2024/07/04

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Төв Азийн зах зээлд гараад буй монгол компаниудыг энэ дугаарт онцоллоо.

  2. Монголбанк ээлжит хурлаараа бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.

  3. Оны эхний хагаст МХБ-ээр 797 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 55 гаруй хувиар өссөн дүн болов.

Төв Ази дахь тэлэлт

Нөөцөөр баялаг Төв Азийн орнууд сүүлийн жилүүдэд өсөлтийг дэмжсэн эдийн засгийн реформыг эрчимжүүлж, тэр хэрээр үндэстэн дамнасан бизнесүүд, хөрөнгө оруулагчдыг анхаарлыг татаж байна. Нэг жишээ нь тус бүсийн хамгийн том мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж тооцогддог Европын Сэргээн босголт, хөгжлийн банк зөвхөн өнгөрсөн онд Төв Азийн орнуудад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Монголын компаниудын хувьд ч газарзүйн хувьд ойр, хэрэглэгчийн бааз суурь харьцангуй том Төв Азийн орнуудад бизнесээ тэлэх сонирхол нэмэгдэж буйг саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан гэрээ хэлэлцээрүүд, хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалт харууллаа.

Тэгвэл өнөөдрийн дугаарт Төв Азид хөрөнгө оруулалт хийж, тус бүсийн зах зээлд гарсан Монголын зарим компаниудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Монгол Базальт ХК: Тус компани “Базальт Узбекистан Групп”-тэй хамтран Узбекистан улсад орчин үеийн базальт технологийн хамтарсан үйлдвэр байгуулахаар гэрээ байгуулсан. Энэхүү төслийн эхний үе шатанд $30 саяын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд эхний үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн байх аж.

Доктор авто сүлжээ: Дотоодын авто үйлчилгээний франчайз Доктор авто сүлжээ олон улс дахь анхны салбараа Казахстаны Алмата хотод өнгөрсөн сард нээжээ. 2034 он гэхэд Казахстан дахь салбарын тоогоо 200 хүргэхийн сацуу Узбекистан, Киргизэд мөн тэлэхээр төлөвлөснөө тус компани мэдээлсэн байна.

Зургийг: Cardoctormn

Fibo Cloud: Монголын дижитал үйлчилгээний экспортын цөөн боловч амжилттай жишээнүүдийн нэг нь үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч тус компани юм. 2022 онд тус компани Казахстаны харилцаа холбооны хамгийн том оператор Transtelecom компанитай гэрээ байгуулж, 10 төвд нь үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэхээр болж байв.

Инвескор ББСБ ХК - Монголын бичил санхүү, финтекийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг Инвескор одоогоор Киргиз улсад дөрвөн салбараа нээгээд байна. Киргиз дэх компани Инвескор Си Эй МФК нь өнгөрсөн онд зээлийн багцаа 34 тэрбум төгрөгт хүргэж өмнөх оны мөн үеэс 91 хувиар өсгөсний зэрэгцээ тус улсын зах зээлд эзлэх хувиа 5 хувиар тэлжээ. Компани цаашид Киргизд 3 салбар нэмж нээхээс гадна Казахстанд шинэ салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлжээ.

Говь ХК: Тус компани Казахстан улсад Gobi Cashmere Kazakhstan охин компаниа байгуулахаар болсноо өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлсэн. Тус компани нь “Говь”-ийн гадаад зах зээлийн борлуулалтад эерэг нөлөө үзүүлэх боломжтойг онцолж байв.

Монголбанкны шийдвэр

Он гарсаар бодлогын хүүгээ хоёр удаа бууруулаад байгаа Монголбанк долоодугаар сарын 2-ны ээлжит хурлаараа бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Төв банкнаас цаашид инфляц зорилтот интервалд хадгалагдах хүлээлттэйгээ илэрхийлсэн ч гадаад, дотоод орчны эрсдэл, цаашдын төлөвийг харгалзан уг шийдвэрийг гаргаснаа онцолжээ.

Түүнчлэн банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 55 хувь болгохоор болсон байна. Нэрлэсэн цалин, орлогын өсөлтийг дагаад хэрэглээний зээлийн өсөлт эрчимжиж байгаа нь санхүүгийн системд эрсдэлтэй гэж үзсэн тул ӨОХ-ны хязгаарлалтыг ийнхүү чангаруулахаар шийдсэн аж.

Хөрөнгийн захад

  • 2024 оны эхний хагас жилийн байдлаар МХБ-ээр нийт 797 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 55 гаруй хувиар өссөн дүн болов. Тэр дундаа зөвхөн VI сард 534.6 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан нь “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаатай холбоотой аж.

  • Сүүлийн гурван жилийн үүргийн хэрэгжилт нь 45-аас доош хувьтай буюу биржийн бүртгэлээс хасах нөхцөл үүссэн 36 ХК байгааг МХБ мэдээллээ. Мөн 10 хувиас доош гүйцэтгэлтэй компани найм байгаагаас Нако түлш ХК-ийн үүргийн гүйцэтгэл биелэлтгүй буюу 0 үнэлгээтэй байгаа аж.

Тэнцвэргүй худалдаа

Монгол, ОХУ-ын худалдааны баланс асар тэнцвэргүй буюу 3:97 харьцаатай байдаг. Мөн Монгол Улс ОХУ-аас импортолж буй бараанд 5 хувийн татвар ногдуулдаг ч тус улс руу бараа экспортлоход 55-60 хувийн татвар төлж буй. Тэгвэл ЗГ энэхүү тэнцвэргүй байдлыг багасгахын тулд Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулж, 2024 ондоо багтаан эцэслэн батлахаар ажиллаж байгаа аж.

Хэлэлцээр байгуулснаар хойд хөрш рүү ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн гаралтай 375 нэр бүхий бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй экспортлох, мөн адил 375 бүтээгдэхүүнийг ОХУ-аас гаалийн татваргүй импортлох боломж бүрдэхийг ЭЗХЯ мэдээлэв.

Метроны шинэ үе

2022 онд Лондон хотын хэвтээ тэнхлэгт байгуулагдсан метроны шинэ сүлжээ тэр даруй өдрийн хагас сая зорчигчтой болж, Их Британийн төмөр замаар үйлчлүүлэгчдийн нийт тоо богино хугацааны дотор цар тахлын өмнөх үеэ давжээ.

Харин Сөүлд 161 км/цагаас дээш хурдлах чадалтай өндөр хурдны шинэ метро хотын өмнөд захаас төвийн бизнес дүүрэг рүү зорчих хугацааг дөрөв дахин багасгасан байна. Дели хотод ч үүнтэй төстэй метроны сүлжээ баригдаж байгаа бөгөөд ашиглалтад орсноор зорчигчид хүн ам шигүү суурьшсан их хотын дундуур 100 км зайг ердөө нэг цагийн дотор туулах аж.

Хүн ам шигүү суурьшсан, хөндлөн гулд туулахад 150 км-ээс дээш зайтай мегалополист зориулагдсан энэхүү шинэ ангиллын метро Баруун Европоос эхлээд Ойрх дорнод, Зүүн Азийн олон улс оронд нэвтэрч байна. “Томоохон метрополитан бүсэд авто замаар хотын нэг захаас нөгөө зах руу богино хугацаанд хүрэх боломжгүй байдаг. Харин бүс нутгийн хэмжээний энэхүү метроны систем нь уламжлалт метроны сүлжээтэй харьцуулахад аяллын хугацааг 2-3 дахин багасгах боломжтой” хэмээн Urban Institiute төвийн судлаач Йона Фримарк өгүүлж байлаа.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Эрчим хүчний шилжилтэд зориулан атомын цахилгаан станцын хүчин чадлаа нэмэгдүүлэх Европын Холбооны эрчимжүүлсэн төлөвлөгөө нэн чухал нөөцийн хомсдолын улмаас эрсдэлтэй тулгарчээ. Тэр нь ур чадвартай ажиллах хүч юм.

Францын төрийн өмчийн EDF компани 10-аад жил үргэлжилсэн АЦС-ын эрчимтэй бүтээн байгуулалтаа 2000-аад онд эхэнд зогсоож, тус салбарыг карьерын хувьд ирээдүйгүй болгосны уршгаар өдгөө боловсон хүчний дутагдалд орсон байна. 220 мянга орчмоор тоологдох одоогийн ажиллах хүч нь хөгширч буй тул орлох ажилтнуудыг гадаадаас авах асуудал ч яригдаж байгаа аж. Ямартаа ч ирэх 10 жилийн хугацаанд 100 мянган ажилтан элсүүлж авах төлөвлөгөөг Францын цөмийн эрчим хүчний салбар гаргажээ.

Эцэст нь товчхон

ЗТХЯ: “Чингис Хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгааны ажлыг Японы Nippon Koei компани хийж байна.

ҮСХ: Улсын хэмжээнд 2023 онд 1.3 сая метр квадрат талбай бүхий сууц ашиглалтад оржээ. Ингэснээр нийт орон сууцны сан 22.3 сая метр квадрат болж өмнөх оноос 6.1 хувиар, 2019 оноос 29.1 хувиар өссөн байна.

TMK Energy компани удирдлагын бүтцэдээ өөрчлөлт хийж, Худалдаа хариуцсан захирлын алба хашиж байсан Дугал Фергусоныг Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Өнөөдрийн онцлох зураг

Халуун өдөр усан паркт тоглож буй хүүхдүүд - Жилун хот, Тайвань

I-Hwa Cheng/AFP/Getty