- Business newsletter
- Posts
- 2024/06/10
2024/06/10
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Trafigura ба $1.7 тэрбумын асуудал
Түүхий эдийн арилжааны аварга, Монголд ч газрын тосны бизнестэй Trafigura Group-ийн санхүүгийн жилийн эхний хагасын тайлан өнгөц харахад хэвийн боловч цаана нь хачирхалтай баримт нуугджээ. Юу гэвэл компанийн үйлчлүүлэгчдийн багагүй хэсэг нь төлбөрөө төлөхөө больсон байна.
“Шүдний өвчин”: Хугацаа хэтэрсэн авлага
III сарын эцсийн байдлаар Trafigura таваарын арилжааны зээлдэгчдээс нийт 10.5 тэрбум ам.долларын авлагатай байгаагаа санхүүгийн хагас жилийн тайландаа дурджээ. Жил бүр олон зуун тэрбум ам.долларын газрын тос, байгалийн хий, металл арилжаалдаг томоохон тоглогчийн хувьд энэ нь тийм ч ноцтой тоо биш.
Гэхдээ энэ удаа тэдгээр зээлдэгчдийн ихээхэн хувь нь хугацаа хэтэрсэн өртэй болсонд гол асуудал байна. Тодруулбал нийт авлагынх нь 15.8 хувийнх нь хугацаа 60-аас дээш хоногоор хэтэрсэн байгааг компани тайландаа мэдээлсэн нь өмнөх хагас буюу есдүгээр сарын эцсийн үзүүлэлтээс бараг гурав дахин өндөр хувь юм. Өөрөөр хэлбэл хугацаа нь 60 хоногоор хэтэрсэн авлагын хэмжээ нь 1.66 тэрбум ам.доллар болж, зургаан сарын өмнөхөөс 594 сая ам.доллароор өсжээ.
"Түүхий эдүүдийн үнэ доод цэгтээ хүрээгүй байна. Энэ нь импортлогч орнууд хугацаандаа төлбөрөө төлөхгүй байх асуудлуудтай тулгарсаар байна гэсэн үг. Мөн бодлогын хүү өндөр байгаа нь бидний зарим хэрэглэгчдэд нөлөө үзүүлж байна" гэж Trafigura компанийн Санхүү хариуцсан захирал тайлбарлажээ.
“Бяцхан” Монгол хамаатай юу?
Aвлага nнь ийнхүү огцом өссөнийг тайлбарлах нэг учиг нь Монголд байж магадгүйг Bloomberg-ийн шинжээчид онцолсон байна. Trafigura Монгол дахь газрын тосны бизнестэйгээ холбоотойгоор олон сая ам.долларын алдагдал хүлээж магадгүйг хоёрдугаар сард бид мэдээлж байв. Тухайн үед компани Монгол дахь газрын тосны бүтээгдэхүүний үйлчлүүлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг тохиролцохоор болсон тухайгаа мэдэгдэж байлаа.
Монголын газрын тосны зах зээлийн “өчүүхэн” хэмжээтэй харьцуулбал компанийн хүлээж болох алдагдал асар том байсан юм. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдах газрын тооцоолсноор Монгол Улсын газрын тосны хэрэглээ 2022 оны байдлаар өдөрт 35 мянган баррель буюу одоогийн үнээр жилийн 1 тэрбум орчим ам.доллар аж.
“Дэлхийн газрын тосны зах зээлийн томоохон компанийн өнцгөөс харвал Монгол Улс бол зах зээлд харьцангуй жижиг тоглогч. Trafigura-ийн санхүүгийн тухайд бидний мэдээлж байгаачлан Монголд хамгийн муугаар бодоход олон зуун сая ам.долларын алдагдал хүлээх нь. Компанийн хувьд энэ нь зохицуулж болохуйц хэмжээний алдагдал. Тэд өнгөрсөн жил 7.5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан шүү дээ. Гэхдээ л Монгол шиг жижиг зах зээлд ийм хэмжээний алдагдал хүлээх нь тааламжтай зүйл яавч биш”
Ашиг буурав
Trafigura-ийн бусад гол үзүүлэлтийг товчхон дурдвал компанийн ашиг санхүүгийн эхний хагас жилд 73 хувиар буурч, 2020 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Энэ нь таваарын арилжааны бизнесээс олох ашгийн огцом өсөлтийн цикл дуусаж буйг илтгэж байна.
Цэвэр ашиг нь 1.4 тэрбум ам.доллар болж буурахад компанийн төвлөрдөг эрчим хүч болон металлын зах зээлд үнийн хэлбэлзэл тогтворжсон нь голлон нөлөөлжээ. Цар тахал болон ОХУ, Украины зөрчлөөс үүдсэн түүхий эдүүдийн үнийн огцом савлагаа нь таваарын арилжаанд оролцогчдын ашиг цойлоход нөлөөлж байв.
Симпл III
Ашид Капитал ББСБ ХХК-ийн гаргаж буй "Симпл III” бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэлж, эхний өдрөө 159 хөрөнгө оруулагчаас 10.2 тэрбум төгрөгийн захиалга авлаа. Өмнө нь I, II транчийн бондоо гаргасан тус компани энэ удаад нэг бүр нь 100 мянган төгрөгийн үнэ бүхий 200 мянган ширхэг өрийн хэрэгсэл гаргаж, нийт 20 тэрбум төгрөгийг татахаар төлөвлөжээ.
Биет хэмжээ өссөн ч орлого…
Оны эхний таван сарын байдлаар нийт 31.7 сая тонн нүүрс экспортолж, биет хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 37.3 хувиар өссөн байна. Харин экспортын үнийн дүнгийн хувьд 3.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны эхний таван сарынхаас 180 сая орчим ам.доллароор л өссөн дүн болж байна. Тодруулбал 2023 оны ижил хугацаанд 23.1 сая тонн нүүрсийг 3.6 тэрбум ам.доллароор экспортолж байсан юм.
Нүүрсний экспортын биет хэмжээний эерэг төлөвт тулгуурлан экспортын орлогын төсөөллөө нэмэгдүүлэх нь учир дутагдалтайг эдийн засагчид анхааруулсаар байгаа.
34 хувь нь Төрд
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг Төр үнэ төлбөргүй эзэмшихээр тогтоолын төсөлд тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна. Тогтоол батлагдвал 2014 онд батлагдсан Төрийн хувь эзэмшил 0 байх тухай УИХ-ын тогтоол хүчингүй болох юм.
Монголын алт (МАК) ХХК нь 2001-2008 онд тус ордод өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуул хийж, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө баталгаажуулсан бөгөөд 2014 он хүртэлх хугацаанд тус ордод 323.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Жинхэнэ амралт гэж юу вэ?
АНУ, Канадын 2,300 ажил эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар тэдний 68 орчим хувь нь амралтаа авсан үедээ ч ажлаа хийсээр байдаг гэсэн үр дүн гарчээ. Цахим сургалтын Elvtr платформын 2023 онд явуулсан тус судалгаанд оролцогсдын мөн талаас илүү нь буюу 57 хувь нь амарч байх үедээ мэйлээ шалгахгүй л бол сэтгэл амардаггүй хэмээн хариулсан байна.
“Хүмүүс шаардлагагүй байхад ажилдаа оролцож амралтаа тасалдуулах нь их байдаг. Ажилдаа анхаарахгүй л бол болохгүй гэсэн түгшүүрийн мэдрэмж бидэнд суучихсан” хэмээн цагийн менежментийн зөвлөх Келли Нолан өгүүлж байлаа.
Бидний олонх нь тэр бүр ажлаасаа бүрэн хөндийрч чаддаггүй хэвээр байна. Тиймээс сэтгэл зүйч, цагийн менежментийн зөвлөхүүд, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн боловсруулсан “Үр дүнтэй амрах 5 арга"-ыг танд хүргэе.
Онцлох чарт
Дэлхий нарны эрчим хүчний үйлдвэрлэл энэ онд дахин шинэ дээд цэгтээ хүрэх төлөвтэй. BloombergNEF-ийн төсөөллөөр 2024 онд 585 гигаваттын хүчин чадал бүхий нарны модуль нэмж суурилуулагдахаар байгаа нь өмнөх оныхоос бараг 30 хувиар өндөр үзүүлэлт аж.
Мөн тус салбарын тэлэлт зөвхөн суурилуулалтаар хязгаарлагдахгүй бөгөөд үнэ цэнийн сүлжээг бүхэлд нь авч үзвэл 1,100 гигаваттын боломжит хүчин чадал бий гэж тооцоолжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
“Saudi Aramco”-ийн нэмэлтээр санал болгосон хувьцаа $11.2 тэрбумыг татах төлөвтэй
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр I улиралд 127 удаагийн ₮2.48 их наядын арилжаа хийгджээ
Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд эхний 10-т бичигдэж байна
Эцэст нь товчхон
МХБ: VI сарын 7-ны өдөр Монгол Улсаас экспортод гаргах хайлуур жонш биржээр анх удаа амжилттай арилжаалагдав. Монголросцветмет ТӨҮГ-ын 4,355 тонн хайлуур жоншны баяжмал 1.5 сая ам.доллароор зарагджээ.