2024/07/05

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. АН-ын Улс төрийн зөвлөл МАН-тай хамтарч ЗГ байгуулах шийдвэр гаргасныг эх сурвалжууд мэдээлэв.

  2. Хөрөнгө оруулагчдын хувьд III улиралд анхаарч байх 10 компанийг онцоллоо.

  3. Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн 2024 оны өсөлтийн төсөөллөө бууруулж, харин Fitch огцом өсгөв.

Анхаарч байх 10 компани

Bloomberg Intelligence-ийн шинжээчид салбар бүрийн 2,000 гаруй компанид дүн шинжилгээ хийж, энэ онд анхаарч байх 50 компанийг нэрлэснийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэ удаа 2024 оны III улиралд чухал өөрчлөлт хийж, ихээхэн анхааралд өртөх төлөвтэй 10 компанийг BI өөрсдийн Focus Ideas итгэлийн хэмжүүрт тулгуурлан тодорхойлжээ.

Nintendo

  • Зах зээлийн үнэлгээ: $70.5 тэрбум

  • 2024 оны борлуулалтын таамаг: $8.8 тэрбум

  • Борлуулалтын өсөлтийг таамаг: -27%

  • Ерөнхийлөгч: Шүнтаро Фүрүкава

Switch консолынхоо шинэ хувилбарыг танилцуулах товыг тодорхойлоогүй хэвээр тул видео тоглоомын тус компани IV сараар эхэлсэн санхүүгийн жилд техник хангамжтай нь холбоотой зах зээлийн хүлээлтэд хүрэхээргүй байна. Энэ нь Nintendo-ийн шинэ тоглоом харьцангуй цөөн байгаатай хосолсноор компанийн ашиг нь дундаж төсөөллөөс 10 хувиар доогуур байхыг харуулж байна. - Нэтан Найду

Өдөөгч хүчин зүйл: II улирлын эцсийн байдлаар программ хангамжийн салбарын орлого болон техник хангамжийн борлуулалт үргэлжлэн буурахаар байна.

SAP

  • Зах зээлийн үнэлгээ: $244 тэрбум

  • 2024 оны борлуулалтын таамаг: $36.4 тэрбум

  • Борлуулалтын өсөлтийг таамаг: 8%

  • Ерөнхийлөгч: Кристиан Клейн

Үүлэн технологид суурилсан бүтээгдэхүүнүүд тус компанийн нийт борлуулалтын 2/3-ыг бүрдүүлдэг болсон бөгөөд энэ онд үргэлжлүүлэн 20%-иар өсөх төлөвтэй. Харин 2025 онд мэдээллийн технологийн зарцуулалт өргөн хүрээнд сэргэхээр байгаа нь SAP-ийн өсөлтөд улам эрч өгч, борлуулалт нь 10 хувиар өсөхөд дэм болно. - Анураг Рана

Өдөөгч хүчин зүйл: SAP-ийн үүлэн технологийн захиалга 25 гаруй хувиар өссөнийг компанийн VII сарын эцсийн тайлангаас харна гэсэн хүлээлттэй байж болно. Энэ нь III улиралд бүр ч эрчимжих хандлагатай байна.

THK

  • Зах зээлийн үнэлгээ: $2.3 тэрбум

  • 2024 оны борлуулалтын таамаг: $2.4 тэрбум

  • Борлуулалтын өсөлтийг таамаг: -8%

  • Ерөнхийлөгч: Акихиро Терамачи

Хиймэл оюунтай холбоотой бүхий л зүйлд чиглэсэн сонирхол огцом өсөж байгаа нь электроник, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад дэм өгөх хандлагатай байна. THK нь дэвшилтэт чип үйлдвэрлэлд нэн чухал үүрэгтэй өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжүүдэд зориулсан чиглүүлэгч зам үйлдвэрлэдэг. Тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь компанийн олон улсад гаргасан хувьцааны 50 хувийг бүрдүүлдэг тул маш өвөрмөц позиц бий болгож, орлогын өсөлтөд нь нөлөөлөхөөр байна. - Такэши Китаура

Өдөөгч хүчин зүйл: Япон улсын машин механизм, чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн захиалга II хагаст сэргэж эхэлснээр хөрөнгө оруулалт нь дагаад өсөх төлөвтэй.

Nike

  • Зах зээлийн үнэлгээ: $142 тэрбум

  • 2024 оны борлуулалтын таамаг: $51.2 тэрбум

  • Борлуулалтын өсөлтийг таамаг: -1%

  • Ерөнхийлөгч: Жон Жозеф Донахо II

“Pegasus Premium” зэрэг гүйлтийн гутлын шинэ загваруудаа гаргаж, Air франчайзаа тэлэх арга хэмжээ авч байгаа нь тус компанийн орлогыг дэмжих алхмууд болохоор байна. Олимп болон бусад спортын томоохон арга хэмжээүүдийн ачаар 2 жилийн турш тааруу байсaн ашгаа сэргээх боломж бүрдэж байна. - Пунам Гоял

Өдөөгч хүчин зүйл: Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн болон VII-VIII сард зохиогдох Парисын Олимп нь Nike-ийн сүүлд гаргасан бүтээгдэхүүнүүдийн борлуулалтыг дэмжихээр байна.

Corning

  • Зах зээлийн үнэлгээ: $33.6 тэрбум

  • 2024 оны борлуулалтын таамаг: $14 тэрбум

  • Борлуулалтын өсөлтийг таамаг: 3%

  • Ерөнхийлөгч: Венделл П.Уикс

Шилэн кабель үйлдвэрлэлээр АНУ-д тэргүүлэгчийн хувьд Corning компани нь өндөр хурдны интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд олгосон Засгийн газрын дэмжлэгийн багцыг авч чаджээ. Мөн хиймэл оюуны дата төвүүдийн өсөлт нь шилэн кабелийн эрэлтийг нэмэгдүүлснээр ашиг хүртсэн байна. Өнгөрсөн жилд тус компанийн нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, харилцаа холбооны дэд бүтцийн зардлаа танасан ч 2025 он хүртэл орлого нь 20 гаруй хувиар өсөх төлөвтэй байна. - Ву Жин Хо

Өдөөгч хүчин зүйл: АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй 42 тэрбум ам.долларын “Өндөр хурдны интернетийн хүртээмж, санхүүжилт, дэд бүтцийн хөтөлбөр”-ийн 50 мужид олгох төсвийн хуваарилалтыг оны III улиралд зарлана.

Уншигч та Bloombergtv.mn-д зочилж үлдсэн 5 компанитай танилцаарай.

Авлигын хохирол ₮2.2 их наяд

Прокурорын байгууллага 2024 оны эхний хагас жилд авлига, албан тушаалын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 1,366 хэрэгт хяналт тавьсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар өссөн дүн болохыг УЕПГ мэдээллээ. Задлаад харвал авлигын гэмт хэргийн улмаас 2.2 их наяд төгрөгийн хохирол учирсан нь улсын төсвийн оны эхний 5 сарын орлогын бараг 1/6-тэй тэнцэж байна.

Transparency International-ийн судалгаагаар Монгол Улс 2017 оноос хойш авлигын төсөөллийн индексээр тасралтгүй муудаж буй 10 улсын нэг болоод байгаа. Мөн ЗГ төсвийн хэт үрэлгэн бодлого хэрэгжүүлснийг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс шүүмжилж байв.

Сонгуулийн дараах эдийн засаг

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6.2 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө 1.4 нэгж хувиар бууруулж, 4.8 хувь болгосноо танилцууллаа. Зудын гамшиг хөдөө аж ахуйн салбарын гарцад нөлөөлөхөөр байгаа нь төсөөллөө бууруулах шалтгаан болсон байна. Харин 2025 онд эргэн эрчимжиж 6.6 хувиар өснө гэж үзжээ.

Тэгвэл Fitch Ratings агентлаг Монгол Улсын 2024 оны өсөлтийн төсөөллөө огцом ахиулж, 4 хувиас 7 хувь болгожээ.

Өрөмдлөг VIII сард

TMK Energy компани нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслийнхөө 2024 оны өрөмдлөгийн хөтөлбөрийг энэ VIII сард эхлэхээр болсноо зарлалаа. Байгаль орчны менежментийн нэн чухал төлөвлөгөөгөө БОАЖЯ-аар батлуулаад байгаа тус компани өрөмдлөгийн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай зохицуулалт, зөвшөөрлүүдийг авсан болохоо мөн мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн мессеж

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийхдээ Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдийн талаар чухал байр сууриуд илэрхийлэв. Тэдгээрээс онцолбол:

  • Евразийг холбосон хос төмөр зам тавьж, цахилгаанаар хангах ажлыг ОХУ-ын талтай хамтран хийх хүсэлтэй байна.

  • Баруун, зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замуудыг тавьж чадвал гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд ач тустай

  • Монгол Улсын эдийн засаг сайжирч, үйлдвэрлэл нэмэгдэж буй энэ үед эрчим хүчний хомсдол, дутагдал нэлээн гарч байна. Монгол БНХАУ-тай хамтран Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихаар тохирсон. Харин ОХУ-тай Эгийн голын УЦС-ыг барьж байгуулах ажлыг хамтарч гүйцэтгэе

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Монголоос дэлхий рүү: Төв Азийн зах зээлд Монголын ямар компаниуд гараад байна вэ?

  • Яннис Стурнарас: Европын Төв банк бодлогын хүүг 2024 онд дахин 2 удаа бууруулах боломжтой

  • Tesla-ийн борлуулалт II улиралд шинжээчдийн таамгаас бага дүнгээр буурснаар хувьцааны ханш нь 10% өслөө

Онцлох чарт

Чип үйлдвэрлэгч Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан компанидаа эзэмшдэг бараг 169 сая ам.доллартой дүйцэх хувьцаагаа VI сард арилжаалсан нь түүний хувьд нэг сарын дотор хамгийн өндөр орлого олсон тохиолдол болжээ. Хиймэл оюуныг ажиллуулдаг чипийн барагдашгүй эрэлтийн нөлөөгөөр Nvidia-ийн хувьцааны ханш шинэ дээд цэгээ хэд дахин эвдээд байгаа.

Тэрбээр 1.3 сая ширхэг хувьцаагаа дээрх дүнгээр арилжаалсан нь Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.долларын босгыг анх удаа давсан үетэй зэрэгцсэн байна. Ийнхүү Nvidia дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн титмийг хэсэгхэн хугацаанд зүүж, харин Женсен Хуан 100 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй эрхмүүдийн эгнээнд нэгдсэн юм.

Эцэст нь товчхон

ИНЕГ: Хүнгүй агаарын хөлөг буюу дроноор эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүн хүргэх нислэг үйлдэх зөвшөөрлийг "Монголиан смарт дрон деливери" ХХК-д олгожээ.

АТГ: Төслийн гүйцэтгэгчээр хууль бусаар шалгарсан БНСУ-ын компаниас $1.7 саяын хохирлыг Монгол Улсад эргүүлэн авчирлаа

Өнөөдрийн онцлох зураг

Чили улсын амьтны хүрээлэнд мэндэлсэн цагаан хирсний тугал эхийн хамт хооллож буй нь - Сантьяго, Чили

Raul Bravo/Getty