- Business newsletter
- Posts
- 2024/08/07
2024/08/07
Гурван өгүүлбэрээр
БНХАУ-ын эцсийн хэрэглэгчдийн худалдан авалт суларч, Монголын экспортын коксжих нүүрсний үнэ буурч байна.
Премиум Нексус компани эхний хагас жилд 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Даваа гарагийн их уналт дунд Азид ганц “ногоон” индекс байсан нь МХБ-ийн ТОП-20.
Нүүрсний үнэ буурсаар
БНХАУ-д дотоодын коксын зах зээл суларч, эцсийн хэрэглэгчдийн худалдан авалт буурснаар Монголоос нүүрс авдаг гол боомтуудад импортын коксжих нүүрсний үнэ унах хандлагатай байгааг SXCoal онцолж байна.
Аппетит муудав
Худалдан авагчид ийнхүү хэмнэлт хийж байгаагаас зарим арилжаалагчид үнээ олон удаа бууруулахаас аргагүй болжээ. Ганцмод боомтод урт хугацааны гэрээгээр зарагдах Монголын V ангиллын түүхий нүүрсний үнэ 20-30 юаниар буурч, тонн нь 1250-1280 юань болсон бол III ангиллын угаасан коксжих нүүрсний үнэ 1460-1480 юань орчимд хэлбэлзэж байна.
Түүнчлэн Цагаан хад суурьшлын бүсээс Ганцмод боомт хүртэл нүүрс тээвэрлэх богинохон зайн зардал сүүлийн найман өдөр дараалан буурч, тонн нь 115 юань байснаас 110 юань болоод байгааг SXCoal мэдээлжээ.
Нүүрсний биржийн арилжаанд ч мөн үнийн уналтын нөлөө ажиглагдаж байна. Тухайлбал долоодугаар сарын 31-нд MMC-ийн 100 хувь эзэмшдэг Energy Resource компани 19,200 тонн III ангиллын коксжих нүүрсийг тонныг нь 1,170 юаниар арилжих хэлцэл хийжээ. Энэ нь тус компанийн сүүлд хийсэн арилжаанаас тонн тутамдаа 10 юаниар доогуур, мөн тавдугаар сарын эцсээс хойших хамгийн бага дүнтэй арилжаа болсон аж.
Үүгээр зогсохгүй Тавантолгой ХК VII сарын 31-нд дуудлага худалдааны эхлэх үнээ тонн тутамд 5 ам.доллароор нэмэгдүүлж, улмаар 96 мянган тонн нүүрсээ зарж чадаагүй байна.
Гангийн үнийн уналт үргэлжилж, алдагдал нь нэмэгдэж байгаа тул БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдийн зүгээс коксын үнийг бууруулах хүсэлт гаргасныг SXCoal мэдээлжээ. Энэ нь кокс үйлдвэрлэгчдийн дунд Монголын нүүрс зэрэг түүхий эд татан авах сонирхол буурах нөхцөл болсон байна.
Монголын нүүрсний экспортын биет хэмжээ эрс нэмэгдэж, 2022 оны нийт экспортын хэмжээг аль хэдийн даваад байгаа хэдий ч үнийн дүнг тооцолгүйгээр зөвхөн биет хэмжээнд тулгуурлан орлогын өөдрөг төсөөлөл гаргах нь эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулсаар буй.
Менежмент хамгийн чухал
Орлого өсөхтэй зэрэгцээд улсын зарцуулалт дагаад нэмэгдэх хандлага байдаг. Ингэснээр олон улсын болон дотоодын сөрөг хүчин зүйлсэд илүү эмзэг болж, өсөлт алдагдах эрсдэл бийг Fitch агентлагаас онцоллоо. Оны эхний таван сарын трендийг харвал энэ онд нүүрсний экспорт 70 сая тонн давах төлөвтэй ч биет хэмжээг ийнхүү өндөр түвшинд хадгалж чадсаны нөлөө эдийн засагт тийм ч их биш байна гэж тус агентлаг тооцоолжээ.
“Өсөлтийн энэ циклийн туршид уул уурхайн салбарын орлого болон төсвийн зарцуулалтад зөв менежмент хийх нь зээлжих зэрэглэлд хамгийн том нөлөө үзүүлэхээр байна” хэмээн Fitch-ийн шинжээч Крисжанис Крустинс бидэнтэй ярилцахдаа өгүүлж байлаа.
Өндөг үйлдвэрлэгчийн өсөлт
Эхний хагас жилд Түмэн Шувуут ХК 38.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн дүн боллоо. Мөн тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 45 орчим хувиар өсөж, 8.3 тэрбум төгрөг хүрчээ. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр нэгж бүтээгдэхүүнд гаргах зардал буурсан нь өсөлтөд нөлөөлсөн байна. Мөн түүхий эдийн нөөцийн бүрдүүлэлт сайн байсан нь дэмжлэг болсныг тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Болд онцолж байв.
CU алдагдлаас гарав
CU сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг Премиум Нэксус ХК 2024 оны эхний хагас жилд 263.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 57 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Түүнчлэн компани I улиралд цэвэр алдагдлаа 9.3 тэрбум төгрөгөөр бууруулж байсан бол эхний хагас жилийн байдлаар 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Макро эдийн засгийн эерэг орчин, мөнгөний нийлүүлэлт, иргэдийн ахуйн хэрэглээний түвшин гэх мэт гадаад хүчин зүйлс компанийн ашигт ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлсэн гэдгийг тайландаа дурдсан байна.
Шинэ эрдэсжилт
Asian Battery Metals компани Говь-Алтай аймаг дахь зэс, никелийн “Oval” буюу “Ямбат” төслийнхөө талбайн хойд хэсгээс зэс-алтны эрдэсжилт илрүүлснээ мэдээлжээ. 30 метрийн өргөн, 400 метрийн урт андезит чулуулгаас илрүүлсэн шинэ төрлийн эрдэсжилтээ “Copper Ridge” гэж нэрлээд байгаа аж. Мөн төслийн талбайгаас гадуур магмын гаралтай зэс, никелийн нөөц байж болзошгүйг мөн илрүүлсэн байна.
Компани геофизикийн судалгааныхаа явцад “Ямбат” төслийн талбайд хайгуулын дөрвөн зорилтот цэгийг нэмж тодорхойлоод байгаа аж.
Уолл Стритийн “зуны Давос”
Уолл Стритийн томчууд зуны амралтаа Газар дундын тэнгисийн арлууд дээр бус Парисын олимпыг үзэж өнгөрүүлж байна.
“Давосын чуулга уулзалтын дундуур Олимпын тэмцээнүүд явагдаж байгаа юм шиг л байна” хэмээн “JPMorgan” банкны Хөрөнгийн менежментийн бизнесийг удирддаг Мэри Эрдоес Bloomberg-т онцолжээ. Тэрбээр тэмцээн болж буй цэнгэлдэх, спорт орднуудад харилцагчидтай төлөвлөөгүй уулзалт хийж, бизнесийн бусад лидерүүдтэй таарах нь байнгын үзэгдэл болсныг хэлж байлаа.
Билл Гэйтс, Citadel-ийн Үүсгэн байгуулагч Кен Гриффин, Blackstone компанийн Гүйцэтгэх захирал Стивен Шварцман тэргүүтэй удирдлагууд Олимпын наадмыг үзэж сонирхож буй тухай нийтлэлийг дараах холбоосоор үргэлжлүүлэн уншаарай.
Женсен Хуаны азтай алхам
Эзэмшдэг хувьцаагаа бэлэн мөнгө болгож энэ зуныг өнгөрүүлж байгаа Nvidia-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Женсен Хуан технологийн салбарыг бүхэлд нь хамарсан уналтын өмнө буюу долоодугаар сард 322.7 сая ам.доллартой тэнцэх хувьцаагаа зарж амжжээ. Хиймэл оюунаар өдөөгдсөн өсөлтийн дунд Nvidia-ийн хувьцаа дээд цэгтээ хүрснээс хойш тэрбээр бараг 500 сая ам.долларын дүн бүхий хувьцаагаа зараад байгаа аж.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Хөрөнгө оруулагчид хиймэл оюуны амлалтад итгэхээ больж, бодит үр дүн шаардаж эхэллээ
Хувьцааны ханшийн уналтын улмаас дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын хөрөнгө $134 тэрбумаар буурав
Meta Холливудын оддын дуу хоолойг ашиглахад олон сая ам.доллар санал болгож байна
Онцлох чарт
Дэлхийн хувьцааны зах зээлээс 6.4 их наяд ам.долларыг арчсан даваа гарагийн уналтын дунд цөөхөн “ялагчид” байсны нэг нь Монгол болохыг Bloomberg онцолжээ. Анх удаагаа 50 мянган нэгжийн түвшнийг даваад буй МХБ-ийн ТОП-20 индекс даваа гарагийн арилжааг Ази тивээс ганцаараа ногоон бүсэд хаасан байна. Харин дэлхийн хэмжээнд дөрвөн индекс өсөлттэй байсны нэг нь ТОП-20 болжээ.
Банк санхүү, бараа материал үйлдвэрлэлийн салбар давамгайлдаг ТОП-20 индекс өнгөрсөн сарын сүүлээс хойш MSCI Asia Pacific индекстэй урвуу корреляцтай байсныг Bloomberg-ийн дата харуулж байна.
Эцэст нь товчхон
ЗТХЯ: Оны эхний 7 сард төмөр замын тээврээр нийт 24.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 23.3 хувиар өссөн дүн болжээ. Зөвхөн VII сард 3.4 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МХБ: Сэндли ББСБ ХК-ийн гаргасан “Сэндли бонд 2.0” өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ. Анхдагч зах зээлийн арилжаагаар тус бондод 118 захиалга авч, 10 тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүлээд байгаа.
Өнөөдрийн онцлох зураг
БНХАУ-ын Шаньдун мужийн Циндао хотын далайн эрэгт амарч буй аялагчид
Andrea Verdelli/Bloomberg