- Business newsletter
- Posts
- 2024/06/07
2024/06/07
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчилж магадгүй.
BI: Хэрэглэгчдийн ердөө 7 хувь нь шинэ гар утас сонгохдоо хиймэл оюуны функцийг чухалчилж байна.
Симпл III бондын анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ.
Хуванцар хаягдлаар толгой цохив
2015 оны Парисын хэлэлцээрээр Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээгээ 22.7 хувиар бууруулах амлалт өгч, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээвэр зэрэг эдийн засгийн гол салбаруудад бодлогын арга хэмжээгээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах амбицтай зорилт тавьсан билээ.
Тэгвэл НҮБ Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээний шинэ тайландаа уур амьсгалын өөрчлөлт, бохирдол, түүнээс үүдэх гамшгийн эрсдэлийн нөхцөл байдлыг дараах байдлаар дүгнэсэн байна.
Жилд 137 кг хаягдал
Монгол Улс сүүлийн 70 жилийн дэлхийн дунджаас бараг гурав дахин өндөр эрчтэй дулаарч байгаа төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улсуудын нэгт тооцогдож буйг тус шинжилгээнд анхааруулжээ. Мөн Монгол Улс нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын дөнгөж 0.1 хувийг бүрдүүлж байгаа ч нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт 21 тонн байгаа нь дэлхийд дээгүүр орох үзүүлэлт аж.
Үүнээс гадна санаа зовоох өөр нэг үзүүлэлт байгаа нь нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд эхний 10-т Монгол Улс багтаж байна. “Каритас” байгууллагын явуулсан дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаагаар нэг хүн жилд дунджаар 137.58 кг хуванцар хог хаягдал ялгаруулдаг аж.
Тоо юу харуулж байна вэ?
Дээр дурдсанчлан Монгол Улсын нүүрстөрөгчийн ул мөр их байгаагийн томоохон шалтгаан нь газар ашиглалтын өөрчлөлт болохыг НҮБ тайландаа мөн онцолжээ. Улсын нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 44 хувь нь газар ашиглалтаас эх авдаг бөгөөд энэ нь цөлжилт, ой мод устах, хортон шавж өсөж үржих зэргээр илэрч буй аж.
Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадалд СЭХ-ний эзлэх хувь 18.2 байгаа бөгөөд үүнийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч эрчим хүчний бага тариф, нар, салхины эх үүсвэрээс сүлжээнд нийлүүлэх үнэ өндөр байгаа нь сорилт болсоор байна.
Тайланд дүгнэхдээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаа, сорилт бэрхшээлийг даван туулах тогтвортой, шинэлэг шийдэл олоход залуучуудын хүчийг ашиглах нь чухал болохыг тодотгожээ. Байгаль орчны боловсрол олгох хөтөлбөрийг сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгаж, байгаль орчны бодлого боловсруулах үйл явцад залуучуудыг татан оролцуулах зэргээр энэ чиглэлд анхаарах хэрэгтэй гэж үзсэн байна.
Кишида Монголд айлчилна
Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх наймдугаар сарын эхээр Монгол Улсад айлчлахаар төлөвлөжээ. Хоёр улсын хооронд 2016 онд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрт суурилан Японы Монгол дахь хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмалын худалдааг өргөжүүлэх яриа хэлэлцээ тус айлчлалын хөтөлбөрт багтах магадлалтай аж.
Мөн тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, 1970, 1980-аад оны үед Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийг эх оронд нь авчрах асуудлаарх зогсонги байдалд ороод буй яриа хэлэлцээг сэргээхээр зорьж буйг Kyodo News агентлаг мэдээлжээ.
Бонд ба төсвийн тодотгол
Тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан 500 тэрбум төгрөгийн Нийслэл бондыг СЗХ бүртгээд байгаа. Бондтой холбоотойгоор нийслэлийн энэ оны төсөвт тодотгол хийхээр байна. Дотоодод гаргах бондын 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх, 150 тэрбум төгрөгийг авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлах ажилд зарцуулах юм.
Үүнээс гадна гадаад зах зээлд мөн бонд гаргахаар төлөвлөсөн ч одоогоор хэмжээ нь тодорхойгүй байгаа бөгөөд Засгийн газрын өрийн дээд хэмжээтэй уялдуулан тогтоохоор байгааг мэдээллээ.
Хоногийн газрыг өдөрт
Эх газрын Хятадтай харилцаагаа нягтруулахыг зорьж буй Хонконг “Хонконг-Бээжин”, “Хонконг-Шанхай” чиглэлд хоёр дахин богино хугацаанд аялах өндөр хурдны унтлагын галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлэх гэж байна.
Галт тэрэг зургаадугаар сарын 15-аас эхлэн Даваагаас Баасан гарагуудад хуваарьт үйлчилгээнд гарах юм байна. Ингэснээр өмнө нь Хонконгоос Бээжин рүү зорчиход бүтэн хоног зарцуулагддаг байсан бол одоо аяллын хугацаа богиносож 12.5 цаг болж байгааг Хонконгийн төмөр замын оператор MTR мэдээлжээ. Мөн Шанхай чиглэлийн аялал 19.5 цагаас 11 цаг болж богиносох аж.
Үнийн хувьд Бээжин чиглэлийн тасалбар 120 ам.доллар, Шанхай руу зорчих тасалбар 87 ам.долларын үнэтэй байх бөгөөд унтлагын бүхээг сонговол үнэ нь нэмэгдэх аж.
Nvidia-ийн өсөлт саарахгүй
Хамгийн сүүлд 2002 онд буюу анхны iPhone гарахаас таван жилийн өмнө л Nvidia компани Apple-аас өндөр үнэлгээтэй байлаа. Тухайн үед хоёр компанийн үнэлгээ аль аль нь 10 тэрбум ам.доллар хүрээгүй байв.
Зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларын босгыг давсан дэлхийн гурав дахь компани болж, мөн үнэлгээгээрээ Apple-ийг ардаа орхисон Nvidia-ийн хувьцааны ханш цаашид ч үргэлжлэн өсөх орон зай байгаа гэж олон хөрөнгө оруулагч үзэж байна. Тухайлбал энэ долоо хоногт Bank of america-ийн шинжээчид Nvidia-ийн нэгж хувьцааны ханшийн зорилтот түвшнийг дахин өсгөж 1500 ам.доллар болгосон юм.
Онцлох чарт
Siri илүү ухаалаг болчихвол хүмүүс шинэ iPhone-ийг худалдаж авахаар шуурах болов уу? Магадгүй үгүй байх. Bloomberg Intelligence саяхан АНУ-ын 568 хэрэглэгчийн дунд судалгаа явуулахад тэдний ердөө 7 хувь нь дараагийн утсаа сонгохдоо хиймэл оюуны функцийг нь голчлон харна гэжээ. Харин үеийн үед үргэлжилсэн шүдний өвчин болох гар утасны цэнэгээ барих хугацаа (45%), үнэ (40%) хамгийн чухал хүчин зүйлс хэвээр байна.
Мөн хэрэглэгчид “инфляц болон бүтээгдэхүүний өндөр чанар”-ын ачаар өдгөө гар утсаа өмнөхөөсөө илүү удаан хугацаанд хэрэглэдэг болсныг судалгааны үр дүн харуулжээ. Apple-ийн хувьд таатай нэгэн мэдээлэл байгаа нь iPhone хэрэглэгчдийн үнэмлэхүй олонх нь утсаа сайжруулахдаа тус компанид үнэнч хэвээр үлддэг буюу 94 хувь нь дахин iPhone авдаг байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
БНХАУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудаа дэмжих сангийн хөрөнгө оруулалт $47.5 тэрбумаас давах төлөвтэй
BNEF: Цахилгааны автомашины зах зээлийн өсөлт үргэлжилж, энэ онд 16.7 сая нэгж борлуулагдана
Монгол гэрийн экспортын ирээдүй - Инновац шингээж, материалыг нь сайжруулах шаардлага тулгамдаж байна
Эцэст нь товчхон
ЕТГ: “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг ашиглалтад хүлээн авлаа. Тус станц нь Мардай, Тамсаг, Төмөртэй зэрэг томоохон орд газруудын эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
ЗТХЯ: Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр оны эхний таван сард 50.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 27.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тэр дундаа зөвхөн тавдугаар сард 11.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 55.9 хувиар илүү хэмжээ болж байна.
Өнөөдрийн онцлох зураг
Швейцарын A1 хурдны зам дээр тус улсын нисэх хүчний сөнөөгч онгоцыг түлшээр цэнэглэж буй нь
Fabrice Coffrini/AFP via Getty Images