- Business newsletter
- Posts
- 2024/06/03
2024/06/03
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Уул уурхайн салбарын нийт өр 3.3 их наяд төгрөг байгаагаас 34 хувийг нь АМНАТ-ийн өр эзэлж байна.
АНУ-ын технологийн хамгийн том зургаан компани анх удаа S&P 500 индексийн 30 хувийг бүрдүүлж эхэллээ.
Санал асуулгын дүнгээр Энэтхэгийн сонгуульд Нарендра Модигийн нам ялалт байгуулах төлөвтэй байна.
Дуусдаггүй сургамж
Tөсвийн орлогын хэт өөдрөг төсөөлөл нь алдагдалд хөтөлсөөр ирснийг сүүлийн хэдэн жилийн статистик харуулж буй. Тэгвэл өдгөө өргөн баригдаад буй ирэх жилүүдийн төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд мөн л орлогын хэт өөдрөг, амбицлаг төсөөлөл тусгасныг эдийн засагчид тодотгож байна.
Биет хэмжээ ≠ Орлого
Нэгдсэн төсвийн 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд ерөнхийдөө өнгөрсөн жил болон энэ оны эхний улирлын эдийн засгийн сайн өсөлт ойрын хугацаанд хадгалагдана гэж тооцоолж, зарлагыг 2025 онд 14.4 хувиар, 2026 онд 7.1 хувиар, 2027 онд 6.3 хувиар өсөхөөр төсөөлжээ.
Харин экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний тухайд энэ жил 78 сая тонн, ирэх жил 80 гаруй сая тонн, цаашлаад 100 гаруй сая тонныг экспортлохоор Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байна.
Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлөх нь эрсдэлтэй, нэг салбараас хэт хамааралтай эдийн засгийг дэмжиж, зарлагыг өсгөж болохгүй гэж үзэж байна. Төсвийн зарлагыг ДНБ-ий 30-аас доош хувьд байлгах шаардлагатай ч өнөөгийн нөхцөл байдлаар тооцож үзвэл энэ тоо 40 хувьд хүрч байгаа аж.
Иймд ОУВС, НҮБ зэрэг байгууллагуудын өмнөх онд өгч байсан зөвлөмжүүдийн нэгэн адил гадаад дотоодын эрсдэл өндөр байгаа эрсдэлийг харгалзан үзэж, орлого нэмэгдэж байгаа үед хуримтлуулах чиглэлээ барих нь зүйтэйг онцолжээ. Өнгөрсөн онд манай улсын экспортын орлого 15.2 сая ам.доллароор өссөн нь экспортын хамгийн өндөр өсөлт байх магадлалтай бөгөөд энэ онд үүнийгээ давтаж чадах эсэх нь эргэлзээтэйг Эдийн засагч Н.Энхбаяр хэлж байлаа.
Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй байна. Уул уурхайн ердөө 2-3 нэр төрлийн түүхий эд л эдийн засгийн өсөлтийг хадгалж байна. Хэдийгээр нүүрсний экспортын биет хэмжээ өсөж байгаа ч үнээс хамаараад орлого нь буурч байгаа. Оны эхний дөрвөн сарын байдлаар экспортын орлого 30 сая ам.доллароор буурсан.
Гаалийн статистикт бүртгэгддэг биет хэмжээ бол гадаад худалдааны үзүүлэлт. Төв банканд очоод төлбөрийн тэнцэл болохдоо биет хэмжээ огт хамаагүй, зөвхөн мөнгөн дүнгээр л бүртгэгддэг. Тэгэхээр биет хэмжээний өөдрөг төсөөллөөр цаашдын орлогын төсөөллөө гаргаад байна.
Сахилга бат нэгдүгээрт
Макро эдийн засгийн тогтвортой байдал болон өрийн тогтвортой удирдлагыг хангахад төсвийн сахилга бат нэн чухал болохыг эдийн засагчид үргэлж сануулсаар ирсэн. Монгол Улс одоогийн төсвийн бодлогоо өөрчлөхгүй байснаар улсын гадаад өрийн хэмжээ дунд хугацаандаа ДНБ-ий 50 хувиас давах төсөөллийг ОУВС хэдхэн сарын өмнө гаргаж байв.
Сүүлийн 12 жилийн наймд нь төсвийн тодотгол хийж, түүний дийлэнхэд нь анх баталсан орлогоо бууруулж байсан статистик бий. УИХ-д өргөн мэдүүлсэн аливаа төсвийн төслийг хэлэлцэх явцад шинээр төсөл нэмэх шаардлагатай бол Үндэсний аудитын газраас төлөвлөлтийн шаардлагад нийцэж буй эсэхэд нь дүгнэлт гаргадаг байх шаардлагатайг мөн Нээлттэй нийгэм форум хөнджээ.
Төсвийг төлөвлөхдөө Төсвийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан төсвүүд оруулах хэрэгтэй байна. Орлогын төсөөллөө илүү бодитой гаргаснаар зарлагын төлөвлөлтөө сайжруулах, нэн шаардлагатай бүтээн байгуулалтуудаа эн тэргүүнд хэрэгжүүлэх боломжтой болно.
АМНАТ-ийн өр
Уул уурхайн салбарын нийт өр 3.3 их наяд төгрөг, үүнээс 1.12 их наяд төгрөг буюу 34 хувийг АМНАТ-ийн өр эзэлж байгааг Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь өдрийн сонсголын үеэр шинжээч мэдээлэв. Хамгийн өндөр өртэй компаниудын тоонд МоЭнКо ХХК, Их говь Энержи ХХК багтаж байгаа бол Алтайн хүдэр ХХК өндөр дүнтэй, удаан хугацааны өртэй байгаа аж.
Зөрүүтэй үнээр тайлагнах, төлбөр давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг буруу хэрэглэсэн, хугацаандаа тайлагнахгүй байх зэргээс шалтгаалан өр нэмэгдэж байна гэж шинжээч үзжээ.
Салалтаас үүдсэн өсөлт
Өмнөд Солонгосын тэрбумтан Чэ Тэ Воны гэр бүл цуцлуулалтын өртөг тус улсын түүхэнд байгаагүй их дүнгээр хэмжигдэхээр байгаа нь түүний SK группын хувьцааны тооцоолоогүй өсөлтөд түлхэц болжээ. Сөүл хотын дээд шүүхээс Чэ Тэ Воныг салсан эхнэртээ хөрөнгө хуваалтаар 1.38 их наяд вон (1 тэрбум ам.доллар), дээр нь тэтгэмж болгож 2 тэрбум вон төлөх ёстой гэсэн шийдвэр гаргаад байгаа. Нийт 2.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрбээр дээрх дүнг төлөхийн тулд компанийнхаа үнэлгээг өсгөх арга хэмжээ авна гэсэн спекуляц зах зээлд үүссэн тул SK-ийн хувьцаа 16 хүртэлх хувиар огцом өссөн аж.
Adidas-ийн шинэ хит
Сагсан бөмбөгийн залуу од Энтони Эдвардстай хамтран гаргасан Adidas-ийн спорт гутлын шинэ цуврал худалдаанд гарсан эхний зургаан сардаа худалдан авагчдыг байлдан дагуулсныг гутлын жижиглэн худалдааны Foot Locker компани мэдээлж байна.
NBA-ийн шилдэг тоглогчдын нэг болоод буй Minnesota Timberwolves багийн хамгаалагч, 22 настай Эдвардсын нэрээр гаргасан футурист хэв маягтай “AE 1“ загвар Adidas компанийн сүүлийн арван жилийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн болж, Дэмиан Лиллард, Жеймс Харден нарынхаас ч давах магадлалтайг компанийн Гүйцэтгэх захирал Бьорн Гулден гуравдугаар сард онцолж байлаа.
Мөн Adidas AE 1-ийг шинэ өнгөтэйгөөр гаргах болгонд тэр даруй зарагдаж дуусаж байгааг тэрбээр хэлж байв. Гол өрсөлдөгч Nike-ийн ноёлдог спортод эзлэх байр сууриа тэлэхээр зорьж буй Adidas-ийн хувьд энэ нь тун сайн дохио гэж болно.
Ярилцах Цаг нэвтрүүлгийн шинэ дугаарт Швейцарын Үндэсний зөвлөлийн гишүүн, Үндэсний зөвлөлийн Гадаад харилцааны хорооны Ерөнхийлөгч Лаурент Вейрли оролцлоо.
Онцлох чарт
Nvidia, Apple, Alphabet, Amazon, Meta, Microsoft гэсэн АНУ-ын технологийн зургаан компани анх удаа S&P 500 индексийн 30 хувийг бүрдүүлж эхэллээ. Харьцуулбал тэдгээр компаниудын индекст эзлэх жин оны эхэнд 26 хувь байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт хиймэл оюуны технологийн борлуулалтын өөдрөг төсөөллөө танилцуулж, түүнээс хойш хувьцаа нь 20 хувиар өсөөд байгаа Nvidia компани дээрх өсөлтийн гол түлхэц болжээ. Чип үйлдвэрлэгч тус компанийн зах зээлийн үнэлгээ он гарсаар 1.6 их наяд ам.доллароор өссөн бөгөөд Apple-ийг гүйцэн дэлхийн хоёр дахь өндөр үнэлгээтэй компани болоход тун ойрхон байгаа юм.
S&P 500 индекст бүртгэлтэй компаниудын дундаж цэвэр ашгийн маржин оны хоёрдугаар хагаст 13 хувь даваад зогсохгүй ирэх онд ч үргэлжлүүлэн өсөж, 2009 оноос хойших дээд цэгтээ хүрэх төлөвтэй гэж Bloomberg Intelligence үзжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
А.Уянга: Уншсан, харсан зүйлсээ нээлттэйгээр асууж, сониучирхаж, судлах ур чадвар монгол хүүхдүүдэд дутагдаж байна
Финфлүэнсерүүдэд хууртав аа! Учир нь тэд санхүүгийн зөвлөгөө өгөхдөө тун тааруу гэдгийг шинэ судалгаа харуулж байна
Худалдан авалтын идэвх суларч, зэс болон хөнгөн цагааны үнэ дээд түвшнээсээ буурлаа
Эцэст нь товчхон
СЕХ: Нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Өр төлбөртэй, баримт бичиг дутуу, шүүхийн тогтоолоор ял эдэлж буй зэрэг шалтгаануудаар тэдгээр иргэдийг шаардлага хангаагүйд тооцсон байна.
ЕТГ: Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Өнөөдрийн онцлох зураг
Сиднейн дуурийн театр “Vivid Sydney“ гэрлийн шоуны үеэр
Brendon Thorne/Getty Images