2024/06/27

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Petro Matad төслүүддээ зориулсан 9 сая ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөжээ.

  2. Уолл Стритийн хамгийн том банкнууд Холбооны Нөөцийн Банкны стресс тестийг давлаа.

  3. Хиймэл оюунаас үүдэлтэй “халуурал“ үргэлжилж, Amazon компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа $2 их наяд давлаа.

Хийн төсөл шинэ шатанд

Монголын говьд нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлж буй TMK Energy компани байгаль орчны менежментийн нэн чухал төлөвлөгөөгөө БОАЖЯ-аар батлуулжээ. Ингэснээр компанийн хайгуулын үйл ажиллагаанд тулгараад байсан саадууд арилж, “Гурвантэс XXXV” төслөө эрчимжүүлэх боломж нээгдсэнийг The West Australian онцолсон байна.

Ногоон гэрэл

Олон сар үргэлжилсэн зөвшилцөх явц, яриа хэлэлцээрийн эцэст тус компанийн төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төлөвлөгөө батлагдсан байна. Уг зөвшөөрлийг авснаар одоогоор тогтоогдоод байгаа 34 гаруй тэрбум метр куб нөөцийг хөгжүүлэлтийн дараагийн шатанд гаргах, хайгуулын өрөмдлөг, үнэлгээний ажлыг илүү өргөн хүрээнд гүйцэтгэх боломж олгох түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байгааг компанийн удирдлагын зүгээс мэдээлжээ.

Тодруулбал компани ирэх таван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн 45 цооног, хайгуулын 95 цооног шинээр өрөмдөх боломжтой болж байгаа аж. Мөн үйлдвэрлэлийн нэмэлт цооногуудыг ирэх наймдугаар сараас эхлэн өрөмдөх хүлээлттэй байгааг онцолсон байна.

Компанийн одоогийн эн тэргүүний зорилт нь цооногийн даралтыг бууруулах ажлыг эрчимжүүлэх, мөн гадарга руу чиглэсэн хийн урсгал ойрын болон дунд хугацаандаа эдийн засгийн хувьд үр ашигтай түвшинд хүрэх боломжтойг харуулах болохыг тодотгожээ.

Ач холбогдол ба боломж

Төслийн хайгуулын талбай нь 8,400 км.кв хэмжээтэй газар нутгийг хамардаг ч боломжит нөөц бүхий талбай нь ердөө 60 км.кв гэж тооцоологдсон байна. Одоогийн байдлаар TMK “Нарийнсухайт” талбайдаа “Lucky Fox-1, 2, 3” үйлдвэрлэлийн цооногуудаас бүрдсэн туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж буй.

Өнгөрсөн онд тус компани “Гурвантэс XXXV” төслийн үлдсэн 33 хувийг Talon Energy компаниас авснаар төслийг 100 хувь эзэмшиж эхэлсэн юм. Мөн саяхан Австралийн Cipher Consulting компанийн хийсэн хараат бус техникийн үнэлгээгээр тус төсөл нь нүүрсний давхаргын метан хийн дэлхийн түвшний төсөл болоход шаардлагатай бүхий л техникийн шинж чанар нь хангагдсан, их хэмжээний үйлдвэрлэл явуулах боломжтой гэж дүгнэгджээ.

Өргөн хүрээнд авч үзвэл Монгол Улсад эрчим хүчний аюулгүй, найдвартай, бие даасан байдлын хувьд хэд хэдэн асуудлууд байгаа. Урт хугацаандаа байгалийн хий эдгээр асуудлыг шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх болов уу. TMK тэрхүү шийдлийнх нь нэгээхэн хэсэг байхыг зорьж байна.

Хамгийн цэвэр шатах түлшид тооцогддог метан хий түүхий нүүрсний хэрэглээг орлохоос гадна олборлож байгаа газарт нь цахилгаан станц барих, эсвэл шингэрүүлсэн хий хэлбэрээр ашиглавал бүр ч том давуу талтайг мэргэжилтнүүд хэлдэг.

Тэгвэл TMK ийнхүү 45 цооног нэмж өрөмдөх зөвшөөрөл авснаар 2025, 2026 онуудад хөгжүүлэлтийн хөтөлбөрөө эрчимжүүлж метан хий олборлон арилжаалах, эсвэл ойролцоох бүсийн эрчим хүчний хэрэгцээнд нийлүүлэх сонголт нээгдэж буйг компанийн Гүйцэтгэх захирал Брендан Статс онцолжээ.

Petro Matad $9 саяыг босгоно

Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Petro Matad компани энгийн нэмэлт хувьцаа гаргаж, нийт есөн сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлэхээр төлөвлөснөө зарлалаа. Компани шинэ эх үүсвэрийг газрын тосны хайгуулын "Цэн тогоруу-1" болон "Цэн тогоруу-2” цооногийн өрөмдлөгийг гүйцээж, үйлдвэрлэлийг нь эхлүүлэхэд голчлон зарцуулах юм байна.

Санхүүжилтийн бүтцийн хувьд 8.5 сая ам.долларыг нь энгийн хувьцааны арилжаагаар босгох бөгөөд тэр дундаа компанийн Гүйцэтгэх захирал болон гол хувьцаа эзэмшигч Петровис ХХК-ийн худалдан авалт багагүй хувийг нь бүрдүүлэхээр байгаа аж. Харин жижиг хувьцаа эзэмшигчдээс 500 мянган ам.доллартой дүйцэх захиалга авахаар төлөвлөжээ.

Fitch-ийн үнэлгээ банкнуудад

Fitch Ratings агентлаг ХААН банк болон Хасбанкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B" түвшинд, төлөвийг нь “Тогтвортой” гэж үнэллээ. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрчимжиж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд идэвхэжсэнээр банкны салбарын үйл ажиллагаа тогтвортой байна гэж тус агентлаг үзжээ.

Албан хувцаслалт+Спорт гутал

Оффис хувцаслалтын чиг хандлага биед тухтай энгийн загвар руу шилжсэнээр хэдэн зууны түүхтэй гуталчны газрууд бэрх цаг үеийг туулж байна. Уолл Стритийн болон бусад компаниуд цар тахлаас ч өмнө албан хувцаслалтын журмаа зөөлрүүлж байв. Харин хүмүүс багагүй удаан хугацаанд гэрээсээ ажилласны дараа уг чиг хандлага улам эрчээ авчээ.

“Оффис кет” буюу ажлын байранд өмсөх спорт гутлын эрэлт 2021 оны нэгдүгээр сараас хойш 181 хувиар өсжээ. Спорт гутлын алдартай компаниуд ч оффисын ажилтнуудад зориулж ажлын байран дээрээ өмсөхөд тохиромжтой илүү чөлөөт загваруудыг гаргаж байна. Нью-Йоркийн метроны буудлын ойролцоо ажилдаа явах хүмүүсийн тоо цар тахлын өмнөх үеийн 50 хувьтай тэнцэх түвшинд нэмэгдээд буй энэ цаг үед спорт гутлыг ажилдаа өмсөх чиг хандлага улам хүчээ авсаар байна.

УИХ-ын ээлжит сонгуулийн явц, үр дүнг Bloomberg TV Mongolia том зургаар, экспертүүдийн байр суурьтайгаар зургаадугаар сарын 28-ны турш шууд дамжуулан хүргэнэ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Хэдхэн сарын өмнө тонн нь 11,000 ам.доллар давж, зэсээс ч үнэтэй болж байсан какаоны үнэ сүүлийн дөрвөн өдрийн турш 20 гаруй хувиар унасан байна. Шоколадны түүхий эдийн хувьд энэ нь 12 дугаар сараас хойших хамгийн удаан үргэлжилсэн уналт болж байгаа юм.

Энэ сард тариалалтын гол бүс нутгуудад таатай цаг агаартай өдрүүд үргэлжилж, ялангуяа Гана улсад хур бороо элбэгшсэн нь какаоны нийлүүлэлтийн асуудлуудыг багасгажээ.

Эцэст нь товчхон

Европын сэргээн босголт, хөгжлийн банк тогтвортой уул уурхайг дэмжих зорилгоор Хан Алтай Ресурс компанид 10 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Говь-Алтай аймагт алтны уурхай ажиллуулдаг тус компани байгаль орчинд нөлөө багатайгаар хүдэр боловсруулах технологи бүхий тогтвортой дэд бүтэц хөгжүүлэхэд нь ЕСБХБ дэмжлэг үзүүлэхээр болсон аж.

НЗДТГ: Метро барьж байгуулах төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын консорциумаас тус төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулжээ.

Өнөөдрийн онцлох зураг

Их Британийн Хааны хүндэт харуулын батальоны цэргүүд Япон улсын Эзэн хаан, Эрхэм дээд хатанг угтахаар жагсаж буй нь

Chris Jackson/Pool/AFP/Getty