- Мөнгөний Урсгал
- Posts
- 2024/06/11
2024/06/11
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Apple компани удаан хүлээлгэсэн хиймэл оюуны функцуудээ танилцуулж, Apple Intelligence платформоо онцлов
Европын Парламентын сонгуулиар хэт барууны намууд хүч түрэн гарч ирлээ.
Намууд мөрийн хөтөлбөртөө хиймэл оюунтай холбоотой ямар амлалтууд тусгасныг энэ дугаарт онцоллоо.

Мөрийн хөтөлбөр ба AI
Хиймэл оюун аж үйлдвэрийн шинэ хувьсгалын замыг засаж, энэ чиглэлийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хүртэгсэд нь эхнээсээ их наядаар хэмжигдэх үнэлгээтэй компани болцгоож байна. Яваандаа эдийн засгийн бүх салбарт хиймэл оюун ашиглагддаг болох энэ их шилжилтийн дунд далайд гарцгүй Монгол Улс логистикийн саадыг давж, эдийн засгаа төрөлжүүлэх боломж оршиж байж ч мэднэ.
Тэгвэл өчигдрөөс сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлээд байгаа улс төрийн намууд инновац, тэр дундаа их өгөгдөл, хиймэл оюуны потенциалыг дутуу үнэлээгүй нь тэдний мөрийн хөтөлбөрөөс харагдаж байна. Ингээд зарим нам, эвсэл хиймэл оюуны чиглэлийн ямар амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө багтаасныг харцгаая.
Монгол Ардын нам
Эрх баригч намын хувьд хиймэл оюун, их өгөгдөлд суурилан төрийн бүтээмж, төр, бизнесийн харилцааг сайжруулахад голлон төвлөрчээ. Тухайлбал төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хүний оролцоогүй, хиймэл оюуны тусламжтайгаар хүсэлт шийдвэрлэх чадавх бүхий “ухаалаг E-Mongolia” системийг хөгжүүлэхээс гадна хиймэл оюун, төрийн их өгөгдлийн шинжилгээ хийх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулна хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
Мөн аливаа контентын жинхэнэ эсвэл хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эсэхийг тодорхойлох, байгууллагын болон иргэний нэр хүндэд халдах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх систем бүрдүүлэх аж.
Бодит байдал
McKinsey & Co-ийн судлаачдын төсөөллөөр хиймэл оюун жил бүр дэлхийн эдийн засагт 4.4 их наяд ам.долларын үр ашиг шингээхээр байгаа аж. Тэгвэл Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргадаг Хөдөлмөрийн бүтээмжийн индекст монголчуудын ажилласан нэг цагт ногдох ДНБ-ий хэмжээ 13.67 ам.доллар буюу манай улс Намиби, Венесуэль, БНХАУ, Молдав, Палестин зэрэг улсуудтай мөр зэрэгцэж, жагсаалтын дунд хэсэгт бичигдэж байна.

Ардчилсан нам
Харин Ардчилсан нам хиймэл оюуны боломжит хэрэглээг эдийн засгийн салбаруудад илүү нарийвчлан тусгаж, use case-үүдийг багтаасан байна. Тухайлбал багшийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, гэрийн даалгавар болон үнэлгээг бүрэн автоматжуулах, хиймэл оюун ухаанд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих платформуудыг нэвтрүүлэх зэрэг амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө оруулжээ.
Үүнээс гадна аялал жуулчлал, ХАА-н салбарын үйл ажиллагааг сайжруулах хиймэл оюун ухаанд суурилсан платформ нэвтрүүлэхээр тусгасан байна.

Facebook 2024 оны 4-р сарын байдлаар 3 сая монгол хэрэглэгчтэй гэсэн тоо гарсан. Тэгэхээр Монголын 3 сая хүний дата АНУ-ын Meta компанид байна гэсэн үг. Тэр 3 сая хүн юу сонирхдог, ямар боловсролтой, ямар ямар ресторанаар үйлчлүүлдэг гэхчлэн бүх мэдээлэл байгаа. Хэнд дата байна, тэр хүн эрхшээх, удирдах боломжтой гэдэг.
Хуурамч мэдээллийн хувьд, хиймэл оюун ашиглаад, том сервер ашиглаад маш олон контентыг нэг доор үүсгэж байгаа. Үүнийг мэдэх боломжтой. Мэдэхийн тулд эргүүлээд хиймэл оюун ашиглана. Жишээ нь программчлалын мэдлэггүй хүн ч ашиглах боломжтой үнэгүй, онлайн үйлчилгээнүүд бий болсон. Мөн олон нийтэд нээлттэй кодууд байгаа. Хүссэн нь тэдгээрийг аваад, монгол аппликейшн хүртэл хийх боломжтой болсон.
ХҮН нам
Цахим үндэстэн болж, тэргүүлэх технологиудыг нэвтрүүлэх бааз суурийг бүтээхээ ХҮН нам амлажээ.
Мэдээлэл технологи, судалгаа, инновацын үйл ажиллагаа эрхлэх татваргүй чөлөөт бүсийг бий болгоно.
Хиймэл оюун, блокчейн зэрэг шинэлэг технологиудыг эзэмших ур чадварыг хүүхэд залууст олгох хичээлийг мэргэжлийн их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт тусгаж, багшлах боловсон хүчийг бэлтгэнэ.
Үндэсний эвсэл
Эцэст нь Монголын ногоон нам, МҮАН-ын хамтарсан Үндэсний эвсэл “Монгол оюун” нэртэй мэдээллийн технологийн экосистем байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
“Монгол оюун” төвийг байгуулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, инновац болон арилжааны үйл ажиллагааг дэмжих төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгоно.
Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, логистик, төв суурин газрын менежментийн зэрэг салбарт робот техник, автоматжуулалтыг нэвтрүүлэхэд шаардлагатай экосистем болох “Робот техник, автоматжуулалтын хөгжлийн үндэсний төв”-ийг байгуулна.
УБ-ын инфляц
2022 оны мөн үед 16.2 хувьтай байсан Улаанбаатар хотын инфляц сүүлийн 24 сар дараалан буурч, тавдугаар сарын дүнгээр 5.6 хувьтай гарсан байна. Нийслэл хотод хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 94 бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас өсжээ. Үнийн өсөлтөд гол жин дардаг гурван бүлгийн бүтээгдэхүүний үнийг авч үзвэл АИ-92 шатахууны үнэ тогтвортой, харин I гурилын үнэ 2454 төгрөг болж, 2023 оны мөн үеэс 9 хувиар өссөн байна.
АмЧам-ын шаардлага
Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зарим гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийн асуудлаар УИХ, ЗГ-т хандан мэдэгдэл гаргажээ. Тодруулбал Наран Мандал Энтерпрайз ХХК-ийн Баянхонгор аймагт байрлах "Цагаан цахир" төслийн үйл ажиллагааг түр зогсоох тухай акт гарсан, мөн Монполимет группын охин компаниудын дансыг царцаасан зэрэг явдал нь ЗГ-ын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг дэмжин ажиллах зарчимтай нийцэхгүй байгааг буруушааж, даруй арга хэмжээ авахыг шаардсан байна.
Хэт барууны сэргэлт
Европын Парламентын сонгуульд Эммануэль Макрон, Олаф Шольц нар томоохон ялагдал амсаж, цагаачлал болон уур амьсгалын санаачилгуудын эсрэг хатуу бодлого уриалдаг хэт барууны намууд өндөр амжилттай оролцлоо. Францад Марин Ле Пений “Үндэсний хөдөлгөөн” нам (Rassemblement National) 32 хувийн саналаар ялалт байгуулсан бол Макроны “Сэргэн мандалт” нам 15 хувийн саналаар удаалав.
Сонгуулийн үр дүн гарсны дараа Эммануэль Макрон БНФУ-ын Үндэсний Ассемблейг тарааж, дотоодын парламентын ээлжит сонгуулийн товыг наашлуулан энэ сарын сүүлээр явуулах гэнэтийн шийдвэр гаргалаа. Улс төрийн маш том мөрий гэгдэж буй энэхүү алхмаа тэрбээр “итгэлд суурилсан үйлдэл” хэмээн тайлбарласан бөгөөд “Өөрсдөдөө болон ирээдүй хойчдоо хамгийн оновчтой сонголтыг хийх Францын ард түмний чадавхид итгэж байна” гэжээ.

Харин ХБНГУ-д Канцлер Олаф Шольцын “Социал Демократ” нам нийт саналын тоогоор гуравдугаарт бичигдэж, урьд байгаагүй тааруу үзүүлэлттэй оролцсон байна. Германы Консерватив эвсэл 30 хувийн санал авснаар Европын Холбоонд олонхын статусаар улсаа төлөөлөхөөр болсон бол хэт барууны “AfD” нам сонгогчдын 14 хувийнх нь дэмжлэгийг авч удаалжээ. Гэхдээ хэт барууны намууд ийнхүү цойлсон ч Европын Холбооны хэмжээнд нэгдсэн үр дүнгээр төвийн намууд олонхоо хадгалах нь тодорхой болжээ.
Уурхайн компаниуд ба өндөр төсөв
Уул уурхай, эрчим хүчний компаниуд дунджаар 15-20 хувийн төсвийн илүү зарцуулалттай ажиллаж байгааг менежментийн зөвлөх компани Bain & Co-ийн судалгаа харууллаа. Энэ хэвээрээ үргэлжилбэл эрчим хүчний шилжилттэй холбоотой төслүүд 2030 он хүртэл жил бүр 1.5 тэрбум ам.долларын илүү зарцуулалт гаргах эрсдэлтэй аж.
Иймд төслийн төсөв, хугацааг хэтрүүлэхгүйн тулд санхүүгийн удирдлагын уламжлалт арга барилаа эргэн харах шаардлагатай байгааг тус компани анхааруулжээ.

Онцлох чарт
АНУ-ын тавдугаар сарын ажил эрхлэлтийн үзүүлэлт шинжээчдийн таамгаас давж өссөнийг мэдээллээ. Ингэснээр Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ хэдэн удаа бууруулах талаар эдийн засагчид хуваагдмал байр суурьтай болов. Bloomberg-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн 41 хувь нь тус банк энэ онд “Бодлогын хүүгээ хоёр удаа бууруулна” гэж үзэж байгаа бол мөн л 41 хувь нь “Нэг удаа эсвэл огт бууруулахгүй” гэж таамаглажээ.

Холбооны нээлттэй зах зээлийн хороо өнгөрсөн оны долоодугаар сараас хойш бодлогын хүүгээ сүүлийн 20 жилийн дээд түвшинд хэвээр хадгалж байгаа юм. 2023 оны хоёрдугаар хагаст инфляц огцом буурсан нь энэ онд бодлогын хүүг аажмаар бууруулна гэсэн хүлээлт зах зээлд бий болгосон ч 2024 он гарсаар инфляц дорвитой буураагүй тул зах зээлийн энэхүү хүлээлт хойшлоход хүрээд байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Rio Tinto-ийн охин компани Richards Bay Minerals Өмнөд Африкт сэргээгдэх эрчим хүчний гэрээ байгуулав
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд СЕХ үнэмлэх гардууллаа
Perplexity AI хайлтын системийн шинэ функц оюуны өмчийн маргаан дагуулж байна
Эцэст нь товчхон
ҮСХ: Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2024 оны IV сард 155.3 болж өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурчээ. Мөн экспортын үнийн индекс 178.9 хувь болж, өмнөх оны мөн үеэс 12.2 хувь буурахад молибденийн хүдэр болон баяжмалын үнийн уналт голлон нөлөөлсөн байна.
Өнөөдрийн онцлох зураг
Дэлхийн II дайнд оролцсон Америкийн ахмад дайчин, 100 настай Харольд Теренс 96 настай Франц сүйт бүсгүйтэйгээ хуримаа хийж байгаа нь

Win McNamee/Getty Images
