2024/05/20

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.

  2. АХБ 2023 онд Монгол Улсад $409.2 саяын санхүүжилт хийснээс 25 гаруй хувь нь уур амьсгалын үйл ажиллагаанд чиглэжээ.

  3. Нисдэг тэрэгний ослын дараа Ираны ерөнхийлөгч Ибрахим Раиси сураггүй болоод байна

Үнэт цаасны хууль - Гол бүтээгдэхүүнүүд

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн баталлаа. Хүлээлт үүсгээд байсан энэхүү нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар хөрөнгийн зах зээл дэх зардал буурах, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх чухал ач холбогдолтойг салбарынхан онцолж байв.

Нэмэлт, өөрчлөлтөөр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос холбогдох харилцааг зохицуулах 12 журмыг шинээр болон шинэчлэн батлах эрх үүсэж байна. Журмууд батлагдсанаар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх эрх зүйн зохицуулалт бүрдэх аж. ХЗЗ-д нэвтрэх үүд хаалга нь нээгдэж буй онцлох бүтээгдэхүүнүүдийг танилцуулбал:

Хадгаламжийн сертификат: Олон улсад түгээмэл байдаг банкны хадгаламжийн сертификатыг арилжаалах боломж бүрдэхээр байна. Уг бүтээгдэхүүнийг оруулж ирснээр банкны салбар дахь эх үүсвэрийн зардал буурч, хүүд тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж үзжээ. Яваандаа энэ бүтээгдэхүүн банкнуудын хугацаагүй хадгаламжийг орлох боломжтой гэж харж байгаагаа Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Дэд захирал Г.Энхбат онцолж байв.

Хамтын санхүүжилт: Стартап компаниуд “crowdfunding” хэлбэрээр өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж олон нийтээс санхүүжилт татах эрх зүйн орчин бүрдэхээр болов. Ингэснээр Монголд стартапын экосистем хөгжиж, компаниуд анхан шатны хөрөнгө оруулалтуудыг дотоодоосоо татдаг болох давуу талтай.

Үүсмэл санхүүгийн хэрэгсэл: Форвард, фьючерс, опцион зэрэг ихэвчлэн гэрээнүүдээс бүрддэг энэ хэрэгслийг мөн бий болгохоор тусгажээ. Үүсмэл хэрэгслийн үнэ цэн нь суурь хөрөнгийн үнэ цэнээсээ шууд хамааралтай байдаг тул хуулийн төсөлд ‘‘суурь хөрөнгө“ гэсэн нэр томьёог оруулж ирсэн байна.

Олон улсын байгууллагын үнэт цаас: Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг зээлдэгчид Монголын зах зээлээс эх үүсвэр татах боломжтой болсноор валютын орох урсгал нэмэгдэх давуу тал тэлэх юм.

Direct Listing: Гадаад улсад бүртгэлтэй ХК-иуд дотоодын зах зээлд хувьцаагаа гаргах боломжийг нээж өгч байна. Монголд олборлолт хийдэг, Хонконг, Австрали, Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн томоохон компаниудад дотоодын биржид хувьцаагаа гаргахад хялбар болно гэсэн үг. Мөн эсрэгээрээ арилжааны банкнууд гэх мэт дотооддоо ХК болсон компаниуд гадаадын биржид хувьцаагаа гаргах эрх зүйн орчныг тодорхой болгож өгчээ.

АХБ өнгөрсөн онд

Өнгөрсөн онд Азийн Хөгжлийн Банк зээл, буцалтгүй тусламж, батлан даалт, хувьцааны хөрөнгө оруулалт, техникийн туслалцаагаар дамжуулан нийт 23.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг гишүүн орнууддаа олгосноо тайлагнажээ. Харин уур амьсгалын чиглэлд 9.8 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон нь тус банкны хувьд түүхэн өндөр дүн болсон аж.

Монгол Улсад АХБ 2023 онд 409.2 сая ам.долларын санхүүжилт хийсэн бөгөөд үүнээс 47.9 сая нь хувийн хэвшлийн үйл ажиллагаанд, 109.1 сая ам.доллар нь уур амьсгалын чиглэлд олгогджээ.

Тус банк хөрөнгийн менежментийн томоохон реформууд хийснээр ирэх 10 жилд олгох 100 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийн эх үүсвэртэй болж чадсан буюу жилийн зээлийн эх үүсвэр нь ойролцоогоор 40 хувиар нэмэгдэхээр болсныг тайландаа мөн онцолсон байна.

Санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн

Жижиг, дунд бизнес эрхлэгчид хөдлөх хөрөнгө, санхүүгийн дансны авлага, борлуулалтын гэрээгээ барьцаа хөрөнгө болгож банкнаас богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авах боломж бүрдлээ. Тодруулбал банкнаас зээл авахад зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлагагүйгээр бизнесээ өргөжүүлэх боломжтой болж байна. Үүнд зориулагдсан нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформ “Cash Me" баасан гарагт нээлтээ хийсэн юм.

Олон улсын санхүүгийн корпорацын судалгаанаас харвал Монгол Улсад нийт 670 мянга гаруй хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдэл бүртгэгдсэнээс 580 гаруй мянга нь бизнесийн үйл ажиллагаатай холбоотой байна.

Дулааны шийдэл

Нийслэлийн дулаан хангамжийн хэрэглээний өсөлт жилд 3-5 хувиар тогтмол нэмэгдэж, зарим жил 8 хувьд хүрч байгаа. Дулаан хангамжийн ачаалал эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлаас 60 гаруй хувиар хэтэрсэн тул ачааллыг бууруулах нэг шийдэл нь орон сууцны айл өрхүүдийн дулааны хэрэглээг тоолууржуулах гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Орон сууцны нийт айл өрхөд тоолуур суурилуулснаар жилд 420 мянган гигакалори буюу 6.02 тэрбум төгрөгийн дулааны эрчим хүчийг хэмнэх тооцоо гарсан байна. Үүнээс гадна өвлийн оргил ачааллын үед төвлөрсөн дулаан хангамжийн системээс ачаалал хуваалцах тархмал эх үүсвэрүүдийг шинээр бий болгох шаардлагатайг тодотгожээ.

$100 тэрбумын босго

Дэлхийн “супер чинээлэг” эрхмүүдийн клуб дэх 100 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй гишүүдийн тоо анх удаа 15 хүрсэн байна. Тэрбумтнууд хиймэл оюун, тансаг бүтээгдэхүүний эрэлт, геополитикийн шилжилтийн давлагааг “хөлөглөсөн” нь үүнд нөлөөлжээ.

Bloomberg Billionaires Index-ээс харвал $100 тэрбумаас дээш хөрөнгөтэй эрхмүүдийн нийт хөрөнгийн хэмжээ энэ онд 13 хувиар өсөж 2.2 их наяд ам.долларт хүрсэн нь инфляц болон хөрөнгийн зах зээлийг өсөлтөөрөө давсан үзүүлэлт юм. Өдгөө тэдэнд дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний нийт хөрөнгийн бараг 25 орчим хувь нь ногдож байна.

Хэдийгээр тэд өмнө нь 100 тэрбум ам.долларын хөрөнгийн босгыг нэг бус удаа давж байсан ч бүгд нэгэн зэрэг зэрэг ийм хэмжээний хөрөнгөтэй болсон нь анхны тохиолдол аж. Сүүлийн таван сарын хугацаанд 100 тэрбумын босгыг давсан эрхмүүдэд L’Oreal-ийн өв залгамжлагч Франсуаз Беттенкур Майерс, Dell-ийн Үүсгэн байгуулагч Майкл Делл, Мексикийн тэрбумтан Карлос Слим нар багтаж байна.

Онцлох чарт

БНХАУ-ын хэрэглэгчийн зарцуулалт дөрөвдүгээр сард 2.3 хувиар өссөн нь 2022 оноос хойших хамгийн сул өсөлт болсны сацуу орон сууцны үнийн уналт эрчимжжээ. Нөгөө талд экспорт өсөж, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эрчимжсэн нь тус улсын сэргэлт жигд бус байгаагийн бас нэг нотолгоо болов.

Экспорт, үйлдвэрлэлийн өсөлт нь АНУ, Европтой үргэлжлүүлж буй худалдааны зөрчлийн улмаас богино настай байх эрсдэлтэй аж. Баасан гарагт Бээжингээс үл хөдлөхийн зах зээлээ дэмжих шинэ төлөвлөгөө зарлаж, зээлдэгчдэд тавигдах нөхцөлийг хөнгөвчилж, орон сууцны худалдан авалтад зарцуулах төсвийн хөрөнгө баталжээ.

“Худалдааны сөргөлдөөн нь Хятадын энэхүү экспорт дагасан өсөлтийн тогтвортой байдалд асуудал учруулна. Эцсийн эцэст Хятад улс дотоодын эрэлтээ л өсгөх ёстой” хэмээн Standard Chartered-ийн Ахлах эдийн засагч Дин Шуан өгүүлжээ.

Bloombergtv.mn танд санал болгож байна

  • “Хиймэл оюунаас цаадхыг хар" - Cая ам.доллароо өсгөх шинэ хувилбарууд

  • Жэйми Даймон: Инфляцыг өдөөх магадлалтай олон хүчин зүйл бидний өмнө байна

  • Сонгууль болон геополитикийн нөхцөл байдал олон улсын тогтвортой байдалд эрсдэл учруулж буйг Европын Төв банк анхааруулав

Эцэст нь товчхон

Төрийн байгуулалтын байнгын хороо нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төсөлд төсвийн тэнцэл 2025 онд ДНБ-ий 2 хувь, 2026 онд 1.5 хувь, 2027 онд 1 хувьтай тэнцэхээр тооцжээ.

ЕТГ: Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн ус хангамжийг 50 гаруй хувиар нэмэгдэх тооцоотой тус төслийн хэрэгжилтэд АНУ-ын Мянганы сорилтын корпорац 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж буй.

Өнөөдрийн онцлох зураг

Босоо фермд зохиомол гэрэлтүүлэгтэй орчинд ургуулж буй шанцай - Мичиган, АНУ

Emily Elconin/Bloomberg