2024/06/26

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Дэлхийн эдийн засгийн форумаас 2024 оны топ 10 технологийг нэрлэлээ.

  2. “Улаанбаатар бонд”-ын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлжээ.

  3. Иений ам.доллартой харьцах ханш үргэлжлүүлэн суларч, 170 нэгжид хүрнэ гэж шинжээчид тооцоолж байна. 

Энэ оны топ 10 технологи

Дэлхийн Эдийн Засгийн Форум ирэх 3-5 жилийн хугацаанд дэлхийн нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх хамгийн өндөр потенциалтай технологиудыг нэрлэсэн "Топ 10 технологи" шинэ тайлангаа танилцууллаа.

Өнгөрсөн оны жагсаалтад уян батарей, генератив хиймэл оюун зэрэг өдгөө ид яригдаж байгаа технологиуд багтсан бол энэ удаагийн жагсаалтад нүүрстөрөгч шингээх микроб, мэдээлэл дамжуулдаг гадаргуу гэх мэт танил бус бөгөөд сонирхолтой технологиуд түлхүү оржээ.

Шинжлэх ухааны нээлтэд зориулсан хиймэл оюун: Гүн сургалт, генератив хиймэл оюун, суурь моделийн технологийн хөгжил нь шинжлэх ухааны нээлт хийх үйл явцыг эрс өөрчилж байна. Эрдэмтэд судалгаа шинжилгээндээ урьд өмнө байгаагүй ахиц дэвшил гаргаж, логик холбоосуудыг илүү нарийн түвшинд нягталж, улмаар хүний бие махбод, оюун санааг илүү гүнзгий ойлгодог болох боломжийг хиймэл оюун олгох төлөвтэй.

Мэдээллийн нууцлалыг сайжруулах технологи: Сүүлийн жилүүдэд сонирхолд өртөх болсон “синтетик дата” нь хувь хүнтэй холбогдох, эсвэл байгууллага, Засгийн газрын түвшинд эрсдэл учруулах нарийн мэдээлэл агуулдаггүй гэдгээрээ онцлогтой. Хиймэл оюуны ахиц дэвшлийн ачаар синтетик дата нь эмзэг дата дээр ажиллахад гардаг олон бэрхшээлийг арилгаснаар хамтарсан судалгаа, хиймэл оюуны моделийн сургалт зэрэгт шинэ боломжууд нээнэ гэж үзжээ.

Мэдээлэл дамжуулах ухаалаг гадаргуу: RSI буюу мэдээлэл дамжуулах ухаалаг гадаргууны технологи нь синтетик материал, ухаалаг алгоритм, дэвшилтэт сигнал боловсруулалт ашиглан энгийн хана, эсвэл төхөөрөмжийн гадаргуу зэргийг утасгүй холболтын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон хувиргах зарчмаар ажиллах юм.

Өндрийн платформ станц: Агаарын хөлөг, агаарын бөмбөлөг ашиглах уг систем нь алслагдмал бүс нутгууд дахь үүрэн холбооны сүлжээний хурд, хамрах хүрээг ямар ч хиймэл дагуул, цамхагт станцын хүргэж чадахааргүй түвшинд сайжруулдаг байна.

Нүүрстөрөгч шингээх микроб: Нүүрстөрөгчийн ялгарлыг биотүлш гэх мэт үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон хувиргахаар тусгайлан инженерчлэгдсэн организмууд нь уур амьсгалын өөрчлөлтийн хохирлыг багасгах ирээдүйтэй технологид тооцогдож буй.

Малын альтернатив тэжээл: Нэг эст уураг, замаг, хүнсний хог хаягдлаас гаргаж авсан малын уургийн тэжээл нь хөдөө аж ахуйн салбарт тогтвортой шийдэл болох боломжтой.

Шилжүүлэн суулгах геномик: Генийн инженерчлэл бүхий эрхтэнийг хүний биед амжилттай шилжүүлэн суулгасан нь анагаах ухааны салбарт маш том амжилт болоод байна.

Эластокалорик: Дэлхий дулаарах хэрээр сэрүүцүүлэх, агааржуулах технологийн хэрэгцээ огцом нэмэгдэх төлөвтэй. Тэгвэл механик даралтын нөлөөгөөр дулаан шингээх, ялгаруулах зарчимтай эластокалорик технологи нь эрчим хүчний хэмнэлт, үр ашгаар хол илүү тул одоогийн технологиудыг орлох хамгийн тохиромжтой сонголт болохоор байна.

Интеграцчлагдсан тандан судлал: ISAC нь зайнаас тандан судлах технологи, харилцаа холбоог дан ганц системд нэгтгэснээр датаг нэгэн зэрэг цуглуулах, дамжуулах явцыг эрс хөнгөвчилдөг. Өөрөөр хэлбэл тухайн орчноо мэдэрдэг утасгүй сүлжээ бий болгож, орчны зураглал, дэд бүтцийн мониторинг зэрэг нарийн ажлыг гүйцэтгэх чадамжтай болох аж.

Барилгын иммерсив технологи: Метаверс шилжилтийн ашиг тусыг хамгийн их хүртэх потенциалтай нэг салбар нь барилгын салбар байх төлөвтэй. Хиймэл оюунд суурилсан иммерсив бодит байдлын хэрэглүүрийг ашигласнаар дизайнерууд, архитекторууд биет болон дижитал орчныг уялдуулан барилгын аюулгүй байдал, нарийвчлал, тогтвортой байдлын хяналтыг шинэ шатанд гаргах боломжтой болно.

Хөрөнгийн захад

  • “Улаанбаатар бонд”-ын хоёрдогч зах зээлийн арилжаа өчигдрөөс эхэлжээ. 1-3 жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн хүүтэй 5 сая ширхэг өрийн хэрэгслийг гурван транчаар, MUB-BD-25/06-аар эхэлсэн үсгэн кодтойгоор арилжаалж байна.

  • МХБ: Гранд Cистемс ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга дүүрээд байна.

Шохойн үйлдвэр

Макс Групп өдөрт 400 тонн, жилд 120 мянган тонн шохой боловсруулах “Тайшир” шохойн үйлдвэрийг Говь-Алтай аймагт ирэх намар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор барилгын болон технологийн шохой үйлдвэрлэж, улмаар баруун бүсэд хөнгөн блок, гипсэн хавтан зэрэг барилгын материалын үйлдвэрлэл өргөжих боломж бүрдэхийг онцолсон байна.

Мөн уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдэд сайн чанарын технологийн шохой нийлүүлж, импортын бүтээгдэхүүнийг орлох боломжтой аж.

160-ыг март, 170 хүрнэ

Иений ханш хамгийн сүүлд 1986 онд хүрсэн түвшиндээ хүрч сулрах эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулж байна. Япон улсын эрх баригчид иений ханшийн уналт үргэлжлэхээс сэргийлэхийн тулд зах зээлд интервенц хийж магадгүй гэж мэдэгдсэн ч энэ нь зах зээлийн хөдөлгөөнд нөлөө үзүүлсэнгүй.

Өндөр өгөөжтэй ам.доллар болон евро худалдан авч иенийг зарах арилжааны идэвх өндөр байгаа тул иений спот ханш үргэлжлэн суларч, 170 нэгжид хүрэх буюу одоогийн түвшнээсээ дахин 10 нэгжээр сулрах боломжтой гэж Sumitomo Mitsui болон Mizuho Bank-ийн шинжээчид үзэж байна.

Иений ханш сулрахад нөлөөлж буй гол хүчин зүйл нь АНУ болон Япон улсын бодлогын хүүгийн зөрүү юм. Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ сүүлийн 23 жилийн дээд цэгт 5.25-5.5 хувьд хадгалж байгаа бол Японы Төв банкны бодлогын хүү тэг хувиас яльгүй өндөр байна.

Meta-ийн саналыг буцаасан нь

Meta компани хиймэл оюуны чатботоо iPhone-д нэвтрүүлэхээр хэдэн сарын өмнө хүсэлт гаргасан ч Apple компани зөвшөөрөөгүйг ойрын эх сурвалж мэдээлжээ. Талууд өнгөрсөн гуравдугаар сард л энэ талаар товч уулзалт хийсэн бөгөөд Apple компани Meta-ийн “Llama” чатботыг нэвтрүүлэх төлөвлөгөөгүй байсан тул түүнээс хойш албан ёсны яриа хэлэлцээ хийгдээгүй аж.

Apple энэ сарын эхээр OpenAI компанитай хамтран ажиллахаар болсноо зарласны зэрэгцээ алсдаа Alphabet-ийн Gemini-ийг ч нэвтрүүлж магадгүй дохио өгөөд байв. Харин Apple Meta-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлээгүй нь Meta хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хангалттай сайн хамгаалдаггүй гэж үздэгтэй холбоотой хэмээн салбарын эх сурвалж онцолжээ.

УИХ-ын ээлжит сонгуулийн явц, үр дүнг Bloomberg TV Mongolia том зургаар, экспертүүдийн байр суурьтайгаар зургаадугаар сарын 28-ны турш шууд дамжуулан хүргэнэ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Онцлох чарт

Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн үнэлгээгээрээ Microsoft-ийг хэсэг хугацаанд гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж байсан Nvidia-ийн хувьцааны ханш унаснаар үнэлгээ нь гуравхан өдрийн дотор 430 тэрбум ам.доллароор буураад буй.

Ийнхүү сүүлийн оргил цэгээсээ 10-аас дээш хувиар унаснаар Nvidia-ийн хувьцаа техникийн хувьд коррекцын бүсэд оржээ. Тэгвэл хувьцааны худалдан авалт эргэн идэвхжиж, ханш нь үргэлжлэн унахааргүй түвшин буюу "support" түвшин Nvidia-ийн хувьд эхлээд 115 ам.доллар, цаашлаад 100 ам.доллар байна гэж Kingsview Partners компанийн шинжээч Бафф Дормейер үзжээ.

Өмнөх арилжаануудын түүхэн дээр үндэслэн тооцоолол явуулдаг энэ мэтийн техник шинжилгээний индикаторууд нь 100 хувь үнэн заахгүй ч хөрөнгө оруулагчдад шаардлагатай замын зураглал болдог.

Эцэст нь товчхон

Монгол Базальт ХК: Базальт Узбекистан Групптэй хамтран Узбекистан улсад орчин үеийн Базальт технологийн хамтарсан үйлдвэр байгуулахаар гэрээгээ байгууллаа. Энэхүү төслийн эхний үе шатанд $30 саяын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд эхний үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн байна.

Монцамэ: Нийслэлд зургаадугаар сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоохоор болжээ.

Өнөөдрийн онцлох зураг

1931 оноос хойш уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн Баптист Иоханы баярын үерээр 13 давхар түүдэг шатааж буй нь - Минас Гераис муж, Бразил

Douglas Magno/AFP/Getty Images