2024/06/13

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Барилгын мэргэжлээр суралцагчид ажиллах хүчний нийт эрэлтийн 40 орчим хувийг л хангахаар байгааг энэ дугаарт онцоллоо.

  2. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд $6-7 тэрбумын санхүүжилт шаардлагатай.

  3. АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ онд нэг л удаа бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн дохио өглөө

Барилгын салбарын ноцтой асуудал

Цар тахлаас хойш эдийн засгийн ихэнх салбарт ажиллах хүчний хомсдол хамгийн том асуудлуудын нэг болоод байгаа. Тэгвэл энэ онд ажиллах хүчний эрэлт хамгийн их байх салбаруудын тэргүүн эгнээнд бичигдэж буй барилгын салбарт нөхцөл байдал бүр хүндрэх төлөвтэй.

Ердөө 40%

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаанаас харвал 2024 онд барилгын салбарт 15.3 мянган ажиллах хүчний эрэлт бий болсноор нийт эрэлтийн 16 хувийг эзлэхээр байгаа аж. Гэтэл дотоодын их, дээд сургуулиудад барилгын чиглэлийн 28 мэргэжлээр 7,601 суралцагч суралцаж байгаа нь эрэлтийн 40 орчим хувийг л хангах боломжтойг Barilga.MN хөнджээ.

Тэр дундаа барилгын туслах ажилчин, мужаан, засалчин, шаварчин, гагнуурчин зэрэг мэргэжлийн сургалтын төвүүдэд голчлон бэлтгэдэг мэргэжлүүдэд хамгийн их хомсдол үүсэхээр байгаа аж.

Ажиллах нөхцөл хүнд, улирлын чанартай, ажлын байр тогтворгүй, цалин бага зэрэг сөрөг ойлголтууд нь залуус барилгын мэргэжлээр суралцахаас татгалзах гол хүчин зүйл болдог. Монголбанкнаас гаргасан хөдөлмөрийн орлого ба боловсролын зөрүүний судалгаанаас харвал барилгын салбарт мэргэжлээрээ ажиллаж буй ажиллагсад 55.3 хувийг эзэлж байгаа бол 25.3 хувийг мэргэжил эзэмшээгүй ажиллагсад бүрдүүлжээ.

Ойрын 5-8 жилд 38 мянган инженер техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай гэсэн БШУЯ-ны тооцоо бий ч монгол залуучуудын ихэнх нь академик боловсрол эзэмшихийг илүүд үзэх хандлагатай болж, мэргэжилд суурилсан боловсон хүчний дутагдал улам даамжрах эрсдэл өндөр байна.

Гадаадаас ажилчин авах уу?

Нэгэнт мэргэжилтнүүдийг дотоодоос хангах боломжгүй нөхцөлд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах шаардлага тулгарна. Гэтэл холбогдох хуулинд “Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь нэг сард гадаадын иргэн бүрт ЗГ-аас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна” гэж заажээ.

Үүн дээр тухайн ажилтны виз, цалин, НДШ, орон байр зэрэг зардлыг нэмж тооцвол гадаадын нэг ажилтан нэг сар ажиллуулахад гарах зардал 7.6 сая төгрөг болж байгааг Barilga.MN тооцоолжээ. Харьцуулбал Монгол Улсын барилгын салбарын дундаж цалин 2,072,900 төгрөг байгаа юм.

Тиймээс барилгын салбарт бий болсон хүний нөөцийн хомсдолыг арилгахын тулд цаашид бодлогын түвшинд энэ асуудлыг авч хэрэгжүүлэх, барилгын салбарт мэргэжилтнүүд бэлтгэж буй боловсролын хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, ААН-үүдийн ажлын үнэлгээг олон улсын жишигт нийцүүлж, өрсөлдөхүйц цалин хөлсний систем бий болгох зэрэг арга хэмжээнүүдийг санал болгосон байна.

Симпл III-ын захиалга дүүрэв

Ашид Капитал ББСБ-ийн гаргасан “Симпл III" бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалга 100 хувь биелж, амжилттай хаагдлаа. Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 мянган ширхэг өрийн хэрэгслийн захиалгад 210 хөрөнгө оруулагч 20 тэрбум төгрөгийн захиалга өгсөн байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зээлийн үйл ажиллагаагаа тэлэхэд зарцуулахаа компанийн Гүйцэтгэх захирал мэдээлж байсан юм.

Дасан зохицоход $6-7 тэрбум

Саяхан батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг 2030 он хүртэл хэрэгжүүлэхэд 6-7 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоог Уур амьсгалын үндэсний хороо гаргасан байна. Санхүүжилтийг бүрдүүлэхэд түнш орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулж хөрөнгө оруулалт татахад анхаарах шаардлагатай байгаа аж.

Зөгнөлт киноны технологи

Лаура Деминг хүний насыг уртасгах технологид өсвөр наснаасаа эхлэн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд элдэв жигтэй, бүтэшгүй гэмээр санаануудаар дүүрэн тус талбарт ялгарч чадаж буй хөрөнгө оруулагчдын нэг болжээ.

Тэрбээр өдгөө венчур хөрөнгө оруулагч байхаа больж, нас уртасгах технологийн хамгийн маргаан дагуулдаг чиглэлээр өөрийн стартапаа байгуулсан байна. Гурван жил нууцаар ажиллуулсан түүний Cradle Healthcare компани нь өвчтөний биеийг хөлдөөж, ирээдүйд тухайн өвчнийг эмчлэх аргыг боловсруулсан үед буцаан амилуулах “крионик” технологийг хөгжүүлэхэд чиглэж байгаа аж.

Судлаачид болон компаниуд крионик технологийг олон арван жил судалж буй ч хэрэглээнд нэвтрэх боломжтой болох хүртэл олон тооны туршилт, нээлт хийх шаардлагатай байгаа юм.

Аварга турбин

Siemens Energy компани 2030 он гэхэд 21 мегаваттын хүчин чадалтай аварга салхин турбин бүтээж, Хятад өрсөлдөгчдөө илүүрхэхээр төлөвлөжээ. Тэр нь компанийн одоогийн 115 метр урт далбан бүхий салхин турбинээс 40 хувиар илүү хүчин чадалтай байх аж. Siemens-ийн салхины эрчим хүчний охин компани нь нийлүүлэлтийн сүлжээний доголдол, үнийн өсөлт зэргээс үүдэн хүндхэн байдалд орсон ч компани БНХАУ-аас бусад орны далайн салхин станцуудад турбин нийлүүлэлтээр тэргүүлсэн хэвээр байгаа юм.

Онцлох чарт

БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс V сард 0.3 хувиар өсөж, дөрөв дэх сардаа дараалан дефляцын бүсээс дээгүүр хадгалагджээ. Харин дэлгүүрийн лангуунд очоогүй байгаа бараа бүтээгдэхүүний үнийн төлөвийг илтгэдэг үйлдвэрлэгчийн үнийн индекс 20 дахь сардаа дараалан хасах утгатай гарсан нь эрэлт талын эрсдэл байсаар байгааг харуулж байна.

Худалдаа талаасаа БНХАУ-ын хөгжингүй орнуудад экспортолсон бараа бүтээгдэхүүн 2023 оны байдлаар нийт экспортынх нь 56 хувийг бүрдүүлж байгаа нь 2014 онтой харьцуулахад 12.5 хувиар буурсан үзүүлэлт аж.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • Жуулчдыг татахад үзэсгэлэнт байгалиас гадна үйлчилгээний чанар, сурталчилгаа чухал. Швейцар үүнийг яаж хийв?

  • Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт эрчимжиж, алдагдал нь $270 тэрбум хүрэв

  • Үнэ нь дээд түвшинд дөхсөн ч Азид алтны эрэлт өндөр хэвээр байна

Эцэст нь товчхон

УЕПГ-ын мэдээлснээр Дүнжингаравын уулзварт гарсан галын улмаас 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ. Галын улмаас ОБЕГ-ын гурван албан хаагч, дөрвөн иргэн нас барж, 35 иргэн эрүүл мэндээрээ хохирсон юм.

НЗДТГ: Метро барих зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниар БНСУ-ын Dohwa Engineering компани болон тус улсын өөр гурван компанийн хамтарсан консорциум шалгарчээ.

ҮСХ: 2024 оны 5-р сард Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9% өсжээ

Өнөөдрийн онцлох зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтод БНХАУ-ын баг БНСУ-ын багт 1:0-ээр ялагдсаны дараа уйлж буй Хятад хөгжөөн дэмжигч

Chung Sung-Jun/Getty Image