- Business newsletter
- Posts
- 2024/05/27
2024/05/27
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Төсөөллийг бут цохисон Nvidia-ийн тайлан, хиймэл оюуны технологийн зарцуулалтын төлөвийн талаар энэ дугаарт онцоллоо.
SouthGobi Resources Монгол дахь охин компанид нь ногдуулсан торгуулийг нэмэгдүүлэх шийдвэрийг давж заалдана.
Rio Tinto хувьцааны бүртгэлээ Лондоноос Австралийн хөрөнгийн бирж рүү шилжүүлбэл хувьцааны ханш нь 40% өсөх боломжтой.
“Урлагийн бүтээл” мэт улирал
Компаниудын хиймэл оюуны зарцуулалт өндөр хэвээр байх төлөвтэйг борлуулалтын эерэг төсөөллөөрөө баталсан Nvidia-ийн хувьцааны ханш дахин огцом өсөж, улмаар зах зээлийн үнэлгээ нь дөрвөн цагийн дотор 267 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Ийнхүү тус компани төсөөллийг бут цохисон тайлангуудаараа хиймэл оюуны салбарын хувьцаанууд “дүүлсээр байх” замыг заслаа гэж шинжээчид онцолж байна.
Сэргэлт ирэх ч сорилтууд бий
Өнгөрсөн долоо хоногт Nvidia хоёрдугаар улирлын орлого нь 28 тэрбум ам.доллар орчим байхаар байгааг мэдээлсэн нь шинжээчдийн төсөөлөл болох 26.8 тэрбум ам.доллароос давсан юм.
Nvidia-ийн эдгээр шинэ тоонууд хувьцааных нь шуургалсан өсөлтийг тайлбарлаж чадах уу гэдэг одоо гол асуулт болж байна. Өнгөрсөн лхагва гарагийн арилжаагаар тооцвол компанийн хувьцааны ханш он гарсаар 92 хувиар өссөн нь мэдээж хөрөнгө оруулагчид тус компанийн санхүүгийн үзүүлэлт цаашид таамгийг эвдсээр байна гэдэгт итгэж байгаатай холбоотой.
Тайлангийн сайн үзүүлэлтээс гадна компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан технологийн шинэ эрин эхэлж буй талаар ярьсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. “Аж үйлдвэрийн шинэ хувьсгал эхэлж байна. Үнэхээр гайхалтай” хэмээн тэрбээр дуртай сэдвээ бататгажээ.
Харин пүрэв гарагт нэгж хувьцааны ханш нь 9.3% өсөж, 1,037.99 ам.долларт хүрснээр Nvidia-ийн үнэлгээг бараг 270 тэрбум ам.доллароор ахиулжээ. Энэ нь нэгэн цагт Nvidia-г бүхий л үзүүлэлтээрээ хол хаяж байсан чип үйлдвэрлэгч Intel-ийн зах зээлийн нийт үнэлгээнээс ч өндөр дүн юм. Мөн Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд ам.доллар хүрсэн нь Австрали, БНСУ, ХБНГУ зэрэг хөгжингүй орнуудын бүхэл бүтэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс давж байна.
Орлогын энэхүү дэврүүн төсөөлөл нь Nvidia-д дэлхий дахины хиймэл оюуны зарцуулалтаас хамгийн том үр ашиг хүртэгчийн байр суурийг нь бататгаж байна.
Хар савхин хүрмээ нэрийн хуудас болгосон Женсен Хуан ч мөн хиймэл оюуны эринд од болон гялалзаж буй. 1993 онд хамтран үүсгэн байгуулсан компани нь анх компьютер тоглоомд зориулсан график карт үйлдвэрлэдэг байлаа. Хожим тэрбээр Nvidia-ийн чипүүд нь хиймэл оюуны программ хангамж үйлдвэрлэхэд маш тохиромжтойг анзаарч, улмаар шинэ зах зээл бий болгосноор өрсөлдөгчдөөсөө тасарч чаджээ.
2022 онд OpenAI-ийн ChatGPT чатбот танилцуулагдсан нь технологийн томоохон компаниуд өөрсдийн гэсэн хиймэл оюуны дэд бүтэцтэй болохоор яарах эхлэлийг тавив. Энэхүү уралдаан нь Nvidia-ийн H100 чипийг заавал авах ёстой бүтээгдэхүүн болгожээ. Нийлүүлэлт нь ихэвчлэн хумигдмал байдаг энэхүү чипээ Nvidia тус бүрийг нь олон мянган ам.доллароор зарж байна.
Одоохондоо компанийн чипийн орлогын дийлэнх хэсгийг цөөн тооны үйлчлүүлэгчид бүрдүүлж байна. Amazon, Meta, Microsoft, Alphabet гэсэн дөрвөн компани Nvidia-ийн чип борлуулалтын 40 гаруй хувийг бүрдүүлдэг хамгийн том худалдан авагчид нь юм.
Nvidia тайлангаа танилцуулахдаа өөрсдийн технологио илүү өргөн хүрээний зах зээлд борлуулж, тэр дундаа “hyperscaler” буюу нүсэр хэмжээний үүлэн тооцооллын үйлчилгээний чиглэлд тэлэх төлөвлөгөөтэй байгаагаа тодотгожээ. Мөн сүүлийн үед хиймэл оюун нь хэрэглээний интернэт, авто үйлдвэрлэл, био технологи, эрүүл мэндийн салбар руу шилжиж байгааг Хуан онцолсон байна.
Хиймэл оюуны загалмайлсан эцэг болсон компанийн улирлын үзүүлэлт дахиад их мастерын урлагийн бүтээл мэт байлаа. NVIDIA-ийн танилцуулсан төсөөллийг Луврт залбал зохино. Хамгийн чухал нь тус компанийн чипийн эрэлт улам нэмэгдсээр байна. Буурах шинж алга.
SGR-ийн татварын маргаан
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй SouthGobi Resources компани Монгол дахь 100 хувийн эзэмшилтэй охин компани нь болох SouthGobi Sands-д Монголын Татварын албанаас ногдуулсан торгуулийг давж заалдахаа мэдэгджээ.
Тавдугаар сарын 15-нд Монголын Татварын албанаас SouthGobi Sands-ийн татварын аудитын үр дүнд үнэлгээ хийж, улмаар тус компанид ногдуулаад байсан татварын торгуулийг ойролцоогоор 80 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна. Иймд Монголын холбогдох хуульд заасны дагуу дахин үнэлгээний үр дүнг 30 хоногийн дотор давж заалдах эрхээ эдэлж, Татварын маргаан таслах зөвлөлд хандахаар төлөвлөж байгаагаа SGR онцолжээ.
“Rio шилжих нь зөв”
Rio Tinto компани хувьцааны үндсэн бүртгэлээ Лондоноос Австралийн Хөрөнгийн бирж рүү шилжүүлбэл хувьцааны ханш нь 40 орчим хувиар нэмэгдэх боломжтой байгааг Английн Palliser Capital сан мэдэгдлээ. 850 сая орчим ам.долларыг удирддаг тус сангийн хувьд Rio-г Лондоны Хөрөнгийн биржээс бүртгэлээ хасуулах нь зүйтэй, мөн компани давхар корпорацын бүтэцтэй байдаг нь нийт хувьцаануудыг худалдан авахад хүндрэлтэй болгож байгааг тодотгожээ.
Rio Tinto-ийн Лондонд бүртгэлтэй хувьцаануудын үнэлгээ Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаануудын үнэлгээнээс 27 тэрбум ам.доллароор бага байгаа юм. Иймд компани ямар нэгэн өөрчлөлт хийхээр болбол Австрали болон Их Британийн хөрөнгө оруулагчдаасаа зөвшөөрөл авна. Хоёр жилийн өмнө BHP групп үүнтэй адил шилжилт хийж байв.
Anglo гүрийсээр
Anglo American компани BHP-ийн худалдан авах саналд гурав дахь удаагаа татгалзсан хариу өглөө. Гэхдээ дахин санал тавих эцсийн хугацааг тавдугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгажээ. Ингэснээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбарт хийгдэх хамгийн том хэлцэл биелэх боломж хадгалагдаж байна.
BHP-ийн хувьд сүүлийн саналдаа Anglo American-ийн хувьцааг 29.34 фунт стерлингээр (нийт 49.2 тэрбум ам.доллар) үнэлсэн нь дөрөвдүгээр сарын 23-ны хаалтын ханшнаас 47 хувиар өндөр үзүүлэлт болж байна. Мөн саналыг зөвшөөрвөл Anglo-ийн хувьцаа эзэмшигчдэд нэгдсэн компанийн хувьцаанаас 17.8 хувийг нь өгөхөөр байгааг BHP-ийн Гүйцэтгэх захирал мэдэгджээ.
Онцлох чарт
БНСУ хагас дамжуулагчийн салбараа дэмжих 19 тэрбум ам.долларын багц арга хэмжээгээ танилцууллаа. 19 тэрбум ам.доллар буюу 26 их наяд вонийн энэхүү хөрөнгө оруулалтийн 17 их наяд нь татварын урамшуулал болон өртөг багатай зээл олголтод чиглэсэн байна. Энэ нь хоёр долоо хоногийн өмнө тус улсын Сангийн сайдын танилцуулсан 10 их наяд вонийн хөтөлбөрөөс бараг хоёр дахин өндөр дүн болж байна.
Санах ойн чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНСУ-ын хувьд Samsung, SK зэрэг хувийн хэвшлийн компаниудынхаа хөрөнгө оруулалтад илүү найддаг байсан бол өдгөө Засгийн газар нь ийнхүү хөрөнгө оруулалт татахад анхаарч эхэлжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Олон улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт хол зөрүүтэй байгааг "Их-7"-ийн бүлэг хэлэлцэнэ
БНХАУ ирэх сараас кобальтын нөөцөө 15 мянган тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
Агаарын тээвэр, дэд бүтэц хойш чангаасаар ... Аялал жуулчлалын хөгжлийн индексээр Монгол Улс 6 байр ухарлаа
Эцэст нь товчхон
ЗТХЯ: Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол болон Узбекистаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эцэслэн баталжээ. Төслийг баталснаар хоёр орны хооронд ачаа тээвэрлэлт хийж, гадаад худалдаа өргөжихөөс гадна Монголын тээвэрчид гуравдагч орнууд руу тээвэр хийх боломж бүрдэхийг мэдээлэв.
Өнөөдрийн онцлох зураг
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак тус улсын парламентийн сонгуулийг товыг зарласныхаа дараа
Chris J. Ratcliffe/Bloomberg