2024/06/25

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Алтны үнэ $3,000 хүрч магадгүйг BofA болон Citi-ийн урт хугацааны төсөөлөл харуулж байна.

  2. Xanadu Mines-ийн "Улаан уул" төслийн бүх цооногоос зэс, алтны өндөр эрдэсжилт илэрчээ.

  3. Nvidia зах зээлийн үнэлгээгээрээ түр хугацаанд Microsoft-ийг давснаас хойш хувьцааных нь ханш 13% буураад байна.

Сонгууль ба бизнесүүдэд хүргэх зөвлөмж

Энэ удаагийн сонгуулиар томоохон намууд бүгд эдийн засгийн олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, технологи, аялал жуулчлал зэрэг уул уурхайн бус салбаруудаар хөрөнгө оруулалтын орчныг төрөлжүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Тэгвэл Asia House хараат бус байгууллагын Ахлах зөвлөх Даниел Уорралл УИХ-ын 2024 оны сонгуулийн талаар гадаадын бизнес эрхлэгчид ямар хүлээлттэй байж, бизнесээ хэрхэн чиглүүлэх нь зүйтэй талаар дараах зөвлөмжүүдийг хүргэсэн байна.

УИХ-ын шинэчлэгдсэн бүтэц, түүний үр дагавар нь тойргийн шинжтэй нарийн асуудлуудад гэхээс илүү үндэсний хэмжээний асуудалд чиглэсэн анхаарлыг нэмэгдүүлэхээс гадна парламентын мэтгэлцээнийг илүү ширүүн болгох төлөвтэйг тэрбээр онцолжээ. Мөн шинэ тогтолцоо нь олон улсын хөрөнгө оруулалт татах сонирхол, ялангуяа эдийн засгийн төрөлжүүлэлтийн зорилтод төдийлөн нөлөөлөхгүй гэж үзсэн байна.

Тиймээс бизнесүүдэд өгөх зөвлөмж гэвэл:

  • Монгол бол ардчилсан орон бөгөөд шинээр олон улсын хөрөнгө оруулалт татах эрмэлзлээ урт хугацааны бодлогын баримт бичигт тусгаж өгсөн тул төрөөс дэмжлэг үзүүлж чадах салбаруудад олон улсын бизнес эрхлэгчдэд томоохон боломж нээлттэй байгаа.

  • УИХ-ын нийт суудал, сонгогдох гишүүдийн тоо нэмэгдэхтэй холбоотойгоор шинээр бүрэлдэх танхимын “жигдрэх” хугацаа урт байж, ЗГ-т өргөн хүрээний өөрчлөлт хийгдэх төлөвтэй.

  • Аль нам олонх болсноос үл хамааран шинэ парламентын гишүүд эдийн засаг, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангахыг урьтал болгохоор байна. Гэхдээ МАН үнэмлэхүй олонхын статусаа алдвал хууль тогтоомжууд батлагдахад нэлээн хугацаа ордог болж магадгүй.

  • Нийгмийн, мөн бохирдлын асуудлууд хадгалагдах ч дотоодын болон олон улсын зүгээс асуудлыг шийдэх идэвх зүтгэл нэмэгдэж байгаа.

  • Монголд төсөл хэрэгжүүлэхээр зорьж, бизнес хөгжүүлэлтийн боломж хайж байгаа хөрөнгө оруулагчдын хувьд зохицуулагч байгууллагуудын болон оролцогч талуудын оролцоо нэмэгдэнэ гэдгийг тооцоолох шаардлагатай. Тиймээс дотоодын бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагуудтай тогтвортой түншлэл, харилцаа холбоог хөгжүүлэх нь чухал юм

Зах зээл, ханшид нөлөөлөх төлөв

Өмнөх сонгуулиудын үр дүн дотоодын хөрөнгийн зах зээл, ТОП-20 индексийн хөдөлгөөнд маш бага нөлөө үзүүлсээр иржээ. Харин төгрөгийн ам.доллартой харьцах ханш өнгөрсөн 24 жилийн турш тогтмол суларсан байна. Ялангуяа 2004 оноос хойших сонгуультай жилүүдийг харвал төгрөгийн ханш тухайн жилийн сонгууль хүртэлх хугацаанд чангарч байгаад сонгуулийн дараагаас эргэн сулардаг зүй тогтол байнга ажиглагджээ.

Иймд сүүлийн жил гаруйн турш ам.долларын эсрэг харьцангуй тогтвортой байгаа төгрөгийн ханш энэ сонгуулийн дараа буцаад унана гэсэн хүлээлт давамгайлж магадгүй. Гэхдээ макро эдийн засгийн сайн үзүүлэлтүүд хадгалагдаж, тэр дундаа Монгол Улсын гадаад өрийн хэмжээ даацтай буурвал сонгуультай ч бай, сонгуульгүй ч бай төгрөгийн ханш үргэлжлүүлэн чангарахыг "Ти Ди Би Секьюритис" ҮЦК-ийн дэд захирал Г.Энхбат онцолж байв.

“Улаан уул”-ын эрдэсжилт

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани "Улаан уул" төслийн хайгуулын өрөмдлөгийн үр дүнд бүх цооногоос зэс, алтны өндөр эрдэсжилт илэрснийг мэдээллээ. Компани нийт дөрвөн цооногт ойролцоогоор 4880 метрийн алмазан өрөмдлөг хийхэд бүх цооногт гадаргатай харьцангуй ойр бүсээс өндөр түвшний эрдэсжилт илэрсэн аж.

Ийнхүү өрөмдлөгийн үр дүн сайн гарснаар Xanadu Mines дараагийн шатны өрөмдлөгийг 2024 оны II хагаст эхлүүлэх боломжтой болсноо онцолсон байна. Дорноговь аймаг дахь зэс-алтны “Улаан уул” төслийг Xanadu Mines 100 хувь эзэмшдэг юм.

Узбекистан дахь айлчлал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан улсад хийж буй айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгууллаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар хоёр улсын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монгол Улсаас Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Мөн “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлэхэд хамтран ажиллахаар болжээ.

Шөнө дундын нар

Энэ онд Хойд Америкт болсон нарны бүтэн хиртэлт, мөн соронзон шуургын нөлөөгөөр туйлын туяа санаанд оромгүй газруудад үзэгддэг болсон нь амьдралд ганц тохиох ховор үзэгдлийг харах сонирхолтой жуулчдын урсгалыг нэмэгдүүлж байна. Тэдгээрийн зарим нь Европын сэрүүн нутгийг зорих болжээ.

Финландын тээврийн тэргүүлэх авиа компани Finnair уг аяллын трендийг ашиглан энэ зун илүү олон жуулчин татах тун таатай нөхцөл бүрдүүлжээ. Зургадугаар сарын 17-оос наймдугаар сарын 12-ныг хүртэл тус компани Хельсинки хотоос Норвегийн хойд эргийн Будё хот руу долоо хоногт таван удаа нислэг үйлдэж байна. 2 цаг 30 минут үргэлжлэх энэхүү нислэг туйлын бүсэд шөнө дундын нарыг үзэх хүсэлтэй зорчигчдын дунд өндөр эрэлттэй байна гэж компани тооцоолж байгаа аж.

Тус байгалийн үзэгдэл Арктикийн тойргоос хойш оршдог орнуудын зуны саруудад тохиодог бөгөөд энэ үед нар жаргалгүй, тэнгэрийн хаяанд 24 цагийн турш үзэгддэг юм. Энэхүү үзэгдлийг АНУ-ын Аляска муж болон ОХУ, Канад, Дани, Исланд зэрэг улсуудад харах боломжтой аж.

Уолл Стрит гүйцэхээргүй өсөлт

Нэгж хувьцааны ханшаар S&P 500-д тэргүүлэх болсон Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ ирэх 12 сарын борлуулалтын орлогынх нь урьдчилсан төсөөллөөс 23 дахин давжээ. Гэхдээ хиймэл оюуны тэсрэлт, хагас дамжуулагчийн эрэлт үргэлжлэх төлөвтэй энэ үед Nvidia-ийн орлогын өсөлтийг таамаглах нь Уолл Стритийн шинжээчдээр тогтохгүй тус компанийн удирдлагуудын хувьд ч амаргүй хэрэг болоод байна.

Тухайлбал 2023 оны IV сараар эцэслэгдсэн санхүүгийн жилд Nvidia-ийн борлуулалтын орлого компанийн өөрийн таамгаас 13 хувиар давж байжээ. Урьдчилсан таамаг болон орлогын дүнгийн зөрүү ийнхүү өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдад тус компанийн хувьцааны ашгийг бодитой үнэлэхэд томоохон сорилт дагуулж байгаа юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Япон улс шаардлагатай тохиолдолд 24 цагийн дотор интервенц хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ

  • Жэннифер Браш: Монголд сонгуулийн өмнө зарим нэг санаа зовоох зүйлс ажиглагдсан. Богино хугацаанд хэд хэдэн хууль батлагдсан гэх мэт

Онцлох чарт

АНУ-ын хамгийн том дайсан бол Умард Солонгос гэж Америкчуудын ихэнх нь боддог байсан цаг ард хоцорчээ. Gallup-аас энэ онд явуулсан судалгаагаар Америкчуудын ердөө 4 хувь нь БНАСАУ-ыг гол дайснаа гэж үзсэн бол 41 хувь нь БНХАУ, 26 хувь нь ОХУ, 9 хувь нь Ираныг нэрлэсэн байна.

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны гол анхаарал Пёньянд бус Бээжинд чиглэсэн хэвээр бөгөөд нэгэн цагт дэлхийн зах зээлийг донсолгодог байсан Умард Солонгосын пуужингийн туршилтуудын мэдээлэл өдгөө “нойр хүргэдэг” болсныг Bloomberg-ийн нийтлэлч Геройд Рейди онцолсон байна.

Эцэст нь товчхон

СЕХ: Гадаад улсад байгаа иргэдээс энэ удаагийн сонгуульд 13,095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 73.2 хувь нь саналаа өгчээ. Нэгдсэн дүнг зургаадугаар сарын 28-ны 22:00 цагт гаргах аж. Мөн сонгуульд ашиглах автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг өчигдөр орон даяар шалган туршсан байна.

Өнөөдрийн онцлох зураг

Дэлхийн оюун ухааны үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдсан Tesla-ийн хүн дүрст роботын гарыг хүүхэд барьж буй нь - Тяньжинь, БНХАУ

Pedro Pardo/AFP/Getty Images