- Business newsletter
- Posts
- 2024/08/06
2024/08/06
Гурван өгүүлбэрээр
АНУ-ын эдийн засаг удаашрах болгоомжлолоос үүдэн дэлхийн хувьцааны зах зээл огцом уналаа.
ТОП-20 индекс бүх цаг үеийн дээд түвшнээ дахин шинэчлэв.
Спорт болон хөгжмийн аялал жуулчлал 1.5 их наяд ам.долларын орлоготой салбар болно.
“Улаанаар эргэсэн” өдөр
Технологийн компаниудын хувьцаа дуу дуугаа авалцан унаж, дэлхийн хувьцааны зах зээлийг бүхэлд нь улаан бүс рүү хөтлөөд байна. Nasdaq 100 фьючерс индекс 4 хувиар унасан бол Японы хувьцаанууд сүүлийн арваад жилд байгаагүй дүнгээр үнэлгээгээ алдлаа. Нөхцөл байдлыг ойроос харцгаая.
Хаа сайгүй уналт
АНУ-ын эдийн засаг удаашрах болгоомжлол нэмэгдэж, арилжаалагчид Холбооны нөөцийн банк яаралтай бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авна гэдэгт мөрийцөж эхэлсэн нь хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлж байна. Ам.доллар суларч, АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж нэг жилийн доод түвшиндээ хүрсэн нь эхний илрэлүүд болов. Мөн Nvidia, Apple, Tesla компаниудын хувьцаа сүүлийн арилжаагаар бүгд 7-оос дээш хувиар унаад байгаа.
Уолл Стритийн “Айдсын хэмжүүр” гэж болох CBOE Volatility Index 2020 оноос хойших дээд түвшиндээ хүрч өссөн нь уналт хэр зэрэг ноцтойг гэрчилж буй.
Зарах хөдөлгөөний давлагаа далайн чанадад мөн хүрч, Японы төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ өсгөснийг даган арилжаалагчид позицоо багасгахаар яарснаар Topix индекс 12 хувиар унажээ. Гурван өдөр дараалсан энэ уналт нь тус индекст тэртээ 1959 оноос хойш бүртгэгдээгүй тааруу үзүүлэлт болж байна. Мөн БНСУ-ын жишиг индекс Kospi даваа гарагийн арилжааг 2008 оны X сараас хойших хамгийн огцом дүнгээр буюу 8.8 хувийн уналттай хааж, коррекцын бүсэд шилжжээ.
“Гол өнцөг юу вэ гэвэл АНУ-ын эдийн засаг уналтад орохгүй байх хүлээлт арилж, зөөлөн газардах хүлээлт бий болсонд байгаа юм. Энэ эрсдэлд зах зээлийн өнөөгийн байдал бэлэн бус тул хөрөнгө оруулагчид тактикаа өөрчлөхөд хүргэж байна” хэмээн Lombard Odier Asset Management компанийн макро эдийн засгийн ахлах шинжээч Флориан Иелпо тайлбарлажээ.
Хөрөнгө оруулагчид одоогоор эрсдэлээс хамгаалах гол хэрэгслээр ЗГ-ын бондууд болон Швейцар франкийг сонгох хандлага ажиглагдаж буй. Goldman Sachs-ийн эдийн засагчид ирэх онд АНУ-ын эдийн засаг агших магадлалаа 15 хувиас 25 хувь болгон нэмэгдүүлсэн ч эдийн засгийн байдал “ерөнхийдөө хэвийн” хэвээр байгааг онцолжээ.
Харин Монголд эсрэгээрээ
Долоодугаар сарын 31-нд анх удаагаа 50 мянган нэгжийн босгыг давж, түүхэн дээд түвшиндээ хүрээд байсан МХБ-ийн ТОП-20 индекс даваа гарагт дээд түвшнээ дахин шинэчилж 50,741 нэгжид хүрлээ. Хөрөнгийн захын нийт үнэлгээ мөн бүх цаг үеийн дээд үзүүлэлт буюу 12.4 их наяд төгрөгт хүрч өсөв.
Хагас жилийн ашиг нь өнгөрсөн оны мөн үеэс 17.1 дахин, орлого нь 14 дахин өссөнийг саяхан тайлагнаад буй Тавантолгой ХК-ийн хувьцаа дотоодын зах зээлийн өсөлтийг хөтлөгсдийн тэргүүн эгнээнд байна. Сүүлд нэгж хувьцааны ханш нь 4.2 хувиар өсөж 36,480 төгрөгт хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 1.9 их наяд төгрөг давжээ. Mongolian International Capital Corporation компани өнгөрсөн V сард TTL-ийн хувьцааг шинжилж, зорилтот ханшийг нь 38,055.12 төгрөгт тогтоосныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тайлангууд айсуй
Дотоодын хөрөнгийн зах зээлийн тэлэлт эрчимжихтэй зэрэгцэн МХБ бүртгэлтэй хувьцаат компаниудын эхний хагас жилийн тайлангаа танилцуулах хуваарийг гаргаад байна. Наймдугаар сарын турш явагдах энэхүү танилцуулгын арга хэмжээг МХБ албан ёсны Facebook хуудсаараа шууд дамжуулах аж. Энэ долоо хоногт танилцуулагдах онцлох тайлангуудыг харвал:
Мягмар гарагт Түмэн шувуут ХК
Лхагва гарагт МХБ ХК, Богд банк
Пүрэв гарагт АПУ ХК
Баасан гарагт Газар шим үйлдвэр ХК, Монос хүнс ХК
Bloomberg TV Mongolia шинэ тайлангуудын голлох үзүүлэлтүүдийг шинжээчдийн дүгнэлт, байр сууриар баяжуулан танд хүргэх болно.
Айлчлалууд ар араасаа
Наймдугаар сар эхлээд долоо хоноогүй байхад гадаад улсын гурван ч том төрийн түшээ манай улсад айлчлаад байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен айлчлалынхаа үеэр Монголын боловсролын салбар, тэр дундаа англи хэлний сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүдийг зарласан. Түүнчлэн Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхерд, Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало нар сүүлийн өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.
Харин долоо хоногийн төгсгөлөөр Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Төв Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд манай улсад зочлох товтой байна. Айлчлалын зорилго нь Төв Азийн улс орнуудын ОХУ, БНХАУ-аас хамаарах хамаарлыг бууруулахад чиглэж байгааг Kyodo News мэдээлжээ.
Их наяд долларын сегмент
Спорт болон хөгжмийн аялал жуулчлал дэлхий даяар урьд байгаагүй хурдацтай өсөж, 2032 он гэхэд 1.5 их наяд ам.долларын орлоготой салбар болох төлөвтэй байгааг Collinson International компанийн сүүлийн үеийн судалгаа харууллаа. Тухайлбал 2023 онд 564.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан спортын аялал жуулчлал ирэх найман жилд 1.33 их наяд ам.доллароор үнэлэгддэг болж, эрчимтэй тэлэх тооцоотой байгаа аж.
Харин хөгжмийн аялал жуулчлалаас эдийн засагт оруулах орлого 13.8 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Энэ нь өдгөө 6.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй тус салбарын орлого хоёр дахин өснө гэсэн үг аж. 17 улсын 8537 аялагчийн дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн гурван жилд таван хүн тутмын дөрөв нь (83 хувь нь) спортын арга хэмжээ, 71 хувь нь хөгжмийн тоглолт үзэхээр ниссэн, эсвэл ирэх 12 сарын хугацаанд нисэхээр төлөвлөж буй гэсэн үр дүн гарсан байна.
Баффет ба хөрөнгө оруулагчдын сандрал
Домогт Уоррен Баффетын Berkshire Hathaway фирм энэ оны хоёрдугаар улиралд Apple компанид эзэмшдэг хувьцааныхаа бараг 50 хувийг зарснаа Бямба гарагт ил болгосон. Тодруулбал тус компани III сарын төгсгөлд технологийн аваргын 140 тэрбум ам.доллартой дүйцэх хувьцааг эзэмшиж байсан бол өдгөө энэ нь 84 тэрбум ам.доллар болж буураад байгаа аж.
Энэхүү алхам нь компани Apple-ийн өсөлтийн прогнозд төдийлөн итгэл хүлээлгэхгүй байгаагийн илрэл гэж үзэж болох ч Уолл Стритийн олон стратегичид хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй хандаж, тайван байхыг сануулж байна. “Баффет Apple-ийн хувьцаагаа бууруулсан нь ердөө л эрсдэлийн менежмент. Хэрэв Apple-ийн урт хугацааны үр ашигтай холбоотой ямар нэг болгоомжлол байсан бол Баффет энэ позицоосоо бүрэн гарчих байлаа” хэмээн Integrity Asset Management-ийн Жо Гилберт онцолжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Хөрөнгө оруулагчид хиймэл оюуны амлалтад итгэхээ больж, бодит үр дүн шаардаж эхэллээ
Хувьцааны ханшийн уналтын улмаас дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын хөрөнгө $134 тэрбумаар буурав
Meta Холливудын оддын дуу хоолойг ашиглахад олон сая ам.доллар санал болгож байна
Онцлох чарт
Уго Чавез, Николас Мадуро нарын эдийн засгийн хөнөөлт бодлого, нийгэмд бугшсан авлига хээл хахууль, төрийн өмчит газрын тосны компани PDVSA-ийн менежментийн том алдааны үр дүнд Венесуэль улсын эдийн засаг сүүлийн арваад жилийн хугацаанд 70 хувиар агшжээ. Дайн дайжинтай дүйцэхүйц нөлөө үзүүлсэн энэхүү хямрал 7 сая венесуэльчүүдийг эх орноосоо дайжихад хүргэсэн байна.
Эцэст нь товчхон
Монголбанк VII сард 1.5 тонн үнэт металл, 2024 он гарсаар нийт 9.3 тонн үнэт металл худалдан авснаа мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
АПУ ХК эхний хагас жилийн цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 55 төгрөгөөр тооцож, нийт 58.5 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болжээ.
Өнөөдрийн онцлох зураг
Италийн уртын харайлтын тамирчин Маттиа Фурлани Олимпын наадмын эхний шатанд харайлтаа гүйцэтгэсний дараа
Antonin Thuillier/AFP/Getty