2024/08/08

Гурван өгүүлбэрээр

  1. Орон сууцны үнийн өсөлт энэ он дуустал үргэлжлэх төлөвтэй.

  2. БиДиСек ҮЦК ХК-ийн цэвэр ашиг нь 8.3 дахин өсөж, 3.8 тэрбум төгрөг хүрчээ.

  3. Дэлхийн хөрөнгийн зах зээлийг донсолгосон Японы хувьцаануудын уналтын цар хүрээ хэр том байсныг илтгэх тоо баримтуудыг онцоллоо.

Ипотекоор өдөөгдсөн өсөлт

Улсын хэмжээнд инфляц бараг 10 сар дараалан буурч, харин орон сууцны үнийн өсөлт эрчээ алдаагүй хэвээр байна. VI сарын байдлаар Улаанбаатар хотод шинэ орон сууцны дундаж үнэ м.кв нь 4 сая төгрөг давжээ.

Ипотекийн нөлөөлөл

ҮСХ-ны мэдээллээс харвал эхний хагас жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувийн өсөлттэй байна. Тэр дундаа хуучин орон сууцны үнийн жилийн өөрчлөлт 13.6 хувьтай гарч, өмнөх оны VI сарын үзүүлэлттэй харьцуулбал 8 нэгж хувиар эрчимжжээ.

Ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн, нэмэгдэх хүлээлт үүссэн, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн өсөлттэй холбоотойгоор өрхийн орлого өсөж, улмаар орон сууцны эрэлт нэмэгдсэн гэсэн шалтгаанууд дээрх өсөлтөд нөлөөлснийг Монголбанк онцолжээ. Багагүй хугацааны турш царцанги байсан ипотекийн зээл олголт эхний хагас жилийн сүүлээр хэвийн болж, зээл авах хүсэлтэй иргэдийн тоо болон зээлийн үлдэгдэл огцом нэмэгдсэн нь статистикаас харагдаж байна.

2024 оны эхний улирлаас хойш ипотекийн зээлийн үлдэгдлийн сарын өсөлт 100 тэрбум төгрөгөөс төдийлөн хэтрэхгүй байсан бол 2024 оны IV-VI сарын хооронд даруй 500 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт 8.5 их наяд төгрөгт хүрсэн байна. ЗГ-ын мэдээллээс харвал оны эхний таван сард нийт 4,419 өрхөд 514.9 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлээ шийдүүлсэн иргэдийн тоо өмнөх оны үеэс 55 хувиар өсжээ.

Өсөлт үргэлжлэх төлөвтэй

Орон сууцны үнийн өсөлт энэ он дуустал үргэлжлэх төлөвтэй бөгөөд дахин 5-10 хувиар өсөх орон зай бийг дотоодын томоохон агентуудын нэг Re/Max Mongolia-ийн Бүсийн эзэмшигч Б.Бүжинлхам бидэнтэй ярилцахдаа онцолж байлаа.

Монголд залуу гэр бүлийн тоо олон, Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байгаа ч хот маань тэлж чадахгүй байна. Тэгэхээр одоо байгаа нөхцөл бололцоогоор шинэ гэр бүлүүдийг угтаж авахаас өөр аргагүй. Сүүлийн үед яригдаж буй шинэ хот, суурьшлын бүсүүдийн төсөл хэрэгжвэл урт хугацаандаа үл хөдлөх хөрөнгийн үнэ буурахад нөлөөлж магадгүй. Харин богино хугацаандаа шийдэлгүй байсаар байна.

БиДиСек-ийн ашиг 8 нугарав

Эхний хагас жилд БиДиСек ҮЦК ХК-ийн цэвэр ашиг нь 8.3 дахин өсөж, 3.8 тэрбум төгрөг хүрчээ. Мөн 5.8 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болсныг тайлагнасан байна. Тус компани энэ онд нийслэлээс гаргаж буй анхны бонд болох “Улаанбаатар бонд”-ын арилжаа болон Сити ойл ХХК, Цогц зээл ХХК-ийн хаалттай бондын арилжаанд тус тус андеррайтераар ажиллаад байгаа.

Шууд нислэгүүд ба зорчигчдын тоо

Аялал жуулчлалын оргил сар болох долоодугаар сард нийт 270 мянга гаруй зорчигч агаарын тээврээр үйлчлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар өссөн үзүүлэлт болсныг ЗТХЯ мэдээллээ. Олон улсын нислэгт Сөүл, Бээжин, Токио, Истанбул зэрэг чиглэлд хамгийн олон хүн зорчсон байна. Харин он гарсаар нийт 1.2 сая зорчигч агаарын тээврээр зорчсон нь 30 хувийн өсөлт болжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 46 орны 150 гаруй цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн бөгөөд 2024 онд нэмж 10 гаруй улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөж буйг ИНЕГ мэдээлж байв.

Ямар рекордууд эвдэгдэв?

Японы хувьцаануудын гурван өдөр үргэлжилсэн уналт тус улсын хөрөнгийн захын үнэлгээнээс 1.1 их наяд ам.долларыг арчиж, дэлхийн хөрөнгийн зах зээлийг донсолгож, арилжааны тогтмол ойлголтыг бараг өөрчлөх шахсан хүчтэй нөлөө үзүүлжээ. Энэхүү хөдөлгөөний цар хүрээ хэр том байсныг илтгэх зарим тоо баримтаас дурдъя.

1987 оны "Хар даваа гараг"-аас хойших хамгийн өндөр хувьтай уналт

  • Даваа гарагт “Topix”, “Nikkei” индекс тус тус 12 хувиар буурсан нь 1987 оны "Хар даваа гараг"-ийн уналтаас хойших хамгийн огцом уналт болов.

  • Гурав хоногийн хугацаанд дээрх индексүүдийн нийт бууралт 20 хувиар хэмжигдсэн нь Bloomberg анх “Topix” индексийг 1959 оноос, “Nikkei” индексийг 1970 оноос бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр хувьтай бууралт болжээ.

  • Мягмар гарагт индексүүд сэргэж, 10 орчим хувиар өссөн нь 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн огцом өсөлт боллоо. Дэлхийн санхүүгийн хямрал гүнзгийрч байсан тухайн үед Японы Засгийн газар олон улсын банкнуудад дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гаргаж, улмаар хувьцаанууд цойлж байсан юм.

Зах зээлийн үнэлгээнээс 1.1 их наяд ам.доллар арчигдав

  • Долоодугаар сарын 31-нээс хойших хугацаанд Япон улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гурав хоногийн дотор 1.1 их наяд орчим ам.доллароор агшиж, одоогийн валютын ханшаар 5.6 их наяд ам.доллар болоод байна. Энэ нь Шведийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээтэй тэнцэх дүн юм.

Өдрийн арилжааны хэмжээ дээд цэгтээ

  • Даваа гарагт Токиогийн Хөрөнгийн биржээр арилжаалагдсан хувьцааны мөнгөн дүн түүхэн дээд түвшинд буюу 55 тэрбум ам.доллар хүрэв.

Урьд байгаагүй савлагаа үүсэв

  • Японы хувьцааны “айдсын хэмжүүр” гэгддэг “Nikkei Stock Average Volatility” индекс даваа гарагт бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ.

Арилжаа зогсоох нь хэвийн үзэгдэл болов

  • Даваа гарагийн бужигнаанаас үүдэн биржийн арилжааг зориуд 10 удаа зогсоожээ. Энэ нь зах зээл хэт савлагаатай үед хөрөнгө оруулагчдыг “тайвшруулах алхам” байсныг “Japan Exchange Group” мэдээлэв. Энэ нь 2016 оноос хойш нэг өдрийн дотор хамгийн олон удаа арилжаа зогссон үзүүлэлт болсон нь статистикаас харагдаж байна.

Асар олон хувьцааны ханш ёроолдоо хүрэв

  • “Тopix”-ийн өсөлт, бууралтын шугам баасан гарагт 2020 оны гуравдугаар сар буюу цар тахлын үеийн уналтаас хойших доод түвшиндээ хүрэв. Энэ нь биржийн өдөр тутмын арилжаагаар өсөлттэй үнэт цааснуудын тооноос бууралттай үнэт цааснуудын тоог хасан гаргадаг алдартай хэмжүүр юм.

  • Бүртгэлтэй 2000 гаруй хувьцааны ердөө 20 нь даваа гарагийн арилжааг өсөлттэй хаажээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван намын хамтарсан Засгийн газрын гэрээний бодлогын хороо байгуулахаар хэлэлцжээ. ЗГХЭГ-ын даргын онцолсноор хамтарсан ЗГ-ын гэрээний бодлогын хороо гэнэтийн шийдвэр гаргахгүй байх зарчмыг баримтлах аж.

Өнөөдрийн онцлох зураг

Италийн иллюзион уран бүтээлч Артуро Брачетти Эдинбургийн “Camera Obscura” төвд үзүүлбэр үзүүлж буй нь

Jeff J Mitchell/Getty Images