2024/05/16

Powered by:

Гурван өгүүлбэрээр

  1. $1.17 их наядаар үнэлэгдэх дэлхийн агаарын тээврийн зах зээлд Монгол Улс транзит тээврээр орлогоо нэмэгдүүлэх боломжийг онцоллоо.

  2. АНУ-ын инфляц сүүлийн 6 сард анх удаа саарч, Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ бууруулах орон зай нэмэгдэв. 

  3. Сүүлийн 2000 жилийн хамгийн халуун зун өнгөрсөн онд тохиожээ. Тэгвэл энэ зун…

Транзит тээврийн боломж

Энэ онд дэлхийн аялал жуулчлалын салбарын орлого 11.1 их наяд ам.доллар хүрч, түүхэн дээд үзүүлэлтээ эвдэх төлөвтэйг бид өмнө нь мэдээлж байв. Тэгвэл 1.17 их наяд ам.доллароор үнэлэгдэх дэлхийн агаарын тээврийн салбарын суудал дүүргэлт дөнгөж өнгөрсөн оны 10 дугаар сард л цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшиндээ эргэн хүрээд байгаа.

Харин тус салбарын орлогын гол бүрдүүлэгч хэсгүүдийн нэг болох дамжин өнгөрөх зорчигч буюу транзит зорчигчийн тоо цар тахлын өмнөх түвшиндээ хүрч сэргэтлээ дахиад хэдэн жил болохоор байгааг Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI) 2022 онд мэдээлжээ. 2019 онд бизнесийн болон хувийн зорилгоор зорчсон 4.5 тэрбум зорчигч дэлхийн нисэх буудлуудаар дамжин өнгөрсөн байна.

Ердөө 1%

Тэгвэл Sabre Market Intelligence-ийн тооцооллоор олон улсын томоохон нисэх буудлуудад транзит зорчигчийн тоо нийт зорчигчдын 10-аас дээш хувийг эзэлдэг байхад “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжин өнгөрсөн зорчигчид ердөө нэг хувийг эзэлдэг аж. Тодруулбал 2023 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүлээн авсан зорчигчдын тоо 1.4 сая бол үүнээс 18.4 мянга нь транзит зорчигчид байжээ.

Аялал жуулчлалын улирлыг даган Монгол Улсын агаарын тээврээр зорчигчдын тоо өвлийн улиралд буурдаг хязгаарлагдмал зах зээлтэй. Тэгвэл энэ сул талыг транзит тээврээр нөхөж, улирлын нөлөөг бууруулах боломж бийг МИАТ ТӨХК тодотголоо.

“Замын дунд” оршдог манай улсын хувьд газарзүйн байршлын давуу талаа ашиглан агаарын тээврийн зангилаа төв болох боломжийг бодлогын баримт бичигт тусгасан. Жишээ дурдахад Японоос Баруун Европ руу жилд 4.3 сая хүн, ХБНГУ-аас Азийн орнууд руу 3.9 сая хүн зорчдог статистик бийг МИАТ онцолж байлаа. Мөн геополитикийн нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын олон улсын нислэгийн сүлжээ 43 хувиар хумигдаж, гадаадын 45 хот Хятадтай шууд нислэгээр холбогдох боломжгүй болсон тухай Bloomberg саяхан мэдээлж байв.

Тэлэх боломж

Иймд хүлээн авах транзит зорчигчдын тоог нэмснээр авиа компаниудад нислэгийн давтамж нэмэгдэх, үндсэн зорчигчдын тариф буулгах, агаарын хөлгийн тоог олшруулах, харин нисэх буудлын хувьд үйлчлүүлэгчдийн тоог дагаад нислэгийн болон нислэгийн бус орлого нэмэгдэх зэрэг олон давуу тал үүсэх аж. Цаашлаад аялал жуулчлалын салбар, зочид буудлуудын орлого сайжирч, улирлын хамаарал ч багасах юм.

Транзит тээвэр хөгжүүлж, гаднын зах зээлд гарч эхэлбэл хоёр их наяд төгрөгийн орлого олно гэж тооцоолж байгаагаа МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир онцолж байлаа. Өнгөрсөн онд тус компани 14.6 мянган транзит зорчигч тээвэрлэж, 18 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон бөгөөд цаашид зах зээлд 85 мянган транзит суудал гаргахаар төлөвлөж байгаа аж.

Газрын үнэ ямар байна?

Улаанбаатар хотод худалдахаар зарлагдсан газрын нэг м.кв-ын дундаж үнэ нь зориулалт, хотын төвөөс алслалт, дэд бүтцийн шийдэл, газрын онцлог, засмал замаас хэр зайтай зэргээс хамаарч харилцан адилгүй байна. Газрыг долоон төрөлд хуваан дундаж үнийг тооцсон “Тэнхлэг зууч” компанийн тайлангаас харвал I улиралд орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнэ өмнөх оноос 37-55 хувиар өссөн байхад гэр бүл, зуслангийн зориулалттай газрын үнэ 30-43 хувиар буурчээ.

SGR-ийн өсөлт

Борлуулалтын хэмжээ нь нэмэгдэж, хэрэглэгчийн бааз сууриа төрөлжүүлсний нөлөөгөөр SouthGobi Resources компани оны эхний улиралд 32.1 сая ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажиллаж, ашгаа өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсгөжээ. Тайлант хугацаанд тус компани 1.1 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 83.3 хувиар өндөр дүн болж байна. Мөн I улиралд компанийн нүүрс борлуулсан дундаж үнэ тонн нь 79.5 ам.доллар байжээ.

Kincora-ийн шилжилт

Монгол дахь хөрөнгүүдээ худалдахаар төлөвлөж, хөндлөнгийн стратегийн үнэлгээ хийлгэж буй зэс-алтны Kincora Copper компани 2023 оноос Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж дахь төслүүддээ гол анхаарлаа төвлөрүүлж эхэлснээ I улирлын тайландаа онцолжээ. Өнгөрсөн оны эцсээр компани Австрали дахь бүх төслүүдээ 100 хувь эзэмших болсны зэрэгцээ хоёр сая австрали долларын санхүүжилт амжилттай татан төвлөрүүлсэн байгаа аж.

Харин санхүүгийн хувьд Kincora эхний улиралд 355 мянган канад доллар буюу 260 мянга гаруй ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн нь өмнөх улирал болон өнгөрсөн оны мөн үеэсээ үл ялиг буурсан үзүүлэлт болсон байна.

Тэвчихээс аргагүй

4-р сарын байдлаар АНУ-ын суурь инфляц сүүлийн 6 сард анх удаа саарч, Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ бууруулах орон зай бага ч болов нэмэгдэв.

Гэхдээ Холбооны нөөцийн банк тэвчээртэй байж, инфляц тогтвортой саарч байгаагийн баталгааг хүлээх хэрэгтэйг тус банкны тэргүүн Жером Пауэлл сануулаад байгаа. Мөн тэрбээр бодлогын хүүг өндөр түвшинд удаан хадгалах шаардлага бийг дахин тодотгосон юм. “Инфляцыг зорилтот 2 хувьд хүргэхэд бид бүрэн итгэлтэй байгаа. Үүний тулд бид шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” хэмээн Жером Пауэлл Амстердамд болсон уулзалтын үеэр хэлжээ.

Хамгийн халуун зун

Сүүлийн хоёр мянганы хамгийн халуун зун 2023 онд дэлхийн хойд хагаст тохиосныг мягмар гарагт Nature сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд онцолжээ. Гэхдээ 2023 оны зун урьд байгаагүй аагим халуун байсан ч энэ зун түүнээс ч халуун байж болзошгүйг анхааруулсан байна. Хүний үйл ажиллагааны нөлөөтэй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн дэлхийн дулаарал нь цаг уурын "Эль Ниньо" мөчлөгтэй хавсарснаар хэт халалтын рекорд дахин эвдэгдэх магадлалтай аж.

Өмнө нь эрдэмтэд 2023 оныг цаг уурын орчин үеийн хэмжилт анх хийж эхэлсэн 1850 оноос хойших хамгийн халуун жил болсон гэж тодорхойлоод байв. Харин энэ удаа эрдэмтэд төхөөрөмжийн хэмжилтийг уур амьсгалын дахин сэргээсэн модельтой хослуулах аргаар 2,000 жилийн цаг уурын бүртгэлийг хийж чаджээ.

Онцлох чарт

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ыг худалдаан дээр “булхайцаж байна” хэмээн буруутгаж, тус улсаас авах цахилгаан автомашин, хагас дамжуулагч, цэнэг хураагуур, нарны зайн хураагуурын импортын тарифыг огцом нэмэгдүүлэхээ зарлаад байна. Чухал ач холбогдолтой салбарынхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү өөрчлөлт нь АНУ-ын одоогийн жилийн импортын хэмжээнд 18 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний нөлөө үзүүлнэ гэж Цагаан ордноос мэдээлжээ.

Харин Бээжингийн зүгээс Америкийн энэхүү алхамд “шийдэмгий” хариу арга хэмжээ авахаа зарлаад байгаа.

Bloombergtv.mn танд санал болгож байна

Эцэст нь товчхон

МХБ: 15.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх зорилготой Эм Жи Эл Акуа компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхэлж, эхний өдрөө захиалгын биелэлт нь 72 хувьтай хаагдлаа. Одоогоор 116 хөрөнгө оруулагч бараг 11 тэрбум төгрөгийн дүн бүхий захиалга өгчээ.

ҮСХ: Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 19.1 хувиар өсөж, 14.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний дийлэнх буюу 78.7 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт, үлдсэнийг хүнсний бүтээгдэхүүнийх эзэлжээ.

Өнөөдрийн онцлох зураг

“Anatomy of a Fall” кинонд тоглосон “Месси” нэртэй нохой Каннын кино наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирж буй нь

Victor Boyko/Getty