2024/06/28

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ. 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бол “Сонгох эрхийн өдөр” хэмээн СЕХ онцлоод байна.

  2. СЕХ: Сонгогчийн саналыг 2943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулж, дүн гаргах бөгөөд бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ.

  3. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний мэтгэлцээн болно. Жо Байден, Дональд Трамп нарын мэтгэлцээнийг CNN, Bloomberg зэрэг дамжуулна.

Эрхээ эдлэх өдөр

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт эхэллээ. Өнөөдөр үдээс хойшдоо түр зуурын аадар бороо орох урьдчилсан төлөв гарсныг ЦУОШГ мэдээлсэн. Санал хураалт орон даяар 22 цагт дуусах тул сонгогч та цагаа зөв тооцоолж, бүртгэлтэй хэсгийн хороондоо очин саналаа өгөөрэй.

Сануулах үүднээс энэ удаагийн сонгуульд саналын хуудас бөглөхдөө анхаарахад илүүдэхгүй зарим зөвлөмжийг товчхон хүргэе.

  • Хоёр тусдаа саналын хуудас бөглөнө. Эхнийх дээр нэр дэвшигчдийг тойргийнхоо мандатын тоогоор сонгон бөглөнө. Хоёр дахь саналын хуудаст зөвхөн нэг нам эвслийг сонгон бөглөх юм.

  • Сонгогч тойргийн мандатын тоонд багтаан бүх нэр дэвшигчдээс чөлөөтэй сонгоно. Зөвхөн нэг нам, эвслийн нэр дэвшигчдийг дангаар нь сонгох албагүй.

  • Мандатын тооноос дутуу бөглөвөл санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг буцааж гаргана. Харин илүү бөглөвөл тухайн хуудас хүчингүй болох тул шинээр саналын хуудас авах хэрэгтэй болно. Гэхдээ нэг л удаа гэдгийг санаарай.

  • Хуудсан дээр санамсаргүй зурсан, цэг тавьсан тохиолдолд хуудас мөн хүчингүй болно.

  • Зориулалтын хавтас ашиглан саналын нууцлалаа хадгалаарай.

Залуусын оролцоо

Энэ удаагийн сонгуульд сонгуулийн насны 2.2 сая иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд залуусын сонгуулийн оролцоо, улс төрийн идэвх санал хураалтын өдөр анхаарал татдаг үзүүлэлтүүдийн нэг хэвээр байна.

Хамгийн сүүлийн буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг харъя. Тус сонгуулиар 18-24 насны залуусын 47 хувь нь, 25-29 насны залуусын 46.3 хувь нь саналаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл эдгээр насны бүлгийн хоёр хүн тутмын нэг нь саналаа өгөөгүй гэсэн үг. Хэрвээ 18-29 насны саналаа өгөөгүй 280 мянга гаруй сонгогч идэвхтэй хандсан бол сонгуулийн ирц 13 хувиар нэмэгдэх байжээ.

Конрад-Аденауэр сан, Нийгэм улс төрийн боловсрол НҮТББ-ын дэмжлэгээр 2021 онд гарсан "Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо" сэдэвт судалгаанаас харвал сонгуульд саналаа өгч байгаагүй залуусын 34 хувь нь "Оролцох зав гараагүй" гэж хариулсан бол 26 хувь нь "Итгэл хүлээлгэх нам, улс төрч байгаагүй" гэж хариулсан байна.

Залуучууд улс төрд идэвхтэй оролцохгүй бол Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш гарсан ололт амжилтуудад аюул учрахаар байгааг Конрад-Аденауэр сангийн Йоханн Фурманн "Гэрүүд ба тэнгэр баганадсан шилэн барилгууд" хэмээх нийтлэлдээ анхааруулж байсан юм.

Эцэст нь…

Хэрэв та аль нам, эвсэл, ямар нэр дэвшигчид санал өгөхөө хараахан шийдээгүй байгаа бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн сүүлийн жилүүдийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг дүгнэсэн дараах нийтлэлүүд тус болж магад.

Хашир алхам

БНХАУ агааржуулалт болон эрчим хүчний эрэлт өсөж, нүүрсний хэрэглээ оргил цэгтээ хүрдэг зуны улиралд нөөцөө хангалттай байлгах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна. Оны эхний таван сарын байдлаар тус улсын нүүрсний нөөц 162 сая тонн хүрчээ. Энэ нь БНХАУ-ын биржид нүүрсний үнэ өнгөрсөн сард тонн нь 863 юань буюу 119 ам.доллар болж буурахад нөлөөлсөн байна.

Сүүлийн хэдэн жилд эдийн засгийн өсөлтийг хойш татсан нийлүүлэлтийн хомсдолын асуудлыг шийдвэрлэх нь БНХАУ-ын Засгийн газрын тэргүүлэх чиглэл болоод байгаа. Хятадын дотоодын нүүрс олборлолт өнгөрсөн оны мөн үеэс буурсан ч импортын нүүрсний хэмжээ түүхэн дээд түвшинд хүрээд байна.

ОУСС баяртай

2030 онд ашиглалтын хугацаа нь дуусаж буй Олон улсын сансрын станцыг тойрог замаас гаргаж, дэлхийн агаар мандалд шатаан устгалд оруулах сансрын хөлгийг бүтээх компаниар Илон Маскийн SpaceX сонгогдсон байна. Олон жилийн турш дэлхийгээс очсон сансрын нисэгчдийн буудаллах цэг болж байсан тус станцыг “эцсийн замд нь үдэх” гэрээний мөнгөн дүн 843 сая хүртэлх ам.доллароор хэмжигдэж буйг NASA мэдээлжээ.

SpaceX-ийн шинээр бүтээх хөлөг нь мөн даалгавраа дуусгаад Олон улсын сансрын станцын хамт устгагдах хүлээлттэй байгаа аж. Хөгжүүлэлт нь дуусмагц NASA тус хөлгийг эзэмшиж, үйл ажиллагааг нь удирдах юм байна.

УИХ-ын ээлжит сонгуулийн явц, үр дүнг Bloomberg TV Mongolia том зургаар, экспертүүдийн байр суурьтайгаар зургаадугаар сарын 28-ны турш шууд дамжуулан хүргэнэ.

Онцлох чарт

Дэлхийн анхаарлын төвд ороод буй Франц улсын Үндэсний Ассемблейн сонгууль зургаадугаар сарын 30, долоодугаар сарын 7-нд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Энэ сарын эхээр болсон Европын Парламентын сонгуульд Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам хэт барууны “Үндэсний хөдөлгөөн” намд гашуун ялагдал хүлээгээд байгаа.

Марин Ле Пений намын ялалт хэр том байсныг мэдье гэвэл доорх газрын зургийг харахад л хангалттай аж. Урьдчилсан санал асуулгаар 35 хувиар тэргүүлсэн түүний нам удахгүй болох сонгуулиар бусад бүх намын саналыг нийлүүлснээс ч их санал авч, үнэмлэхүй олонх болж магадгүйг Bloomberg-ийн Лионел Лоран онцолжээ.

Дашрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Жо Байден, Дональд Трамп нарын эхний мэтгэлцээн өнөөдөр явагдахаар байгаа. CNN телевизийн зохион байгуулах тус мэтгэлцээнийг Bloomberg TV Mongolia шууд орчуулгатайгаар хүргэнэ.

Эцэст нь товчхон

Хасбанк ХК 2024 оны эхний улиралд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар өсөж, 42.1 тэрбум төгрөг хүрснийг тайлагналаа. Тайлант хугацаанд цэвэр зээлийн багц нь өмнөх оны мөн үеэс 39 хувиар өсөж 2.9 их наяд төгрөг болсон байна.

СЕХ: 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч бүртгүүлжээ. Тэр дундаа Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагаас 191 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд байгаа аж.

Өнөөдрийн онцлох зураг

Бразилын Парагвай голын эрэгт улалзаж буй түймэр

Pablo Porciuncula/AFP/Getty