2024/05/31

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Цахим орчинд санхүүгийн зөвлөгөө өгдөг финфлүэнсерүүдийн сөрөг нөлөөллийн талаар энэ дугаарт онцоллоо.

  2. Petro Matad энэ оны үйл ажиллагаагаа эхлүүлэхэд шаардлагатай эцсийн зөвшөөрлүүдийг орон нутгийн захиргаанаас авчээ.

  3. Оюу толгой ХХК: Гүний уурхайн үндсэн нэвтрэлтийн ажил амжилттай дууслаа.

Финфлүэнсерүүдийн бараан тал

Жижиг хөрөнгө оруулагчдын ихэнх нь өөрсдийн мэдээ уншдаг газраасаа арилжааны зөвлөгөө бас авч байна. Тэр нь сошиал сүлжээ. Санхүү, мөнгөний зөвлөгөө сошиал сүлжээнд нийтэлдэг “финфлүэнсер”-үүд буюу санхүүгийн инфлүэнсерүүд сүүлийн жилүүдэд Instagram, TikTok, YouTube зэрэг платформууд дээр хүчээ авсаар буй.

Гэхдээ тэрхүү finfluencer-үүд санхүүгийн зөвлөгөө өгөх тал дээр өөрсдөө нэлээд тааруу болохыг шинэ судалгаа харуулж байна.

Алдагдалд хөтлөгсөд

Санхүүгийн өндөр чанартай мэдээллийг илүү хүртээмжтэй болгох нь мэдээж сайн зүйл. Хувийн санхүүгийн ертөнц голчлон дундаж давхарга, эсвэл чинээлэг эрхмүүд рүү чиглэсээр ирсэн. Хэдий тийм ч өдгөө сошиалд нийтлэгдэж буй санхүүгийн зөвлөгөөнүүд ихэвчлэн агуулгаар тарчиг, эсвэл бүр хор хөнөөлтэй байна. Цаашлаад тэдгээрээс болж хүмүүс зөвхөн мөнгөө алдаад зогсохгүй итгэлээ ч бас алдана гэсэн үг юм. Итгэлийг дахин бүрэлдүүлэхэд улам хэцүү болсоор байгаа өнөөгийн дэлхийд шүү дээ.

Калифорни, Беркели тэргүүтэй их сургуулиудын дөрвөн профессорын хамтран гаргасан “Finfluencers” нэртэй судалгааг харцгаая. Тус судалгаагаар Twitter дээрх 29 мянган санхүүгийн инфлүэнсерийн жиргээнд анализ хийсэн байна.

Хүлээлт ёсоор тэдний хувьцааны сонголт тун тааруу байж, 56 хувь нь “анти-ур чадвартай” буюу зөвлөгөөг нь дагавал хүртэх өгөөж хасах утгатай гэж дүгнэгджээ. Сард дунджаар 2.3 хувийн алдагдал хүлээхээр байгаа тул хэрэв та оны эхэнд тэдний сонгосон хувьцаанд 100 ам.долларын хөрөнгө оруулбал оны төгсгөлд 75.80 ам.доллартой болно гэсэн үг юм.

Харин зөвлөгөөг нь дагавал сарын 2.6 хувийн өгөөж хүртэх боломжтой буюу ур чадвартай финфлүэнсерийн эзлэх хувь 28 байсан байна. Гэтэл тэднээс илүү олон дагагчтай, мөн бага дүнтэй арилжаанд илүү нөлөөтэй нь өнөөх алдагдалд хөтөлдөг инфлүэнсерүүд байсан аж.

Хар, цагаан?

Судлаачид мөн тэдгээр финфлүэнсерүүд зах зээлд сөрөг буюу илүү пессимист хүлээлттэй байх хандлагатайг тогтоожээ. Дагагчдынхаа зах зээлийн хүлээлт байнга хэлбэлзэлтэй байхад ч бас нөлөөлдөг байна. Тэгэхээр хүмүүс тэднээс санхүүгийн, амьдралын тааруу зөвлөгөө аваад зогсохгүй зах зээлийн төлөв ерөнхийдөө бүрхэг гэсэн ойлголт авдаг байх нь.

Жишээ дурдвал S&P 500 индекс 2000 оноос хойш 434 хувиар өссөн байна. 2000 онд тус индекст 100 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, мөн бүх ногдол ашгаараа дахин хөрөнгө оруулсан гэж тооцвол 2024 оны төгсгөлд та 553.47 ам.доллартой болох юм. Тэгэхээр зах зээлийн бодит байдал “анти” финфлүэнсерүүдийн хүлээлтийн яг эсрэг нь болж таарч байна.

Цар тахал хүмүүсийн дэлгэцтэй “нөхөрлөх” цагийг нэмэгдүүлэхтэй зэрэгцэн жижиг хөрөнгө оруулалт өсөж, “meme” хувьцааны халуурал эхэлснээр финфлүэнсерүүд цахим орчинд хүчээ авахад нөлөөлжээ. Тухайлбал GameStop, AMC зэрэг финфлүэнсерүүд алдартай болгосон “meme” хувьцаанууд бий. Тэдгээр хувьцааг авсан шинэ хөрөнгө оруулагчид олон ч өндөр савлагаа, олныг талцуулдаг байдлаас нь болж хүмүүс зах зээлийг казино мэтээр харж эхэлсэн байна.

Дашрамд дурдахад CFA институтын нэгдүгээр сард хэвлүүлсэн судалгаагаар Z үеийн хөрөнгө оруулагчид сошиал сүлжээн дэх санхүүгийн инфлүэнсерүүдээс хөрөнгө оруулалтын заавар, зөвлөмж авах нь хамгийн түгээмэл болохыг тогтоожээ. Эцэст нь дүгнэхэд сөрөг хүлээлт нь хандалт авахад сайн нөлөөтэй ч хөрөнгө оруулалтад нэлээн тааруу үр дүнтэйг финфлүэнсерүүд харуулж байна.

Гүний уурхайн нэвтрэлт

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын чухал хэсэг болох агааржуулалтын хойд амын нэвтрэлт 1,175 метр, урд амын нэвтрэлт 1,131 метрт тус тус хүрснээр үндсэн нэвтрэлтийн ажил амжилттай дууссаныг Оюу толгой ХХК мэдээллээ.

Тус бүр 10 метр болон 11 метрийн диаметр бүхий эдгээр агааржуулалтын амнууд нь дэлхийн хамгийн том босоо амнуудад зүй ёсоор тооцогдох юм. Энэхүү хоёр босоо ам нь гүний уурхайд агаарыг оруулах, гаргах үүргийг гүйцэтгэх ба уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжийг бий болгож байгаа аж.

Ахиц гарсан ч удаан хэвээр

Petro Matad компани 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө эхлүүлэх шаардлагатай эцсийн зөвшөөрлүүдийг Дорнод аймгийн Матад сумын ЗДТГ-аас авснаа мэдээллээ. Ингэснээр тус компани хайгуулын XX талбайг тусгай зориулалтын бүс болгож батлах хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдэж байна. Гэхдээ тусгай зориулалтын бүс болгох зөвшөөрлийн явц удаан, ялангуяа ЗГ Парламентын ээлжит сонгуульд төвлөрч буй нь дээрх ажил сунжрахад хүргэж байгааг тодотгожээ.

Чухал хамтын ажиллагаа

МИАТ ТӨХК НҮБ-ын Хүүхдийн Сантай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд МИАТ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран агаарын тээврийн салбарт Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмуудыг сурталчлах, онцгой байдлын үед нэн шаардлагатай ачаа тээврийг алслагдсан бүс нутагт тээвэрлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Аваргууд Зүүн Өмнөд Ази руу

Google Малайз улсад $2 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болсон нь тус компанийн Зүүн Өмнөд Ази дахь хамгийн том хөрөнгө оруулалт болж байна. Төсөлд дата төв болон үүлэн тооцооллын технологийг хөгжүүлэх санаачилгууд багтжээ. Ингэснээр тус улсын салбар бүрд 26 мянга 500 гаруй ажлын байрыг дэмжиж, 3.2 тэрбум ам.долларын эдийн засгийн өгөөжтэй байх урьдчилсан тооцоог Малайзын Худалдааны яамнаас гаргажээ.

Сүүлийн хэдэн сард өсөлтийн шинэ боломж эрэлхийлж байгаа Microsoft, Apple, Nvidia зэрэг технологийн компаниудын тус бүс нутаг дахь сонирхол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал Microsoft компани Малайз улсад 2.2 тэрбум ам.доллар, Индонез улсад 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо тавдугаар сарын эхээр зарлаж байсан юм.

Adidas + Энтони

Adidas AG’s sneaker line with basketball star Anthony Edwards has become a smash hit in its first six months on the market, according to footwear retailers.

The shoes are the fastest-growing signature franchise at Foot Locker Inc., the retailer said Thursday, as the 22-year-old Minnesota Timberwolves guard establishes himself as one of the National Basketball Association’s top talents.

Adidas Chief Executive Officer Bjorn Gulden said in March that the Edwards line might be the brand’s best-selling basketball shoe in the past decade, outpacing those of its other stars Damian Lillard and James Harden.

Edwards debuted his first sneaker, a futuristic shoe with perforated honeycomb sides called the AE 1, with Adidas in December.

Сагсан бөмбөгийн од Энтони Эдвардстай хамтран гаргасан Adidas компанийн пүүзний шинэ коллекц худалдаанд гарсан эхний зургаан сардаа өндөр амжилттай борлуулагдсаныг гутлын жижиглэн худалдааны Foot Locker компани мэдээллээ.

Minnesota Timberwolves багийн хамгаалагч, 22 настай Эдвардс NBA-ийн шилдэг тоглогчдын нэгээр тодроод байгаа юм. Түүнтэй хамтран гаргасан, футуристик хэв маягтай “AE 1“ хэмээх цуглуулга Adidas компанийн сүүлийн арван жилийн хамгийн шилдэг борлуулалттай сагсан бөмбөгийн пүүз болж, Дэмиан Лиллард, Жеймс Харден нарын пүүзнээс ч давах магадлалтайг компанийн Гүйцэтгэх захирал Бьорн Гулден гуравдугаар сард мэдээлж байлаа.

Ярилцах Цаг нэвтрүүлгийн шинэ дугаарт Швейцарын Үндэсний зөвлөлийн гишүүн, Үндэсний зөвлөлийн Гадаад харилцааны хорооны Ерөнхийлөгч Лаурент Вейрли оролцлоо.

Ярилцлагыг Баасан гарагийн 20:00 цагаас болон амралтын өдрүүдээр хүлээн авч үзээрэй.

Онцлох чарт

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг Ахлах эдийн засагчдын 2024 оны эдийн засгийн төлөв байдлын тайлан танилцуулагдав. Эдийн засагчдын шинэ тооцооллоор 2024 онд дэлхийн эдийн засгийн эргэн тойронд “өөдрөг, гэхдээ болгоомжлонгуй” байдал давамгайлж байгаа нь тодорхой болж байна. Тодруулбал эдийн засагчдын 82 хувь нь энэ онд дэлхийн эдийн засаг тогтворжиж, өсөлтөө хадгална гэсэн хүлээлттэй байгаа нь өмнөх оны тайлангийн үр дүнгээс хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.

Мөн судалгаанд хамрагдсан нийт эдийн засагчдын бараг 70 хувь нь дэлхийн эдийн засагт өсөлт давамгайлж, ирэх таван жилд өсөлт нь эргээд дөрвөн хувьд хүрнэ гэж төсөөлсөн байна. Харин БНХАУ-ын эдийн засгийн хүлээлт харьцангуй тааруу буюу эдийн засагчдын дөрвөн хувь нь л "өндөр өсөлттэй байна" гэж үзэж байгаа аж.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

ЕТГ: Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монцамэ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг томилов

СЗХ: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өсөж 11.6 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь нийт даатгалын хураамжийн орлогын 10.8 хувийг бүрдүүлсэн байна.

Өнөөдрийн онцлох зураг

“Vivid Sydney“ гэрлийн шоуны үеэр кадр давхардуулан авсан гэрэл зураг.

A multi-exposure picture of lights illuminating the skyline during Vivid Sydney.

Brendon Thorne/Getty Images