- Business newsletter
- Posts
- 2024/06/14
2024/06/14
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Сүүлийн таван жилийн хугацаанд ураны үнэ 233 хувиар өссөн нь алт болон зэсийн өсөлтөөс гурав дахин илүү үзүүлэлт болжээ.
Жендерийн тэгш бус байдлын индексээр Монгол Улс 2024 онд таван байр ухрав.
Япон, Умард Солонгосын албаныхан өнгөрсөн сард Монголд нууц уулзалт зохион байгуулжээ.
Ураны халуурал
Удаан хугацааны турш ураныг хэн ч тоодоггүй байлаа. 2011 оны Фүкүшимагийн станцын ослын дараа байдал бүр ч дордов. Цөмийн эрчим хүч дахин айдас төрүүлж, реакторуудыг ажиллуулдаг эмзэг мөртлөө үхлийн аюултай түлш болох уран дэлхийн таваарын зах зээлийн арын эгнээ рүү “шидэгдсэн” юм.
Гэтэл уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, ЗГ-ууд атомын цахилгаан станцын үйлдвэрлэдэг нүүрстөрөгчийн ялгаралгүй, тогтвортой эрчим хүч рүү дахин татагдаж эхлэхтэй зэрэгцэн геополитикийн зөрчил эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлснээр ураныг чиглэсэн сонирхол огцом нэмэгдээд байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 61 атомын цахилгаан станцын бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үүн дээр нэмэгдээд төлөвлөлтийн шатандаа яваа 90 АЦС-ын төсөл, яригдаж байгаа дахиад 300 төсөл байна. Мөн олон жилийн өмнө хаагдсан станцуудыг дахин ашиглалтад оруулах төлөвлөгөө ч олширч буй.
Цөмийн эрчим хүчний энэхүү эргэн ирэлтийн цар хүрээ, хурдыг илтгэх хүчин зүйл нь ураны үнийн огцом өсөлт юм. Сүүлийн таван жилийн хугацаанд ураны үнэ 233 хувиар өссөн нь алт болон зэсийн өсөлтийг гурав нугалахаар үзүүлэлт.
Ураны бизнес сонирхол татаж буйн нэг том шалтгаан нь эрэлт, нийлүүлэлтийн зөрүү улам тэлнэ гэсэн хүлээлт аж. БНХАУ, Энэтхэг, Япон, АНУ, Европ дахь ураны эрэлтийн өсөлт нь олборлогч компаниудын нийлүүлэх хурдаас хол илүү байна. Тус салбарын датаг шинжилдэг TradeTech компанийн тооцооллоор 2030-аад оны үед ураны эрэлт нь нийлүүлэлтээ жилд дунджаар 100 сая фунтээр давахаар байгаа аж.
“Хэрэв та цөмийн реактор эзэмшдэг бол танд уранаас өөр сонголт байхгүй. Ураны эрэлт нийлүүлэлтийн зөрүүний хэмжээ ачааны галт тэрэг адил зогсолтгүй давшиж байна” хэмээн Sachem Cove Partners-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Майк Алкин онцолж байлаа.
Жендерийн тэгш эрхээр байр ухрав
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендерийн тэгш бус байдлын индексийн 2024 оны тайланд Монгол Улс 146 орноос 85 дугаарт бичигдэж, өнгөрсөн оныхоос таван байр ухарчээ. Задалж харвал боловсролын салбар дахь жендерийн тэгш байдалд 100 хувийн үнэлгээ авч 21 дүгээрт эрэмбэлэгдсэн бол улс төрийн орчинд харьцангуй тааруу буюу ердөө 10 хувийн үнэлгээ авч, 120 дугаарт жагссан байна.
Тус индексэд сүүлийн 10 гаруй жил тэргүүлж байгаа Исланд улс энэ онд 93.5 хувийн үнэлгээгээр мөн л нэгдүгээрт бичигджээ.
Нууц уулзалт
Тавдугаар сарын дундуур Япон болон Умард Солонгосын албаныхан Монгол Улсад нууц уулзалт зохион байгуулсныг БНСУ-ын JoongAng Ilbo сонин мэдээлжээ. Тодруулбал БНАСАУ-ын Тагнуулын ерөнхий товчооны гурван ажилтан Японы албаныхантай уулзсан аж.
Японы ЗГ 1970-80 оны үед БНАСАУ-ын тагнуулын байгууллагад хулгайлагдсан Япон иргэдийг эх оронд нь эргүүлэн авчрахад Монгол Улсыг зуучлагчаар оролцуулах хүсэлтэй байгааг тус улсын хэвлэлүүд онцолж байлаа. Мөн ирэх наймдугаар сард Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Монгол Улсад айлчилж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа дээрх асуудлаар ярилцахаар төлөвлөснийг мэдээлж байсан юм.
Rolex-т өнгө чухал
Таны бугуйн цагны үнэ цэн өсөх үү, буурах уу? Үүнд цагны тань нүүрийн хүрээний өнгө нэн чухал нөлөө үзүүлэхээр байна.
Хоёрдогч зах зээл дээр Rolex-ийн зөвхөн хүрээнийхээ өнгөөр ялгаатай хоёр загвар ихээхэн зөрүүтэй үнээр зарагдаж буйг Bloomberg Subdial Watch Index харуулж байна. Улаан, хөх өнгийн керамик хүрээтэй учраас “Pepsi” хочтой болсон “Rolex GMT Master II” загварын үнэ өнгөрсөн онд 4.1 хувиар өсөж 21 мянга орчим ам.доллар хүрчээ. Гэтэл мөн хугацаанд “Batman” хочтой, хар, хөх өнгийн хүрээтэй л болохоос яг ижил загварын бугуйн цагны үнэ 10.1 хувиар буурч, 16 мянган ам.доллар болжээ.
Энэхүү хоёр бугуйн цагны ган оосортой хувилбар нь Rolex-ийн дэлгүүрт ижилхэн 10,700 орчим ам.доллароор зарагддаг аж.
Apple, OpenAI ямар тохироо хийв?
Тим Кук тэргүүтэй Apple компанийн удирдлагууд ChatGPT-ийг бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлэхээр болсноо энэ долоо хоногт ил болгосон ч OpenAI компанитай байгуулсан түншлэлийнхээ санхүү талын мэдээллээс огт дурдаагүй юм.
Тэгвэл ойрын эх сурвалжаас авсан Bloomberg-ийн мэдээллээр Apple хиймэл оюунт чатботын интеграцын хариуд OpenAI-д мөнгө төлөхгүй аж. Харин үүний оронд OpenAI-ийн брэнд болон технологийг олон зуун сая хэрэглэгчийнхээ өдөр тутам ашигладаг төхөөрөмжүүдэд нэвтрүүлснээр ямар ч мөнгөн төлөлттэй дүйцэх, эсвэл илүү гарах хэмжээний үнэ цэн бий болгоно гэж үзжээ.
Онцлох чарт
Европын Холбоо ирэх сараас эхлэн БНХАУ-аас импортолсон цахилгаан автомашинд 48 хүртэлх хувийн нэмэлт тариф ногдуулахаар шийдвэрлэснээр талуудын худалдааны зөрчлийг улам хурцатгаж, цахилгаан автомашины үнийн өсөлтөд нөлөөлөх эрсдэл бий болов. БНХАУ-ын зүгээс үйлдвэрлэгчдээ хамгаалахад шаардлагатай бүх хариу арга хэмжээг авахаа мэдэгдээд байна.
Үүнээс гадна дараагийн 10 жилд цахилгаан автомашины борлуулалтын жилийн дундаж өсөлт 29 хувьтай байна гэж Deloitte шинэ судалгаандаа тооцоолжээ.
Цахилгаан автомашины нийт борлуулалт 2025 онд 11.2 сая, 2030 онд 31.1 сая хүрэх ба ингэснээр дэлхий даяарх шинэ автомашины нийт борлуулалтын 32 хувийг цахилгаан автомашин эзэлдэг болох төлөвтэй аж. Мөн 2030 он гэхэд дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн 49 хувийг БНХАУ, 27 хувийг Европ, 14 хувийг АНУ бүрдүүлнэ гэж үзжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Ажиллах хүчний эрэлт хамгийн өндөр барилгын салбарын мэргэжлээр суралцагчдын тоо цөөрсөөр байх төлөвтэй
Холбооны Нөөцийн банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх дохио өгснөөр зэсийн үнэ буурлаа
“Volvo” цахилгаан автомашины үйлдвэрлэлээ БНХАУ-аас Бельги рүү шилжүүлнэ
Эцэст нь товчхон
Сэндли ББСБ ХК нь “СЭНДЛИ 2.0” нээлттэй бонд гаргах зөвшөөрлөө СЗХ, МХБ-ээс авлаа.
Монголбанк: VI сарын 10-ны байдлаар Төв банкны үнэт цаасны нийт үлдэгдэл 9.9 их наяд төгрөг болж, өмнөх сарын эцсээс нэг орчим их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
МХБ: Тавдугаар сард хөрөнгийн биржээр 28.1 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаалагдсан нь өмнөх сараас 1.6 дахин буурсан дүн боллоо.
Говь ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Таванбогд Холдингс ХХК 96 хувьцаа эзэмшигчийн хувьцааг эргүүлэн худалдаж авч, ₮919.3 саяыг хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршуулжээ.
Өнөөдрийн онцлох зураг
Араб үүлдрийн адууны ДАШТ-ий өмнө мориндоо бие халаалт хийлгэж буй сургагч
Nicolas Tucat/AFP/Getty Images