- Business newsletter
- Posts
- 2024/06/06
2024/06/06
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Монгол гэр уул уурхайн бус экспортын чухал хэсэг болох боломжтойг энэ дугаарт онцоллоо.
Jade Gas байгалийн хийн төслийн туршилтын хөтөлбөрөө алгасаж, үйлдвэрлэлийн цооногийн ажлуудаа эхлүүлэхээр болжээ.
Nvidia компанийн үнэлгээ $3 их наяд давж, Apple-ийг ардаа орхилоо
Монгол гэрийн экспорт
2023 оны Олон улсын худалдааны төв (ITC)-ийн Уул уурхайн бус экспортын тэргүүлэх салбарын Үндэсний экспортын стратегид экспортын төрөлжүүлэлтийг дэмжих өндөр боломж бүхий салбарт мах, махан бүтээгдэхүүн, ноолуур, ноолууран хувцас, жимсгэнэ, хушны самар, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг оруулсан байна.
Түүнчлэн Үндэсний экспортын стратегид мэдээллийн технологи, адал явдалт болон соёлын аялал жуулчлалыг экспортын үйлчилгээний гол салбар хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж: НҮБ-ын тайлан
Тэгвэл хөдөлмөр их шингээдэг, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр сайтай уул уурхайн бус салбарын экспортод чухал байр суурь эзлэх боломжтой нэгэн “битүү морь” нь монгол гэр болж байна.
Тоо юу харуулж байна вэ?
ГЕГ-ын статистикаас харвал оны эхний дөрвөн сард Монгол Улс 2,088 ширхэг монгол гэр экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.4 дахин өссөн үзүүлэлт болж байна. Экспортын тоо хэмжээ ийнхүү огцом өссөн ч мөнгөн дүн 366.8 мянган ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 60 гаруй хувиар буурсан дүн болжээ.
Өмнө нь голчлон сийлбэртэй, тансаг хийцтэй гэр экспортолдог байсан бол сүүлийн үед энгийн хийцтэй монгол гэр олон тоогоор гаргах болсон нь орлого буурсан нэг шалтгаан болохыг тус салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэлж байв.
Зураг: Yourte Nomade-Lodge
Монгол Улс сүүлийн байдлаар дэлхийн 30 орчим улс руу гэр экспортолж байгаагаас он гарсаар Португал улс руу хамгийн олон буюу 1,888 ширхэгийг гаргажээ. Түүнчлэн одоогоор монгол гэр үйлдвэрлэдэг 250 орчим аж ахуйн нэгж, 100 гаруй хувиараа бизнес эрхлэгч нь жилд 14-15 мянга орчим гэр үйлдвэрлэдгээс 50 орчим хувь нь буюу 7,000-8,000 нь дотоодын зах зээлд борлуулагддаг байна.
Ямар саадууд тулгардаг вэ?
Мод, эсгий, тээвэрлэлтийн өртөг зэргээс шалтгаалан монгол гэрийн үнэ жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ онд дотоодын зах зээлд таван ханатай энгийн монгол гэр 3 сая төгрөгөөс дээш үнэтэй байгааг салбар холбооноос мэдээлж байв. Тэгвэл одоогоор дотоодын ихэнх үйлдвэрлэгчид гадаадын зах зээлд бие даан нийлүүлэх боломжгүй, дундын зуучлагчдад найддаг аж. Тиймээс бүтээгдэхүүнд шингэсэн нэмүү өртгийн багагүй хувь нь тэдгээр зуучлагчдад ногддог байна.
Мөн монгол гэр нь овор ихтэй ачаа болдог тул тээвэр логистикийн асуудал хүндрэл учруулдаг. Тухайлбал АНУ руу гэр худалдахад Эрээн, Тяньжинаар дамжин дунджаар хоёр сар гаруйн хугацаа зарцуулдаг болохыг Ашид Гэр ХХК мэдээлж байлаа.
Жижиг, дунд бизнес эрхлэгчид дэлхийн зах зээлд цахимаар бүтээгдэхүүнээ танилцуулахад элчин сайдын яам зэрэг байгууллагууд дэмжиж өгвөл бизнес эрхлэгчид дундын зуучлагчгүйгээр дундаж гэрийг 7000-8000 ам.доллар буюу 2-3 дахин өндөр үнээр борлуулах бүрэн боломжтой.
Эцэст нь монгол гэр үйлдвэрлэхэд ашигладаг материалын онцлог, чанар нь сорилт болдог байна. Тодруулбал чийглэг дулаан уур амьсгалтай орнуудын цаг уурын нөхцөл, хүмүүсийнх нь амьдралын хэв маягт тохируулан гэрийн уламжлалт хийцийг бага зэрэг өөрчилж, мод, эсгий зэргийг нь илүү удаан эдэлгээтэй, чанартай материалаар бэлтгэх шаардлага тулгардаг аж. Монголд түгээмэл ашигладаг материалтай гэр гаднын чийглэг дулаан орнуудад очоод ердөө 1-2 жилийн эдэлгээтэй байх тохиолдол цөөнгүйг тус компани мөн тодотгосон юм.
Иймд монгол гэрийг гадаадад сурталчилахад дэмжлэг үзүүлж, тээвэр логистикийн асуудалд холбогдох байгууллагууд нь анхаарахын зэрэгцээ үйлдвэрлэгчид материалын чанарыг сайжруулахад анхаарвал экспортыг нэмэгдүүлэх боломж их байгаа болохыг бизнес эрхлэгчдийн төлөөлөл онцолж байна.
Туршилтыг алгасна
Jade Gas компани Өмнөговь аймгийн нутагт 45 км талбайг хамрах байгалийн хийн төслийнхөө хөгжүүлэлтийн үе шатыг эхлүүлэхээр болсноо мэдээллээ. Өөрөөр хэлбэл компани туршилтын хөтөлбөрөө алгасаж, шууд үйлдвэрлэлийн цооногийн ажлуудад төвлөрөхөөр болсон байна. "Red Lake" талбайн 23 цооногт хийсэн өрөмдлөгийн үр дүн сайн байсан, зах зээлд байгалийн хийн эрэлт өндөр байгаа зэрэг нь компанийн энэ шийдвэрт голчлон нөлөөлжээ.
Түүнчлэн Jade Gas үйлдвэрлэлийн цооногийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх компаниар БНХАУ-д төвтэй DWK-ийг сонгожээ. Өрөмдлөгийн хөтөлбөр нь энэ оны II улирлын сүүлээр буюу ирэх 7 хоногуудад хэрэгжиж эхлэхээр байгаа юм.
ББСБ-уудын зээл ₮4 их наяд руу
ББСБ-уудын зээлийн хэмжээ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 42.4 хувиар өсөж, дөрвөн их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад бүр 220.7 хувиар өссөн дүн аж. Өнгөрсөн онд ББСБ-аас зээл авагчдын тоо давхардсан дүнгээр 34.8 хувиар өсөж, 1.6 саяд хүрсэн үзүүлэлт гарч байв.
Эдийн засгийн хэмжээг авч үзвэл, мөн бусад хөгжиж буй орнуудын санхүүгийн салбарын бүтэцтэй харьцуулахад Монголд үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудын тоо маш олон байгааг Mongolian Investment Rating Agency-ийн Хамтран үүсгэн байгуулагч Мохаммед Тажул Ислам бидэнтэй ярилцахдаа хэлж байлаа.
316 жилийн настай барьцаа
Тэрбумтан Майкл Новограцын Galaxy Digital Holdings компани Оросын II Екатерина хатан хааны хувийн цуглуулгад байсан 316 жилийн настай хийл хөгжмийг барьцаалан олон сая ам.доллароор хэмжигдэх зээлийн хэлцэл хийжээ.
Зээлдэгч нь Animoca Brands-ийн хамтран үүсгэн байгуулагч Ят Сиу юм. Тэрбээр алдарт Стравидаригийн удмынхны 1708 онд урласан хийлийг өнгөрсөн онд дуудлага худалдаагаар 9 сая гаруй ам.доллароор худалдан авч байжээ. Galaxy тус хийлийг токенжуулсан NFT хэлбэрээр, мөн биетээр нь барьцаанд авах аж.
Чили анхаарлын төвд
Чили улс зэсийн үнийн өсөлтийг хөшүүрэг болгон эдийн засгийн өсөлтөө дэмжиж чадах эсэхийг зээлжих зэрэглэлийн агентлагууд анхааралтай ажиглаж байна. Тус улсын хувьд зээлжих зэрэглэлээрээ Латин Америкийн орнууд дундаас хамгийн сайн үнэлэгддэг боловч 2017 оноос хойш гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Чили улсын зэрэглэлийг хоёр удаа бууруулснаасаа хойш эргэн ахиулаагүй юм. Харин зах зээлд зэсийн үнэ эрчимтэй өсөж байгаа нь Чилийн татварын орлого нэмэгдэхэд нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг нь дэмжих төлөвтэй.
Онцлох чарт
Хөдөө орон нутагт “түлхэх хүчин зүйлс” давамгайлж, харин Улаанбаатар хотод “татах хүчин зүйлс” төвлөрснөөр Монгол Улсын хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдал алдагджээ. 1990 онд нийт хүн амын 57 хувь нь хот суурин газарт амьдарч байсан бол 2020 онд 69 хувь болж өссөн байна.
Цаашид бүс нутгийн хөгжил, хүн амын суурьшилтай холбоотой орон зайн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тодорхойгүй байдал энэ хэвээр үргэлжилбэл 2045 он гэхэд нийт хүн амын 80 орчим хувь нь хот сууринд суурьших төлөвтэйг НҮБ-аас Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинэ шинжилгээндээ онцолжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
БНХАУ-ын экспорт өсөж буй нь “худалдааны дайн” хүрээгээ тэлэхэд хүргэж болзошгүй
Илон Маск Nvidia-аас Tesla-д зориулан авсан чипүүдээ “X”-д шилжүүлснээ хүлээн зөвшөөрөв
Танил дүр зураг - Тяньжинд чингэлгүүд дахин овоорсон нь Монголд ямар хүндрэл учруулахаар байна вэ?
Эцэст нь товчхон
СЗХ: Нийслэлийн дотоод зах зээлд гаргах ₮500 тэрбумын бондын бүртгэлээ.
УИХ: Монгол, БНСУ хамтран газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Цаашлаад хоёр улс уул уурхайн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд хамтран ажиллана гэдгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон УИХ-ын даргатай уулзах үеэрээ онцолсон байна.
Өнөөдрийн онцлох зураг
Энэтхэгийн сонгуулийн үр дүн гарсан шөнө тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди дэмжигчидтэйгээ мэндчилж байгаа нь - Шинэ Дели, БНЭУ
Prakash Singh/Bloomberg