- Business newsletter
- Posts
- 2024/07/02
2024/07/02
Powered by:
Гурван өгүүлбэрээр
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 07-р сарын 02-ны өдрийн 10.00 цагт товлон зарлаад байна
ХААН Банкны ногоон зээлийн багц 2023 оны эцэст 377.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны эцсээс 257 хувиар өсжээ.
Хөгжиж буй орнуудын гадаад санхүүжилтийн чухал эх үүсвэр болдог мөнгөн гуйвуулгын үзүүлэлтийг энэ дугаарт онцоллоо.
Шинэ бүтэц, шинэ ЗГ
Шинээр бүрдэх УИХ-ын Анхдугаар чуулган Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр нээлтээ хийж, сонгуульд ялалт байгуулсан 126 нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө. Өчигдөр СЕХ-ноос сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, мөн нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олгоод байгаа.
Шинэ гишүүдийг батламжилсны дараа ЗГ-ыг хэрхэн байгуулах асуудал хөндөгдөнө. Хэдийгээр МАН дангаараа 68 суудал авч олонх болсон ч тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудлыг Намын удирдах зөвлөлд танилцуулж магадгүйг дотоод эх сурвалжаас мэдээлжээ. Харин АН-аас сонгогдоод буй зарим гишүүдийн мэдэгдсэнээр тус нам сөрөг хүчнийхээ үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх сонирхолтой байгаа бололтой.
Парламентад хуулийн хэлэлцүүлэг өрнөхөд хамгийн чухал ач холбогдолтой бүтцийн байгууллага бол Байнгын хороод байдаг. Шинэ намууд орж ирж, сөрөг хүчний намуудын суудал нэмэгдсэнээр тэдний төлөөлөх чадамж, мөн оролцоо нь дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр тэдгээр намуудын бодлогын дэвшилттэй талуудыг эрх баригч нам хүлээн авч, бодлогодоо тусгах магадлал мөн нэмэгдэнэ. Сонгогчид Монгол Улсын хөгжлийн төлөө нэгдэж ажиллаарай гэж тэдэнд саналаа өгсөн.
Мөнгөн гуйвуулга 2023 онд
Хөгжиж буй орнуудын гадаад санхүүжилтийн нэгэн чухал эх үүсвэр нь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн эх орон руугаа гуйвуулдаг мөнгө байдаг. Тэгвэл Дэлхийн банк “Цагаачлал ба хөгжлийн товхимол” шинэ тайландаа дэлхий даяарх энэхүү мөнгөн урсгалын голлох үзүүлэлтүүд, цаашдын төлөвийг онцолжээ.
Өсөлт саарав
2023 онд бага, дунд орлоготой улс орнуудад чиглэсэн албан ёсны мөнгөн гуйвуулгын нийт дүн 656 тэрбум ам.доллароор хэмжигдэж, өмнөх оноосоо 0.7 хувиар өссөн байна. 2021, 2022 онуудад дэлхийн хэмжээнд мөнгөн гуйвуулгын дүн огцом өсөж байсантай харьцуулахад өнгөрсөн онд нэлээн саарсан байгаа нь бүс нутгуудын эдийн засгийн харилцан адилгүй өсөлттэй холбоотой гэж Дэлхийн банк үзжээ.
2023 онд мөнгөн гуйвуулгын өсөлт саарсан ч хөгжиж буй орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалт болон хөгжлийн албан ёсны тусламжийн нийт дүнгээс давсан бөгөөд хүнсний аюулгүй байдал, өрийн асуудал нүүрлэсэн зарим орнуудын урсгал дансанд томоохон дэм үзүүлснийг онцолжээ.
Бүс нутгаар нь харвал Латин Америк, Карибын орнуудад чиглэсэн мөнгөн гуйвуулга 2023 онд хамгийн өндөр дүнгээр буюу 7.7 хувиар өссөн бол Өмнөд Ази 5.2 хувийн өсөлтөөр удаалжээ. Харин Ойрх Дорнод, Хойд Африкийн орнуудад бараг 15 хувиар, Төв Азид 10.3 хувиар буурсан байна.
Тэгвэл 2023 онд гадаадад ажиллаж буй Монгол иргэдийн мөнгөн гуйвуулга 30 хувиар буурч 280 сая ам.доллар болсон ч энэхүү бууралт нь тоо баримтын засвартай холбоотой байж магадгүй гэж дурджээ. Харин энэ онд Монгол руу чиглэсэн гуйвуулга 4 хувиар өсөж 290 сая ам.долларт, 2025 онд 300 саяд хүрэх төсөөллийг Дэлхийн банкнаас гаргасан байна.
Гол сорилт нь шимтгэл
Хөгжингүй орнуудаас мөнгө гуйвуулахад гарах зардал өндөр хэвээр байгаа нь сорилт болж буй аж. 2023 оны IV улирлын байдлаар гадаад улсаас 200 ам.доллар шилжүүлэхэд тухайн дүнгийн дунджаар 6.4 хувьтай тэнцэх хэмжээний зардал гарч байгааг тус тайланд тооцоолсон байна. Харьцуулбал НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд уг зардлыг 3 хувь болгон бууруулахаар тусгасан байдаг аж.
Их 20-ийн орнуудаас мөнгө гуйвуулах зардал хамгийн өндөртэй нь ӨАБНУ (12.8 хувь), бол Япон улс 7.0 хувийн зардлаар удаалж байна. Харин Монголчуудын хамгийн олноор ажиллаж, амьдардаг БНСУ-аас 200 ам.доллар шилжүүлэхэд дунджаар 10.6 ам.долларын (5.3 хувь) зардал гардаг нь Их 20-ийн орнууд дундаас хамгийн багад тооцогдох үзүүлэлт аж.
“Ногоон” тайлангууд
ХААН Банк болон Голомт банк Тогтвортой хөгжлийн тайлангаа гаргаж өнгөрсөн онд олгосон ногоон санхүүжилтийн дүнгээ танилцуулав. ХААН Банкны ногоон зээлийн багц 2023 оны эцэст 377.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны эцсээс 257 хувиар өсжээ. Энэ нь арилжааны банкуудын нийт ногоон зээлийн багцын 47.1 хувийг дангаар бүрдүүлэх дүн болж байна. Харин Голомт банк өнгөрсөн онд нийт 243 тэрбум төгрөгийн ногоон санхүүжилт олгож, ногоон зээлийн багц нь 183 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Хүлээлтийн дагуу
Марин Ле Пений "Үндэсний хөдөлгөөн" нам Франц улсын хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн эхний шатанд хамгийн олон санал авлаа. Ням гарагт явагдсан санал хураалтын урьдчилсан дүнгээр хэт барууны үзэлтэй тус нам 34 хувийн санал авахаар байгаа бол зүүн жигүүрийн "Шинэ Ардын фронт" эвсэл 29 хувь, Ерөнхийлөгч Эммануэль Макроны төвийн эвсэл 21-22 хувийн санал авах прогноз гарсан байна.
"Шийдвэрлэх үр дүн сонгуулийн хоёр дахь шатанд гарах болно. Франц улсад шаардлагатай реформыг удирдахын тулд бид үнэмлэхүй олонх болох хэрэгтэй байна" хэмээн Марин Ле Пен мэдэгдэл хийхдээ онцолжээ. Сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт долоодугаар сарын 7-нд болох юм.
“Амьжиргаа цагаан” АНУ-д
Мини автомашин буюу Японд “кей-жидоша” гэгддэг авсаархан, овор багатай ачааны болон бүхээгт автомашинууд хилийн чанадын зах зээлд санаанд оромгүй амжилтад хүрчээ. Энэхүү ангиллын автомашины экспорт өнгөрсөн 10 жилийн хугацаанд дөрөв дахин өсөж, өнгөрсөн онд л гэхэд 70 мянган нэгж экспортод гарсныг Японы Засгийн газрын худалдааны статистик харууллаа. Тэр дундаа Toyota, Daihatsu, Suzuki, Honda компанийн хуучин “кей” загварууд гадаадад эрэлтээрээ тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ.
АНУ-д гэхэд л жил бүр хувийн захиалгаар олон зуун мини ачааны автомашинууд нийлүүлэгдэж байгаа аж. Импортоор орж ирсэн тэдгээр автомашинууд АНУ-ын фермерүүд, жижиг аж ахуй эрхлэгч, аялагчдын дунд “кей” автомашины соёлыг түгээх болсны зэрэгцээ хилийн чанадаас хуучин автомашин оруулж ирэхтэй холбоотой хууль журамд мэргэшсэн зуучлагчдын төлбөртэй бизнес цэцэглэжээ.
Онцлох чарт
2024 оны эхний хагаст хөгжиж буй орнуудын Засгийн газрын болон компанийн бондуудын арилжаа 321 тэрбум ам.долларт хүрч өссөн нь 2021 оноос хойших хамгийн идэвхтэй мөчлөг болсон байна. Гэхдээ бонд гаргагчид санхүүжилтийн хэрэгцээгээ оны эхэн үед нэлээн хангасан учраас энэхүү өсөлт яваандаа намжих төлөвтэй аж.
Түүнчлэн улс төрийн тодорхойгүй байдал, зах зээлийн савлагааны болгоомжлол нь ЗГ-ууд, компаниуд өрийн хэрэгсэл гаргахаар яарахад нөлөөлсөн аж.
Эцэст нь товчхон
Silver Elephant Mining компанийн нийт алдагдлын хэмжээ 2024 оны I улирлаар дуусгавар болсон санхүүгийн жилд 9.3 сая канад доллар болж бага зэрэг буурсныг тайландаа дурджээ. Торонтогийн биржид бүртгэлтэй тус компани Монгол дахь "Улаан-Овоо" нүүрсний төлсийг 100 хувь эзэмшдэг.
Монголбанк: Төлбөрийн тэнцэл тавдугаар сард урьдчилсан үзүүлэлтээр 179.5 сая ам.долларын ашигтай гарчээ. Хэдийгээр оны эхнээс өсөн нэмэгдсэн дүнгээр төлбөрийн тэнцэл 351.44 сая ам.долларын ашигтай байгаа ч өмнөх оны мөн үеийн түвшнээс 150 орчим сая ам.доллароор буурсан байна.
Өнөөдрийн онцлох зураг
“Tour de France” уралдаанд оролцогчид Итали дахь наранцэцгийн талбайн дэргэдүүр өнгөрч буй нь
Thomas Samson/AFP/Getty