- Business newsletter
- Posts
- 2024/07/09
2024/07/09
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Шинээр эмхлэн байгуулагдах ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүн тодорхой болж байна.
Sxcoal: Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний арилжааны идэвх суларчээ.
Бондын хөрөнгө оруулагчдын хувьд хөгжиж буй орнуудын мөнгөний бодлогоос илүүтэй төсвийн сахилга бат нь чухал.
Шинэ ЗГ ба эрчим хүчний реформ
Шинээр бүрэлдсэн УИХ-д хамгийн олон суудал авсан Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулахаар тохиролцоод байгаа. Түүнчлэн шинээр байгуулагдах ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүн эхнээсээ тодорхой болж байна.
Уур амьсгалын яамтай болно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын даргад өргөн барьсан Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслөөс харвал шинээр эмхлэн байгуулах Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллахаар байна. Сайд нарын бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд, яамдын сайд нараас гадна онцгой байдлын болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн хоёр шадар сайд, Үндэсний хороодыг удирдах дөрвөн сайдаас бүрдэх аж.
Эдийн засаг, хөгжлийн яам;
Гадаад харилцааны яам;
Сангийн яам;
Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
Батлан хамгаалах яам;
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
Боловсролын яам;
Гэр бүл, хүний хөгжлийн яам;
Зам, тээврийн хөгжлийн яам;
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
Эрчим хүчний яам;
Эрүүл мэндийн яам
Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн сайд Тэргүүн Шадар сайдын үүргийг давхар гүйцэтгэхээс гадна бүх яамд Дэд сайдгүй болж байгаагаараа онцлог болж байна. Яамдын тооны хувьд одоогийн ЗГ-ын 16 яам хэвээр үлдсэн бөгөөд зарим яамын нэр өөрчлөгдөж, чиг үүргийн шинэ зохицуулалтууд хийгджээ.
Эрчим хүчний реформд санал нэгдэв
Хамтарсан ЗГ-т нэгдэж буй гурван намын дарга нар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах санамж бичигт мөн гарын үсэг зурж, эрчим хүчнээс либералчлалаас эхлээд улс орны хөгжлийн шийдэл болсон томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэхээ амлав.
УИХ-д суудалтай гурван улс төрийн хүчин эдийн засагт чухал нөлөөтэй шинэчлэлүүд, тэр дундаа эрчим хүчний салбарт реформ хийхээр бараг анх удаа ийнхүү санал нэгдсэн нь анхаарал татаж байна.
ЗГ-ын мөрийн хөтөлбөрт бүх намаас санал авч боловсруулна, улмаар мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулна. Улс төржөөд шийдлээ гаргаж чаддаггүй байсан том төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Эрчим хүчний реформ хийж, үнэ чөлөөлнө гэдэг бол популизмын эсрэг сөрөх "гал барьсан" үйлдэл. Өнгөрсөн хугацаанд үүнийг АН, МАН дангаараа хийж чадаагүй. Тэгвэл одоо УИХ-д суудалтай АН, МАН, ХҮН хамтдаа үүнийг хийнэ.
Татварын дарамтыг бууруулж, бизнес хийхэд улс төрийн намаар ялгаварладаг байдлыг таслан зогсоох шаардлагыг ажил хэрэг болгохын төлөө бид хамтарсан ЗГ-т ажиллана.
Импортын эрчим хүчнээс хамааралтайн улмаас үүдэх эрсдэл хэр ноцтой түвшинд хүрснийг хэрэглэгч бид сүүлийн хэдэн өвөл хангалттай мэдэрсэн. Ингээд зогсохгүй метро тэргүүтэй хөгжлийн том төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Ямартаа ч Эгийн голын болон Эрдэнэбүрэнгийн УЦС, говийн бүсэд баригдах нар, салхины станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татахад нэн түрүүнд анхаарна гэдгээ намын дарга нар онцолж байлаа.
Мөн эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж буйн нэг шалтгаан болох эдийн засгийн утга агуулгагүй, зардлаасаа хамаагүй доогуур үнэ тарифын асуудлыг шийдэхийн тулдэрчим хүчний либералчлалын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ.
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас саяхан гаргасан 2024 оны Эрчим хүчний шилжилтийн индекст 120 орноос 116-рт эрэмбэлэгдэж, өмнөх оныхоос таван байраар ухарсан билээ.
Арилжааны удаашрал
БНХАУ-ын хуурай газрын хамгийн том боомт болох Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний арилжааны идэвх суларсан нь тус улсын эцсийн хэрэглэгчдийн дийлэнх нь хэмнэлтийн горимоор үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой болохыг SXCoal онцолжээ. Монголын V зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ урт хугацааны гэрээгээр тонн нь 1300-1330 юанийн хооронд тогтвортой байгаа аж.
Худалдан авагчдын дунд ерөнхийдөө "харзнах" сонирхол зонхилж байгаа тул тус боомт дахь арилжааны хөрвөх чадвар мөн өөрчлөлтгүй түвшинд хадгалагдаж байна. Өргөн хүрээнд харвал зуны саруудад БНХАУ-ын гангийн зах зээлийн амралтын үе тохиодог учраас арилжаанд оролцогчид коксжих нүүрсний зах зээл ойрын хугацаанд сэргэнэ гэсэн хүлээлтгүй байгаа гэж SXCoal үзжээ.
Төсөв сайтай айлд
Хөгжиж буй орнуудын хувьд мөнгөний бодлогоос илүүтэй Засгийн газрынх нь оновчтой үйл ажиллагаа илүү чухал болохыг бондын арилжаанд оролцогчид онцолж байна. IV сараас хойш хөрөнгө оруулагчид төсвийн бодлогоо сулруулж буй улс орнуудын бондыг түлхүү зарж байгаа бол төсвийн сахилга баттай орнуудын бондод хөрөнгө оруулах нь нэмэгдэж буй.
Өөрөөр хэлбэл бондын өгөөж нь хасах утгатай байсан ч төсвийн оновчтой бодлого баримталж буй орнуудын бондод хөрөнгө оруулж байгаа аж. Дашрамд дурдахад Fitch агентлагаас Монголын шинээр бүрдэх Засгийн газрын урт хугацааны төсвийн бодлого нь Монгол Улсын зээлжих зэрэглэлд нэн чухал болохыг саяхан онцолж байлаа.
“Дижитал шарил”-ын асуудал
Бид бүгдээрээ талийгаач болсны дараа цахим хаягуудыг маань хэрхэхийг Meta, Alphabet, Apple зэрэг компаниуд шийдэх нь зүйтэй юу?
Энэхүү төвөгтэй асуултыг Шведийн Уппсалагийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны туслах профессор Карл Омман “Дата мэдээллийн дараагийн амьдрал” хэмээх номдоо хөндсөн байна. Орчин үеийн нийгэмд нас барагсдыг оршуулах олон ёслол, зан үйл бий ч “дижитал бие”-ийг нь хэрхэх талаар тогтсон журам байхгүй байгаа юм.
Уг номд Омман, Дэвид Уотсон нарын 2019 онд хэвлүүлсэн судалгааны ажил ч багтсан бөгөөд энэ зууны эцэс гэхэд Facebook 5 тэрбум гаруй нас барсан хэрэглэгчтэй болно хэмээн тус судалгаанд тооцоолжээ. “Технологийн томоохон компаниуд нас барсан хэрэглэгчийн дата мэдээллийг хадгалж буй нь нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Учир нь тэдгээр компаниуд хэрэглэгчдийн хэдэн үе дамжсан түүхэн баримтыг хадгалж, дэлхий даяарх хүмүүсийн аж байдлын архивыг өмчилж байгаа хэрэг” гэж Омман үзжээ.
Зэс $12k руу
Дэлхийд зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцээ сайжруулах нэмэлт арга хэмжээний төлөвлөгөө гаргах өндөр хүлээлттэй байгаа нь зах зээлд зэсийн үнэ эргэн сэргэх өөдрөг хүлээлт бий болгоод байна. Тухайлбал БНХАУ дотоодын үл хөдлөх хөрөнгийн салбар болон цахилгаан сүлжээнд чиглэсэн нэмэлт арга хэмжээнүүд авах болсон нь зэсийн үнийг ойрын хугацаанд дэмжинэ гэж Citigroup таамаглажээ.
Харин урт хугацаандаа голлох улс орнууд бодлогын хүүгээ бууруулснаар зэсийн үнэ тонн нь 12 мянган ам.доллар хүрнэ гэж тус банк таамаглажээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Fitch: Шинэ засгийн газрын урт хугацааны төсвийн бодлого нь Монгол Улсын зээлжих зэрэглэлд нэн чухал байна
Анхаарч байх 10 компани (2024 оны III улирал)
БНХАУ, БНЭУ-ын хувьцаанууд өсөлтөөрөө оны II хагаст Японыг давж, Азид тэргүүлэхээр байна
Онцлох чарт
1997-2012 оны хооронд төрөгсөд буюу Z үеийнхэн хөрөнгийн зах зээл дэх оролцоогоор дээд үеийнхнээсээ хол илүү тэргүүлж байна. Холбооны нөөцийн банкны 2022 онд хийсэн судалгаагаар 25-аас доош насны бүлгийн 40 гаруй хувь нь ямар нэг хэлбэрээр хөрөнгийн зах зээлд оролцож байжээ. Харьцуулбал 1995 онд 25-аас доош насныхны оролцоо ердөө 16 хувьтай байсан байна.
Энэхүү чиг хандлагад мэдээж сошиал сүлжээ, технологийн дэвшил нөлөөлөхөөс гадна Z үеийнхэн сургуульдаа санхүү, хөрөнгийн захын талаар хичээл заалгасан байх магадлал мянганыхантай харьцуулахад 60 хувиар, X үеийнхэнтэй харьцуулахад 150 хувиар илүү байгааг CFA Institute-ийн судалгаа харуулжээ.
Хэдий тийм ч Z үеийнхэн хөрөнгө оруулалт хийхдээ нэлээн базаахгүй шийдвэрүүд гаргадаг нь бас харагджээ. Тэд хөрөнгө оруулалтын багцаа сайн төрөлжүүлдэггүйгээс гадна meme хувьцаа, коин зэрэг түгээмэл бус хэрэгслүүдэд хэт ихийг байршуулах хандлагатай байдаг аж.
Эцэст нь товчхон
Монголбанк: “Modern Central Banking: Challenges and Prospects” олон улсын дээд түвшний чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээг Bloomberg TV Mongolia шууд дамжуулж, Дэлхийн банк, ОУВС, улсуудын төв банкны зочид төлөөлөгчидтэй тусгай ярилцлага хийх болно.
ХасБанк: 2024 эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 38.3% өсөж 85.3 тэрбум төгрөгт хүрлээ
ГЕГ: Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний зургаан сард 13.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өссөн байна. Тэнцлийн хувьд 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан ч экспорт өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар, харин импорт 25.9 хувиар өсжээ.
Өнөөдрийн онцлох зураг
Европын хамгийн өндөр галт уул Этна оргилж байгаа нь - Сицили арал, Итали
Giuseppe DiStefano/AFP/Getty