- Business newsletter
- Posts
- 2024/06/18
2024/06/18
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Монголд зочлох Солонгос жуулчдын тоо өсөх чиг хандлага энэ онд давтагдах эсэх болон шийдэх асуудлуудын талаар энэ дугаарт онцоллоо.
Хүнийг 48 цагийн дотор үхэлд хүргэх аюултай, “эдээр хооллодог” вирус Японд тархаад байна.
В.Путин 2000 оноос хойш анх удаа Хойд Солонгост айлчилна. Мөн Вьетнамд айлчлахаар болсныг Кремль мэдээлэв.
Солонгос жуулчдын давлагаа
Цар тахлын дараагаас Монголд ирэх Өмнөд Солонгосын жуулчдын тоо огцом нэмэгдэж, өнгөрсөн онд бараг 140 мянган солонгосчууд зочилсон нь нийт жуулчдын 23 орчим хувийг дангаараа бүрдүүлж байв. Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхлээд буй энэ үед Солонгос жуулчдын тоо 2023 оны үзүүлэлтийг давтах, эсвэл давах шинжүүд ажиглагдаж эхэлжээ.
Таатай үе
ҮСХ-ны мэдээллээс харвал 2023 оны тавдугаар сард БНСУ-аас 7.2 мянган жуулчин ирж байсан бол энэ оны тавдугаар сард хоёр дахин нэмэгдэж 14 мянгад хүрчээ.
Өнгөрсөн зунаас хойш БНСУ-ын алдартай жүжигчдийн оролцсон шоу, сошиал сүлжээнд олон дагагчтай инфлүэнсерүүдийн контент хандалт сайтай байсны үр дүнд энэ онд солонгос жуулчдын тоо улам нэмэгдэх төлөвтэй. Мөн манай талаас ч тус улсын жуулчдыг татах хүчин чармайлт гаргаж, ялангуяа өвлийн аялал жуулчлалыг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд зарлаж байв.
БНСУ-ын иргэдийн визийн чөлөөлөлтөөс гадна хоёр улс хоорондын нислэгийн давтамж, аяллын компаниудын багц үйлчилгээ гэсэн суурь хүчин зүйлс ч жуулчдын урсгалд нөлөөлж буй.
Сүүлийн жил гаруйн хугацаанд БНСУ, Монгол Улс хооронд шууд нислэгийн хоёр ч шинэ чиглэл нэмэгдэж, өдгөө тус улсын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болоод байгаа. Түүнчлэн аяллын хөтөлбөрийн тухайд 2023 оны VI-VIII сарын хооронд Солонгос жуулчдын захиалсан Монголын аяллын багц хөтөлбөрийн тоо өмнөх оноосоо 284.3 хувиар өссөнийг JoongAng Daily сонин мэдээлжээ.
Арилгах хэрэгтэй саадууд
Зуны оргил саруудад Монголыг зорих Солонгосын зорчигчдын тоо нэмэгдэнэ гэж бид таамаглаж байна. Энэ хүрээнд нислэгийн тоогоо IX сарын 30 хүртэл нэмэгдүүлж, долоо хоногт 8 удаа нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Цар тахлаас өмнө Солонгос жуулчид Монгол руу группээр аялдаг байсан бол цар тахлын дараа энэ хандлага бага зэрэг өөрчлөгдсөн. Солонгост ховор харагдах өргөн уудам тал нутаг, нуур, говь цөл зэрэг нь амгалан тайван, сэтгэл татам газруудыг хайх болсон мянганыхан болон Z үеийнхний анхаарлыг их татаж байгаа.
Улаанбаатар хот шинэ нисэх буудалтай болсноор хүлээн авах нислэг, зорчигчдын тоо эрс нэмэгдсэн ч бүртгэлийн цэг дутмаг, зорчигчдын тав тухыг хангах ресторан зэрэг цэгүүд цөөн, авиа компаниудын оффисын талбай жижиг зэрэг засаж сайжруулах хэрэгтэй асуудлууд байгааг 1996 оноос хойш Монгол руу нислэг үйлдсэн Korean Air компанийн төлөөлөгч хэлж байлаа.
Харин жуулчид ирсний дараах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж, дахин ирэх сэдлийг төрүүлэхэд нэн чухал ач холбогдолтой зам харилцаа, түр амрах үйлчилгээний газар, ариун цэврийн байгууламж, жуулчны бааз, зочид буудлын хүрэлцээ гэх мэт хүчин зүйлс сорилт болсоор байх төлөвтэй. Монголд ирсэн солонгос жуулчдын 20-30 хувь нь л дахин ирдэг болохыг өнгөрсөн онд Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос мэдээлж байжээ.
Нүүрс дагасан орлого
Төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 42.1 хувиар өссөнөөр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний таван сард 2 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. Задалж харвал татварын орлого 40 хувиар, татварын бус орлого 76.6 хувиар тус тус өссөн нь төсвийн орлогын өсөлтөд түлхэц болжээ. Нөгөө талдаа төсвийн зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 41.3 орчим хувиар өссөн байна.
Ийнхүү төсөв ашигтай хэвээр хадгалагдсан ч БНХАУ-ын өсөлтийн төлөв саарч, аж үйлдвэрийн салбарын идэвхжил удаашрах зэргээс хамаарч уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт болон үнэ буурах эрсдэлтэйг Монголбанк тайландаа анхааруулжээ.
Гадаад дахь сонгогчид
Гадаад улсад байгаа 13,095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн нь 2012 оны сонгуультай харьцуулахад гурав дахин өссөн тоо болохыг СЕХ мэдээлллээ.
Цахимаар зохион байгуулсан тус бүртгэлээс харвал БНСУ, АНУ, Япон, Австралиас хамгийн олон сонгогч бүртгүүлснээс гадна 20-34 насныхан нийт бүртгүүлсэн сонгогчдын бараг тал хувийг эзэлжээ. Бүртгэл нь баталгаажсан сонгогч энэ сарын 20-23-ны өдрүүдэд тухайн улсад байрлах төлөөлөгчийн газарт очиж саналаа өгөх юм.
Анхаар, аюулт вирус!
“Махан идэшт” бактериас гаралтай, амь насанд халтай ховор төрлийн өвчин цар тахлын хязгаарлалтын дараа Япон улсад тархаад байна. Энэ өвчнөөр өвчилсөн хүн 48 цагийн дотор үхэх аюултай аж.
Энэ оны IV сарын 2-ны өдрийн байдлаар стрептококкийн хордлогын шокийн синдромын тохиолдол 977 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны 941 тохиолдлоос нэмэгдсэн болохыг Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ.
А бүлгийн стрептококк (GAS) нь хүүхдүүдэд ихэвчлэн хоолой өвдөх зэрэг хөнгөн хэлбэрийн шинж тэмдгээр илэрдэг. Мөн зарим хэлбэр нь үе мөч өвдөх, хавдах, халуурах, цусны даралт багасах, эд эс үхжих, амьсгалахад хүндрэлтэй болох, эд эрхтэн ажиллагаагүй болох зэрэг хүнд хэлбэрийн шинж тэмдгүүд үүсгэж болно. Ялангуяа 50-аас дээш насны хүмүүс энэ эрсдэлд илүү өртөмтгий.
"Ихэнх өвчтөнүүд 48 цагийн дотор амиа алддаг. Өглөө хөл хавагнах шинж тэмдэг илэрсэн бол үд дунд хүртэл өвдөг хүртэл тархаж, үүнээс хойш 48 цагийн дотор үхэх эрсдэлтэй” хэмээн Токиогийн эмэгтэйчүүдийн Анагаах Ухааны Их Сургуулийн халдварт өвчний мэргэжилтэн Кен Кикүчи мэдээлжээ.
Энэ өвчин нь саяхнаас бусад улс оронд ч тархаад байна. 2022 оны сүүлээр Европын дор хаяж 5 улс STSS-ийн өвчлөлийг хамарсан А бүлгийн стрептококкийн хүнд хэлбэрийн өвчлөл нэмэгдэж байгаа талаар ДЭМБ-д мэдээлсэн байна.
Экспатуудад хамгийн үнэтэй хот
Азийн санхүүгийн төвүүд болох Хонконг, Сингапур гадаадын иргэн ажиллаж амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын энэ оны жагсаалтыг тэргүүлж, хоёр дахь жилдээ Швейцарын хотуудыг ардаа орхижээ.
Уг хоёр хотын орон сууцны түрээсийн өндөр үнэ нь Цюрих, Женев, Базель, Берн зэрэг хотуудын өмнө бичигдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл байсныг Mercer компаниас гаргасан “Амьдралын өртгийн тайлан-2024” судалгаанаас харж болохоор байна. Тус компани дэлхийн 226 хотыг багтаасан тус жагсаалтыг гаргахдаа орон сууц, тээвэр, хоол хүнс, хувцас, гэх ахуйн бараа зэрэг 200 гаруй эд зүйл, үйлчилгээний зардлыг харьцуулжээ. Ингээд экспатууд амьдрахад хамгийн үнэтэй эхний 10 хотыг жагсаавал:
Хонконг, БНХАУ
Сингапур
Цюрих, Швейцар
Женев, Швейцар
Базель, Швейцар
Берн, Швейцар
Нью-Йорк, АНУ
Лондон, Их Британи
Нассау, Багам
Лос-Анжелес, АНУ
Онцлох чарт
Цахилгаан автомашины шилжилтэд цэнэг хураагуур их хэмжээгээр шаардагдана. Гэхдээ дэлхий даяар цэнэг хураагуурын шинэ үйлдвэр барихаар төлөвлөсөн үйлдвэрлэгчдийн тоо дэндүү их байгаа тул 2030 он гэхэд энэ салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал нь эрэлтээ давах төлөвтэйг BloombergNEF шинэ судалгаандаа онцолжээ.
Тэр дундаа Хятадад хэт нийлүүлэлтийн асуудал хурцдаж, 2030 он хүртэл үйлдвэрлэлийн хүчин чадал нь цэнэг хураагуурын жилийн эрэлтээс дор хаяж 400 хувиар давахаар байгаа аж.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Гадаадын хөрөнгө оруулагчид энэ онд АНУ-ын бондын зах зээлд ихээхэн дэмжлэг үзүүлж байна
Трендийг дагаагүй байлаа гээд алдахгүй - $10 мянгаа өсгөх шинэ хувилбарууд
Эцэст нь товчхон
МХБ: “Гранд Системс” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг МХБ-ийн III ангилалд бүртгэжээ. Мэдээлэл технологи, программ хангамж болон хонжворт сугалаа гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани 20 хувиа олон нийтэд санал болгож 675 сая төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна.
ОБЕГ: Оны эхний таван сард аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар өсөж, 22 тэрбум төгрөгийн хохирол учирснаас гадна нийт 3,603 хүн өртжээ.
Өнөөдрийн онцлох зураг
Хоёр тээвэрлэгч хөлөг мөргөлдсөний улмаас Сингапурын Сентоза арлын Танжонг эрэгт асгарсан их хэмжээний газрын тосыг шуудайлан цэвэрлэж буй ажилчин
Suhaimi Abdullah/Bloomberg