- Business newsletter
- Posts
- 2024/06/20
2024/06/20
Powered by:
Гурван өгүүлбэрээр
УБ-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх нийслэлийн бондын арилжаа өнөөдөр эхэлнэ.
ДЭЗФ-ын Эрчим хүчний шилжилтийн 2024 оны индекст Монгол Улс таван байр ухарч, сүүлээсээ тавдугаарт бичигдэв.
Дотоодын цементийн үйлдвэрүүд I-V сард 477 мянган тн цемент үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 16% өсжээ.
Тэд шилжиж, бид хоцорсоор
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас Эрчим хүчний шилжилтийн индексийн тайлангаа 14 дэх жилдээ гаргалаа. 2024 оны тайланд 120 улс багтсанаас Монгол Улс сүүлээсээ тавдугаарт эрэмбэлэгдэв.
Сүүл мушгигчдын эгнээнд
Эрчим хүчний тогтолцооны гүйцэтгэл, эрчим хүчний шилжилтэд бэлэн байдал гэсэн хоёр суурь үзүүлэлтээр дүгнэсэн энэ оны индекст Монгол Улс 45.4 оноотойгоор 120 орноос 116-рт эрэмбэлэгдэж, өмнөх оныхоос таван байраар ухарчээ.
Уг индекст манай улсын үнэлгээ 2014 оноос хойш 6.9 оноогоор ахисан нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт боловч Пакистан, Зимбабве, Мозамбик, Йемен зэрэг улсуудтай мөр зэрэгцэн сүүл мушгисан хэвээр байна. Ерөнхийд нь харвал индекст багтсан хөгжиж буй орнуудын 83 хувь нь эрчим хүчний аюулгүй байдал, хүртээмжтэй байдал, тогтвортой байдлын үзүүлэлтүүдийн дор хаяж нэгт нь ухарсан байгаа юм.
Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын эрчим хүчний шилжилтийн үзүүлэлтийн зааг улам ойртох төлөвтэй ч хөрөнгө оруулалт, бодлого эрх зүйн орчны хувьд хөгжиж буй орнуудад сайжруулах орон зай их хэвээр байгаа нь энэ оны тайлангийн онцлох дүгнэлт болсон байна.
“Хөгжиж буй орнууд хөрөнгө оруулалт татах таатай бодлогын орчин үүсгэх шаардлагатай. Ингэхдээ улс орон бүр өөрийн өвөрмөц хэрэгцээ, шаардлага, эрчим хүчний нөөцтэй уялдсан санаачилга гаргах хэрэгтэй” хэмээн тодотгожээ.
Бодит байдал өөр
Эрчим хүчний хэрэглээ, оргил ачаалал нэмэгдэх хэрээр сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж байгаа Монголын эрчим хүчний салбар өнгөрсөн онд бараг 40 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Хүчин чадлын дутагдал, тоног төхөөрөмжийн насжилтаас гадна эдийн засгийн утга агуулгагүй, өртгөөсөө хамаагүй доогуур үнэтэй цахилгаан хэрэглэж буй нь салбарын ужгирсан асуудлуудын суурь болохыг мэргэжилтнүүд хэлдэг.
Парисын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувьд хүргэхээр амласан. Одоогийн байдлаар энэ хувь 18.2 байгаа ч төслийн хөрөнгө оруулалтаа нөхөхөөргүй бага тариф, мөн нар, салхины эх үүсвэрээс сүлжээнд нийлүүлэх үнэ өндөр зэрэг нь зорилтоо биелүүлэхэд сорилт болох төлөвтэй.
Taylor Weidman/Bloomberg
Тэгвэл өнгөрсөн 8 жил эрх барьсан МАН эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ, сэргээгдэх эрчим хүчний мега төсөл эхлүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Харин Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо 100 хувь хангах, эрчим хүч экспортлогч улс болох, салбарт ухаалаг үнийн систем нэвтрүүлэх зэрэг амлалтууд багтаасан байна.
ОХУ Украинд довтолсноос хойш барууны орнууд Монгол Улстай сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмалын салбарт хамтрах сонирхлоо илэрхийлэх нь нэмэгдсэн ч тэдгээрийг бодит ажил хэрэг болгох нь амаргүй гэдгийг Францын Orano компанитай ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил хойшилсон ойрын жишээнээс харж болно. Ямартаа ч одоогийн бодит байдал гэвэл Монгол Улс ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолсон хэвээр, мөн уул уурхайн хамгийн том төсөл Оюутолгой урд хөршөөс эрчим хүчээ импортоор хангаж байна.
Цементийн зах зээл
Дотоодын цементийн үйлдвэрүүд оны эхний таван сарын хугацаанд 477 мянган тонн цемент үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Гэхдээ ЗГ-аас энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болсон гэж үзэж, импортын татварыг 5 хувь болгон бууруулаад байгаа. ГЕГ-ын мэдээллээр оны эхний таван сард ОХУ болон БНХАУ-аас 5.2 сая ам.доллароор 85.6 мянган тонн цемент импортолжээ.
Монгол Улс жилдээ 1.8-2 сая орчим тонн цемент хэрэглэдэг бөгөөд үүнийг дотоодод үйл ажиллагаа явуулж буй долоон үйлдвэр хангаж буйг өмнө нь БХБЯ мэдээлж байв.
Нийслэлийн бондын арилжаа эхэлнэ
Монголын анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар бондын арилжааны цан цохих ёслол өнөөдөр болох гэж байна. НИТХ-аар баталсан тогтоолын төсөлд тусгаснаар нэг их наяд төгрөгийн, 100 мянга хүртэлх төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 сая ширхэг бондыг дотоодын зах зээлд гаргахаар болсон. Харин 500 сая ам.доллар хүртэлх бондыг гадаадын зах зээлд гаргаж үе шаттайгаар арилжаалахыг дэмжсэн байна.
Бондоос төвлөрсөн эх үүсвэрээр эрчим хүчний хуримтлуурын станцын ажилд 296 тэрбум төгрөг, гэр хорооллын дахин төлөвлөлтөд 52.5 тэрбум төгрөг гэх мэтээр төлөвлөөд байгаа юм. Мөн нийслэлээс ийнхүү бонд гаргах болсонтой холбоотойгоор нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталжээ.
$40 тэрбумын өсөлтийн босго
Дэлхийн санхүүгийн салбарын аваргууд олон арван жилийн турш Энэтхэг улсыг байдаг л нэг хөгжиж буй орон мэтээр харсаар ирсэн юм. Өгөөжийн хувьд чамлахааргүй потенциалтай ч хөрөнгө оруулалтын багцынхаа гол бүрдүүлэгч болгоход дэндүү эрсдэлтэй хэмээн тэд үзэж байлаа. Харин энэ зууны босгон дээр Энэтхэгт эдийн засгийн реформ эрчимжих үед хөрөнгө оруулагчдын сонирхол илүү нухацтай болж, ийнхүү өдгөө тус улсын хөрөнгийн бирж үнэлгээгээрээ дэлхийн тавдугаарт бичигдэх болоод байна.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн тогтмол өгөөжтэй хэрэгслийн хөрөнгө оруулагчид Хятад, Оросыг орлох шинэ зах зээл эрэлхийлэх болсноор Энэтхэгийн 1.3 их наяд ам.доллароор хэмжигддэг бондын зах зээл мөн аваргуудын хараанд өртөж эхэлжээ.
Тухайлбал JPMorgan банк Энэтхэгийн Засгийн газрын бондыг хөгжиж буй орнуудын бондын хамгийн гол индекстээ зургаадугаар сарын 28-наас эхлэн багтаахаар төлөвлөж байна. Ингэснээр Энэтхэгийн бондуудад чиглэсэн олон улсын нийт хөрөнгө оруулалт 40 хүртэлх тэрбум ам.доллароор өсөх боломжтой гэж Goldman Sachs тооцоолжээ. Санхүүгийн фирмүүд шинэчлэгдсэн индексийг даган хөрөнгө оруулалтын багцаа өөрчлөхөөр байгаа нь өсөлтөд нөлөөлнө гэж үзсэн байна.
Ам.долларын ханш дэлхий даяар чангарсан ч зургаадугаар сард Энэтхэгийн гадаад валютын нөөц огцом өсөж, рупи 2024 онд хөгжиж буй Азийн бүсэд ам.долларын эсрэг хамгийн сайн үзүүлэлттэй валют болоод байна. Энэтхэг улсын Засгийн газрын бонд энэ онд хөрөнгө оруулагчдад 4.5 хувийн өгөөж хүртээсэн нь хөгжиж буй орны бондууд дундаас Аргентины дараа хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт болжээ.
Онцлох чарт
Дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын зэсийн экспорт өнгөрсөн сард бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрсэн байна. Дотоодын эрэлт нь сул байгаагаас болж Хятадын металл арилжаалагчид илүүдэл нөөцөө экспортод гаргахаар зорих болсон нь үүнтэй холбоотой аж.
Тавдугаар сард БНХАУ-ын боловсруулаагүй зэс, зэсийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэсээ хоёр дахин өсөж 150 мянган тоннд хүрснээр 2012 оны өмнөх дээд үзүүлэлтээсээ давсныг тус улсын гаалийн статистик харуулж байна. Гэхдээ өргөн хүрээнд харвал хөнгөн цагаанаас эхлээд малын тэжээл хүртэлх Хятад улс нийлүүлэлтээр давамгайлдаг бүхий л таваарын зах зээлд ийм дүр зураг ажиглагдаж байгаа юм.
Эдийн засгийн сул сэргэлтийн улмаас сүүлийн хоёр жилийн дийлэнх хугацаанд дефляцын дарамтад байсан Хятадын үйлдвэрлэгчид үнэ өндөр гадаадын зах зээл дэх боломжийг эрэлхийлэх болоод буй. Мөн зэсийн экспортын энэ өсөлттэй давхцаад импорт нь бас төсөөллөөс дээгүүр байгаа нь төдийлөн харагдаад байдаггүй үзэгдэл болж байна. Зарим арилжаалагчид оны сүүлээр зэсийн эрэлт өснө гэсэн хүлээлттэйгээр нөөцөө нэмэгдүүлж байгаа нь нөлөөлж байж магадгүй аж.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Компаниудад уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах даацтай төлөвлөгөө дутагдаж байна
50 гаруй компани Чилид литийн төсөл хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ
Бизнесийн орчин, дэд бүтцийн тааруу үзүүлэлтүүд Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш татсаар...
Эцэст нь товчхон
Монголбанк: Дэлхийн алтны зөвлөлөөс баталсан “Лондоны зарчмууд” багц зарчимд Монголбанк нэгджээ. Уг зарчмууд нь төв банкнуудын бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгож, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд оруулахад туслах зорилготой аж.
Сонгууль 2024: Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн УИХ-ын сонгуулийн саналыг өнөөдрөөс эхлэн Дипломат төлөөлөгчийн газарт авч эхэлнэ.
Өнөөдрийн онцлох зураг
BTS хамтлаг цомгийнхоо зураг авалтыг хийснээр аялагчдын дунд алдаршсан БНСУ-ын Самчок хотын Мэнбанг далайн эрэг
SeongJoon Cho/Bloomberg