2024/05/28

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. MICC фирмээс Тавантолгой ХК-ийн хувьцааг шинжилснийг энэ дугаарт онцоллоо.

  2. Kincora Copper компани хувьцааны арилжаагаа түр зогсоох хүсэлтийг Австралийн хөрөнгийн биржид гаргажээ.

  3. БНХАУ автомашины экспортоор Японыг гүйцэн дэлхийд тэргүүлж эхлэв.

TTL-ийн хувьцааг шинжсэн нь

Монголын хөрөнгийн захад ногдол ашгийн хэмжээ болон өгөөжөөр бүх цаг үед тэргүүлдэг Тавантолгой ХК-ийн хувьцааг MICC (Mongolian International Capital Corporation) шинжилж, худалдан авах нь зүйтэйг хөрөнгө оруулагчдад зөвлөжээ. TTL-ийн шинжилгээ нааштай гарахад ямар хүчин зүйлс нөлөөлснийг харцгаая.

Онцлох үзүүлэлтүүд

Тавантолгойн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг гурван компаниас МХБ-д бүртгэлтэй ганц нь болох “орон нутгийн” Тавантолгой ХК-ийн хувьцааны өсөлтийн төлөвийг эерэг гэж дүгнэхэд компанийн тогтвортой мөнгөн урсгал болон нүүрсний биржийн арилжаагаар ил тод байдал сайжирч буй нь нөлөөлснийг MICC онцолсон байна.

Өнгөрсөн оноос эхлэн Монгол улс таваарын биржээр дамжуулан нүүрсээ хилийн үнээр борлуулж эхэлсэн нь Тавантолгойн орлого 2023 онд 43 хувиар огцом нэмэгдэхэд гол түлхэц болсон юм. Жилд 5-10 сая тонн нүүрс олборлож, зах зээлд гаргах хүчин чадалтайд тооцогддог тус компанийн экспорт Монгол Улсын нийт нүүрсний экспортын 5-8 хувийг бүрдүүлдэг.

Мөн компани ногдол ашгаар дотооддоо түүчээлдэг жишгээ энэ онд үргэлжлүүлж, цэвэр ашгийнхаа 70 хувь буюу 263 тэрбум төгрөгийг тараагаад байгаа. Мөн ногдол ашгийн өгөөж нь 28.1 хувьтай байснаар бусад компаниудаа тэргүүлжээ. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд TTL цэвэр ашгийнхаа дунджаар 86 хувийг ногдол ашигт тарааж, 28 хувийн өгөөж хүртээсэн байна.

Гол сорилт нь засаглал

Компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын хүчин чармайлтаас харвал “Тэрбум мод” санаачилгын хүрээнд Өмнөговь аймагт 7.5 сая мод тарих амлалт өгсөн, 2023 онд ажилтнуудынхаа цалинг 30-40 хувиар өсгөсөн, борлуулалтаасаа орон нутагт 296.7 тэрбум төгрөгийн татвар төлсөн зэрэг үзүүлэлтүүд байна.

Харин компанийн засаглалын кодексоо вебсайтдаа байршуулсан ч 2023 онд шинэчлээгүйг MICC шинжилгээндээ тодотгожээ. Түүнчлэн өнгөрсөн онд захирлуудын зөвлөлийн гишүүдэд хамаарал бүхий урамшууллыг үндэслэлгүй өндөр дүнгээр нэмэгдүүлсэн нь олон нийтэд сөрөг ойлголт үүсгэснийг дурдсан байна. Одоогоор компанийн 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг боловч 19.78 хувийн эзэмшилтэй Ажнай корпорацын удирдлага Тавантолгой-н менежментийн багийг ихэвчлэн удирддаг аж.

Мөн өнгөрсөн онд компанийн тайландаа тусгасан борлуулалтын орлого болон МХБ-ээр борлуулсан нүүрсний үнийн дүн хооронд томоохон зөрүү гарсан нь хөрөнгө оруулагчид, шинжээчдийг гайхшруулж, улмаар багагүй шүүмжлэлд өртөж байлаа.

Шинжилгээний үр дүнд MICC-ийн зүгээс Тавантолгой ХК-ийн хувьцааны зорилтот ханшийг 38,055.12 төгрөг буюу V сарын 24-ний хаалтын ханшнаас нь 67.20 хувиар өндөр тогтоож, худалдан авах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан байна. Зорилтот ханшийг тооцоолохдоо компанийн хямдруулсан мөнгөн урсгалын загвар болон EV/EBITDA үржүүлэгчийг харьцуулж болох бусад компанитай харьцуулсан аргачлалыг ашиглажээ.

Мөн компанийн борлуулалтын өсөлтийг даган мөнгөн урсгал нь тогтвортой байгаа тул компанийн бодит үнэ цэнийг чөлөөт мөнгөн урсгалын аргачлалаар (FCFF) тооцоолсон байна. Эцэст нь дурдахад компанийн өсөлтийн түвшин цаашид 3 хувьд тогтворжих төлөвтэй гэж үзжээ.

ХК ба хариуцлага

Нэр бүхий 52 хувьцаат компани 2023 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулаагүйг СЗХ анхааруулав. Иймд Компанийн тухай хуульд зааснаар тэдгээр компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг мэдэгджээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуулийн дагуу зохион байгуулаагүй 52 компанийн жагсаалтад "Агротехимпекс", "Говь шанд", "Завхан тээвэр", "Сэлэнгэ гурил тэжээл" зэрэг II болон III ангиллын ХК-иуд багтжээ.

Kincora-ийн ээлжит алхам

Kincora Copper компани хувьцааны арилжаагаа түр зогсоох хүсэлтийг Австралийн хөрөнгийн биржид гаргалаа. Тодруулбал хамтарсан компани байгуулах ажлыг эцэслэж, албан ёсны мэдэгдэл хийх хүртлээ буюу тавдугаар сарын 29-ний өдөр хүртэл хувьцааны арилжаагаа зогсоохоор болжээ.

Компани 2023 онд стратегийн томоохон шилжилт хийж, Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж дахь төслүүддээ гол анхаарлаа төвлөрүүлж эхэлснээ оны эхний улирлын тайландаа онцолсон юм. Харин Монгол дахь хөрөнгүүддээ хөндлөнгийн стратегийн үнэлгээ хийлгэж, худалдах үйл явцыг үргэлжлүүлж байгаагаа дурдаж байв.

xAI $6 тэрбумыг босгов

Илон Маскийн үүсгэн байгуулсан хиймэл оюуны “xAI” компани Andreessen Horowitz, Sequoia Capital тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас зургаан тэрбум ам.доллар татан төвлөрүүллээ. Энэ нь хиймэл оюуны салбар дахь томоохон хөрөнгө оруулалтуудын тоог нэгээр нэмж байна. “xAI” нь X платформтой нягт холбогдож, тус платформ дээр Grok AI чатбот үйлчилгээгээ анхлан нэвтрүүлэхэд ашиглагджээ.

$10,000-ын EV Европт

БНХАУ-ын хямд үнэтэй цахилгаан автомашинууд Европын орнуудад хэдийн нийлүүлэгдэж эхэлсэн нь бүс нутгийн томоохон авто үйлдвэрлэгчдэд цохилт болж байна. Тэгвэл өнгөрсөн оны сүүлээр Tesla компанийг гүйцэж, цахилгаан автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсэн BYD компани өрсөлдөөнийг дахин шинэ шатанд гаргахаар зэхэх болжээ.

Хятадын тус компани hatchback ангиллын Seagull загвараа ирэх оноос Европт худалдаалах төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрсөн сард зарласан юм. Мэдрэгчтэй, эргэдэг дэлгэц, гар утасны утасгүй цэнэглэгч зэрэг өндөр зэрэглэлийн автомашинд байдаг функцүүдээр тоноглогдсон тус автомашин Хятад улсдаа 10 мянган ам.доллар хүрэхгүй үнээр зарагддаг. Гаалийн тариф, Европын стандартад нийцүүлсэн өөрчлөлтүүдийн дараа ч “BYD” компанийн удирдлагууд Seagull загвараа хилийн чанадад 21,500 хүрэхгүй ам.доллароор борлуулах хүлээлттэй байгаа аж.

Зэс $40 мянга хүрэх үү

Энэ он гарсаар зэсийн үнэ 20 хувиар өсөж, тонн нь 11 мянган ам.доллар давснаар түүхэн дээд түвшиндээ хүрээд байгаа. Тэгвэл ирэх жилүүдэд зэсийн үнэ тонн нь 40 мянган ам.доллар хүрэх боломжтой, мөн нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхэд таваас илүү жил шаардагдана гэж хедж сангийн менежер Пьюр Андуранд таамаглажээ. Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор цахилгаан автомашин, нар, салхин цахилгаан станц, дата төв болон батлан хамгаалахын хэрэглээнд зэсийн эрэлт хоёр дахин өсөж магадгүй байгааг тэрбээр мөн онцолсон байна.

Онцлох чарт

Хятад улс дэлхийн хамгийн том авто зах зээл болоод зогсохгүй өнгөрсөн онд 9.5 сая автомашин нийлүүлж, цахилгаан автомашины борлуулалтаараа бусад бүх улсыг илүүрхжээ.

  • Энэхүү амжилт нь Бээжингийн баримталсан бодлого, хөрөнгө оруулалт үр шимээ өгснийг харуулж байна. Гэвч нөгөө талаараа энэ нь Хятад болон Барууны орнуудын хоорондох худалдааны зөрчилд нэрмээс болох боллоо.

  • Дотоодын зах зээл дэх үнийн дайн, өсөлтийн удаашрал нь Хятадын автомашиныг хилийн чанадаас худалдан авагчид хайхад хүргэж, улмаар худалдааны олон саадтай тулгарч байна.

  • Мөн Хятад улс автомашины экспортын тоо хэмжээгээр Японыг гүйцэн дэлхийд тэргүүлж эхэлсэн. Өнгөрсөн онд нийт 4.14 сая нэгж автомашин экспортолжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

МХБ: Таван богд холдингс ХХК, түүний охин компаниуд болон ХААН банкны хооронд 2017 онд байгуулсан зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Говь ХК-ийн ТУЗ зөвшөөрчээ. Ингэснээр компанийн зээлийн эрхийн хэмжээг найман тэрбум төгрөгөөс 38 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

KBS World: Монгол Улсын хаягийн нэгдсэн системийг шинэчлэх төслийн хүрээнд Монгол Улс БНСУ-тай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Төслийн хүрээнд хаягийн мэдээллийн системийг шинэчлэхэд БНСУ-д ашиглаж буй технологи, туршлагаас судална.

Өнөөдрийн онцлох зураг

Италийн Павиа хотын ойролцоох наран цэцгийн талбай өглөөний наранд

Francesca Volpi/Bloomberg