- Business newsletter
- Posts
- 2024/05/29
2024/05/29
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Банкнуудын хувьцаа өгөөжөөр тэргүүлж буй ч ханш нь IPO хийснээсээ хойш уналттай хэвээр байгаагийн шалтгааныг энэ дугаарт онцоллоо.
Нүүрсний экспорт энэ он гарсаар 30 сая тоннд дөхөж, өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өсжээ.
БНХАУ хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудаа дэмжихээр 47.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулав.
Нэг цэнэглэлтээр 2,000 км?
BYD шинэ хайбрид платформоо мягмар гарагт танилцууллаа. Энэхүү платформын тусламжтайгаар автомашиныг дахин цэнэглэхгүйгээр, эсвэл шатахуун нэмж хийхгүйгээр 2,000 км зам туулах боломжтой бөгөөд тус компанийн Seal 6 загвар нь ийм систем бүхий эхний загваруудын нэг байх аж. Өөрөөр хэлбэл шатахуунаа дүүргэсэн, бүрэн цэнэгтэй Seal 6 автомашинаар Нью-Йоркоос Майами, Мюнхенээс Мадрид орох боломжтой гэсэн үг юм.
Банкнуудын хувьцааны асуудал
Өнгөрсөн онд системийн нөлөө бүхий топ 5 банк IPO хийснээр Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 11 их наяд төгрөг давж байв. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа энэ үед банкнуудын хувьцааны ханш IPO хийсэн үеийн ханшнаасаа голчлон буурсан хөдөлгөөнтэй хэвээр байна.
ХЗЗ-д ноёлогсод
Тавдугаар сарын 28-ны байдлаар харвал ХААН Банкны хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш жил орчмын хугацаанд 15 гаруй хувиар унажээ. Мөн ХХБ, Голомт банкны хувьцааны ханш 21-29 хувиар тус тус унасан бол Төрийн банкных анхны үнээсээ хамгийн өндөр дүнгээр буюу 51 хувиар буурсан байна. Харин ганц Хасбанкны хувьцааны ханш сүүлийн байдлаар IPO хийсэн үнээсээ 8 хувийн өсөлттэй байгаа юм. Гэхдээ өнгөрсөн оны VI сард арилжаа эхэлснээс хойших хагас жилийн хугацаанд тус банкны хувьцаа мөн л уналттай байлаа.
Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн тооцооллоос харвал уг таван банк 10 сарын хугацаанд зах зээлээс нийт 446.8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн нь Монголын хөрөнгийн захад 2005 онд анхны IPO хийгдсэнээс хойш анхдагч зах зээлийн арилжаагаар татан төвлөрүүлсэн нийт дүнгийн талаас дээш хувь буюу 63.7 хувийг эзэлж байна. Мөн ТОП-20 индексийн ХК-иудын нийт зах зээлийн үнэлгээг салбараар ангилбал банк, санхүүгийн салбар 62.8 хувийг бүрдүүлдэг болсныг СЗХ-ны тайландаа дурджээ.
Үнэлгээ доогуур байна
Банкны салбарын хувьцаанууд ТОП-20 индексийн дундаж үнэ, дансны үнэ (P/B) болон дундаж үнэ ашгийн харьцаанаас (P/E) бага буюу хямдаар арилжаалагдаж байгааг Таван богд капитал ҮЦК шинжилжээ. Гэтэл жишиг индексээс хамгийн хямд үнэтэй мөртлөө хамгийн өндөр өгөөжтэй таван хувьцааны дөрөв нь банкны хувьцаанууд буюу ХААН банк, Голомт банк, Төрийн банк, Богд банкны хувьцаа багтсан байна.
Өргөн хүрээнд харвал банк, ББСБ, уул уурхайн салбарын хувьцаануудын өөрийн хөрөнгийн өгөөж ТОП-20 индексийн дунджаас өндөр байгаа. Ийнхүү банкнуудын хувьцааны бодит үнэлгээ, зах зээлийн үнэлгээ зөрөхөд дараах шалтгаанууд нөлөөлж буйг Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн шинжээч Б.Билэгжаргал тайлбарлалаа.
Хэт өндөр нийлүүлэлт: Банкнууд анхдагч зах зээлд жил ч хүрэхгүй хугацаанд хэт өндөр дүн татан төвлөрүүлсэн учир хоёрдогч зах зээлд хувьцааны ханш өсөлттэй үед ч өндөр үнэ төлж, худалдаж авах эрэлт бага байсан.
Салбарын онцлог: Банкны салбарын голлох таван тоглогч болсон компаниуд нээлттэй компани болсноор хөрөнгийн захад “Value Stock” буюу үнэ цэнтэй хувьцааны тоог нэмэгдүүлсэн. Хэдий тийм боловч санхүүгийн зах зээлийн 85-90 орчим хувийг бүрдүүлдэг банкны салбарын хувьцаа технологийн компаниуд шиг огцом өсөлт үзүүлээд байхгүй. Үүнээс гадна бодлогын хүү өндөр байгаа үед хөрөнгө оруулагчид тогтмол өгөөжтэй бонд зэрэг хэрэгслүүдээс өгөөж хүртэж байгаа нь харагдаж байна.
Зах зээлийн үр ашиггүй байдал: Одоо нийтэд идэвхтэй арилжаалагдаж буй хувьцаанаас богино хугацаанд ашиг хүртээд гарах зорилготой арилжаалагчид их байна. IPO хийсэн үнэ дээр ирэхэд л алдагдалгүй хувьцаагаа зарах анхны хөрөнгө оруулагчид буюу зарах захиалга их байх болно.
Банкны салбар бол хөрөнгийн зах зээлийн чухал хэсгийг бүрдүүлж байна. Тиймээс банкнуудын хувьцаа илүү нарийн, зохих ёсоор үнэлэгдээсэй гэж найдаж байна. Харамсалтай нь зах зээлд хувьцааны арилжааны тоо хэмжээ маш бага байна. Энэ нь манай хувьцаа зорилтот ханшдаа хүрч чадахгүй байгаа шалтгаануудын нэг.
Нүүрсний экспорт эхний 5 сард
Чулуун нүүрсний экспорт энэ он гарсаар 29.9 сая тонн хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн дүн болж байна. Монгол Улсын энэ оны төсөвт 60 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон бол Засгийн газар нүүрсний экспортыг 2024 онд 78 сая тонн хүргэнэ гэсэн нь нэлээн өөдрөг төсөөлөл болсон гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзэж байна.
БНХАУ-ын нүүрсний экспорт 2023 онд 474 сая тонн, үүнээс коксжих нүүрс нь 103 сая тонн байжээ. Зөвлөлийн хийсэн судалгаагаар цаашид коксжих нүүрсний хэрэглээ төдийлөн өсөх хандлага харагдахгүй байгаа юм.
Төсвийг аудитаар
УИХ-д өргөн мэдүүлсэн аливаа төсвийн төслийг хэлэлцэх явцад шинээр төсөл нэмэх шаардлагатай бол Үндэсний аудитын газраас төлөвлөлтийн шаардлагад нийцэж буй эсэхэд нь дүгнэлт гаргадаг байх шаардлагатай гэж Нээлттэй нийгэм форум үзэж байна. Түүнчлэн Төсвийн тухай хуулиа дагаж мөрдөхгүй байгаагаас зардал нэмэгдэх, төсвийн сахилга бат алдагдах эрсдэл байгааг анхааруулжээ.
Ирэх оны төсвийн хувьд орлогыг 26 их наяд төгрөг байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тооцоолсон бол ЗГ 29 их наяд төгрөг гэж үзэж зарлагыг ч мөн өсгөөд байгаа аж.
Чип үйлдвэрлэлийг дэмжих сан
БНХАУ хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудаа дэмжихээр 47.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, ЗГ болон Төрийн өмчит томоохон банкнуудын оролцоо бүхий хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгууллаа. АНУ-тай худалдааны зөрчил нь хурцдаж буй энэ үед БНХАУ дотоодын хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхэд төвлөрч байна. Тус улс энэ чиглэлд томоохон алхмууд хийгээд буй ч АНУ-ын чипийн технологиос хамааралтай хэвээр байгаа юм.
АНУ болон Европын Холбооны орнууд хагас дамжуулагчийн салбараа хөгжүүлэхэд нийт 81 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй.
СЭХ-ний рекорд
2023 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлсэн нь шинэ дээд үзүүлэлт болсон байна. Нар, салхины эрчим хүчний хүчин чадлын өсөлтийн эрч шатах түлшний өсөлтөөс хол давсан хэвээр байсан нь үүнд түлхэц болжээ.
Мөн энэ онд сэргээгдэх эрчим хүчний өсөлтийн тренд улам эрчимжих төлөвтэйг Ember төвийн судалгаа харууллаа. Цэвэр эрчим хүчний өсөлт нь нийт цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлтөөс даваад зогсохгүй шатах түлшнээс гарган авах эрчим хүч 2024 онд 2 хувиар буурахад нөлөөлнө гэж судалгаанд онцолжээ.
Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ өсөхөд нарны цахилгаан станцууд голлох үүрэгтэй оролцжээ. Ялангуяа Хятадын үйлдвэрлэгчид нарны хавтангийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж, хамгийн доод үнийг санал болгож эхэлснээр нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн зардал огцом буурсан байна.
Хиймэл оюун болон ESG буюу Байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлуудын огтлолцох нэг цэг нь эрчим хүч болж байна. Medeenomics подкастын 11 дэх дугаарт энэ талаар болон бодлого боловсруулалт, талуудын оролцооны ач холбогдлын талаар Faro Foundation-ийн үүсгэн байгуулагч А.Бямбажаргалтай ярилцлаа.
Шинэ дугаарыг ЭНД дарж сонсоорой. Мөн Medeenomics подкастын бүх дугаарыг Apple Podcasts, Spotify платформуудаас сонсох боломжтой.
Онцлох чарт
Агаарын хөлгийн аюулгүй байдлын талаар сүүлийн үед хэвлэлүүдийн тэргүүн нүүрийг эзлэх болсон дуулиант мэдээллүүд агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн санааг чилээж байж магадгүй. Гэхдээ Boeing болон Airbus-ийн онгоцонд суух нь нисэх буудал руу автомашинаар явахаас хэд дахин аюулгүй хэвээр болохыг статистик харуулж байна.
Тухайлбал өнгөрсөн онд зорчигч тээврийн 37 сая удаагийн нислэг хийгдсэнээс хүний амь эрсэдсэн ганц ч осол бүртгэгдээгүй аж. Харин 2024 онд анхаарал татсан олон мэдээлэл гарсан ч агаарын тээврийн аюулгүй байдлын хувьд жирийн л нэг жил үргэлжилж байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Франсуа Вильруа де Гало: Европын Төв банк бодлогын хүүг бууруулах талаар бодолцож үзэх хэрэгтэй
MICC "Тавантолгой" ХК-ийн хувьцааг худалдан авахыг зөвлөв. Ямар эрсдэл, боломж байна вэ?
JPMorgan: “BHP” компани “Anglo American”-ийг худалдан авбал Өмнөд Африкаас $4.3 тэрбумын мөнгөн урсгал гарна
Эцэст нь товчхон
МХБ: Дархан нэхий ХК-ийн компанийн засаглалын үнэлгээ 97.22 хувийн биелэлттэй буюу засаглал “хэвийн” гэж үнэлэгджээ. “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг үнэлэх аргачлалын дагуу авбал зохих нийт онооны 90 хувь болон түүнээс дээш байвал компанийн засаглал “хэвийн” буюу эрсдэлгүй гэж үздэг.
НЗДТГ: Барилгын хог хаягдал дахин боловсруулах анхны үйлдвэр 2024 оны III улиралд ашиглалтад орох хүлээлттэй байна. ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээл болон Европын холбооны буцалтгүй тусламжаар Морингийн даваанд байгуулж буй тус байгууламж ашиглалт орсноор жилд 175 мянган тонн барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой болно.
Өнөөдрийн онцлох зураг
Шүхрэн малгай өмссөн худалдагч Энэтхэгийн Варанаси хотын аагим халуунд
Niharika Kulkarnia/AFP/Getty Images