- Business newsletter
- Posts
- 2024/06/12
2024/06/12
Powered by:
Гурван өгүүлбэрээр
В.Путиныг “гомдоож ханадаггүй” хийн хоолойн төслийн талаар энэ дугаарт онцоллоо.
ТОП-20 индекст үйлдвэрлэгчдийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 18 хувиар буурчээ.
Хиймэл оюун шинэчлэлүүдийг дэмжих хүлээлт бий болж, Apple-ийн хувьцаа 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өсөв.
Хийн хоолой хий хоосон болов уу?
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард БНХАУ-д айлчлах үеэрээ “Сибирийн Хүч 2” дамжуулах хоолойн төсөл дээр тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй мөн л тохиролцоонд хүрч чадаагүй тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Bloomberg-ийн нийтлэлч Дэвид Фиклингийн нийтлэлийг хүргэж байна.
Дахиад л ганзага хоосон
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзалдах болгонд явж байдаг сүржин үгс, харилцан магтаалын цаана ахлах сургуулийн сэдэвтэй кинон дээр гардаг хайр дурлалын гурвалжин шиг сонсогдох агуулга нуугдаж байдаг.
Дэлхий нийт байгалийн хийгээр нь “өлсөнө” гэдэгт хоёр жилийн өмнө Москва дэндүү итгэлтэй байж, Украин дахь эзлэн түрэмгийллээ үргэлжлүүлэхийн тулд гол үйлчлүүлэгч Европын Холбоог хаяж байлаа. Хятад хэмээх шинэ худалдан авагч нь бэлэн хүлээж байгаа болохоор энэ эрсдэлийг үүрч чадна хэмээн В.Путин тооцоолсон байна.
Гэтэл Ши Жиньпиний бодол өөр байжээ. Түүнээс хойш хоёр удирдагч уулзах бүрд Орос-Хятадын дамжуулах хоолойн хэлцэл хаяанд ирснийг Москвагаас амласан тухай хэвлэлүүд уралдан мэдээлж байлаа. Гэвч тэр болгонд В.Путин ганзага хоосон гэртээ буцсаар байсан юм.
Үнэндээ энэ нь тийм ч гайхаад байхаар зүйл биш. Хятадын байгалийн хийн эрэлт өссөн хэвээр боловч хэрэгцээг нь бүр 2030 он гартал хангалттай бүрдүүлэхээр олон тооны гэрээ хэлцэл аль хэдийн байгуулаад байна. Үүгээр зогсохгүй цэнэг хураагуур, ногоон устөрөгчийг ч боломжит сонголтоор сонирхох болжээ.
Хүндрүүлэх тусам ашигтай
Сүүлд Путин “Умардын урсгал” хоолойг ашиглан Европт дарамт үзүүлэхийг оролдсон шиг эрчим хүчээр дамжуулан барьцаалах аргыг Бээжин сайн мэднэ. Хятадын ЗГ Москватай харилцаагаа ойртуулснаасаа болж Вашингтоны хурц шүүмжлэлд өртөж байхад нөгөө талд Путин хийн хоолойн хэлцэлд гарын үсэг зуруулахын тулд бүр ч арга ядсан буултууд санал болгож буй шинжтэй. Тоглоомыг хүндрүүлэх тусам Ши Жиньпинд ямар үр ашиг ирэх нь харваас илт.
Өнгөрсөн сард Путины Бээжинд хийсэн хоёр өдрийн айлчлал нөхцөл байдлыг бүр ч тодорхой болгож өглөө. Айлчлалын өмнө ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак уламжлал ёсоор хүлээлтийг дэвэргэж байв. Харин айлчлалаас хоосон буцсаныхаа дараа хийсэн Путины өөрийн мэдэгдэл нь илүү эрүүл дүгнэлт гэж болохоор байсан юм.
“Энэ бол ямагт төвөгтэй үйл явц байсаар ирсэн” хэмээн тэрбээр Оросын хэвлэлд ярьсан. Ингэснээр Gazprom компанийн дөрвөн жилийн судалгаа, загварчлалын ажлын эцэст Монголын нутгаар дамжих “Сибирийн хүч 2” хийн хоолойн төслийн анхны төлөвлөгөө цуцлагдсан байх магадлалтай болов. Путины дэвшүүлснээр дээрхийг орлож болох хоёр сонголт нь нэлээд ялгаатай. Эхнийх нь анхны маршрутаараа хоолойг барих боловч нэмэлтээр газрын тосны хоолой зэрэгцүүлэн тавих. Эсвэл Хойд Мөсөн Далайгаар шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) тээвэрлэлтийн шинэ чиглэл бий болгох. Сүүлийнх нь “бараг л хийн хоолойгоос ялгаагүй” хэмээн тэрбээр нэмж дурдсан юм.
Гэхдээ өөдрөг үгс нь Ерөнхийлөгчийн “цаанаа гомдолтой” өнгө аясыг нууж чадсангүй. Дээрх хоёр сонголтын аль нь ч Путины гарын үсэг зурахаар найдсан хэлцэл огт биш.
Орлож чадахгүй хувилбарууд
БНХАУ-ын хэрэглээ барагтаа өсөхгүй байгаа тул газрын тосны шинэ хоолойгоор нэмэлт эрэлтийг хангах магадлал бага. Цахилгаан автомашинууд дизель түлшний зах зээлийг хумьж буйг China National Petroleum мэдээлсэн. Оронд нь ОХУ олон зуун мянган тонн ган хоолойгоор Хятадад газрын тосны нэмэлт эх үүсвэрийн сонголт өгч байгаа хэрэг юм. Томоохон нөхцөл мөргөлдөөн үүссэн нөхцөлд АНУ-аас Сингапур, Малаккийн хоолойг хааж, эрчим хүчний нийлүүлэлтийг нь тасалдуулах эрсдэл бий.
Хоёр дахь хувилбар болох LNG тээвэрлэлтийн чиглэл ч үүнтэй төстэй үр дагавартай. Тэр нь Путины тайлбарлаж байгаа шиг дамжуулах хоолойтой адил гэвэл огт үгүй. Юун түрүүнд хийг шингэрүүлж, дахин хийжүүлэх зардал бий. Дараа нь Америк, Европын ноу-хаугийн хоригийн нөлөөгөөр логистикийн сорилтуудтай тулгарна. Ингэснээр анхны төлөвлөгөөнөөс хамаагүй хүндрэлтэй, үнэтэй тусна. Мөн экспортлох хэмжээ маш бага байх нь мэдээж. “Сибирийн хүч 2” жилд 50 тэрбум шоо метр хий тээвэрлэх зорилготой байсан нь Оросын LNG-ийн нийт экспортоос ч илүү тоо байсан юм.
Дашрамд дурдахад БНХАУ өртгийн хувьд экспортын хийтэй өрсөлдөх чадвар бүхий ногоон устөрөгчийн түлшинд 300 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, бас "Сибирийн хүч 2"-той ижил хэмжээтэй дамжуулах хоолойг Туркменистан руу барих бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй үргэлжлүүлж буй юм.
GIZ, Австралийн хамтрал
Австралийн Элчин сайдын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар 2.4 сая австрали долларын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус төслийн санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүчний салбарын эрэлт хэрэгцээнд тулгуурласан болон практик ур чадварт суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэхэд зарцуулах аж.
Хөрөнгийн захад
"Гонир" ХК, "Бинсэ" ХК-ийн хувьцааг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа
ТОП-20 индекст үйлдвэрлэгчдийн эзлэх хувь хэмжээ буурсаар байна. I улирлын байдлаар зах зээлийн үнэлгээгээр тус индексийн 20.6 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 17.7 нэгж хувиар буурсан үзүүлэлт аж.
СЗХ-ноос Инвескор Эй Би Эс ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, Үнэт секьюритис ХХК-д үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл тусгай зөвшөөрөл олгожээ. I улирлын байдлаар хөрөнгийн захад 16.7 тэрбум төгрөгийн ХБҮЦ арилжаалагдсан нь өмнөх оны үеэс 2.2 дахин өссөн үзүүүлэлт болж байна.
АНУ-аас хурдан, бас хямд
Саяхныг хүртэл цэргийн шинжээчид БНСУ-ын Hanwha Aerospace компанийн зэвсгийг “эртний эдлэл” гэлцдэг байлаа. Гэтэл Украин дахь дайнаас үүдсэн зэвсгийн экспортын огцом өсөлт нь тэдний бодол буруу байсныг батлаад байна.
Гадаадын өрсөлдөгчид нь VI үеийн сөнөөгч онгоц, нисгэгчгүй дрон руу шилжээд байхад БНСУ-ын батлан хамгаалахын гэрээт үйлдвэрлэгч тус компани бараг 50 жилийн турш хуурай замын зэвсгийн үйлдвэрлэлээ тасралтгүй явуулсаар буй. Гэтэл тэдний хуучны загвартай хуягт машин техник, сум хэрэгслийн эрэлт өндөр байгаа нь тус компани зөвхөн богино хугацаанд үйлдвэрлээд зогсохгүй АНУ, Европын Холбооны компаниудыг бодвол илүү хямд үнээр нийлүүлж байгаатай нь холбоотой.
ОХУ Украин руу халдан довтолсноос хойш хоёр жилийн хугацаанд Hanwha-ийн зэвсгийн экспортоос олох орлого 11 дахин өсөж, 1.1 тэрбум доллар хүрснээр тус компанийн нийт зэвсгийн борлуулалтын 26 хувийг бүрдүүлэх болжээ. Мөн хувьцааных нь ханш 350 орчим хувиар өсжээ.
Төв Азийн шинэ холболт
БНХАУ-Киргиз-Узбекистаныг холбосон 523 км төмөр замын бүтээн байгуулалтын төсөл эхлэхэд бэлэн болжээ. 8 тэрбум ам.долларын өртгөөр барихаар тооцоолж буй тус төмөр замын төслийг гурван улсын хамтарсан компани гүйцэтгэх аж. Төмөр зам ашиглалтад орсноор жилд 15 сая тонн ачаа тээвэрлэж, улс хооронд дамжин өнгөрөх хугацаа долоо хоногоор богиносохыг онцолжээ.
Онцлох чарт
BloombergNEF-ийн тооцоолллоор III улиралд олон улсад нийт 10.5 сая удаагийн нислэг үйлдэгдэх хуваарьтай байгаа нь дэлхийн даяар нислэгийн тоо эргэн эрчимжиж буйг харуулж байна. Энэ онд нисэх онгоцнуудын суудал дүүргэлт цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хүрч сэргэснээр агаарын тээвэрт ашиглагдах түлшний хэмжээ оргил цэгтээ хүрэх төлөвтэйг Олон улсын агаарын тээврийн холбооноос онцолжээ.
Энэхүү хөдөлгөөн нөгөө талдаа газрын тосны салбарт өсөлтийн түлхэц болохоор байна. Цар тахлын үед OPEC-ийн орнууд нийлүүлэлтээ хүчээр хязгаарласнаас нисэх онгоцны түлшний хэрэглээ бусад түлшнээс илүү өндөр дүнгээр буурч, удаан хугацаанд энэ үзүүлэлт нь хадгалагдсан юм.
Bloombergtv.mn танд санал болгож байна
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй байна
Газрын тосны үнэ III сараас хойших дээд дүнгээр өслөө
Намууд мөрийн хөтөлбөртөө хиймэл оюунтай холбоотой ямар амлалтууд тусгав?
Эцэст нь товчхон
Изинис Эйрвэйз компани ирэх сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Прага чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэхээр боллоо. Европыг зорих иргэдийн хувьд ийнхүү Франкфуртаас гадна шууд нислэгийн шинэ чиглэл нээгдэж байна.
ГЕГ: 2024 оны эхний таван сарын хугацаанд Монгол Улс 13.9 мянган тонн улаан буудайн гурил импортолсон нь өмнөх оны мөн үеэс 43.9 дахин өссөн дүн боллоо. ЗГ тавдугаар сарын 1-нээс импортын улаан буудайн гурилын гаалийн татварыг тэглэснээс хойш гурилын импортын хэмжээ огцом нэмэгдээд байгаа юм.
Өнөөдрийн онцлох зураг
БНХАУ-ын Фошань хотод болсон Луут завины наадмын үеэр сэлүүрт завьчид нарийн сувгаар уралдаж буй нь
Jade Gao/AFP/Getty Images