- Business newsletter
- Posts
- 2024/06/17
2024/06/17
Powered by:
Гурван өгүүлбэрээр
“Мөнгөө өсгөх хувилбарууд”-ын ээлжит дугаараар 10,000 ам.доллароор яг одоо юунд хөрөнгө оруулах нь зүйтэйг онцоллоо.
МХБ: "Ашид Капитал ББСБ" ХХК-ийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ.
Билл Гэйтс цөмийн эрчим хүчний төсөлд олон тэрбум ам.доллар оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
$10 мянгаа өсгөх хувилбарууд
“Meme” хувьцаанууд дахин анхаарал татах болж, S&P 500-ийн хамгийн том 10 хувьцаа үнэлгээгээрээ тус индексийн 35 хувийг анх удаа бүрдүүлж эхэлсэн яг энэ үед 10 мянган ам.доллароор юунд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй талаар экспертүүд туршлагаа хуваалцжээ. Ингээд Bloomberg-ийн цувралаар хүргэдэг “Мөнгөө өсгөх хувилбарууд”-ын шинэ дугаарыг хүргэж байна.
IT-ийг орхиж болохгүй
Гол санаа: 2023 оноос хойш хиймэл оюунд чиглэсэн хөрөнгө оруулагчдын сонирхол цойлсон ч мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын хувьцаанууд төдийлөн мөр зэрэгцэж чадахгүй байгаа. IT үйлчилгээ үзүүлэгчдийн хувьцаа ерөнхий IT салбарынхтай харьцуулбал хямдхан байгаа төдийгүй хиймэл оюуны айсуй хувьсгалд маш ашигтай гэж болохоор позицтой байна.
Стратеги: Өнөөг хүртэл хиймэл оюунтай холбоотой хөрөнгө оруулалтын дийлэнх нь тус технологийг ажиллуулахад шаардагддаг дата төвүүд, биет дэд бүтцүүд рүү чиглэж байна. Гэхдээ энэ талбарт анхаарал татах дараагийн том хэсэг нь компаниудад IT дэд бүтцээ удирдаж, сайжруулж, найдвартай болгоход нь тусалдаг IT үйлчилгээ байх ёстой. Генератив хиймэл оюунд хэрхэн бэлтгэж, нэвтрүүлэхэд жинхэнэ зөвлөж чадах экспертүүд нь тэд байх болно.
Том зургаараа: Үйлчлүүлэгчид шинэ төслүүдээ хойшлуулж, эсвэл цөөлөх болсноор дэлхийн IT үйлчилгээний фирмүүдийн нийт орлогын өсөлт 2023 онд нэлээн саарсан. Хэдий тийм боловч бизнесүүдэд үйл ажиллагааны өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд IT үйлчилгээнд хөрөнгө оруулах шаардлага яваандаа гарч л таарна
Аж үйлдвэр, батлан хамгаалахын салбарт анхаар
Гол санаа: Бодлогын хүү оргил цэгтээ хүрээд буурах нь тодорхой болсон энэ циклд АНУ-ын хувьцаанууд “боловсорч гүйцсэн” байх ёстой. Эдийн засгийн уналтгүйгээр бодлогын хүү буурч байсан 1995, 1998 онуудад АНУ-ын хувьцаанууд жилийн хугацаанд бондуудтай харьцуулахад 20% өсөж байв. Мэдээж хэрэг Америкийн инфляц төсөөллөөс алгуур саарахаар байгаа тул бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдах хүлээлт байна. Гэхдээ хувьцааны шинжээчид ирэх онд компаниудын орлого бараг 12 хувь өснө гэж байна шүү дээ.
Стратеги: Бидний зүгээс гурван стратеги санал болгож байна. Нэгдүгээрт, сүүлийн 20 гаруй жил хөрөнгө оруулалт бага хийгдсэн, мөн АНУ Хятадаас хамааралтай байдлаа бууруулахаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж буйг харгалзан аж үйлдвэрийн салбарын хувьцаанд хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй.
Үүнтэй уялдуулан мөн батлан хамгаалахын салбарын хувьцаанууд авах нь зөв. Украин, Ойрх Дорнод дахь зөрчлөөс үүдэн зэвсэг техникийн эрэлт өсөж байна. Эцэст нь Евро бүсийн үнэлгээ сайтай хувьцаанууд, ялангуяа банкнуудын хувьцааг багцдаа нэмэхийг санал болгож байна.
Том зургаараа: Европын Төв банк Холбооны нөөцийн банкнаас илүү хурдтайгаар бодлогын хүүгээ бууруулахаар байгаа нь зарим хөрөнгө оруулагчид олон улсын хувьцаануудаар багцаа төрөлжүүлэхэд нөлөөлж байна. Гэхдээ олон улсын хувьцаанууд АНУ-ынхтай харьцуулахад хямд мэт харагдавч бодит үнэ цэн хэр их хүртээж чадах нь тодорхойгүй.
Түүхий эдийг сонирх
Гол санаа: Газрын тос болон зарим түүхий эдүүдэд жинхэнэ боломж оршиж байна. Ногоон эрчим хүчний шилжилт явагдсанаар уламжлалт шатах түлшийг сонирхох хүнгүй болно гэж бүгд бодож байгаа. Гэхдээ эрчим хүчний шилжилт бол спортоор яривал 100 метрийн гүйлт биш марафон гэдгийг санаарай. Цахилгаан автомашины хэрэглээ эрчимтэй өсөж байгаа ч газрын тосны эрэлт өдгөө бүх цаг үеийн дээд цэгтээ хүрээд байна.
Стратеги: Түүхэн чиг хандлагыг харвал эрчим хүчний шинэ эх үүсвэр анх нэвтрэхээс хэрэглээнд давамгайлах хүртэлх хугацаа 30-60 жил үргэлжилж байжээ. Нар, салхи, цөмийн гээд бүхий л сэргээгдэх эрчим хүч нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний ердөө 15 орчим хувийг эзэлсэн хэвээр байна. Тиймээс ялангуяа газрын тосыг харвал шатах түлш ойрын хугацаанд орлогдох төлөв алга.
Харин зэс зэрэг түүхий эдийн хувьд сүүлийн 10-аад жилийн турш нийлүүлэлтийн асуудалтай байлаа. СЭХ тэлэх тусам зарим түүхий эд улам ихээр хэрэг болж, эрчим хүчний шилжилтийн зардал огцом өсөхөөр байна. Нарны хавтанд орох хөнгөн цагаан, цэнэг хураагуурт орох зэс гэх мэтчилэн.
Том зургаараа: Хөрөнгө оруулалтын ертөнц хиймэл оюун, технологийн салбар руу хошуурч байгаа ч хөрөнгө оруулалт хангалттай хийгдээгүй цэгүүдэд боломж хангалттай байна. Технологийн салбараас мэдээж ашиг хүртэгсэд их байх ч хөрөнгө оруулагчийн хувьд би нийлүүлэлтийн хомсдолтой салбаруудыг илүүд үзнэ.
Төрийн банкны зэрэглэл
Үнэлгээний Moody's агентлаг Төрийн банк ХК-ийн зээлжих зэрэглэлийг B3 түвшинд хэвээр үлдээж, төлөвийг “тогтвортой” гэж үнэлжээ. Мөн тус банкны зээлийн үзүүлэлтүүд ирэх 12-18 сарын хугацаанд тогтвортой байх төлөвтэй гэж дүгнэсэн бөгөөд үүнд активын чанар нь сайжирсан, мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдахаар байгаа нь нөлөөлөхийг Moody’s онцолсон байна.
SGR давж заалдав
SouthGobi Resources-ийн Монгол дахь 100 хувийн эзэмшилтэй охин компани Southgobi Sands ХХК Татварын Ерөнхий газраас ногдуулсан торгуулийг нэмэгдүүлэх шийдвэрийг давж заалдах хүсэлтээ тус байгууллагын Маргаан таслах зөвлөлд гаргаснаа мэдээлжээ. Өнгөрсөн сард ТЕГ-аас SouthGobi Sands-ийн 2017-2020 оны хоорондох татварын аудитын үр дүнд үнэлгээ хийж, улмаар тус компанид ногдуулаад байсан татварын торгуулийг 75 сая гаруй ам.доллароос 80 сая ам.доллар болгон нэмэгдүүлээд байв.
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй SouthGobi Resources компани нь Өмнөговь аймаг дахь “Овоот толгой”-н нүүрсний уурхайг ажиллуулдаг юм.
Хятадад зориулагдсан хямдрал
Мөнгөө хямгадсаар буй хятад хэрэглэгчдийн татахын тулд тансаг зэрэглэлийн зарим брэндүүд БНХАУ-д бүтээгдэхүүний үнээ урьд байгаагүй түвшинд хямдруулжээ. Хэрэглэгчийн зарцуулалт буурсантай холбоотойгоор зарагдаагүй агуулахын нөөц нь хэтрэх вий гэсэн болгоомжлол компаниудын дунд нэмэгдсэнийг энэ нь харуулж байна.
Тухайлбал, Kering компанийн эзэмшдэг Balenciaga брэндийн алдарт Hourglass цүнхний матрын арьсан загвар Tmall цахим худалдааны платформ дээр 1,947 ам.доллароор зарагдаж буй нь тус брэндийн албан ёсны вебсайт болон бусад платформ дээр зарагдаж буй үнээс 35 хувиар хямд байгаа юм.
Уг чиг хандлага бусад брэндүүдэд ч ажиглагдаж байна. Capri Holdings-ийн Versace, LVMH-ийн Givenchy, Burberry брэндүүд бүгд Хятад улсад үнээ бууруулсан бөгөөд зарим бүтээгдэхүүнийх нь үнэ энэ сард Tmall болон Хятадын бусад платформ дээр 50-иас дээш хувиар буурчээ. Versace болон хэд хэдэн тансаг брэндийн хямдралын хугацаа энэ онд 2023 оныхоос илүү урт үргэлжилж байгааг салбарынхан онцолж байлаа.
Онцлох чарт
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун пуужингийн хөтөлбөртөө их хэмжээний хөрөнгө зарцуулсан хэвээр байна. БНСУ-ын Батлах хамгаалахын сайд Шин Вон Сикийн мэдээлснээр Умард Солонгос зөвхөн өнгөрсөн онд 1 тэрбум гаруй ам.долларын өртгөөр пуужингийн туршилтууд хийсэн аж. Энэ нь Умард Солонгосын эдийн засгийн 4 хувьтай тэнцэхүйц дүн аж. 2022 онд тус улсын эдийн засаг 24.5 тэрбум орчим ам.доллароор хэмжигдсэнийг БНСУ-ын Төв банк тооцоолж байв.
“Пуужингийн өдөөн хатгалгаа үргэлжлүүлэхийн тулд Умард Солонгос ард түмнийхээ зовлон зүдгүүрийг умартаж байна. Туршилтад зарцуулсан мөнгө нь Умард Солонгосыг нэг жилийн турш хүнсний хомсдолгүй байлгахад хангалттай хүрэлцэх мөнгө” хэмээн Шин онцолжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Азийн хэрэглэгчдийн алтны эрэлт энэ онд өндөр хэвээр байх төлөвтэй
БНХАУ автомашины борлуулалтаараа АНУ-ыг ардаа орхилоо
Эцэст нь товчхон
МХБ: Ашид Капитал ББСБ ХК-ийн “Симпл III” бондын хоёрдогч зах зээлийн арилжааг SIII-BD-14/12/25-C0062-18 үсгэн кодтойгоор эхлүүлжээ.
НЗДТГ: Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийв. Энэ онд хотын төсвийн орлогыг 1.1 их наяд, нийслэлийн төсвийн орлогыг 3.15 их наяд төгрөг байхаар нэмэгдүүлэн тооцож тодотголд тусгажээ.
Өнөөдрийн онцлох зураг
БНХАУ-ын Жянсү мужид будааны үрслэг суулгадаг автомат машинаар тутарга тариалж буй нь
STR/AFP/Getty Images