2024/05/22

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Токиогоос Нью-Йорк хүртэл дэлхийн хөрөнгийн зах зээлүүд өсөлтийн буухиагаа үргэлжлүүлж буй талаар энэ дугаарт онцоллоо.

  2. Xanadu Mines 2023 онд “Хармагтай” төсөлд 71.9 мянган метрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэснээ тайлагнав.

  3. JPMorgan банк Жэйми Даймоныг залгамжлах хүнийг сонгохоор төлөвлөж байна.

Рекорд өсөлт хаа сайгүй

Нью Йорк, Лондоноос эхлээд Токио хүртэл дэлхийн хөрөнгийн зах зээлд нэгэн ижил төстэй зүйл ажиглагдаж байгаа нь “бүх цаг үеийн дээд түвшин” юм.

Дэлхийн тэргүүлэх 20 хөрөнгийн зах зээлийн 14 нь одоогоор бүх цаг үеийн дээд үзүүлэлтдээ хүрээд байна. Хөгжиж буй орнуудын хөрөнгийн захыг дагадаг MSCI ACWI индекс мөн л рекорд шинэчилсэн үзүүлэлтээ ахиулсаар байгаа бөгөөд баасан гарагт дахин шинэ дээд цэгтээ хүрчээ.

Харин АНУ-д S&P 500, Nasdaq 100 индексүүд энэ долоо хоногт дээд үзүүлэлтээ шинэчлээд зогсохгүй Америкийн топ 30 компанийн хувьцааг нэгтгэсэн Dow Jones индекс түүхэндээ анх удаа 40 мянгын босгыг давлаа. Үүнтэй зэрэгцэн Европ, Канад, Бразил, Энэтхэг, Япон, Австралийн томоохон биржүүд оргил үзүүлэлтдээ хүрсэн эсвэл хүрэхэд дөхсөн дүр зурагтай байна.

Эдийн засгийн эрүүл үзүүлэлт, компаниудын ашгийн эерэг тайлан болон удахгүй буурах хүлээлттэй бодлогын хүү нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийг хөдөлгөх урьтал нөхцлүүд болсон аж. Дээр нь нэмэгдээд мөнгөний зах зээлийн сангуудад төвлөрсөн хөрөнгө 6 их наяд ам.долларт хүрсэн, эрсдэл харьцангуй цөөн байгаа зэрэг өсөлтийг хөдөлгөх хүчин зүйлс мундахгүй байна.

“Макро талаас харвал одоогоор ямар нэгэн түгшүүрийн улаан дохио алга байна. Мөчлөгийн шинжтэй эдийн засгийн сайн үзүүлэлтүүд хадгалагдаж, одоогийн өсөлт улам бүр тэлэх боломжтой” гэж Fidelity International-ийн стратегич Салман Ахмед онцолжээ.

$12 их наядын өсөлт

Аравдугаар сарын сүүлчээс хойш АНУ-ын хувьцааны зах зээл тасралтгүй өсөж, үнэлгээ нь 12 их наяд ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн хоёр жилийн турш огт дээд үзүүлэлтээ шинэчлээгүй байсан S&P 500 индекс 2024 он гарсаар бүр 24 удаа бүх цаг үеийн дээд цэгтээ хүрчээ. Инфляц саарахын хажуугаар эдийн засгийн өсөлт хадгалагдаж, уналтаас зөөлөн газардах, Холбооны нөөцийн банк энэ оноос бодлогын хүүгээ бууруулах найдлага бэхэжсэн нь үүнд тодорхой хэмжээнд нөлөөлж буй.

Нөгөөтээгүүр хиймэл оюуны технологийг тойрсон өндөр хүлээлтийг дурдах хэрэгтэй. Хиймэл оюуны чип үйлдвэрлэлийн аварга Nvidia тус индексийн өсөлтийн дөрөвний нэг орчмыг дангаараа бүрдүүлжээ. Үүн дээр Microsoft, Amazon, Meta, Alphabet-ийг нэмж тооцвол эдгээр 5 технологийн компани S&P 500 индексийн өсөлтийн 53 хувийг тайлбарласан байна.

Таваарын үнэ хувьцааг дэмжиж байна

Их Британийн FTSE 100 индекс ам.доллароор тооцвол сүүлийн гурван сарын хугацаанд Euro Stoxx 50 индексийг өсөлтөөрөө илүүрхэж, оны эхэн үеийн сул үзүүлэлтээ бараг нөхжээ. Түүхий эдийн үнэ цойлсон нь хөгжингүй зах зээлүүдээс хамгийн бага үнэлгээтэйд тооцогддог Их Британийн ХЗЗ-ийн өсөлтөд түлхэц өгч, өрсөлдөгчидтэйгөө зэрэгцэхэд нь дэм болсон байна.

Эдийн засгийн үзүүлэлтүүдэд мэдрэг байдаг түүхий эдийн зах зээл мөн Канадын гол индекс бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрэхэд нь нөлөөлжээ. Алт, зэсийн үнэ энэ онд дээд түвшнээ удаа дараалан шинэчилсэн тус улсын индекст 12 хувийн жин дардаг нүсэр уул уурхайн салбарынх нь өсөлтийг хөтөлсөн байна.

Япон эргэн иржээ

Японы Nikkei 225 индекс энэ он гарсаар 16 хувиар өсөж, өнгөрсөн оны 28 хувийн өсөлтөө үргэлжлүүлж байна. Хувьцаа эзэмшигчид очих өгөөжийг сайжруулах арга хэмжээ, иений сул ханш, сөрөг утгатай бодлогын хүү гэсэн хүчин зүйлсийн хоршил нь хөрөнгө оруулагчдыг Японд татаж, өсөлтийн хөдөлгөгч хүч болсон байна.

Гэхдээ иений ханш үргэлжлэн суларснаас хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж болзошгүйг BlackRock онцолжээ. Японы компанийн засаглалын реформ, дотоодын хөрөнгө оруулалт, цалингийн нэмэгдэл зэргээс харвал урт хугацаандаа төлөв эерэг тал руу хэвийж буйг дурдсан байна.

Топ 20-ийг товчхон

Он гарсаар 2-4 хувиар буурсан хөдөлгөөнтэй Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индекс сүүлийн өдрүүдэд 42-43 мянган нэгжийн түвшинд хэлбэлзэж байна. Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17-20 орчим хувиар өссөн бөгөөд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ ч 11 их наядаас дээгүүр хадгалагдаж байгаа юм. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд зах зээлд уналт давамгайлсан ч энэ онд ёроолын жил байх төлөвтэй тул ирэх оноос эргээд сэргэнэ гэж харж байгаагаа Таван Богд Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ илэрхийлсэн юм.

Xanadu ба зэсийн ач холбогдол

Дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт эрчимтэй явагдаж буй энэ үед сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад зэсийн үүрэг оролцоо чухал ач холбогдолтой гэдгийг Монголд зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг Xanadu Mines компани дөрөв дэх жилдээ танилцуулсан тогтвортой байдлын тайландаа онцолжээ. Энэ утгаараа тус компанийн “Хармагтай” зэсийн төсөл нь дэлхийн нийлүүлэлтэд өндөр ач холбогдолтойг тэмдэглэсэн байна.

Xanadu Mines 2023 онд “Хармагтай” төслийг Монголын өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээнд холбосон юм. Ингэснээр дизель түлшнээс гарган авах эрчим хүчний хараат байдлаа бууруулж, төслийг цэвэр эрчим хүчээр хангах боломжтой болсон аж. Мөн компани 2022 онд ямар нэгэн өрөмдлөгийн ажил хийгээгүй байсан бол 2023 онд “Хармагтай” төсөлд 71.9 мянган метрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэжээ.

Өндөгний хэрэглээ

Шувууны аж ахуй эрхлэгчид ойрын 2-3 жилд дотоодын өндөгний хэрэглээг 100 хувь хангах боломжтойг Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооноос мэдээллээ. 2023 онд Монгол Улсын өндөгний жилийн хэрэглээ 400-450 сая ширхэг хүрсэн бөгөөд одоогоор үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийн 60 гаруй хувийг хангадаг аж.

Цар тахлаас хойш дотоодод өндөгний үйлдвэрлэл 20-25 хувиар нэмэгдсэн бол ОХУ-д өндөгний нийлүүлэлт багассанаар 2024 он гарсаар өндөгний импорт эрс буурчээ. ГЕГ-ын мэдээллээр оны эхний дөрвөн сард 980.1 мянган ам.долларын өндөг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 80 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Ж.Даймон халаагаа өгнө

JPMorgan Chase банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймон компанидаа ажиллах хугацаа нь "Таван жил биш болсон" хэмээн хөрөнгө оруулагчдын өдөрлөгийн үеэр мэдэгдсэн байна. Мөн тус банк түүний дараагийн залгамжлах хүнийг сонгохоор төлөвлөж байгааг хэлжээ.

Түүнээс “Компанидаа хэр удаан ажиллах вэ” гэж асуух болгонд тэрбээр байнга “таван жил” гэж хошигнон хариулдаг байсан аж. Сүүлийн үед хиймэл оюуны технологид ихээхэн хөрөнгө хаях болоод буй JPMorgan-ийн Гүйцэтгэх захирлын албыг тэрбээр 2006 оноос хойш хашиж байгаа юм.

Жэйми Даймон хиймэл оюуныг цаасан хэвлэл, уурын зуухтай дүйцэхүйц томоохон хувьсгал авчирна гэж үзэж байгаагаа илэрхийлсээр ирсэн юм. Тэрбээр “Надад эрч хүч байна. Байсаар ч ирсэн. Энэ бол чухал. Харин бүх хүчээ хуримтлуулж байгаад ажилдаа шамдах хэрэгтэй байсан бол би ажлаа өгсөн нь дээр” хэмээн онцолжээ.

Дулаарал тархинд нөлөөлж байна

Дэлхийн дулаарлын уршгаар зөнөгрөл, уналт таталт, сэтгэл гутрал зэрэг өвчнүүд элбэгшиж, улам хүндэрч болзошгүй байна.

University College London их сургуулийн эрдэмтэд шинэ судалгаандаа хэт халалт ба уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгууд нь голлох мэдрэлийн өвчин, сэтгэцийн эмгэгүүдэд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна. Үр дүнд нь хүрээлэн буй орчны нөлөөнд тэдгээр өвчнүүд архагшаад зогсохгүй өвчтөнүүд эмнэлгийн тусламж авах, хөгжлийн бэрхшээлтэй болох, бүр амь насаа алдах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг олж тогтоожээ.

Хэт халалт өвчний хүндрэлийн суурийг тавьж буй цаад шалтгаан нь биеийн дулаанаа зохицуулах механизм аж. “Температурын хэлбэлзэл нь маш бага байж тархи хэвийн ажиллах ёстой. Хэрэв тархи өвчилсөн бол дулаанаа зохицуулах чадвар нь сааталд ордог” хэмээн судалгааг ахалсан профессор Санжай Сисодия өгүүлж байлаа.

Онцлох чарт

Нийт төрөлтийн түвшнээр дэлхийн хамгийн багад тооцогддог БНСУ хүн ам зүйн хямралыг арилгахын тулд шинэ төрсөн хүүхэд бүрд 100 сая воны урамшуулал олгох зэрэг шийдэмгий арга хэмжээ авахаар хэлэлцэж байна. Тус улсын төрөлтийн түвшин өдгөө 0.7 байгаа нь хүн амын эргэн нөхөгдөх түвшин болох 2.1-ээс хамаагүй доогуур үзүүлэлт юм.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

Монголбанк: Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран орон нутагт байгуулсан үнэт металл худалдан авах нэг цэгийн үйлчилгээ, сорьцын лабораториор дамжуулан 2018 оноос хойш нийт 13.9 тонн үнэт металл худалдан авчээ. Тодруулбал Дархан-Уул аймаг дахь нэг цэгийн үйлчилгээгээр нийт 7.8 тонн, Баянхонгорт нийт 6.1 тонн үнэт металл худалдан авсан байна.

Өнөөдрийн онцлох зураг

Уран сайхны гимнастикийн тамирчин Ася Секер Австралийн аварга шалгаруулах тэмцээний үеэр

Matt Roberts/AFP