- Business newsletter
- Posts
- 2024/06/04
2024/06/04
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Монгол Улс энэ онд 60 сая тонн нүүрс экспортлох зорилтоо биелүүлэх боломжийн талаар SxCoal-ийн шинжилгээг онцоллоо.
Эхний улиралд 403.1 тэрбум төгрөгийн виртуал хөрөнгийн арилжаа хийгдсэнээс 90 хувийг нь гадаадын виртуал хөрөнгийн арилжаа бүрдүүлжээ.
Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл I улиралд 35 тэрбум ам.доллар давж өмнөх улирлаас ч, өмнөх оны мөн үеэс ч өсөв.
60 сая тонн ядах юмгүй. Гэхдээ…
Оны эхний таван сарын экспортын дорвитой үзүүлэлт, мөн шинэ дэд бүтцийн сайжруулалтууд жилийн үлдсэн хугацаанд тээвэрлэлтийг улам хөнгөвчлөх төлөвтэйг авч үзвэл Монгол Улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хүрч чадахаар байгааг SxCoal онцолж байна.
Сард 4.3 сая тонн хангалттай
Өнгөрсөн онд Монгол Улс энэ оныхтой ижил хэмжээний экспортын зорилт тавьж, нийт 66.7 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд үүний 99.5 хувийг нь гол түнш БНХАУ руу гаргажээ. Энэ нь хэрэв менежментээ зөв хийж чадвал зорилтоо дахин биелүүлэхэд тээвэрлэлт талаасаа ямар нэг айсуй саад үгүйг харуулж байгааг SxCoal шинжилгээндээ дурдсан байна.
I сарын 1-нээс V сарын 27 хүртэлх хугацаанд Монгол Улс 29.9 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн үзүүлэлт болохыг гаалийн статистик харуулж байна. Тэгэхээр VI-XII сарын хугацаанд ойролцоогоор 30.10 сая тонн буюу сард дунджаар 4.3 сая тонныг гаргах хэрэгтэй болж байна. Өнгөрсөн таван сарын хугацаанд сард бараг 6 саяыг, харин өнгөрсөн оны сүүлийн хагаст сард 6.23 сая тонныг дундчилж байснаас харвал дээрх үзүүлэлтэд хүрэхэд хангалттай гэсэн үг юм.
Хятад талаасаа
Төрийн өмчит Хятадын металлургийн үйлдвэрлэлийн төлөвлөлт, судалгааны хүрээлэнгээс тус улсын гангийн эрэлт энэ онд 1.7 хувиар буурна гэсэн төсөөлөл гаргаад байгаа. Гэхдээ БНХАУ-ын нүүрсний эрэлт, ялангуяа дотоодын нийлүүлэлтийн хомсдолын улмаас импортын ихээхэн хамааралтай болсон коксжих нүүрсний эрэлт 2024 онд өндөр хэвээр хадгалагдах төлөвтэй. Зарим албаны хүмүүс 2024 онд Монголоос авах коксжих нүүрс бүр 5-10 хувь өснө гэж таамаглаж байгааг SxCoal онцолсон байна.
Мөн Хятад улс нүүрсний импортын тарифаа сэргээсэнтэй холбоотой болгоомжлол яваандаа арилжээ. Үнийн давуу тал, мөн газарзүйн ойрхон байршилтай холбоотой нийлүүлэлтийн үр ашиг нь Монголын нүүрсийг Хятадын худалдан авагчдад таатай сонголт хэвээр үлдээсэн нь үүнд нөлөөлснийг тодотгожээ. Оны эхэнд тус улс Монголоос импортлох нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулсан ч түүнээс хойш хоёр улсын хоорондох түүхий эдийн худалдаа өндөр идэвхтэй хэвээр байгаа юм.
Тээвэрлэлтийг хөнгөвчлөх шинэ дэд бүтцийн төслүүдийг харвал:
Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой холбох 6.9 км төмөр замын бүтээн байгуулалт дууссан. Төсөл III улиралд бүрэн ашиглалтад орох хүлээлттэй байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох IV сард эхэлсэн ч дуусах хугацаа одоогоор тодорхойгүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 оны IX сард барьж дуусгасан ч хил холболт дээр гацаад буй.
Жилд 20 сая тонн нүүрсийг вагон тээвэрт ачих чадалтай Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон.
Гэхдээ баярлах болоогүй
Нүүрсний экспортын биет хэмжээний хувьд ийнхүү эерэг төлөвтэй байгаа ч үүнд тулгуурлан экспортын орлогын төсөөллөө нэмэгдүүлэх нь учир дутагдалтайг бид өмнөх дугаараараа хөндсөн. Хэдий биет хэмжээ өссөн ч үнээс хамаараад нүүрсний экспортын орлого оны эхний дөрвөн сарын байдлаар 30 сая ам.доллароор буурсан байна. “Биет хэмжээ нь гадаад худалдааны үзүүлэлт. Төлбөрийн тэнцлийн үзүүлэлт тооцоход биет хэмжээ огт хамаагүй, мөнгөн дүнгээр л бүртгэгдэнэ” хэмээн эдийн засагч Н.Энхбаяр онцолж байв.
Ногоон шилжилтийн үр ашиг
Ирэх хэдэн жилд буюу 2030 он хүртэл зөвхөн Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт ногоон төслүүдийн эрэлт 16 их наяд ам.долларт хүрэх тооцоо гарсан байна. Тиймээс Монгол Улс ногоон шилжилтэд шаардлагатай чухал элементүүдийн зах зээлд нийлүүлэгчийн хувиар томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаагаа Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Суурин төлөөлөгч Руфат Алимарданов Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө хэлж байлаа.
“2023 онд эдийн засагт нөлөөлж байсан суурь хүчин зүйлсийн нөлөө тодорхой түвшинд үргэлжлэхээр харагдаж байна. Тэр ч утгаараа энэ оны эдийн засгийн өсөлт 6 хувиас давах болов уу гэсэн хүлээлттэй байгаа” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
ВХҮҮ-ийн орлого
Оны эхний улиралд СЗХ-нд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээр 403.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс 6.7 хувийг нь дотоодын, үлдсэн 90 гаруй хувийг гадаадын виртуал хөрөнгийн арилжаа бүрдүүлсэн байна. Мөн уг салбарт үйл ажиллагаа явуулдаг 12 компани үйл тайлант хугацаанд 5.6 тэрбум төгрөгийн орлоготой, 3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 168.7 тэрбум төгрөг, өдрийн арилжаа 4.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг СЗХ тайландаа мэдээлсэн байна.
Өр нэмэгдэв
I улирлын эцсийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 35 тэрбум ам.доллар давж, өмнөх улирлаас ч, өмнөх оны мөн үеэс ч өсжээ. ЗГ-ын олон улсын зах зээлд гаргасан гадаад өрийн үлдэгдэл 1.7 гаруй тэрбум ам.доллар болж буурсан ч олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 6.17 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. 2026 он хүртэл том дүнтэй гадаад эргэн төлөлт байхгүй төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирэх дарамт бага болохыг Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлж байлаа.
$1 их наядыг дотооддоо
БНХАУ-ын жуулчид энэ онд 938 тэрбум ам.долларын орлогыг дотоодын эдийн засагтаа оруулж, шинэ дээд үзүүлэлт тогтоохоор байгааг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл, Oxford Economics-ийн хамтарсан судалгаа харууллаа. Мөн дотоодын аялагчдынх нь зарцуулалт цар тахлын өмнөх 2019 оныхоос 11 хувиар өндөр байх төлөвтэй байгааг тооцоолсон байна.
Дэлхийн аялал жуулчлалын салбарын өсөлтөд БНХАУ-ын аялагчид чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 2019 онд хятад жуулчид хилийн чанадад давхардсан тоогоор 170 сая удаа зорчиж, нийт 248 тэрбум орчим ам.доллар зарцуулжээ. Энэ нь дэлхийн аялал жуулчлалын салбарын нийт зарцуулалтын 14 хувийг бүрдүүлсэн байна.
АНУ зэрэг улсад виз мэдүүлэхэд хүндрэлтэй, олон улсын нислэгийн тийзийн үнэ өндөр байгаа нь хятад аялагчид гэрийнхээ ойр аялахыг эрхэмлэхэд нөлөөлжээ. Харин БНХАУ-ыг зорих олон улсын жуулчдын тоо нэмэгдээгүй хэвээр байгаа аж. Энэ онд Эх газрын Хятад дахь гадаад жуулчдын зарцуулалт 715 тэрбум юань байх тооцоололтой байгаа нь 2019 оныхоос 25 хувиар бага дүн болж байна.
Онцлох чарт
Saudi Aramco-ийн нэмэлтээр санал болгосон 12 тэрбум ам.долларын хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга богино хугацаанд дүүрч, Саудын Арабын ЗГ-ын эдийн засгийн өргөн хүрээний шилжилтийн төлөвлөгөөнд дэмжлэг болох хөрөнгө оруулалтаа амжилттай татах нь тодорхой болж байна.
Aramco-ийн нэгж хувьцааны үнэ нь 26.70-29 саудын рияалаар арилжаалагдсан бөгөөд одоогоор нийт захиалга өгсөн хөрөнгө оруулалтад гадаадын хөрөнгө оруулагчдын эзлэх хувь хэмжээ тодорхойгүй байгаа аж.
Үүгээр зогсохгүй Aramco салбартаа төдийгүй олон улсын зах зээлд ногдол ашгийн өгөөжөөр тэргүүлэгчдийн нэг болох төлөвтэй аж. Компани хувьцаа эзэмшигчдэдээ жилд нийт 124 тэрбум ам.долларын ногдол ашиг олгож, ногдол ашгийн өгөөж нь 6.6 хувьд хүрэхээр байгааг Bloomberg Intelligence тооцоолжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Аргентин улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувиар өсгөж магадгүй
Энэтхэгт IPO хийсэн компаниуд он гарсаар $3.9 тэрбумыг босгоод байна
Nvidia 2026 он гэхэд “Rubin AI” дараагийн үеийн хиймэл оюуны платформоо танилцуулна
Эцэст нь товчхон
ЕТГ: Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд хоёр улсын жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, боловсрол, хөдөө аж ахуй, хууль зүй, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурав.
Өнөөдрийн онцлох зураг
Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан Тайваньд болсон “Computex” үзэсгэлэнд оролцох үеэрээ компанийн ирэх жилүүдэд гаргах бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна
Annabelle Chih/Bloomberg