- Business newsletter
- Posts
- 2024/06/24
2024/06/24
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Сонгууль ба ажиглагчдын дүгнэлт
Монгол Улсын иргэд ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхээ энэ долоо хоногт эдлэх гэж байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газраас (ODIHR) байгуулсан Монгол Улсын Сонгуулийг ажиглах хорооноос урьдчилсан ажиглалтын үр дүнгээ нэгтгэж, явцын тайлангаа танилцуулаад байгаа. Сонгуулийн сурталчилгаа дуусахад хэдхэн өдөр үлдээд буй энэ үед тайланд багтсан онцлох дүгнэлтүүд, хөндсөн асуудлуудаас хүргэж байна.
Тогтолцооны хувьд
Сонгуулийн шинэ тогтолцоо, томсгосон тойрог нь олон намын засаглалыг хангах тал дээр эерэг хүлээлттэй байгаа ч сонгогчдын төлөөлөл, сурталчилгааны хүртээмжийн хувьд зарим талаараа учир дутагдалтай байна. Тойргийн хэмжээг томсгож, тоог цөөлсөн нь сурталчилгааны богино хугацаанд орон даяар хүрч ажиллах хүчин чадалтай голлох улс төрийн намуудад илүү давуу тал олгоно гэсэн санаа зовнил ажиглагдсаныг ODIHR дурдсан байна.
Өмнөх удаагийн сонгуулиудаар шүүмжлэлд өртсөөр ирсэн тойрогт ногдох төлөөллийн тоо нь сонгогчид, хүн амын тоотой нийцдэггүй асуудал энэ сонгуулиар ч мөн ажиглагджээ. Тодруулбал 13 тойргийн 11-ийнх нь сонгогчдын тоо сонгогчдын дундаж тооны хязгаараас 15 хувиар хэтэрсэн бөгөөд тэр дундаа Улаанбаатар хотын 4 тойрогт 50 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байгаа аж.
Хаана ч, ямар ч сонгууль болсон бай эрх баригч нам ямагт давуу талтай оролцдог. Энэ бол жам ёсны үзэгдэл. Монголд сонгуулийн өмнө зарим нэг санаа зовоох зүйлс ажиглагдсан. Богинохон хугацааны дотор хэд хэдэн хууль батлагдсан гэх мэт. Мөн том тойргууд, сурталчилгааны богино хугацаа хосолсноор хөрөнгө, нөөц сайтай намуудад давуу тал олгоно гэж үзэж байна. Энэ удаа тэрхүү нөөц нь эрх баригч намд байж таарлаа. Харин жижиг намууд, бие даагчдын хувьд тэр том нутаг дэвсгэрт хүрч ажиллаж, шаардлагатай хөрөнгийг босгож, сонгогчдод танигдах тал дээр бэрхшээлтэй тулгарахаар байна.
Сонгуулийн тухай хуулиар хориглогдсон бэлэн мөнгө тараалт, мөнгөн амлалтууд хэлбэрээ л өөрчилсөн болохоос амь бөхтэй оршсоор байгааг Эдийн засагч Б.Лакшмий Bloomberg TV Mongolia-д ярьж байв. ЗГ энэ онд төсөвт тусгагдсан нийгмийн халамж, зээлийн хэд хэдэн шинэ хөтөлбөр зарласан, олборлох үйлдвэрлэлийн орлогоос хоёр ч удаа ногдол ашиг тараахаар болсон зэргийг ODIHR тэмдэглэжээ.
Сонгогчдын хувьд
Бүртгэлтэй хаягаасаа өөр газар оршин сууж буй иргэд, тухайлбал уурхайчид, оюутнууд зэрэг сонгогчдын саналаа өгөх боломжийг хангах шийдэл энэ удаагийн сонгуулиар ч дутагдалтай байхаар байна. Сонгогчид байнга оршин суудаг газрынхаа тойрогт заавал очиж санал өгнө гэлгүйгээр тухайн үед ажиллаж, амьдарч байгаа газраасаа саналаа өгөх боломжийг хуулиар бий болгох зөвлөмж өгсөн ч хэрэгжээгүй тухай Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлж байв.
Ажил олгогч нь ажилчдаа санал өгөх боломжоор хангах хуулийн үүрэгтэй ч их, дээд сургуулийн оюутнуудад үүнтэй адил боломж олгох хуулийн зохицуулалт байхгүйг тус тайланд мөн хөндсөн байна.
Сонгогчдын бүртгэлтэй холбоотой өөр нэг том асуудал нь сонгогчид сонгуулийн нэг тойргоос нөгөө тойрогт зориудаар шилжин суурьших явдал аж. Сүүлийн саруудад 70,000 орчим иргэний шилжилт хөдөлгөөн (хаяг бүртгэлийн өөрчлөлт) явагдсан тухай УБЕГ-аас Сонгуулийн ажиглалтын хороонд мэдээлсэн ба эдгээр шилжилт хөдөлгөөний дийлэнх хувь нь нийслэлд байсан тухай мөн дурджээ.
Үерийн эрсдэл нэмэгдсээр
УОК-ын мэдээлснээр Ням гарагийн өглөөний байдлаар Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 82 см-ээр давж, 342 см-т хүрсэн байна. Харьцуулбал өнгөрсөн зун Туул голын үерийн түвшин 311 см-т хүрч байсан юм.
Мөн нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээ 10.6 буюу маш өндөр гарч, үерт өртөх магадлалтай хүн амын тоо 25 мянга болсныг ОБЕГ мэдээллээ. Оны эхний таван сард ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 164 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт болж, нийт 22 тэрбум төгрөгийн хохирол учраад байгааг ҮСХ-ны мэдээлэл харуулж байна.
Өрөмдлөг дуусав
Jade Gas компани нүүрсний давхаргын метан хийн "Баруун Наран" талбайд хийсэн өрөмдлөгийн хөтөлбөрөө эцэслэлээ. Компани нийт долоон цооногт өрөмдлөг хийж, 49.85 метр болон 45.3 метрийн зузаан хийтэй нүүрс илрүүлсэн байна. Энэхүү маш сайн үр дүн нь нөөцийн хэмжээг ахиулах, урт хугацааны бүтээгдэхүүн хуваалцах гэрээ байгуулах гарцыг нээж өгч байгааг Jade Gas тайландаа онцолжээ. Харин компани “Улаан нуур” төслийнхөө үйлдвэрлэлийн цооногуудыг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Хамгийн үнэтэй SUV
Бэл бэнчинтэй худалдан авагчдад зориулж спорт автомашин үйлдвэрлэдгээрээ танигдсан Automobili Pininfarina компани өдгөө дэлхийн хамгийн өндөр үнэтэйд тооцогдох SUV автомашин бүтээхээр ажиллаж байна.
Компани дөрвөн суудалтай, хоёр суудалтай, шилэн дээвэртэй PURA Vision хэмээх тус загвараа ирэх нэг жилийн дотор танилцуулахаар төлөвлөж буйг Гүйцэтгэх захирал Паоло Деллача мэдээлжээ. Үнийн хувьд 400 мянгаас 1 сая еврогийн хооронд байхаар байгаа нь 380 мянган еврогоор зарагддаг Ferrari Purosangue-аас ч үнэтэй гэсэн үг юм.
Энэтхэгийн Mahindra & Mahindra группын эзэмшдэг Automobili Pininfarina нь таван жилийн өмнө анхны загвар болох цахилгаан хөдөлгүүрт Battista-гаа ердөө 150 ширхэг худалдаанд гаргаж байв. 1,900 морины хүчтэй, 400 км/цагийн дээд хурдтай тус автомашин нь Италид үйлдвэрлэгдсэн бүх цаг үеийн хамгийн хурдан спорт автомашин хэвээр байна. Компани түүнээс хойш Battista-ийн хэд хэдэн тусгай хувилбарыг гаргасан бөгөөд тэдгээр дунд 3.4 сая еврогийн үнэтэй, супер баатар Бэтмэнд зориулагдсан загвартай хувилбар ч байгаа юм.
Bloombergtv.mn танд санал болгож байна
БНХАУ-д эдийн засгийн удаашралын нөлөөгөөр швейцар цагны экспорт V сард буурав
Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ? Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл
Онцлох чарт
Гангийн үйлдвэрлэлийн нэн чухал орц болох манган энэ онд үнийн өсөлтөөрөө алт, зэс тэргүүтэй олон түүхий эдээс давжээ. Олборлолтын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт ордог хойд Австралийн Groote Eylandt Mining-ийн уурхай гуравдугаар сард хар салхинд өртөж, экспорт нь зогссон нь манганы үнийн огцом өсөлтийн шалтгаан болсон байна. Тус уурхайн нийлүүлэлт 2025 он хүртэл үргэлжлэхгүй байх төлөвтэй аж.
Он гарсаар 44 хувийн агууламжтай манганы хүдрийн үнэ бараг хоёр дахин өссөн нь зэсийн 15 хувь, алтны 12 хувь, цагаан тугалганы 30 хувийн өсөлтөөс ч давах үзүүлэлт аж.
Эцэст нь товчхон
ЕТГ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан улсад хийж буй Төрийн айлчлал үргэлжилж байна.
Монголбанк: “Т” картаа ашиглан Хонконгт төлбөр тооцоо хийх боломж нээгдэнэ
Өнөөдрийн онцлох зураг
Израилын бөмбөгдөлтөд өртсөн барилгын нуранги дундаас хуримын даашинз олж өмссөн Палестин охин
Bashar Taleb/AFP/Getty