2024/08/09

Гурван өгүүлбэрээр

  1. Автомашины импорт оны эхний хагаст 1.8 дахин, улаанбуудайн гурилын импорт 12.6 дахин өсжээ

  2. JPMorgan энэ оны сүүлээр АНУ-ын эдийн засаг агших магадлал 35 хувьтай гэж үзэв.

  3. Зэсийн агуулахын нөөц эрс нэмэгдэж, үнэ нь III сараас хойших доод цэгтээ хүрээд байна.

Хүнс үйлдвэрлэгчдийн хагас жил

Банк санхүүгийнхэн хүч түрэн орж ирснээр МХБ-ийн ТОП-20 индекст аж үйлдвэрийн салбарын төлөөлөл, тэр дундаа хүнс үйлдвэрлэгчдийн эзлэх хувь хэмжээ бууралттай байгаа. Хэдий тийм боловч жижиг хөрөнгө оруулагчдын хувьд хүнс, шингэн хүнс үйлдвэрлэгч компаниуд гол сонголт нь хэвээр. ХК-иуд эхний хагас жилийн тайлангуудаа танилцуулж буй энэ үед хүнсний салбарын зарим компаниудын санхүүгийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.

Газар шим үйлдвэр ХК-ийн цэвэр ашиг 2024 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 36 гаруй хувиар өсөж 5 тэрбум төгрөгт хүрсэн бол борлуулалтын орлого нь 20.8 тэрбум төгрөг болж, 20.4 хувиар өсжээ.

Зах зээлд эрэлт сайжирч, нийлүүлэлтийн хэмжээ өссөн нь компанийн сайн үзүүлэлтийн түлхэц болсон байна. Мөн бүтээгдэхүүний төрөлжилтөд анхаарч, оны сүүлээр 5-6 төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаагаас гадна ойрын жилүүдэд ОХУ-ын зах зээлд гарахад төвлөрч ажиллахаа компанийн Гүйцэтгэх захирал Ц.Ганбат онцолсон.

Талх Чихэр ХК эхний хагас жилд 58.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагнасан нь өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар буурсан үзүүлэлт болов. Цэвэр ашиг нь мөн 36.7 хувиар буурч 3.1 тэрбум төгрөг болжээ. Тус компанийн хувьцааны ханш он гарсаар 15 хувиар өссөн бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 34.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Мах Импекс ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар буурч 527.1 сая төгрөг болжээ. Мөн 25.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь 2023 оны эхний хагасаас 12.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Гурилын импорт цойллоо

Оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарсныг ГЕГ мэдээлэв. Энэ хугацаанд нийт 46.1 сая тонн нүүрс экспортолж, экспорт өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсөхөд түлхэц болсон бол нөгөө талд импорт өмнөх оноос 27.6 хувиар буюу 1.4 тэрбум ам.доллароор өссөн байна.

Тоо хэмжээгээр нь харвал суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэс 1.8 дахин, улаанбуудайн гурилын импорт бүр 12.6 дахин өсжээ. Гурилын үнийн өсөлтийг хазаарлахын тулд УИХ гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталж, V сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн нь импорт ийнхүү огцом өсөхөд нөлөөлсөн байна.

Ялимгүй буурсан алдагдал

Entrée/Oyu Tolgoi хамтарсан компаниар дамжуулан “Оюутолгой” төсөлд олборлолтын лиценз эзэмшдэг Entrée Resources компани 2024 оны II улиралд 900 мянган ам.доллар, оны эхний хагас жилд 2 сая ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээснээ тайлагналаа. Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад алдагдлаа тус тус 100 мянга гаруй ам.доллароор бууруулсан үзүүлэлт болж байна.

Үйл ажиллагааны хувьд тус компанийн эзэмшдэг "Шивээ Толгой" тусгай зөвшөөрөл бүхий талбайн “Лифт 1, Панель 1”-ийн эхний хөгжүүлэлтийн ажил энэ IV улиралд эхлэхээр байгааг дурджээ. Мөн “Шивээ Толгой” төслийн “Hugo North Extension” зэс-алтны ордод гадаргын болон газар доорх өрөмдлөгийн ажлыг үргэлжлүүлж байгаа аж.

Агших магадлал 35%

JPMorgan банк энэ оны сүүлээр АНУ-ын эдийн засаг агших магадлал 35 хувьтай гэж үзэж, өнгөрсөн сарын эхний төсөөллөө даруй 10 нэгж хувиар нэмэгдүүлжээ. Тус улсын эдийн засгийн сүүлийн статистик мэдээллүүдээс харвал хөдөлмөрийн зах зээлийн эрэлт тооцооллоос огцом суларч, ажил олгогчид ажиллах хүчээ багасгах эхний шинжүүд ажиглагдсан болохыг JPMorgan-ийн эдийн засагчид онцолсон байна. Харин 2025 оны II хагаст эдийн засаг уналтад орох магадлалыг 45 хувьд хэвээр үлдээжээ.

$1 саяар 16 м.кв байр авах уу?

Орон орны чинээлэг эрхмүүд, алдартнуудыг татдагаараа алдартай Европын энэхүү үзэсгэлэнт хот улсад нэг сая ам.доллароор 16 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө авч буйг үл хөдлөхийн зуучлагч Knight Frank судалгаандаа онцолжээ.

Томоохон 30 хотын тансаг зэрэглэлийн шинэ болон хуучин орон сууцны зах зээлийг хамруулсан судалгаанаас харвал энэ нь 1 сая ам.доллароор авч болох хамгийн жижиг талбайд тооцогдож байна. Жагсаалтын хоёрдугаарт 22 м.кв талбай 1 сая ам.долларын үнэ хүрдэг Хонконг орсон бол гуравдугаарт 32 м.кв талбайгаар Сингапур бичигджээ.

Бодлогын хүү өндөр байсантай холбоотойгоор өнгөрсөн онд дэлхий даяар тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт буурчээ. Хэдий тийм боловч нийлүүлэлт хязгаарлагдмал байснаас үнэ нь өндөр хэвээр хадгалагдсан аж.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Ипотекийн зээл олголт нэмэгдэж, орон сууцны үнийн өсөлтийг өдөөж байна

  • БНХАУ-д цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт анх удаа нийт борлуулалтын 50 хувийг давлаа

  • Японы хөрөнгийн зах зээлээс $1.1 их наядыг арчсан уналт арилжааны олон рекордыг шинэчилжээ

Онцлох чарт

Зэсийн агуулахын нөөц сүүлийн дөрвөн жилд байгаагүй эрчимтэй өсөж, улмаар үнэ нь III сараас хойших доод цэгтээ хүрсэн нь тус металлын Ази дахь эрэлт сул байгааг илтгэлээ. Лондоны металлын биржийн нөөц 42,175 тонноор нэмэгдсэн нь 2019 оноос хойших хамгийн өндөр дүн болсны сацуу БНСУ, Тайванийн агуулахуудад мөн зэсийн нөөц эрс арвижжээ. Энэ нь Лондоны металын биржийн агуулах байдаггүй БНХАУ-д хэрэглээ сул байгаагийн шинж юм.

Эцэст нь товчхон

ЗГ: Японы Ерөнхий сайд Фүмио Кишида VIII сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах товтой байна. Монгол, Японы тусгай стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, энэ хүрээнд 2022-2031 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцохыг онцолжээ.

МХБ: Богд банк ХК-ийн эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашиг 15.01 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээ түвшинд хүрлээ

Өнөөдрийн онцлох зураг

Пап Францис эртний Ацтекуудын дүрд хувирсан Мексик уран бүтээлчдийн хамт

Alberto Pizzoli/AFP/Getty