2024/06/21

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Шинжээчдийн ойрын хугацааны макро эдийн засгийн төсөөллийг энэ дугаарт онцоллоо.

  2. Хайгуулын зардлын өсөлтөөс болж Petro Matad-ийн цэвэр алдагдал 2023 онд бараг хоёр дахин өсөж, $5.9 саяд хүрчээ.

  3. "Шинэст" ХК-ийн хувьцааг Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа

Шинэ макро төсөөлөл

Удахгүй болох УИХ-ын сонгуулийн дараа бүрдэх шинэ Засгийн газрын эхний саруудад эдийн засгийн байдал ямар байж, ямар шийдвэрүүд гарах нь анхаарал татаж буй. Тэгвэл Монголбанк эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нараас бүрдсэн 20 судлаачийн дунд 2024 оны II улирлаас 2025 оны I улирал хүртэлх макро эдийн засгийн төсөөллийн судалгаа явуулж, үр дүнг нь танилцууллаа.

Инфляц, өсөлт талаасаа

Сүүлийн гурван жил гаруйн доод түвшиндээ хүрээд байгаа инфляц сонгууль угтсан мөнгө тараалт, төсвийн зарцуулалтын нэмэгдлийн нөлөөгөөр энэ оны сүүлээр эргэн эрчимжих төлөвтэйг Төв банк ч, олон улсын байгууллагууд ч анхааруулж байсан. Тэгвэл тавдугаар сард Улаанбаатарт 5.6 хувьтай гарсан инфляц II улирлын эцэст 6.8 хувь, ирэх оны эхний улиралд 7.6 хувь хүрч өснө гэж Монголбанкны судалгаанд оролцсон шинжээчид үзжээ.

Олон улсын байгууллагуудын төсөөлөлтэй харьцуулбал Fitch Ratings Монгол Улсын инфляц 2024 оны төгсгөлд 8 орчим хувьд тогтворжино гэж үзсэн бол Азийн Хөгжлийн Банк энэ онд 7 хувь, ирэх онд 6.8 хувь болж саарна гэж таамаглажээ.

Харин бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалтай харьцуулахад өсөх хандлага ажиглагдаж байна. Эхний улиралд 7.8 хувиар өссөн ДНБ шинжээчдийн төсөөллөөр хоёрдугаар улиралд 7.0 хувь, 2025 оны I улиралд 6.6 хувь болж саарахаар байна. Уул уурхайн экспортын сайн үзүүлэлт, төсвийн тэлэлт эдийн засгийн өсөлтөд ойрын хугацаандаа дэм болох төлөвтэй ч түүхий эдийн экспортын үнийн дүнд бус биет хэмжээнд тулгуурлан эерэг төсөөлөл гаргаж, төсвийн зарцуулалтаа нэмэгдүүлэх нь эрсдэлтэйг эдийн засагчид сануулж буй.

Зээлийн хүү талаасаа

Хөгжиж буй орнуудын мөнгөний бодлогын “жишиг” болдог АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ он дуустал бодлогын хүүгээ бууруулах гэж яарахгүй нь тодорхой болсон ч Монголбанк он гарсаар хоёр ч удаа бодлогын хүүгээ бууруулаад байна. Инфляц зорилтот түвшинд саарч, төгрөгийн ханш ам.долларын эсрэг тогтвортой байгаагаас гадна бизнесийн зээлийн идэвхжүүлж, өсөлтийг дэмжих шаардлага бий тул хүүгээ бууруулснаа Монголбанк тайлбарлаж байв.

Тэгвэл судалгаанд оролцсон шинжээчдийн дийлэнх нь бодлогын хүү II улиралд болон ирэх оны эхний улиралд одоогийн 11 хувийн түвшинд хэвээр хадгалагдана гэсэн хүлээлттэй байна. Өмнөх улирлын судалгаагаар тэд II улирлын бодлогын хүүг 12.6 хувь байна гэж таамаглаж байжээ.

Taylor Weidman/Bloomberg

Бодлогын хүүгийн өндөр түвшний нөлөөлөл өнгөрсөн хугацаанд бизнесийн зээл олголтод голчлон илэрч, харин хэрэглээний зээл тасралтгүй өссөөр байсныг статистик харуулж буй. Шинжээчдийн төсөөллийг харвал II улиралд зээлийн жигнэсэн дундаж хүү өөрчлөлтгүй буюу 16.6-17.0 хувийн түвшинд байх таамаглал давамгайлжээ. Харин 2025 оны эхний улиралд 0.3 орчим нэгж хувиар яльгүй буурах төлөвтэй аж.

2020 онд УИХ-аас баталсан Зээлийн хүү бууруулах стратегид 2023 онд зээлийн хүүг сарын нэг хувьд буюу жилийн 12 хувьд хүргэх зорилтыг тусгасан. Тэгвэл өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зээлийн дундаж хүү 16.7 хувьтай гарсан нь стратегийн хэрэгжилт нэлээд хангалтгүй байсныг харуулж байна. Хадгаламж, зээлийн хүү өндөр хэвээр хадгалагдахад төсвийн хэт тэлэлт, түүнийг дагасан төсвийн алдагдал нөлөөлж буйг Монголын банкны холбоо онцолж байлаа.

УБ бондын захиалга дүүрэв

Нийслэлээс эхний ээлжид гаргасан 500 тэрбум төгрөгийн “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга дүүрч хаагдлаа. 36 сар хүртэлх хугацаатай, 12-14 хувийн хүүтэй эхний бондод 16 хөрөнгө оруулагч захиалга өгчээ. Монголын анхны орон нутгийн бонд болох “Улаанбаатар бонд”-оор дотоодоос 1 их наяд төгрөг босгох бол гадаад зах зээлд 500 сая ам.доллар хүртэлх дүнтэйгээр гаргахаар төлөвлөжээ.

Алдагдал, чирэгдэл

Petro Matad компани 2023 онд нийт 5.9 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээснээ тайлагналаа. 2022 онд 2.9 сая ам.долларын алдагдал хүлээж байсан тус компанийн алдагдлын хэмжээ ийнхүү бараг хоёр нугарсан нь хайгуул, үнэлгээний зардал өссөнтэй холбоотой аж. Мөн Petro Matad газрын тосны хайгуулын XX талбайгаа улсын тусгай хэрэгцээний газар болгон батлуулж, шаардлагатай зөвшөөрлүүдээ авч чадсан ч үйл явц нь ЗГ-ын хүнд суртлаас болж дэндүү удаашралтай, чирэгдэлтэй байсныг онцолжээ.

Компани өнгөрсөн сард XX талбайд хайгуул хийхэд шаардлагатай газар ашиглалтын зөвшөөрлийг орон нутгийн удирдлагаас авсан тул “Heron 1” цооногийн өрөмдлөгийг ирэх сард эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна.

Цэнэг станц хэд байна?

2030 он гэхэд цахилгаан автомашины тоог 30 мянгад хүргэх ЗГ-ын зорилтыг дагаад цэнэглэгч станцын тоог 2026 он гэхэд 1,000 болгох төлөвлөгөө гарчээ. Улсын хэмжээнд одоогоор 82 цэнэглэх станц байгаа нь өнгөрсөн оны эцсээс 12-оор нэмэгдсэн дүн болж байна. Тэгвэл Монгол Улсад VI сарын 13-ны байдлаар 1,275 цахилгаан автомашин бүртгэлтэй байгаа бөгөөд импорт нь оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсжээ.

Оросууд Coca-Cola уусан хэвээр

2022 оны хоёрдугаар сард В.Путины цэргийн хүч Украин руу халдан довтолсны дараа ОХУ-ыг эсэргүүцэж, бизнесээ тэндээс гаргахаа анхлан мэдэгдсэн үндэстэн дамнасан компаниуд дунд Coca-Cola байсан юм. Цаашид Кремлийн эсрэг тавигдах барууны хоригуудыг дагаснаар компанийнх нь үйл ажиллагаанд хүндрэл үүсэх нь тодорхой байсан тул Coca-Cola ОХУ дахь түншүүддээ худалдаанд гарсан лаазтай болон савтай ундаануудаа буцаан татаж, компанийн нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бүрэн зогсоох шаардлага тавьж байжээ.

Түүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч Coca-Cola-ийн тод улаан савлагаатай ундааг Орос даяар супермаркет, зоогийн газруудаас хялбархан олж болохоор байна.

Үүний зэрэгцээ яг Coca-Cola шиг өнгийн лаазтай, амтыг нь цөөн хэдэн хүн л жинхэнээс нь ялгаж чадах “Добрый Cola” хэмээх ундаа тус улсад шинээр худалдаанд гарчээ. Эдгээрээс харвал Coca-Cola компани ОХУ-ын тэргүүлэх хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгч хэвээр гэхэд хилсдэхгүй болжээ.

ОХУ-д “Coca-Cola” ундааг савлан үйлдвэрлэдэг байсан Multon Partners компанийг Coca-Cola HBC хэмээх Лондоны биржид бүртгэлтэй тусдаа компани эзэмшдэгт үүний шалтгаан оршино. Тус компанийн зөвхөн 21 хувь нь АНУ дахь Coca-Cola-ийн толгой компанийн мэдэлд байдаг аж.

ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлсний дараа HBC үйлдвэрлэлээ зогсоох үед Multon Partners “Добрый Cola”-ийг танилцуулжээ. Өдгөө тэрхүү ундаа ОХУ-д борлуулалтаараа тэргүүлж, зах зээлийнхээ 13 хувийг эзлэх болсон байна. Харин жинхэнэ “Сoca-Cola” ундааг Гүрж, Казахстан зэрэг улсаас импортолдог болсон нь ОХУ-д одоо ч хаа сайгүй харагдсаар байгаагийнх нь шалтгаан аж.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

Эрдэнэс Тавантолгой ХК нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийнхөө эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Төслийн нийт санхүүжилт 1 тэрбум ам.доллар бөгөөд одоогоор 300 орчим сая ам.долларын санхүүжилт хийгдээд байгаа аж.

ҮСХ: Оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 7.9 сая толгой мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин нэмэгдсэн дүн болжээ. Сумын хэмжээнд малын хорогдол 6 хувийг давсан тохиолдолд олгодог нөхөн төлбөрийг хагас жилийн мал тооллогын дараа олгохыг Үндэсний давхар даатгал ХК мэдээлэв.

ЗТХЯ Google компанитай хамтран Монгол орны авто замын зургийг Google Maps-д шинэчилж оруулах төслийг эхлүүллээ. Уг төсөл нь нийт 11 аймгийн 6,000 гаруй км авто замыг хамрах юм байна.

Өнөөдрийн онцлох зураг

Английн алдарт “Royal Ascot” морин тойруулгыг үзэхээр ирсэн зочин

Bryn Lennon/Getty Images