2024/05/24

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан дэлхийн улсуудын аялал жуулчлалын хөгжлийн эрэмбийг энэ дугаарт онцоллоо.

  2. SpaceX нэгж хувьцаагаа 108-110 ам.доллароор үнэлэн худалдах тендер саналын талаар судалж байна. Ингэснээр үнэлгээ нь $200 тэрбум хүрч магадгүй.

  3. Дата нь өдгөө улс орнуудад байгалийн баялгаас өөрцгүй болсныг Nvidia-ийн Женсен Хуанг онцлов.

Аялал жуулчлалын хөгжлийн эрэмбэ

Цар тахлын хорио хязгаарлалтаас хамгийн их хохирол амссан салбаруудын нэг болох аялал жуулчлал дөнгөж эргэн өндийж байгаа энэ үед Дэлхийн эдийн засгийн чуулган 2024 оны Аялал жуулчлалын хөгжлийн индексээ танилцууллаа.

Сэргэлт ирэх ч сорилтууд бий

Энэ онд дэлхийн ДНБ-д аялал жуулчлалын салбарын, тэр дундаа олон улсын жуулчдын хөдөлгөөний оруулах хувь нэмэр цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрч эргэн сэргэх төлөвтэй.

Хэдийгээр аялал жуулчлалын салбар цар тахлын цочролоос ангижирсан ч бусад гадаад сорилтуудтай тулгараад байна. Тухайлбал макро эдийн засаг, геополитик, хүрээлэн буй орчны улам өсөн нэмэгдэж буй эрсдэлүүд нь тус салбарт сорилт дагуулсаар байгаа юм. Мөн ажиллах хүчний байнгын хомсдол, агаарын тээврийн багтаамж ба хүрэлцээ, хөрөнгө оруулалт, салбарын бусад нийлүүлэлтийн хүчин зүйлс нь аялал жуулчлалын эрэлтийн өсөлтийг хангаж гүйцэхгүй байна.

Эдгээр бүгд нь Дэлхийн эдийн засгийн чуулган Английн Surrey их сургуультай хамтран хоёр жил тутам гаргадаг “Аялал жуулчлалын хөгжлийн индекс-2024” тайланд хөндсөн онцлох асуудлууд юм.

Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн форум энэхүү тайландаа дэлхийн 119 орны аялал жуулчлалын салбарын хөгжлийг үнэлсэн эрэмбээ шинэчлэн танилцуулжээ. Гол шалгуурын хувьд улс орнуудын аялал жуулчлал хөгжих орчин, бодлогын дэмжлэг, дэд бүтэц ба үйлчилгээ, аялал жуулчлалын нөөц, тогтвортой байдал гэсэн таван гол үзүүлэлтээр дүгнэсэн байна.

Аялал жуулчлалын хөгжлөөр АНУ, Испани, Япон, Франц, Австрали гэсэн улсууд 2024 оны эрэмбийг тэргүүлжээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнууд хамгийн сайн ахиц дэвшил харуулсныг онцолсон байна. Тухайлбал дундаас дээгүүр эдийн засагтай орнуудын дотроос БНХАУ үзүүлэлтээрээ эхний 10-т багтсан бол Индонез, Бразил, Турк зэрэг аялал жуулчлалын шинэ төвүүд Хятадтай зэрэгцэж, жагсаалтын эхний 30 дотор багтаж чаджээ.

6 байр ухрав

Нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй Монгол Улсын хувьд тус эрэмбэд нийт авах ёстой 7 онооноос 3.57-г авч 85 дугаарт жагссан байна. Манай улсын оноо цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад 2 хувиар буурч, улмаар эрэмбэд зургаан байр ухрахад нөлөөлжээ.

Шалгуур үзүүлэлтүүдээс харвал жуулчдын аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл мэндийн үзүүлэлтээр Монгол Улс өндөр оноо авсан ч аялал жуулчлалд нээлттэй байдал, агаарын тээврийн болон авто замын дэд бүтэц, соёлын өвийн нөөц, амралт зугаалгын бус аяллын нөөц (бизнес, боловсрол г.м), аялал жуулчлалын тогтвортой эрэлт гэсэн үзүүлэлтүүдээр хамгийн тааруу буюу 3-аас доош оноо авчээ.

Тэгвэл ойролцоо эдийн засагтай хөгжиж буй орнуудын эрэмбийг харвал Узбекистан улс 94-өөс 78 руу, Албани 78-аас 66 руу, Кот’д Ивуар 116-аас 114 рүү гэх мэтээр байр ахисан байна.

2023 онд 645 мянга гаруй жуулчин хүлээн авсан, 1 тэрбум ам.доллар давсан орлоготой хоёр дахь салбар болсон, шууд нислэгтэй орнуудын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд Монголын аялал жуулчлалын салбарт дүүрэн байгаа. Энэ онд болон ирэх жилүүдэд Монголыг зорих жуулчдын тоо бүр ч нэмэгдэх прогноз байгаа ч өсөлтийг тогтвортой хадгалахын тулд тооноос гадна чанарын асуудал байнга яригдахаар байна.

Чухал стратеги

Монгол Улс уул уурхайн салбарын хөгжлөө дараагийн шатанд гаргахын тулд чухал ашигт малтмалын бодлого, стратегийг нэн түрүүнд боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Ингэснээр чухал ашигт малтмалын жагсаалтыг тодорхой болгож, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэх бөгөөд эхний ээлжинд зэс, жонш, газрын ховор элемент, цагаан алтны бүлэг зэрэг 18 элементийг тус жагсаалтад бүртгэх боломжтойг “Чухал ашигт малтмал: Монголын болон глобал чиг хандлага, бодлого, практик” семинарт оролцогчдын төлөөлөл мэдээлэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2024 онд 30 гаруй тэрбум төгрөгийг чухал ашигт малтмалын хайгуул, судалгааны ажилд төсөвлөөд буй юм.

Хөрөнгийн захад

МХБ-ийн сүүлийн арилжаагаар Erdene Resource Development компанийн хувьцааны ханш 14.9 хувиар өсөж, 1259 төгрөгт хааснаар бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрсэн байна. Ингэснээр хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь 434.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж эхэлжээ.

“Зөөвч-Овоо”-ийн потенциал

Монгол Улсын анхны ураны төсөл болох "Зөөвч-Овоо" орд нь ирэх 30 жилийн хугацаанд жил бүр 2750 тонн уран үйлдвэрлэх боломжтой байгааг Time сэтгүүл онцоллоо. Энэ нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн дөрвөн хувийг бүрдүүлэх үзүүлэлт болж байна.

"Зөөвч-Овоо" ураны орд нь сүүлийн 20 жилд илрүүлсэн 10 том ордын нэгд зүй ёсоор ороод байгааг Бадрах Энержи компани мэдээлж байв. Өнгөрсөн аравдугаар сард хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий нөхцөлөөр ЗГ болон Orano Mining компани урьдчилсан зөвшилцөлд хүрч, хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан юм. Төслийн онцлогтой холбоотой тодруулах зүйл их байснаар хэлэлцээ сунжирсан болохыг Бадрах Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард өмнө нь дурдаж байлаа.

Дата бол байгалийн баялаг

Улс орнууд дата нөөцдөө байгалийн баялгаас өөрцгүй хандах хэрэгтэй болохыг Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг Лас-Вегас хотод болсон Dell World Conference арга хэмжээний үеэр ярилцлага өгөхдөө онцолжээ.

“Улс орон бүр үндэсний аюулгүй байдалд нөлөө бүхий дата мэдээллээр бусад орноос хараат байж болохгүй. Дата мэдээлэл нь тухайн улсын байгалийн баялгийнх нь нэг хэсэг хэмээн хүмүүс ойлгож эхэлж байна. Зэс, алт, лити зэргээр хязгаарлагдахаа больсон. Иймд энэ байгалийн баялгаа ашиглаж, хиймэл оюун руу хөрвүүлж, хувиргахыг зорьж байна. Үүний тулд улс бүхэнд хиймэл оюуны үйлдвэр хэрэгтэй” гэсэн байна.

Зэс тогтворжив

Зэсийн үнэ бүх цаг үеийн дээд түвшинд хүрснийхээ дараа өсөлт нь тогтворжиж эхэллээ. Энэхүү өсөлт нь суурь хүчин зүйлсээс зөрсөн, магадгүй эртэдсэн өсөлт гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байгаа. Үүнээс өмнөхөн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол гүнзгийрч магадгүй гэсэн спекуляцын нөлөө үргэлжилсээр зэсийн үнэ сүүлийн 56 жилийн дээд түвшиндээ буюу тонн нь 11 мянга 460 ам.доллар хүрээд байсан юм.

Онцлох чарт

Инфляц өсөхдөө хурдан, ЗГ-уудын эрүүл мэндийн салбарын зарцуулалт өндөр, төсвийн алдагдал их хүлээдэг шинэ эрин дэлхий дахинд эхэлжээ. Энэ бүгдийн цаана дэлхийн хүн амын эрчимтэй хөгшрөлт бий. 2050 он гэхэд дэлхийн зургаан хүн тутмын нэг нь 65 болон түүнээс дээш настай болно гэж НҮБ тооцоолсон байна. Инфляцыг авч үзвэл зарцуулалт ихтэй “настай” хүмүүсийн тоо олон, харин үйлдвэрлэл явуулах залуу хүмүүсийн тоо цөөн байгаа гэх энгийн шалтгааныг дурдаж болох юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

ҮСХ: УБ хотод орон сууцны үнэ IV сард өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 4 сая төгрөг, хуучин орон сууц 3.8 сая төгрөгийн ханштай байна.

Уур амьсгалын COP17 бага хурлыг Монгол Улс 2026 онд зохион байгуулна. Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан байна.

Өнөөдрийн онцлох зураг

OpenAI компанийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн, Microsoft-ийн Технологи хариуцсан захирал Кевин Скотт нар АНУ-ын Сиэтлд болсон Microsoft Build арга хэмжээний үеэр.

Chona Kasinger/Bloomberg