2024/05/30

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Anglo American дахин хэлэлцээ хийхээс татгалзсанаар BHP компани $49 тэрбумын нэгдэн нийлэх саналаасаа буцав.

  2. Үл хөдлөхийн агентуудын борлуулалтын нийт үнийн дүн тогтмол өссөөр хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгджээ.

  3. Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой холбох 6.9 км төмөр замын бүтээн байгуулалт дуусжээ.

Лиценз олголтын асуудлууд

Монгол улсын нийт экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын бараг 30 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарын үйл ажиллагаанд асуудал тасрахгүй байгаагийн гол шалтгаануудын тоонд тогтворгүй, харилцан уялдаагүй хууль, зохицуулалтууд орно.

Тэгвэл Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний өдөр ямар асуудал, баримтууд хөндөгдсөнийг багцлан хүргэе.

7 удаагийн өөрчлөлт

1994 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш хуульд хайгуулын лиценз олголттой холбоотой долоон удаагийн нэмэлт өөрчлөлт оржээ. 2006 оноос лицензийг өргөдөл болгон сонгон шалгаруулалтаар олгож эхэлсэн бол 2010 онд лиценз олголтыг бүр зогсоосон, 2017 оноос зөвхөн сонгон шалгаруулалтаар олгодог болсон гэх мэтээр өөрчлөлтүүд гарсаар ирсэн байна.

Сонсголын эхний өдөр Хянан шалгах түр хорооны шинжээчийн танилцуулсан онцлох мэдээлэл, баримтуудаас хүргэвэл:

  • Эрдэс бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдээс 2023 онд 133 нь тусгай зөвшөөрөлтэй байсан бол 193 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлгүй байжээ.

  • Идэвхтэй байгаа тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй 1,773 хуулийн этгээдийн хувьцааг нийт 2,941 хувь хүн, байгууллага ямар нэгэн байдлаар эзэмшиж байна.

  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцож удаа дараа өндөр үнийн санал өгч шалгараад зөрүү төлбөр төлөхгүй, тусгай зөвшөөрөл авахгүй орхиж, тухайн талбайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тохиолдлууд байна.

  • Иргэнд өмчлүүлсэн газрыг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан олгосон байдал Говьсүмбэр аймагт хамгийн их байна.

1997-2023 оны хооронд хайгуулын 14,299 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 2,518 тусгай зөвшөөрөл олгогджээ. Тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн 2022 оноос хойш сонгон шалгаруулалтаас 86.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн, мөн 2023 оны байдлаар 4.15 их наяд төгрөгийн АМНАТ төлөгдсөн зэрэг тоо баримтууд дурдагдав.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ААН-үүдийн мэдээллийг нэгтгэвэл МАК болон Гацуурт компаниуд ашиглалтын хамгийн олон лиценз, Цайна Инвэстмент Монголиа компани хамгийн их хайгуулын лиценз эзэмшиж байгаа аж.

Сонсголын үеэр гэмт хэргийн шинж чанартай, авлигын шинжтэй, үгсэн хуйвалдаж буруутай үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний талаар яригдаж байгаа мэдээлэл, баримт, нотлох материалыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, нарийвчлан нягтлан шалгах ёстой гэдгийг Хянан шалгах түр хороо тодотгож байлаа.

Тогтворгүй байдал гол асуудал

Монгол Улсад хайгуулын лиценз олголт сүүлийн жилүүдэд саарчээ. Нийт газар нутгийн 75 хувь нь ямар нэг байдлаар тусгай хамгаалалтад байдаг тул үлдсэн 20 гаруй хувьд нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой байгааг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци мэдээлж байв.

Хууль, эрх зүйн тогтворгүй байдал Монгол Улсын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад хамгийн том саад учруулж байгааг тус байгууллага мөн онцолсон юм.

Монгол Улсад хуулиа өөрчлөх болгонд Төрийн оролцоог нэмэгдүүлээд байгаа нь ажиглагдаж байна. Бусад орнуудад хуулиар хориглоогүй бол зөвшөөрөгдсөн гэдэг ойлголт байдаг. Харин Монголд хууль нь байхгүй бол хориглогдсон гэж ойлгох хандлага харагддаг.

Үнэ дагаад борлуулалт

Үл хөдлөхийн агентуудын борлуулалтын нийт үнийн дүн тогтмол өссөөр хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгджээ. 2024 оны эхний улиралд үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 310 хуулийн этгээд нийт 508.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Харин худалдсан талбайн хэмжээ нь 14.9 хувиар буурсан дүнтэй байгааг СЗХ мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл нэгж талбайн борлуулах үнийн дүн өссөн нь нийт хэлцлийн үнийн дүн өсөхөд гол нөлөө үзүүлж байна.

Төмөр замын холболт

Нийт нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой холбох 6.9 км төмөр замын бүтээн байгуулалт дуусжээ. Уг холболт нь баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйг ЗТХЯ онцолж байна. Мөн Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэх тооцоололтой байгаа аж.

5 жилээр түрүүлнэ

БНХАУ-ын нүүрстөрөгчийн ялгарал цар тахлын үеэс хойш анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ. Гуравдугаар сард нийт ялгарлын хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурсан бөгөөд цаашид ч бууралт үргэлжлэх төлөвтэй аж. Энэ эрчээрээ тус улс 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилтдоо 5 жилээр түрүүлж хүрч магадгүйг мэргэжилтнүүд онцолж байна.

Хэдий тийм боловч тус улс нийт эрчим хүчнийхээ 60 хувийг нүүрснээс гарган авсан хэвээр байгаа юм.

Хүн төвтэй хотын шилжилт

Токио хотын захиргаа “KK Line” буюу “Tokyo Expressway” хурдны гол замын хотын төвөөр дайран өнгөрдөг хэсгийг газар доогуур болгон өөрчилж, оронд нь Нью-Йорк хотынхтой төстэй явган хүний гүүрэн зам барихаар болжээ. Энэ нь тус хот автомашин төвтэй төлөвлөлтийг халах томоохон шилжилтийг эхлүүлсний илрэл болж байна.

Хотын төвөөр 2 километр үргэлжилдэг хурдны замыг буулгах эсэх асуудал удаан хугацаанд яригдсаны эцэст 2021 онд тус хэсгийг явган зорчигчдод зориулан өөрчлөхөөр тогтоод байсан юм. Гүүрэн замын эхний хэсэг 2029 онд нээгдэх бол 2030, 2040-өөд оны үед бүрэн ашиглалтад орох хүлээлттэй байгаа аж.

Боломж олгосонгүй

Anglo American компани нэгдэн нийлэх саналыг шинэчлэн тавих эцсийн хугацааг сунгах талаарх BHP-ийн хүсэлтээс татгалзлаа. Ингэснээр уул уурхайн салбарын сүүлийн 10 гаруй жилийн хамгийн томд тооцогдох хэлцлийн саналаасаа BHP компани буцахаар шийдвэрлэсэн байна.

Үүний өмнө Anglo American компани BHP-ийн 49.2 тэрбум ам.доллароор худалдан авах саналаас гурав дахь удаагаа татгалзсан ч дахин санал тавих эцсийн хугацааг тавдугаар сарын 29 хүртэл сунгаад байв.

Онцлох чарт

БНХАУ, Барууны орнууд хоорондын худалдааны зөрчил өдөр ирэх тусам нэмэгдэж, “Их-7” өдгөө “хэт үйлдвэрлэл” гэх шинэ нэр томьёогоор Хятадтай хийх сөргөлдөөнөө зөвтгөх болжээ. Сүүлд Францын Сангийн сайд Бруно Ле Мер Bloomberg-т өгсөн ярилцлагадаа энэ талаар дэлгэрүүлж, “Хятадын хямд үнэтэй бүтээгдэхүүний хэтэрсэн экспорт бүх дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулж байна” гэсэн юм.

Худалдааны хамгийн том түншүүдээ улам холдуулахгүйн тулд Бээжингийн зүгээс энэ мэтийн цохилтуудыг тэвчин өнгөрөөдөг байснаа өдгөө зогсоож, сүүлд л гэхэд том хөдөлгүүртэй автомашины импортод 25 хүртэлх хувийн тариф ногдуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Мөн зарим хөгжингүй орнуудыг өөрийн талд оруулахад хүчин чармайлт гаргаж буй шинжтэй байна.

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян Япон, БНСУ-ын удирдагчидтай хийсэн гурван талт уулзалтаараа нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангахад Бээжинтэй хамтран ажиллахын давуу талыг ятган ойлгуулахыг хичээжээ. Хэдий Хятад улс тус уулзалтаас санамж бичигтэй үлдэж чадсан ч Япон, Солонгосын компаниуд хэрэглэгчдийн жагсаалтаа аль хэдийн төрөлжүүлж эхэлснийг статистик харуулж байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

УИХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шийдвэрлэлээ. Төсөлд төсвийн тэнцэл 2025 онд ДНБ-ий 2 хувь, 2026 онд 1.5 хувь, 2027 онд 1 хувьтай тэнцэж байхаар тооцсон байна.

БОАЖЯ: “Монголын байгалийн өв” байгаль хамгаалах итгэлцлийн санд олон улсын хандивлагчдаас $71 саяыг төвлөрүүлээд байна.

Өнөөдрийн онцлох зураг

“i Light Singapore” урлагийн фестивалиар дэлгэн үзүүлж буй инсталляц

Roslan Rahman/AFP/Getty Images