдэлдээ SGR дурдсан байна. Үүнээс гадна 2023 оны II сард Монголын ТЕГ-аас 75 сая ам.долларын торгууль ногдуулсан нь компанийн ашгийн үзүүлэлтэд томоохон цохилт болж байсан юм.
ERD-ийн төслийн ахиц
Erdene Resource Development компани “Баян хөндий” алтны төслийнх нь бүтээн байгуулалтын гүйцэтгэл энэ оны II улирлын байдлаар 30 хувьтай явагдаж байгааг мэдээллээ. Ингэснээр 2025 оны дунд үеэс анхны алтаа гарган авах хүлээлттэй байгаагаа тодотгожээ. Санхүүгийн хувьд компани зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх гурван сарын хугацаанд 1.8 сая ам.долларын алдагдалтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Тамирчны амжилт - Борлуулалтын үүд
Симон Байлс Парисын Олимпын наадмаас дөрвөн медаль хүртсэнээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр амжилттай гимнастикч болоод байгаа. Түүний энэхүү алдар хүнд нь Америкт үйлдвэрлэлээ явуулдаг спорт хувцасны нэгэн брэндийг анхаарлын төвд оруулж чадсан байна.
Пенсильвани мужийн Рединг хотод үйлдвэртэй GK Elite нь Симон Байлс, Парисын олимпоос гурван медаль авчирсан Суни Ли тэргүүтэй америк гимнастикчдын өмсгөлийг урладаг аж.
Тамирчдын амжилтын ачаар компанийн борлуулалт Олимпын цөөн хэдэн хоногт л гурван жилийн өмнөх Токиогийн олимпын үеийн борлуулалтаа гүйцжээ. Орлогын дийлэнхийг АНУ-ын багийн өмсгөлтэй ижил өмсгөлийн борлуулалт эзэлсэн байна.
“Симон, Суни нарынхтай ижил хувцас өмсөхийг хүссэн хүүхэд зөндөө олон байна” хэмээн тус брэндийг эзэмшдэг Elite Sportswear компанийн Гүйцэтгэх захирал Мэтт Кован өгүүлж байлаа.
Apple-ийн хамгийн жижиг PC
Apple компани хиймэл оюуны чипт суурилсан бүтээгдэхүүний өргөн хүрээний шинэчлэлийнхээ хүрээнд Mac mini компьютерын шинэ загварыг энэ онд гаргахаар төлөвлөжээ.Тус загвар нь компанийн гаргасан хамгийн жижиг хэмжээтэй суурин компьютер болохоор байгааг ойрын эх сурвалжаас Bloomberg-т мэдээлсэн байна.
Шинэ Mac Mini өмнөх загваруудаасаа хамаагүй жижиг, 3.7 инчийн өргөнтэй Apple TV-ийн төхөөрөмжтэй бараг ойролцоо хэмжээтэй байх бөгөөд хоёр хувилбараар гарахыг мөн мэдээлсэн байна. Нэг нь одоогийн iPad Pro-той төстэй эд ангиуд, M4 чиптэй байх бол нөгөө нь Apple-ийн удахгүй танилцуулах M4 Pro чипээр тоноглогдох аж.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Латин Америкийн улсуудын валют өсөлтөөрөө хөгжиж буй орнуудыг тэргүүлж байна
Шинэ сансрын хөлөг бүтээж буй Virgin Galactic борлуулалтаа өсгөн, зардлаа танажээ
Эцэст нь товчхон
ҮСХ: Долоодугаар сард улсын инфляц 5.5 хувьтай гарч, өмнөх сараасаа бага зэрэг эрчимжлээ. Өсөлтийн 1.7 нэгж буюу 30.6 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
ЭМЯ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол VIII сарын 8-ны байдлаар 4 бүртгэгджээ. Үүний 2 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол дотоодоос халдвар авсан 2 тохиолдол бүртгэгдсэн аж.
Өнөөдрийн онцлох зураг
Италийн тамирчин Софиа Рафаэли Олимпын наадмын уран сайхны гимнастикийн ганцаарчилсан төрөлд эхний шатны үзүүлбэрээ үзүүлж буй нь
Naomi Baker/Getty