- Business newsletter
- Posts
- 2024/06/05
2024/06/05
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Тяньжин боомтод Монгол руу ачигдахаар хүлээгдэж буй 7,000 гаруй чингэлгийн бөөгнөрөл үүсээд байгаа талаар энэ дугаарт онцоллоо.
Францын ЗГ-ын санхүүжилтээр Монгол-Францын мэргэжилтнүүд литийн нөөц бүхий талбай илрүүлэх судалгаа хийж эхэлжээ.
БНХАУ-тай нөхөн сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана
Voyage хоёрдогч зах зээлд
Энэ оны анхны IPO-г хийсэн Эм Жи Эл Акуа ХК-ийн хувьцаа хоёрдогч зах зээлд МХБ-ийн II ангилалд MGLA үсгэн кодтойгоор арилжаалагдаж эхлээд буй. Анхдагч зах зээлд 174 төгрөгийн үнэтэй гарсан тус компанийн нэгж хувьцааны ханш өчигдрийн арилжаа хаахад 1.6 хувиар өсөн 178 төгрөг хүрсэн байна. Компани 327.5 мянган ширхэг хувьцаагаа эргэлтэд гаргаснаас арилжааны эхний хоёр өдөрт 1,000 гаруй ширхэг нь эргэлтэд оржээ.
Чингэлгүүд дахин овоорчээ
Монголын импортын барааны дийлэнх хэсэг нь дамждаг Тяньжин боомтод чингэлгийн бөөгнөрөл нэмэгдэж, цар тахлын үеийнхтэй төстэй гэж болохоор нөхцөл байдал үүсээд байгааг тээвэр зуучлагчид, логистикийн компаниуд мэдээлж байна.
Танил дүр зураг
Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлснээр тавдугаар сарын сүүлийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд 5,450 орчим чингэлэг Монгол руу ачигдахаар хүлээгдэж байгаа аж. Харин боомтод, төмөр замын бус талбайд хүлээгдэж буй чингэлгүүд нэмэгдсэнээр 7,000 гаруйд хүрч байгааг салбарын гол төлөөлөгчдийн нэг Монложистикс мэдээлэв.
Мөн Тяньжин боомтын транзит чингэлэг тээврийн хүлээлгийн хугацаа 70-80 хоног, түүнээс ч дээш байж болох бөгөөд VI сард ч нөхцөл байдал хэвээр үргэлжлэх төлөвтэйг тус компани харилцагчдадаа анхааруулжээ.
Хүлээгдэх хугацаа уртассанаас үүдэх хамгийн том эрсдэл бол тээврийн зардлын өсөлт. Тээврийн зардал өссөнөөр бизнесүүд бараа бүтээгдэхүүний үнээ өсгөхөөс өөр аргагүй байдалд хүрч, улмаар инфляцын өсөлтийг ч өдөөх боломжтой. Бидний хүлээлтээр энэ нөхцөл байдал богино хугацаанд шийдэгдэхгүй, муугаар бодоход он дуустал үргэлжлэх магадлалтай. Тиймээс бизнесийн байгууллагууд эрсдэлийг харж, татан авалтаа урьдаас төлөвлөх нь зүйтэй.
Шалтгаан, гарц
Хэвийн үед өдөрт 1.5-2 цуваа галт тэрэг Монгол руу гардаг байсан бол V сард өдөрт дунджаар 1 цуваа гарсан нь чингэлгийн бөөгнөрөл үүссэн гол шалтгаан болжээ. Нөгөө талд иений ханшийн уналтыг даган хуучин автомашины импорт нэмэгдсэнтэй холбоотойг Монложистикс Ворлдвайд ХХК-ийн Гүйцэтгэх захирал И.Цогбаяр тайлбарласан юм.
Япон улсаас импортолсон автомашины тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 2.5 дахин өссөн нь Тяньжин боомт дахь Монгол руу ачигдах чингэлэг тээврийн ачааллыг 25 орчим хувиар нэмсэн тооцоололтой байгаа аж.
Чингэлэг бөөгнөрлийг бууруулах хамгийн ойрын арга хэмжээ нь авто тээвэр байхаар байна. Монложистикс-ийн зүгээс хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн яаралтай барааг шуурхай гаргаж өгөх, мөн чингэлгүүдийг төмөр замын терминалаас автомашинууд руу шилжүүлэн ачих боломжоор хангах хүсэлтийг Хятадын холбогдох байгууллагуудад тавиад байгаагаа мэдээлсэн юм.
Нүүрс дагасан ашиг
Монгол Улсын төлбөрийн тэнцэл IV сарын эцсийн байдлаар 172 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс ашиг нь 36 хувиар буурчээ. Төлбөрийн тэнцэлд гол нөлөө үзүүлдэг урсгал дансны үзүүлэлтүүдээс харахад гадаад худалдааны ашиг 38 хувиар буурч, 1.5 тэрбум ам.доллар хүрсэн нь нүүрсний үнийн уналттай голчлон холбогдохоор байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өссөн ч орлого нь өмнөх оныхоос буураад байгаа юм.
Харин гадаад валютын албан нөөц V сарын эцэст 5.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн байна.
Литийн судалгаанд Францтай хамтарна
Үндэсний геологийн алба Франц улсын геологийн албатай хамтран "Ли Монголиа" төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд нуурын гаралтай литийн нөөц бүхий талбайнуудыг илрүүлэхэд Монгол-Францын мэргэжилтнүүд хамтарсан судалгаа хийх юм байна. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хийх тус судалгааны санхүүжилтийг Францын засгийн газраас олгох бөгөөд төслийн үр дүнг энэ оны намар танилцуулахаар төлөвлөжээ.
Шууд нислэгийн бэлтгэл
Монголоос АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсын The Wicks Group Consulting компанийн төлөөлөгчид ИНЕГ-т ажиллаж эхэлжээ. Төлөөлөгчид ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны аудит шалгалтад бэлтгэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж. ЗТХЯ 2024 оноос АНУ руу шууд нислэг үйлдэж эхэлнэ гэж мэдээлсэн бол АНУ-ын Элчин сайд Р.Буанган энэ ажлыг 2025-2026 оноос бодитой хэрэгжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Өндөр барилгаас эрчим хүч
Дэлхийн хамгийн өндөр барилгын загварыг гаргасан архитектурын компани Skidmore, Owings & Merrill татах хүчийг ашиглан эрчим хүч хуримтлуулдаг тэнгэр баганадсан барилга барихаар зорьж байна.
Компани цахилгаан мотороор асар хүнд жинтэй блокуудыг дээш өргөх замаар потенциал энерги бий болгож, харин буулгах явцдаа энергийг эрчим хүч болгон хувиргах зарчим бүхий хэд хэдэн туршилтын загварыг одоогоор хөгжүүлээд байгаа аж.
Өөрөөр хэлбэл уг технологийн ажиллах зарчим нь шахуургатай усан цахилгаан станцтай төстэй юм. Компани мөн барилга байгууламжуудын ялгаруулдаг хүлэмжийн хийг бууруулах чиглэлд сонирхолтой үл хөдлөхийн төсөл хөгжүүлэгчидтэй хамтран ажиллахаар хайж байгаа аж. НҮБ-ын тооцоолсноор барилгаас ялгарах нүүрстөрөгч дэлхийн нийт ялгарлын 40 хувийг бүрдүүлдэг байна.
BHP-ийн дараагийн нүүдэл
BHP компани Anglo American-ийг худалдан авах 49 тэрбум ам.долларын саналаа өсгөлгүйгээр хэлцлээ орхисон нь уул уурхайн салбарт төдийлөн харагддаггүй үйл явдал байлаа. Гэхдээ ногоон эрчим хүчний шилжилт эрчимжиж, зэсийн эрэлт эрс нэмэгдэж буй энэ үед тус компанийн дараагийн нүүдэл хаашаа чиглэх нь анхаарлын төвд хэвээр. Их Британийн компани худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу BHP зургаан сарын дараа дахин Anglo-д дахин санал тавих боломжтой аж.
Харин энэ хугацаанд Anglo American бизнесийн сэргэлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх төлөвтэй байна.
Онцлох чарт
Хомсдол үүсэх айдас дэлхийн зэсийн зах зээлийг нөмөрснөөр тус металлын үнэ түүхэн дээд түвшиндээ очоод байгаа. Гэтэл дэлхийд зэсийн үйлдвэрлэл, хэрэглээгээр тэргүүлдэг БНХАУ-д хомсдолыг давах нөөц хангалттай байна. Дэлхийн зах зээлээс ийнхүү зөрүүтэй байдал үүсэхэд тус улсын зогсолтгүй тэлсээр буй зэс хайлуулах үйлдвэрүүд голлон нөлөөлж буй.
Түүхий эдийн нийлүүлэлт хумигдаж, үнэ өссөн нь хаягдал металл боловсруулалт нэмэгдэх үүдийг нээж, улмаар Хятадын хайлуулах үйлдвэрүүд бараг бүх цаг үеийн дээд түвшиндээ үйлдвэрлэл явуулж байгаа аж.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Какаоны эрэлт нийлүүлэлтийн зөрүү 439,000 тонн болж, нийлүүлэлтийн хомсдол эрчимжихээр байна
TSMC: 2024 онд хиймэл оюун зах зээлийн сэргэлтийн гол хөдөлгөгч хүч байх болно
Агаарын тээврийн салбар энэ онд $30.5 тэрбумын ашигтай ажиллана
Эцэст нь товчхон
Монголбанк: 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэсэн. Монголбанк 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дээрх тохируулгыг хийхээр ажиллаж байна. Зээлийн мэдээллийн лавлагааг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс авах боломжтой.
СЗХ: Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан I улиралд 59.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар буурсан үзүүлэлт болов. Нийт арилжааны дийлэнх буюу 70 хувийг ямааны завод ноос, 19.5 хувийг ямааны ноолуур бүрдүүлсэн байна.
Өнөөдрийн онцлох зураг
Дэлхийн II дайнд Францыг чөлөөлөх ажиллагаа эхэлсний 80 жилийн ойд зориулан босгосон инсталляцууд - Норманди, Франц
Christopher Furlong/Getty