2024/05/17

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. Хиймэл оюунд хөрөнгө оруулалт хийх сонирхол дахин бүрэлдэж буй энэ үед 1 сая ам.доллароо өсгөх шинэ хувилбаруудыг онцоллоо.

  2. Toyota-ийн 2023 онд борлуулсан 3 автомашин тутмын нэг нь хосолсол хөдөлгүүртэй байжээ.

  3. АНУ-ын нөлөөллийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд мэдэгдлээ.

Сая доллароо “хаашаа хийх” вэ?

Хиймэл оюунтай холбоотой арилжааг чиглэсэн хөрөнгө оруулагчдын сонирхол дахин бүрэлдэж байна. Гэхдээ энэ удаа технологийн салбарын өндөр үнэлгээтэй тэргүүлэгч компаниудаас бусад тоглогчдод гол анхаарал төвлөрчээ.

Bloomberg-ийн цувралаар хүргэдэг “Мөнгөө өсгөх хувилбарууд”-ын шинэ дугаарт туршлагаасаа хуваалцсан экспертүүдийн дийлэнх нь хиймэл оюуны ирээдүйн зах зээлд “мэдээжийн” арга хэрэгслүүдээс хэрхэн цаадахыг харж тоглолт хийх талаар зөвлөсөн байна. Дата төвүүд, зэс гээд хиймэл оюуны бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийдэг бүхий л салбаруудад тэд санаагаа уралдуулжээ.

Ингээд 1 сая ам.доллароор яг одоо юунд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Шилжилтэд хөрөнгө оруул

Гол санаа: Зах зээлд ч, дэлхийн эдийн засагт ч томоохон тохируулга хийгдэж байна. Энэ нь нийлүүлэлтийн сүлжээний шинэ даяаршлаас эхлээд цахилгаанжуулалт, эрчим хүчний шилжилт, дижитал шилжилт гээд бүгдийг хамарна. Ийм учраас шилжилтийн технологи, мөн тэрхүү шилжилттэй холбоотой дэд бүтцийн орон зайд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Энгийнээр хэлбэл юу биднийг А цэгээс Б цэгт хүргэж чадахаар байна, түүнд хөрөнгө оруул гэсэн үг.

Стратеги: Хөрөнгө оруулагчид шилжилтийн технологи, дэд бүтцэд хөрөнгө оруулахдаа хэд хэдэн хэрэгсэл болон багцаа бүрдүүлэх арга барилыг ашиглаж болно. Хиймэл оюуныг авч үзье. Суурь давхарга нь болох дата бүтэц, алгоритм, мөн хагас дамжуулагч зэрэг технологийн дэд бүтэц ихээхэн анхаарал татаж байна. Гэхдээ тэдгээртэй юу хосолж ажилладаг вэ? Цахилгаан эрчим хүч, интернет хүчин чадал, дата сервер гээд ямар дижитал дэд бүтэц хэрэгтэй вэ?

Бүр цаашилбал, 3D хэвлэлд зориулагдсан лазер үйлдвэрлэхэд юу шаардагддаг вэ? Цахилгаан автомашины дэд бүтэц хангалттай тавигдах хүртэл орон нутгийн жолооч нарт ямар төрлийн зөөврийн цэнэглэгч зөв сонголт болох вэ гэх мэт… Тэгэхээр биржид бүртгэлтэй эрчим хүч, тээвэр, харилцаа холбооны дэд бүтцийн компаниуд, дэд бүтцийн бондууд, генератив технологиор шинэ хэрэглэгчийн бааз суурь, бизнесийн үйлчилгээг бий болгож магадгүй бага болон дунд үнэлгээтэй компаниудыг анхаарах нь дээрх тогтвортой чиг хандлага дунд хамгийн цогц арга барил болох юм.

Том зургаараа: Эдгээр өөрчлөлтүүд хөрөнгө оруулалтын эцсийн үр дүнд хэрхэн нөлөөлөх талаар бодох нь сонирхолтой, бас зарим талаараа айдас төрүүлэм. Гэхдээ энэ бүхэнтэй холбож ирээдүйг урьдчилан мэдэх боломжгүй нь үнэн. Дэлхий даяарх шилжилтүүд өөр хоорондоо уялдаатай тул ирэх хэдэн жилд гарах хууль эрх зүйн, ёс зүйн, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдээс эцсийн үр дүн нь хамаарна.

Хөгжиж буй зах зээл рүү зүглэ

Гол санаа: Сонгодог 60/40 харьцаатай хөрөнгө оруулалтын багцын хувьд 60%-ийг нь хувьцаагаар, 40%-ийг нь бондоор бүрдүүлэхийн оронд 60%-ийг тогтмол орлоготой үнэц цаас, 40%-ийг нь хувьцаагаар бүрдүүлэхийг би хувьдаа илүүд үзэж байгаа. АНУ-ын ЗГ-ын бондын хувьд өгөөж нь хувьцааныхаас давсан нь сүүлийн 20 орчим жилд анх удаа тохиож байна.

Стратеги: 60 хувиа бүрдүүлэхийн тухайд бол олон улсын өндөр өгөөжтэй зах зээл их зүгээр. Тухайлбал, Хятадаас бусад хөгжиж буй орнуудын ЗГ-ын бондын зах зээл нэлээд хугацаа өнгөрсний эцэст одоо л сонирхол татахуйц түвшиндээ ирээд байна. Фронтиер зах зээлтэй цөөнгүй улс дефолтын циклийнхээ өөр үед ирээд байгаа ба популист удирдагчдын халааг төвийн үзэл баримтлалыг дэмжигчид авснаар төсвийн хувьд сахилга бат нь сайжирсан. Нэлээдгүй хугацааны дараа эдгээр улсууд зөв хөдөлж байна - хөрөнгийн орох урсгал нэмэгдэж, энэ зуур хөрөнгө оруулагчид хоёр оронтой тоогоор хэмжигдэх өгөөж хүртэн, магнай тэнийж буй. Аргентин, Эквадор, Пакистан, Ливан, Египет зэрэг улсуудаар жишээ татаж болно.

Багцын үлдсэн 40%-ийн тухайд бол барууны орнуудаас бусад орнуудын эдийн засгийн өсөлт эргээд эрчээ авах үед олон улсын хувьцаануудад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Харин Хятадын хувьд цаг нь арай болоогүй гэсэн болгоомжлол байна. Энэтхэгийн хувьд хөрөнгө оруулахад боломжийн хэвээр байгаа. Ерөнхийд нь нэгтгээд хэлбэл Европын орнууд, Африк, Өмнөд Африк, Хятадаас бусад Азийн орнуудын хувьцааг багтаасан, төрөлжилт сайтай багц бүрдүүлэх хэрэгтэй.

Урт хугацаандаа зэс ба байгалийн хий

Гол санаа: Урт хугацааны хөрөнгө оруулалтын өнцгөөс харвал таваар нь бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдтэй харьцуулахад хамгийн хямд үе дээрээ байна. Мөн одоо хиймэл оюуны зах зээлд тоглолт хийхэд таваар нь хамгийн эрсдэлгүй арга байна гэдэгт итгэж байна.

Стратеги: Зэс болон байгалийн хийн ихэнх зах зээлүүдэд эрэлт, нийлүүлэлт нь тэнцвэртэй харагдаж байна. Гэхдээ хиймэл оюуныг улам хөгжүүлэхийн тулд бидэнд дахиад олон мянган дата төв шаардагдана. Тэдгээр төвүүд нь ерөнхийдөө асар их цахилгаан дамжуулдаг, асар олон чипээс бүрдсэн нэг том зэс утас гэхэд болно. Дата төвүүд эрчимтэй баригдах тусам эрчим хүчний эрэлт үлэмж хэмжээгээр өсөх болно. Ингэснээр эрэлт өндөр үед зөвхөн ажилладаг, байгалийн хий шатаадаг нөөц цахилгаан станцууд илүү олноор хэрэг болно.

Зэс, байгалийн хийн аль аль нь янз бүрийн шалтгаанаар нийлүүлэлтийн хүндрэлтэй тулгарснаар ирсэн тул эрэлт өсөх үед гэнэтийн орлогын үүдийг нээхэд бэлэн болжээ. Дата төвүүд барихад үүсэх эрчим хүчээр хомсдолыг шуурхай арилгах цорын ганц арга зам нь байгалийн хийн станцууд байх юм. Нар, салхины эрчим хүч дэм болж чадах ч бүрэн нөхөж чадахгүй.

Хиймэл оюуны хөрөнгө оруулалтаа өргөжүүл

Гол санаа: Өнөө цагт хиймэл оюунд үргэлжлүүлэн хөрөнгө оруулахаас илүү ухаалаг үйлдэл ховор болжээ. 1996 онд “дот-комын хөөсрөл”-ийг үндэслэлгүй гэж анх яригдах үед, 2000 онд тэр хөөс хагарах үед би тэр бүхний гэрч болж байлаа. Өнөөгийн нөхцөл байдал 1996 оныхтой төстэй ч хараахан “үндэслэлгүй” хэмжээнд хүрчхээгүй байна. Хиймэл оюун бол зүгээр нэг “халуурал” бус. Харин ч хиймэл оюун хувьсгалын салхийг сэвэлзүүлж байна. Үүнд хөрөнгө оруулах түмэн зам байгаа ч “Гайхамшигт 5” юм уу “Гайхамшигт 7”-д хөрөнгө оруулахтай адил энгийн, хялбар байхгүй.

Стратеги: Хиймэл оюуны хувьд хагас дамжуулагчаас авхуулаад платформууд, программ хангамж, аюулгүй байдалд мэргэшсэн компаниуд гээд асар том гинжин хэлхээг авч үзэх шаардлагатай. Энэ гинжин хэлхээ улам бүр тэлсээр хиймэл оюун ашиглагдах бүх салбар руу хальж, бүтээмжээ нэмэгдүүлэхээр хиймэл оюуныг түшсэн компаниудад үр ашгаа хүртээнэ. Харин бид ирэх 10 жилийн турш тэрхүү бүтээмжийн үр шимийг хүртэх болно.

Том зургаараа: Бидний ажигласнаар өнөөгийн эдийн засгийн өсөлт нь инфляцын шинжтэй. Үүнд ЗГ-ын дэмжлэгийн арга хэмжээ, хөдөлмөрийн зах зээлийн өндөр эрэлт, бүгдийг нуруундаа үүрч буй 55-аас дээш насны чадварлаг бүлэг, ажиллах хүчийг нөхөж буй цагаачдын давлагаа зэрэг нь түлхэц болж байна. Энэ бүх хүчин зүйлс өсөлтийг цаашид авч явж чадах зөвхөн “Гайхамшигт 7”-оор хязгаарлагдахгүй бусад олон зах зээлд хөрөнгө оруулахад таатай цаг үе ирж байна.

Төсвийн эрсдэл

Монгол Улсын төсвийн тэнцэл дөрөвдүгээр сард 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарсныг ҮСХ мэдээлэв. Татварын орлогоос голчлон бүрдсэн төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар өссөн нь тэнцэл ашигтай гарахад гол нөлөө үзүүлсэн байна.

Тэгвэл экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний зах зээлийн өрсөлдөөн эрсдэл дагуулж болзошгүй тул ирэх оны төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлөх нь эрсдэлтэй, зарлагыг өсгөж болохгүй гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзэж байна. 2025 оны төсвийн орлого 26 их наяд төгрөг байна гэж тус зөвлөл тооцсон бол ЗГ-аас 29 их наяд төгрөг гэж үзэж, зарлагыг ч мөн өсгөөд байгаа. Төсвийн зарлагыг ДНБ-ий 30-аас доош хувьд барих шаардлагатай ч өнөөгийн нөхцөл байдлаар тооцож үзвэл энэ тоо 40 хувьд хүрч байгааг мөн онцолжээ.

Sponsored

10-аад жилийн дараах анхны бонд

Голомт банк олон улсын зах зээл дээр 3 жилийн хугацаатай, жилийн 11 хувийн хүүтэй 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргасан нь 2012 оноос хойш анх удаа Монголын арилжааны банкнуудаас олон улсын зах зээлд бие даан бонд гаргасан үйл явдал болжээ. JPMorgan Securities, Deutsche Bank тэргүүтэй дэлхийн хөрөнгө оруулалтын аваргууд андеррайтераар нь ажилласан тус бондыг Moody's агентлаг B3/B зэрэглэлд үнэлсэн нь Голомт банк болон Монгол Улсын үнэлгээтэй ижил түвшин гэсэн үг юм.

Тус бондын захиалга авах явцад нийт захиалгын дүн 500 сая ам.долларт хүрч, зорилтот дүнгээс даруй 200 сая ам.доллароор давсны сацуу АНУ, Ази, Европ болон Монголоос мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авчээ. “Бидний хувьд энэ бүгд цоо шинэ зүйл байлаа. Энэ үйл явдал Монголын илүү олон үнэт цаас гаргагчид дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гарах шинэ зам боллоо гэж харж байна” хэмээн Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като онцолж байлаа.

Нүүрсний импортын хамаарал

БНХАУ-ын нүүрсний томоохон уурхайнууд орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхээр боллоо. Нүүрс олборлолтын гол бүс болох Шаньси мужийн нийлүүлэлт оны эхний улиралд 5 дахин буурснаар тус мужийн эдийн засгийн үзүүлэлт эрс муудаж, 30 мужийн хамгийн сүүлд бичигджээ. Мөн БНХАУ-ын хэмжээнд нүүрсний олборлолт 4.1 хувиар огцом унахад нөлөөлсөн байна.

БНХАУ-ын дотоодын нийлүүлэлт унасан нь импортын хамаарлыг улам бүр нэмэгдүүлээд байгаа аж. Тэр дундаа ган үйлдвэрлэлд ашиглагддаг өндөр чанартай коксжих нүүрсний нийлүүлэлт хамгийн их өртсөн байна. Өнгөрсөн онд тус улсын нүүрсний импорт түүхэн дээд түвшинд хүрч байсан бол 2024 онд түүнээс давж өсөх төлөвтэй болжээ.

Ингэснээр Монгол Улсаас БНХАУ-ын импортлох коксжих нүүрсний хэмжээ энэ онд үргэлжлэн өсөхөөр байгаа байгаагийн зэрэгцээ өнгөрсөн сард экспортын татвараа чөлөөлсөн ОХУ-аас нүүрсний импортоо нэмэгдүүлэх боломжтой аж.

Нөхөрлөл үеийн үед

АНУ-ын нөлөөллийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд мэдэгдлээ. В.Путин, Ши Жиньпин нар пүрэв гарагт Бээжинд 2 цаг гаруй хэлэлцээ хийснийхээ дараа гаргасан хамтарсан мэдэгдэлдээ АНУ-ыг дэлхий даяар пуужингийн систем байршуулахаар төлөвлөж байна, энэ нь ОХУ, БНХАУ-ын аюулгүй байдалд шууд заналхийлж байна хэмээн анхааруулсан байна.

Айлчлалын эхний өдөр ОХУ, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан талууд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм. Харин худалдаа, эдийн засгийн өндөр ач холбогдолтой асуудлууд, тэр дундаа “Сибирийн хүч-2" байгалийн хий дамжуулах хоолойн төслийн талаар удирдагчид өнөөдөр хэлэлцэх хүлээлттэй байна.

Онцлох чарт

1997 онд Toyota компани дэлхийн анхны хосолмол хөдөлгүүртэй автомашин болох Prius-ийг танилцуулж байлаа. Гэхдээ тухайн үед компани борлуулсан Prius болгондоо алдагдал хүлээж байсан юм. Харин өдгөө хосолмол хөдөлгүүртэй буюу "hybrid" автомашины борлуулалт тус компанид үлэмж хэмжээний орлогыг оруулж байна.

2023 оны санхүүгийн жилд Toyota 5 их наяд иен буюу 32 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажилласнаа тайлагнасан нь япон компани ийм хэмжээний ашгийн босгыг давсан түүхэн дэх анхны тохиолдол болжээ. Тэгвэл өнгөрсөн онд компанийн хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт 32 хувиар өсөж, 3.6 сая нэгжид хүрсэн байна.

Өөрөөр хэлбэл Toyota-ийн борлуулсан гурван автомашин тутмын нэг нь хосолмол хөдөлгүүртэй байсан гэсэн үг юм. Цахилгаан автомашины шилжилт хүлээлтээс удаан явцтай байгаа энэ үед хэрэглэгчид хосолмол автомашиныг сонгож байгаа нь Toyota, Honda зэрэг үйлдвэрлэгчдэд орлогоо хуримтлуулж, цахилгаан автомашины зорилтдоо хөрөнгө оруулах боломжийг олгож байна.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк ХААН Банканд 20 сая ам.долларын зээл олгохоо мэдээллээ. Зээлийн 10 сая ам.долларыг орон нутгийн иргэд болон хувийн компаниуд эрчим хүч хэмнэх, ногоон технологи нэвтрүүлэхэд олгох бол үлдсэнийг нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулах юм байна.

УИХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох байнгын хороо дэмжсэн байна. Хуулийн төсөлд хиймэл оюун зэрэг дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгох зэрэг зохицуулалт тусгажээ.

Өнөөдрийн онцлох зураг

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украин дахь айлчлалынхаа үеэр Киевийн нэгэн уушийн газар дуучин Нил Янгийн "Rockin’ in the Free World" дууг тоглож буй нь

Brendan Smialowski/AFP/Getty