- Business newsletter
- Posts
- 2024/05/21
2024/05/21
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Зэсийн үнэ тонн нь 11 мянган ам.доллар давж, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрлээ.
Эхний дөрвөн сард хийгдсэн үнэт цаасны арилжааны үнийн дүн өмнөх оны мөн үеэс 94.5 хувиар өссөн байна.
Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын төлөөлөгчид УИХ-ын сонгуулийг ажиглана.
Зэсийн үнэ дээд цэгтээ
Зэсийн үнийн олон сар үргэлжилсэн өсөлтийн буухиа үргэлжилсээр 11,000 ам.доллар давж, бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрлээ. Нийлүүлэлтийн хомсдол улам гүнзгийрнэ гэсэн хүлээлттэй хөрөнгө оруулагчид тус зах зээл рүү хошуурсан нь үнийн өсөлтийг хөтөлсөөр байна.
Даваа гарагийн арилжаагаар Лондоны металлын бирж дэх фьючерс үнэ 4 хувиар өссөнөөр зэсийн үнэ анх удаа тонн нь 11 мянган ам.доллар давжээ. Банкнууд, олборлогч компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд зэсийн урт хугацааны эерэг төлөвийг олон сарын турш тодотгож, ялангуяа сүүлийн хэдэн долоо хоногт тус зах зээл рүү их хэмжээний хөрөнгө оруулалт цутгасан нь арилжаалагчдад ирэх дарамтыг нэмэгдүүлсэн байна.
2024 онд зэсийн зах зээлд гарсан хэд хэдэн үйл явдал нь өсөлтийн хүлээлтийг улам бататгаж, спекулятив шинжтэй хөрөнгө оруулалтын урсгалыг улам тэлжээ.
Зэсийн хүдрийн нийлүүлэлт хумигдаж, боловсруулах үйлдвэрүүд гарцаа танаж магадгүй болсон, мөн цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун зэрэг салбаруудын эрчтэй өсөлт уламжлалт салбаруудын удаашралыг нөхнө гэдэгт хөрөнгө оруулагчид ихээхэн мөрий тавьж байгаа нь тус зах зээлийн өнөөгийн өнгийг тодорхойлж байна.
Болгоомжлол оршсоор
Гэвч биет зэсийн арилжаанд оролцогчдын олонх нь зэсийн үнийн өсөлт байх ёстойгоосоо эрт эхэлснийг анхааруулж буй.
Зэсийн эрэлт харьцангуй сул хэвээр бөгөөд ялангуяа гол худалдан авагч Хятадад агуулахын нөөц хангалттай түвшинд хадгалагдаж, зэс утас болон зэс цувимал үйлдвэрлэгчид нь бүр гарцаа бууруулах болжээ. Түүгээр зогсохгүй дотоодын зах зээлийн үнэ нь Нью-Йорк, Лондоны зах зээлийн үнээс хамаагүй доогуур байгаатай холбоотойгоор Хятадын боловсруулах үйлдвэрүүд зэсээ экспортод гаргахаар уралдаж байгаа аж.
Хэдий тийм ч хөрөнгө оруулагчид барууны биржүүд рүү хошуурч, сандарсан “шорт” арилжаалагчид богино позицоо буцаан худалдаж авахаар яарч буй нь зэсийн энэхүү “бодит байдлаас зөрсөн” үнийн өсөлтийг өдөөсөөр байна.
ДНБ-ий өсөлт 7.8%
Монгол Улсын ДНБ-ий өсөлт I улиралд өмнөх улирлаасаа эрчимжиж, 7.8 хувьтай гарахад уул уурхайн олборлолт болон тээврийн салбарын үзүүлэлтүүд голчлон нөлөөлжээ. Ингэснээр нийт ДНБ эхний улиралд оны үнээр 16.5 их наяд төгрөг болж байна.
Харин хөдөө аж ахуйн салбар тайлант хугацаанд 1.3 хувиар агшжээ. Зудын эрсдэл, малын хорогдлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг харгалзан Монголбанк сүүлд 2024 оны эдийн засгийн төсөөллөө бууруулж, 3.6 хувь болгоод байгаа билээ.
Арилжаа бараг 2 дахин өсөв
2024 оны эхний дөрвөн сард 234.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 94.5 хувиар тэлсэн үзүүлэлт болсныг ҮСХ мэдээлэв. Харин тоо ширхгийн хувьд 21.9 хувиар өсөж, 617.4 сая ширхэг үнэт цаас эргэлтэд оржээ.
Ерөнхийлөгчийн үхэл
Иран улсын Ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослын улмаас амь үрэгдсэний дараа түүний залгамжлалын асуудал хүчтэй яригдаж эхлээд байна. Шашны хэт консерватив үзэлтэй тэрбээр 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Барууны эсрэг улам хатуу чиг шугам баримтлах болсны сацуу түүний бүрэн эрхийн хугацаанд Иранд томоохон эсэргүүцлийн жагсаал, бослого хөдөлгөөн гарсан юм.
Орон нутгийн цагаар Ням гарагт түүний суусан нисдэг тэрэг тус улсын баруун хойд хэсэгт осолдсон бөгөөд түүнтэй хамт Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан зорчиж явсныг Mehr агентлаг мэдээлжээ.
Хэдийгээр Эбрахим Раиси Ираны Хувьсгалт Гвард зэрэг улсынхаа хамгийн чухал байгууллагуудад үзүүлэх нөлөө багатай байсан ч өдгөө 80 нас гарсан Дээд удирдагч Аятолла Али Хаменейг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байсан юм.
Онцлох чарт
Дэлхий дахинаа нүүрсний хэрэглээ буурч буй ч Хятад, Энэтхэгийн хэрэглээ өндөр түвшинд хэвээр байна. Парисын гэрээ байгуулагдсанаас хойших 8 жилийн хугацаанд нүүрснээс гарган авсан эрчим хүч 70 хувиар буураад байгаа аж. Хэдий тийм боловч дэлхий даяар уур амьсгалын зорилтдоо хүрэхэд БНХАУ, Энэтхэг арга барилаа өөрчлөх шаардлагатайг Bloomberg Opinion онцолж байна.
Bloombergtv.mn танд санал болгож байна
SoftBank 7 жилийн хугацаатай, $3.5 тэрбумын бонд гаргана
Morgan Stanley газрын тосны үнийн төсөөллөө баррелийг нь $94 болгон ахиуллаа
Эцэст нь товчхон
Нэр дэвшигчид тодорч эхэллээ. ХҮН нам тойрогт нэр дэвших 78 хүний нэрийг зарласан бол МАН-ын жагсаалтад УИХ, ЗГ-ын гишүүдээс хэнийг ч оруулаагүй гэх мэдээлэл байна. Харин АН-ын жагсаалтад намын дарга Л.Гантөмөр, С.Одонтуяа, С.Баярцогт, Б.Пунсалмаа тэргүүтэй улс төрчид бичигдсэнийг эх сурвалжууд мэдээлэв.
OSCE/ODIHR - Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын сонгуулийн ажиглагчид Монгол Улсад удахгүй болох УИХ-ын сонгуулийг ажиглах бөгөөд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ.
ЗТХЯ: Жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай Тавантолгойн логистикийн төвийг энэ оны II улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төслийн явцад тоног төхөөрөмжүүдийг туршиж, эхний ээлжинд 1,280 тонн нүүрсийг 20 цуваа вагонд ачих туршилт хийжээ.
Өнөөдрийн онцлох зураг
Вьетнамын хүндэт харуулууд Ханой хотын төв талбайд төрийн далбаа мандуулах ёслолын үеэр
Linh Pham/Bloomberg