2024/06/19

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. 2024 оны өрсөлдөх чадварын тайланд Монгол Улсын үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг онцоллоо.

  2. S&P 500 индекс энэ онд 30 дахь удаагаа дээд цэгээ шинэчлэн тогтоолоо.

  3. Microsoft-ийг гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болоод буй Nvidia-ийн хувьцаа 591,078% өсжээ. Ийнхүү Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ зөвхөн энэ онд $2 их наядаар өсөж, $3.34 их наяд хүрээд байна.

Өрсөлдөх чадвараар бид

Улс орнуудын эдийн засгийн хамгийн өргөн хүрээний мэдээллийг багтаадаг судалгааны тайлангуудын нэг болох Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан саяхан танилцуулагдлаа. Монгол Улс тус тайланд өрсөлдөх чадвараар 67 улсаас 61 дүгээрт эрэмбэлэгдэв.

Тэнхээ сайжирсан ч…

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс сүүлийн 35 жилийн турш жил бүр гаргаж буй уг тайланд тухайн улсын дата мэдээллийн олдоц, эдийн засгийн нөлөөлөх чадвар, тогтвортой байдал, харьцуулагдах боломжийг харгалзан харьцангуй цөөн улсыг багтаадгаараа онцлогтой. Монгол Улсын хувьд энэ онд өмнөх оноосоо нэг байр ахиж, ӨАБНУ-ын хойно, Бразилын өмнө 61 дүгээрт бичигдсэнээр 2018 оноос хойш тасралтгүй буурч байсан үзүүлэлтээ яльгүй ахиулжээ.

Өрсөлдөх чадварыг хэмждэг 4 гол бүлэг үзүүлэлтийг харвал эдийн засгийн тамир тэнхээгээр Монгол Улс 18 байр огцом ахиж, 42 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын худалдааны эерэг нөлөө, тэр дундаа төсвийн ашиг, хөрөнгийн нийт хуримтлал, урсгал дансны үлдэгдэл зэрэг өнгөрсөн оны экспортын сайн үзүүлэлтийн үр дүнгүүд Монголын эдийн засгийн тамир тэнхээг ихээхэн дэмжжээ.

Гэхдээ эдийн засаг ийнхүү хүчирхэгжсэн ч бусад үндсэн бүлэг болох бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтцэд төдийлөн дэм болж чадаагүй нь тайлангаас харагдаж байна. Бизнесийн байгууллагын үзүүлэлтээр хоёр байр ахисан бол дэд бүтцийн үзүүлэлтээр нэг байр ухрахад шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тааруу дүн нөлөөлжээ.

Түүнчлэн 67 орноос сүүл мушгисан туслах үзүүлэлтүүдэд бохирдлын асуудал болон мэдлэг дамжуулах байдал багтсан байна.

Айсуй сорилтууд

Өрсөлдөх чадварын тайланд Монгол Улсад 2024 онд тулгарах магадлалтай сорилтуудыг мөн онцолжээ. Үүнд:

  • Төсвийн зарцуулалтын өсөлт, популист амлалтууд нь мөнгөний нийлүүлэлтийн тэлэлтийг өдөөх магадлалтай

  • Сонгуулийн дараа валютын ханшийн огцом савлагаа үүсэж болзошгүй.

  • Өсөлтийн гол хөдөлгөгч хүч болох нүүрсний экспортын биет хэмжээ болон үнийн дүн огцом буурснаас эдийн засгийн сорилтууд үүсэх эрсдэлтэй.

  • Хөрш улсуудын геополитикийн хурцадмал байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж болно.

2024 оны тайлангийн бусад онцлох үр дүнгээс дурдвал Сингапур улс гурван жилийн дараа тэргүүн байраа буцаан авч, Швейцарь, Данийг ардаа орхин нэгдүгээрт бичигджээ. Харин эдийн засгийн тамир тэнхээгээр АНУ, засаглалын үр ашиг болон дэд бүтцээр Швейцар, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаагаар Дани улс тус тус тэргүүлсэн байна.

Тариалалт буурчээ

Гаалийн татварыг нь тэглэснээр улаанбуудайн импорт өмнөх оны мөн үеэс 6.1 дахин өсөөд байгаатай зэрэгцэн улсын хэмжээнд нийт тариалсан талбай оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 15.8 хувиар буурчээ. Харин хүнсний ногооны тариалсан талбайн хэмжээ 16.9 хувиар өсөөд байгаа аж. Улсын хэмжээнд эхний таван сард 318.6 мянган га-д тариалалт хийснээс 74 орчим хувьд нь зөвхөн үр тариа тариалжээ.

Органик бүтээгдэхүүний хууль

Манай улсад “органик бүтээгдэхүүн” гэсэн ангилалд зөвхөн органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хамруулдаг. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих шинэ хуулиар хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мөн тус ангилалд хамруулахаар болж байна.

Мөн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ААН-ийн орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувь, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлөх, органик бүтээгдэхүүнийг экспортод гаргавал арилжааны банкнаас авсан хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийн 50-иас доошгүй хувьд нь төрөөс хүүгийн дэмжлэг үзүүлэхээр тус хуулийн төсөлд тусгажээ.

Билл Гэйтсийн АЦС

Тэрбумтан Билл Гэйтс АНУ-ын өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд Вайоминг муж дахь шинэ үеийн атомын цахилгаан станцын төсөлдөө олон тэрбум ам.доллар “цутгахад” бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүний байгуулсан TerraPower стартап арилжааны зориулалттай анхны цөмийн реакторынхоо шавыг өнгөрсөн долоо хоногт Вайоминг мужид тавьсан тухай Билл Гэйтс CBS телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Компани илүү энгийн, илүү хямд цөмийн реактор байгуулахаар 2008 оноос хойш судалж байгаа бөгөөд шинэ реакторын бүтээн байгуулалтыг 2030 онд бүрэн дуусгах зорилттой байгаа аж.

АНУ-ын Эрчим хүчний яамны санхүүжилттэй TerraPower компанийн атомын цахилгаан станц 2028 онд ашиглалтанд орох тооцоотой байсан. Гэвч тэр хүртэлх хугацаанд ОХУ-аас импортолсон түлшийг ашиглахаас өөр аргагүй болох тул “зөвшөөрөх аргагүй байсан” гэж Билл Гэйтс мөн онцолжээ.

Идэвхгүй ажилтнууд = $327 тэрбум

Ажилдаа идэвх санаачилгагүй ажилтнууд өнгөрсөн онд Их Британийн эдийн засагт 327 тэрбум гаруй ам.долларын алдагдал учруулсныг тооцоолжээ. Ажлын бүтээмжгүй байдал хямралын түвшинд хүрч, бусад чинээлэг улсын хойно хоцрох болсон тус улсад энэ нь давхар сорилт болж байна.

Их Британийн 10 ажил эрхлэгч тутмын ердөө нэг нь л ажлаа “идэвхтэй” хийдэг буюу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр хүчин чармайлт гаргадаг гэсэн ангилалд багтсаныг Gallup компанийн судалгаа харуулсан юм. Тус судалгаанд ажилтнуудын идэвх сонирхол ба компанийн үйлдвэрлэлийн гарцын хоорондын холбоо хамаарлыг бүхий л салбарт авч үзжээ.

Онцлох чарт

S&P 500 индекс энэ онд 30 дахь удаагаа дээд цэгээ шинэчлэн тогтоолоо. Эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой хэвээр байж, компаниудын ашгийн үзүүлэлт сайжирч байгаатай зэрэгцэн инфляц саарч, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлтээс үүдэн энэ онд АНУ-ын хувьцаанууд 15 орчим хувиар өсөөд байна.

Тэгвэл Citigroup S&P 500-ийн жилийн эцсийн төсөөллөө 5,100 нэгжээс 5,600 болгон нэмэгдүүлжээ. "Гайхамшигт 7" гэгддэг технологийн аварга компаниудын хувьцааны ханш тогтвортой байж, индекст бүртгэлтэй бусад компаниудын ашиг ч мөн өснө гэж үзсэн нь төсөөлөө ахиулахад нь нөлөөлсөн байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Zijin Mining” хөрвөх бонд, нэмэлт хувьцаа гаргаж, $2.5 тэрбумыг татан төвлөрүүлэв

  • Парис Европын хамгийн том хөрөнгийн зах зээлийн байр сууриа Лондонд алдав

  • Амгалан тайван, сэтгэл татам газруудыг эрэлхийлж буй Солонгосын Z үеийнхний анхаарлыг Монгол Улс татах болов

Эцэст нь товчхон

МХБ: Мэдээллийн технологи, программ хангамж болон хонжворт сугалаа гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гранд Системс” ХХК-ийн IPO өнөөдөр эхэлнэ. Тус компани 20 хувиа олон нийтэд санал болгож 675 сая төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж буй.

ҮСХ: Мөнгөний нийлүүлэлт тавдугаар сарын эцэст 39.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.1 хувиар өссөн байна.

ГЕГ: Гашуунсухайт дахь гаалийн газар 2024 оны VI.13-ны өдөр 1654 тээврийн хэрэгслээр 209.9 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь нэг өдөрт экспортолсон нүүрсний хамгийн дээд хэмжээ юм.

Өнөөдрийн онцлох зураг

“Парис-2024” Олимп, Паралимпын наадмын сурталчилгааны зураг авалт: Францын паралимпын гурвын харайлтын тамирчин Арно Ассумани Луврын музейн өмнө

Franck Fife/AFP/Getty Images