2024/07/03

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Хэт халуун цаг агаар ажилтнуудын бүтээмжийг хэрхэн эрсдэлд оруулж буйг энэ дугаарт онцоллоо.

  2. Монгол улс нэг өдөрт хамгийн олон буюу 5,174 жуулчин хүлээн авсан өдөр өчигдөр тохиожээ.

  3. Орон сууц харилцан түрээслэх үйлчилгээ дэлхий даяар эрчээ авч, өдгөө тансаг сууцнуудыг ч багтаах болов.

Халалт ба бүтээмж

Зуны аагим халуун өдөр ажилдаа явах нь ямар зовлонтой байдгийг хүн бүр мэднэ. Халуунд тархины үйл ажиллагаа удааширч, тээврийн хэрэгслээр зорчиход тухгүй болж, ялангуяа гадаа ажилладаг хүмүүст ажлын цаг, мөч бүр аюул болж хувирна.

Эдгээр бүх хүчин зүйлс хавсарснаар ажилтны бүтээмжид сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт хэт халалтыг улам хүчтэй болгох тусам тэрхүү нөлөөлөл дэндүү илэрхий болж байна.

“Хүмүүс халууцаж л байдаг, хөлөрч л байдаг, тэглээ гээд зүгээр л байдаг шүү дээ гэж бид боддог байлаа. Харин одоо огтхон ч зүгээр биш гэдэг нь тодорхой болсон” хэмээн Center for American Progress төвийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн захирал Жилл Розентал онцолж байлаа.

Энэхүү аюул заналыг тоон утгаар илэрхийлэх нь амаргүй байж мэднэ. Ерөнхийд нь авч үзвэл цаг агаараас шалтгаалсан зам тээврийн саатлаас эхлээд сургуулийн хүүхдүүдийн хичээл завсардах, хүний сэтгэн бодох чадвар муудах, нойргүйдэх гээд бүгд багтах юм.

Гэхдээ ноцтой тоо баримтууд бас бий. Өнгөрсөн зуны хэт халалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Atlantic Council-ийн тайлангаас цохон үг хэлэхдээ хэт халуун цаг агаар АНУ-д жил бүр 100 тэрбум ам.долларын хохирол учруулж буйг онцолсноос гадна 2030 он гэхэд энэ алдагдал хоёр дахин өсөх боломжтойг анхааруулсан юм. 1992-2017 оны хооронд АНУ-д халалтаас үүдэлтэй биеийн хямралын улмаас 800 гаруй ажилтан амиа алдаж, 70 мянга гаруй хүний эрүүл мэндэд хохирол учруулсныг тус улсын Хөдөлмөрийн Статистикийн хорооны мэдээллээс харж болно.

Халалтын нөлөөг хамгийн ноцтой байдлаар мэдэрч буй нь гадаа ажилладаг хүмүүс юм. Тухайлбал АНУ-д зөвхөн таван мужид л гадаа ажиллагсдыг амрах цэг, сүүдэрлэх саравч, усаар заавал хангах журамтай байдаг байна. Зарим улс орнууд энэ тал дээр илүү тодорхой зохицуулалттай байдаг. Тухайлбал БНХАУ-ын ажил олгогчид ажилтнуудаа халуунаас үүдэлтэй өвчин эмгэгийн талаар сургалтад хамруулахын зэрэгцээ амралтын цэг, үнэгүй хүйтэн ундаа, дотор орчны агааржуулалтаар хангах үүрэг хүлээдэг аж.

Мөн хэт халуун өдрүүдэд ажлын цаг, эрчмийг багасгах, эсвэл чөлөө олгох арга хэмжээ авна. Хэрэв гаднах агаарын температур 35°C, доторх температур 34.4°C-ээс доош байх шаардлагыг тухайн ажлын байр хангахгүй бол ажилтнууддаа өдрийн $1.24- $30.90 хүртэлх хэмжээний нөхөн олговор олгодог.

Сан Франциско хотын Холбооны нөөцийн банкны мэдээлснээр хэт халалтын улмаас хөдөлмөрийн алдагдал хүлээдэг салбаруудад барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарууд багтдаг аж.

Дийлэнх тохиолдолд агааржуулагч хангалттай оффист ажилладаг цагаан захтнууд ч хэт халалтын нөлөөллөөс бүрэн ангид байдаггүй. Халалт хүний сэтгэн бодох үйл ажиллагаанд нөлөөлдөг нь зарим талаараа үүнтэй холбоотой. Хүний бие өөрөө өөрийгөө сэрүүцүүлэх процесс нь жирийн үед тархины нарийн төвөгтэй үйл ажиллагаанд зарцуулагдаж байдаг энергийг сордог болохыг “Байгалийн жин: Өөрчлөгдөж буй уур амьсгал бидний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?” номын зохиогч, нейрологч Клэйтон Пэйж Алдерн онцолсон байна.

Халуун цаг агаар нь мөн тархины эдүүдэд үрэвсэл үүсгэж, мэдрэлийн эс хоорондын холбоосыг сулруулж, нойр тасалдуулснаар сэтгэн бодох хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Хэдий агааржуулалт нь эдгээр аюулаас сэргийлж чадах ч шөнийн цагаар болон ажилдаа очих замдаа халууцах нь сэтгэн бодох чадварт урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх боломжтойг Алдерн мөн өгүүлжээ.

Спикер сонгогдов

2024 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Парламентын анхдугаар чуулганаар шинээр сонгогдсон 126 гишүүн тангараг өргөлөө. Түүнчлэн гишүүдийн олонхын саналаар Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар сонгогдов. . Анхдугаар чуулганд хэлсэн үгэндээ тэрбээр улс төрийн намууд үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал болохыг онцолж байв.

Мөн анхдугаар чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Парламентын ардчиллыг бэхжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орж, парламентаас гадуур эрх эдэлдгийг зогсоох ёстой. УИХ-ын дарга тэнд тусдаа эрх эдлээд сууж байдаг бүтэц байж болохгүй. Үндсэн хуульд ч үүнийг зааж өгөөгүй. Парламентын засаглалтай ардчилсан улсад парламент нь гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдож нэг байшинд байдаггүй. Иймд энэ удаагийн УИХ зориг гаргаж, төрийн ордноос ЗГ-аа гаргана гэж итгэж байна

Сонгуулийн зардал

2024 оны УИХ-ын сонгуулийн явцын зардал урьдчилсан дүнгээр 66.6 тэрум төгрөг болсныг Үндэсний аудитын газрын тайланд үндэслэн “Бодлогод залуусын хяналт” ТББ танилцууллаа. Үндэсний аудитын газар хандивын дансаа бүртгүүлсэн 787 нэр дэвшигч, 14 нам эвсэл нийт 87.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлснээс нийслэлд 13 тэрбум төгрөг, орон нутагт 45 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин нам эвслээр задалж харвал:

  • МАН 29.6 тэрбум төгрөг

  • АН 21.7 тэрбум төгрөг

  • ХҮН нам 2.3 тэрбум төгрөг

  • Үндэсний Эвсэл 2.3 тэрбум төгрөг

  • ИЗНН 525 сая төгрөгийг сонгуулийн явцад зарцуулжээ.

Би танайд, чи манайд

Аяллын зардлыг хэмнэх ухаалаг аргуудын нэгд тооцогдсоор ирсэн “home swapping” буюу орон сууц харилцан түрээслэх үйлчилгээнд өдгөө тансаг сууцнууд ч багтах болж, зардал нь зочид буудал, түрээсийн байрнаас хамаагүй хямд тусах болжээ. Өөр хэн нэгний гэрт хоноглосны хариуд өөрийн гэрээ санал болгох нь шинэлэг зүйл биш бөгөөд аялал жуулчлалын салбарын нэгэн мартагдсан сегментэд тооцогдож байлаа.

Харин дэлхий даяар аялал жуулчлал сэргэхтэй зэрэгцэн инфляц өндөр түвшинд хадгалагдаж, зочид буудал болон байрны богино хугацааны түрээсийн үнэ тэнгэрт хадсан нь “орон сууцаа солилцох” энэхүү үйлчилгээ эргэн эрчээ авахад нөлөөлж байна.

2023 онд энэ төрлийн үйлчилгээ өмнөх оноосоо даруй 2-3 дахин өссөнийг түрээс зуучлалын платформ ажиллуулдаг дөрвөн компани онцолж байлаа. Зөвхөн урилгаар гишүүнчлэлдээ элсүүлдэг, 100 хотын 30 мянган орон сууцнаас сонгох боломжтой Kindred платформ дээр гэхэд 2023 онд орон сууц харилцан түрээслэсэн тоо өмнөх оноосоо 800 хувиар өсжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Mercedes”-ийн цахилгаан автомашины борлуулалт I улиралд 9 хувиар буурсан ч шинэ загваруудаа зах зээлд нийлүүлнэ

  • Кристин Лагард: Инфляцтай холбоотой тодорхойгүй байдлыг үнэлэхэд хугацаа шаардлагатай

  • Хөдөлмөр шингэсэн мөнгө - Монголчуудын эх орон руугаа гуйвуулах мөнгө сүүлийн 5 жилд $2 тэрбум давжээ

Онцлох чарт

Microsoft-ийн Гүйцэтгэх захирал асан Стив Балмер хөрөнгийн хэмжээгээр Билл Гэйтсийг анх удаа гүйцэж, дэлхийн зургаа дахь чинээлэг эрхэм боллоо. Даваа гарагт Microsoft-ийн хувьцааны ханш дээд цэгээ дахин шинэчилснээр он гарснаас хойших өсөлт нь 21 хувь хүрчээ.

157.2 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй Балмерын нийт хөрөнгийн 90 хувь нь Microsoft-ийн хувьцаа хэлбэрээр байдаг аж. Харин Гэйтс 156.7 тэрбум ам.долларын хөрөнгөө нэлээн төрөлжүүлсэн бөгөөд 50 орчим хувийг нь Microsoft-ийн хувьцаа, ногдол ашгийн орлогын гүйлгээг хийх зорилгоор байгуулсан Cascade Investment компаниар дамжуулан эзэмшдэг байна. Мөн хаягдлын менежментийн Republic Services компанид 21 тэрбум ам.доллартой дүйцэх хэмжээний хувьцаа эзэмшиж байгаа аж.

Эцэст нь товчхон

МХБ: Гранд Системс ХХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа LOT үсгэн кодтойгоор эхэллээ. Өнгөрсөн сард тус компани IPO хийж, 683.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн юм.

Монголбанк: 2024 оны эхний хагас жилд Монголбанк 7.8 тонн үнэт металлыг 1.1 их наяд төгрөгөөр худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 тонн орчмоор нэмэгдсэн дүн болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно

Дональд Трамп 2-р улиралд $331 саяын хандив босгосон үзүүлэлтээр Жо Байденыг ардаа орхижээ.

Өнөөдрийн онцлох зураг

Лондоны Дизайны музейд дэлгэгдсэн “Барби: Үзэсгэлэн”-гийн хүүхэлдэйнүүдийг музейн ажилтан шалгаж буй нь

Benjamin Cremel/AFP/Getty