2024/07/10

Гурван өгүүлбэрээр

  1. ТОП-20 индекс 1.97 хувиар өсөж, сүүлийн 34 сарын дээд цэгтээ хүрлээ.

  2. Энэтхэг улс ОХУ-аас уран авах урт хугацааны гэрээ байгуулж магадгүй.

  3. “Орчин цагийн төв банк: Сорилт ба Хэтийн төлөв” олон улсын хуралд оролцож буй нэр хүндтэй зочдын байр суурийг онцоллоо.

Төв банкнуудын томчууд Монголд

Банкны салбарын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Орчин цагийн төв банк: Сорилт ба Хэтийн төлөв” олон улсын хурлыг Монголбанкнаас зохион байгуулж байна.

Азийн Хөгжлийн Банк, ОУВС зэрэг байгууллагуудын төлөөлөл, салбарын профессорууд, бодлого боловсруулагчдын цугласан уг арга хэмжээгээр төв банкны хөгжлийн чиг хандлага, дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг, салбарын сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж буй.

Энэхүү олон улсын хурлын хэвлэл мэдээллийн түншээр ажиллаж байгаа Bloomberg TV Mongolia зарим нэр хүндтэй зочид төлөөлөгчидтэй тусгай ярилцлага хийснээс онцлох байр сууриудыг хүргэж байна.

Өнөөгийн хамгийн том асуудал бол хөгжингүй орнууд геополитикийн асуудлаас болоод хоорондоо хамтран ажиллах сонирхолгүй байна. Тэгэхээр дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээ хуваагдаж эхэлж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд дэлхийн дулаарал урьд байгаагүй түвшинд хүрлээ. Тухайлбал Монгол Улсын агаарын дундаж хэмийн өсөлт аж үйлдвэржсэн орнуудынхаас хоёр дахин өндөр байна. Монгол Улс нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг орон биш шүү дээ. Гэхдээ бусад орнуудын хэт их ялгаруулалтаас болж хохирдог орон.

Тиймээс макро дүр зургаараа бидний өнөөдөр тулгараад байгаа асуудал бол уур амьсгалын зорилтод хүрэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ асар их байгаад оршино. McKenzie Global Institute-ийн тооцооллоор энэ дүн жилийн 7-9 их наяд ам.доллар гэж гарсан. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том хохирогч бол хөгжиж буй орнууд.

Дотоодод бондын зах зээл хөгжиж эхэлж байгаа ч хэмжээ бага байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо, хөрөнгө оруулалт бараг байхгүй учраас нэлээд богино хугацааны санхүүгийн хэрэгслүүд гэсэн үг. Дэлхийн аль ч улсад бондын зах зээлийн хувьд хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр нь тэтгэврийн сан байдаг. Харин Монгол улсын тэтгэврийн санд хуримтлал алга.

Мэргэжлийнхэн хөрөнгө оруулж, удирддаг хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмждэг тэтгэврийн реформ хийгдээгүй л байна. Бондын зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг болдог зүйл бол энэ.

Дээрх болон бусад нэр хүндтэй зочдын ярилцлагыг та Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.

Банкны салбарын чиг хандлага

Монголын банкны салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргахын тулд засаглалын асуудалд анхаарал хандуулах шаардлагатай. Үүний тулд банкнууд мэргэжлийн олон тооны хөрөнгө оруулагчтай болж, олон улсын туршлага, шинэ чиг хандлагыг банкны үйл ажиллагаанд тогтмол нэвтрүүлдэг болох хэрэгтэйг хурлын үеэр Монголбанкны Ерөнхий эдийн засагч Г.Ган-Очир онцолж байлаа.

Монголын Банкны Холбооноос гаргасан Банкны салбарын 2024 оны I улирлын тоймоос харвал 2024 онд тус салбарт дараах онцлох өөрчлөлт, чиг хандлагууд харагджээ.

  • Иргэд, аж ахуйн нэгжийг дэмжихэд чиглэсэн зээл олголт нэмэгдэж, эхний улиралд иргэдэд шинээр олгосон зээл өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн.

  • Банкнуудын чанаргүй зээлийн багц өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар буурчээ.

  • Бодлогын хүү буурсан ч банкнуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 17 хувьд тогтвортой байна.

  • Банкны системийн нийт актив өмнөх оны мөн үеэс 7.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

  • Төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж эерэг байгаа нь иргэдийн төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 39 хувиар өссөн бол валютын хадгаламж 24 хувиар өсжээ.

ТОП-20 цойлов

Өчигдрийн арилжаагаар ТОП-20 индекс 34 сарын дээд түвшиндээ хүрч, дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 11.5 их наяд төгрөг давав. Мягмар гарагт жишиг индекс 1.97 хувиар өсөж 45,990 нэгжид хаасан нь 2021 оны IX дүгээр сарын 13-наас хойш харагдаагүй түвшин байв. Индекст багтдаг компаниудаас Тавантолгой ХК-ийн нэгж хувьцааны ханш 9.79 хувиар өсөж, 30,720 төгрөгт хүрсэн нь онцлох хөдөлгөөн боллоо.

Өнгөрсөн онд хөрөнгийн бирж дээр нийт 725 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 788 тэрбум төгрөгийн арилжаа хийгдээд байгаа. Төрийн өмчит компаниудын олон нийтийн болох ажил идэвхэжвэл ирэх гурван жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 20 их наяд төгрөгт хүрэх боломжтойг МХБ ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ онцолж байсан юм.

Биржийн арилжаа өнөөг хүртэл

Уул уурхайн бүтээгдэхүүнийг анх биржээр арилжаалж эхэлснээс хойш энэ оны VI сарын 20 хүртэлх хугацаанд нийт 30.7 сая тонн хэмжээтэй, 13.5 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүнийг арилжаалжээ. Өөрөөр хэлбэл 4 орчим тэрбум ам.доллар Монголын банк, санхүүгийн байгууллагаар дамжиж манай улсад орж ирсэн байна.

Үүнийг дагаад улсын валютын нөөц, эх үүсвэр нэмэгдэхийн сацуу компаниудын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс олох орлого нэмэгдсэнийг МХБ тодотгож байв. Сүүлийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалж буй компаниудын үнийн өсөлтөөс олсон нэмэлт орлого 685 тэрбум төгрөгт хүрчээ.

AI хогийн саванд

Хиймэл оюуны технологи гал тогооноос гарч буй хог хаягдлыг бүртгэхэд тусалснаар үйлчилгээний байгууллагууд хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, төсвөө хянах боломжтой болж байна.

Ухаалаг камер, жинлүүртэй, мэдрэгчтэй дэлгэцээр тоноглосон дэвшилтэт технологийн хогийн савнуудыг Leanpath, Winnow Solutions, Orbisk B.V. зэрэг компани санал болгож байгаа юм. Энэхүү систем хаягдсан хүнсний бүтээгдэхүүн ямар төрлийн хүнс байсан, болгосон хоол уу, хэрчсэн бэлдэц үү гэх зэргийн нарийн мэдээлэл цуглуулдаг аж.

Уг технологийн гол зорилго нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хэдэн тэрбум ам.доллароор үнэлэгдэх хоол хүнс хаягддаг явдлыг зогсоож, хүлэмжийн хийн ялгарлын нэгэн томоохон эх үүсвэрийг бууруулах юм.

2022 онд дэлхий дахинд 1.05 тэрбум тонн хүнс хаягдаж, хүнсний ялзрал агаарын тээврийн салбараас бараг тав дахин их хүлэмжийн хий ялгаруулсныг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр тооцоолсон байна. Үүний гуравны нэг орчим нь буюу 290 сая тонн хаягдлыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар бий болгожээ.

ОХУ Энэтхэгт уран нийлүүлнэ

Энэтхэгийн өмнөд бүсийн Тамил Наду мужид ашиглалтад орж буй атомын цахилгаан станцад уран нийлүүлэх урт хугацааны гэрээг БНЭУ болон ОХУ байгуулах магадлалтай байгааг албаны эх сурвалжаас Bloomberg-т мэдээлжээ. Эдгээр өдрүүдэд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди сүүлийн таван жилд анх удаа ОХУ-д айлчлал хийж буй. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж хоёр улсын харилцааг дахин идэвхжүүлэхийн зэрэгцээ стратегийн томоохон хэлцлүүд хийх хүлээлттэй байгаа юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Bloomberg Economics-ийн судалгаагаар ирэх 18 сарын хугацаанд дэлхийн тэргүүлэх 23 төв банкны дундаас зөвхөн Японы төв банк бодлогын хүүгээ бууруулахгүй байх урьдчилсан тооцоо гарчээ. Мөн тэдгээр банкнуудын дийлэнх нь 2024 оны эцэст бодлогын хүүгээ өсгөсөн байх төлөвтэй аж.

Харин 2025 оны эцэс гэхэд дэлхийн улс орнуудын бодлогын хүү нийт 155 суурь нэгжээр буурахыг Bloomberg-ийн цуглуулсан дата мэдээлэл харуулж байна. АНУ-д инфляц харьцангуй байгаа тул чанга бодлогоо тогтвортой барьж буй Холбооны нөөцийн банкны хувьд ч энэ онд бодлогын хүүгээ хоёр удаа бууруулах төлөвтэйг онцолжээ.

Эцэст нь товчхон

ХААН Банк олон улсын зах зээлд Монгол Улсаас анх удаа Нийгмийн бонд амжилттай гаргажээ. Гурван жилийн хугацаатай, 130 сая ам.долларын дүнтэй уг бондыг олон улсын хөрөнгө оруулагчдад хаалттай хүрээнд санал болгож буй.

Өнөөдрийн онцлох зураг

Samsung компанийн ажилтнууд цалингаа нэмүүлэхийг шаардан жагсаж буй нь - Хвасон хот, БНСУ

Jean Chung/Bloomberg