- Business newsletter
- Posts
- 2024/05/15
2024/05/15
Powered by:
Гурван өгүүлбэрээр
Дотоодын савласан цэвэр усны зах зээлийн хамгийн том тоглогчдын нэг Эм Жи Эл Акуа-ийн IPO-г энэ дугаарт онцоллоо.
Изинис Эйрвэйз ирэх сараас Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.
В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийнэ.
Voyage-ийн IPO
Дотоодын эдийн засгийн өсөлт үргэлжилж, үйлдвэрлэл төрөлжихийн хэрээр хувьцааны зах зээлд сонголт нэмэгдсээр байна. Үүний сүүлийн жишээ нь энэ оны анхны IPO-г хийж буй үйлдвэрлэгч болох Эм Жи Эл Акуа ХХК юм.
Voyage цэвэр усаараа танигдсан тус компанийн бүтээсэн үнэ цэн, өсөлтийн төлөв, цаашдын төлөвлөгөөг танилцуулахаар бэлтгэлээ.
Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй IPO
Өнөөдөр МХБ дээр цан цохих ёслолоо хийх гэж буй Эм Жи Эл Акуа компани анхдагч зах зээлийн арилжаагаар 26.73 хувиа санал болгож, нэгж хувьцаагаа 174 төгрөгөөр үнэлэн нийт 15.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Тавдугаар сарын 21 хүртэл захиалга нь үргэлжлэх уг IPO-д үндсэн андеррайтераар Инвескор Капитал ҮЦК, туслах андеррайтераар Таван Богд Капитал ҮЦК ажиллаж буй.
Мөн компани санал болгох хувьцааныхаа 80 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 20 хувийг жижиг хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэн хуваарилах бөгөөд IPO-ийн дараа компанийн 73.27 хувийг Ти Эм Эл Трейд ХХК, үлдсэн хувийг олон нийт эзэмшдэг болох нь.
Хөрөнгийн захад зөвхөн цэвэр усны үйлдвэрлэлээр дагнасан анхны компани болон орж ирж буй Эм Жи Эл Акуа-ийн хувьцаа МХБ-ийн II ангилалд MGL AQUA үсгэн кодоор бүртгэгдээд байгаа. Компани татан төвлөрүүлсэн хөрөнгөө цэвэр бизнесийн тэлэлт, ашигт ажиллагааны өсөлтөд зориулах бөгөөд говийн бүсэд баригдах шинэ үйлдвэр нь тэдний чухал төсөл аж.
МХБ дээр шинэ хувьцаануудын ханш IPO хийсэн үеийнхээсээ голчлон уналттай байгаа энэ үед ханшийн хэлбэлзэл үүсвэл үнэ тогтворжуулах стратеги төлөвлөгдсөн гэдгээрээ Voyage-ийн IPO онцлог болж байна. Тодруулбал хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд анх гаргасан үнээс 15 хувь болон түүнээс дээш хувиар унасан тохиолдолд 1 тэрбум хүртэлх төгрөгийн эх үүсвэрээр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эм Жи Эл Акуа компани нь IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөө орлого нэмэгдүүлэх чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн нь хөрөнгө оруулагчдад өгөөж хүртэх боломжийг нэмэгдүүлж байна.
Зах зээлийнхээ хамгийн том тоглогч
23 жилийн түүхтэй Эм Жи Эл Акуа ХХК нь үйлдвэрлэлийн биет хэмжээгээр зах зээлийнхээ 30 хувийг бүрдүүлдэг, савласан цэвэр усны үндэсний хамгийн том үйлдвэрлэгч юм. Эдийн засаг уналттай, цар тахлын хүнд үед борлуулалтаа өсгөж чадсан тус компани өдгөө эдийн засаг ид сэргэж буй үед тохируулан орлогоо улам өсгөх алхам хийж байгааг Инвескор Капитал ҮЦК онцолж байлаа.
Түүнчлэн компани бүтээгдэхүүндээ маркетингийн зардал шингээдэггүй учраас тогтвортой хямд үнээр борлуулдаг, цэвэр усны сав нь хамгийн энгийн материал хийцлэлтэй тул байгальд хурдан шингэж, дахин боловсруулалтын зардлыг бууруулдаг гэх мэт давуу талууд бий аж.
Компани 2024 онд 7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төсөөлөл гаргаж, ногдол ашигт 40 хүртэлх хувийг нь хуваарилахаар бодлогын баримт бичигтээ тусгажээ. 2018 оноос 2022 он хүртэлх хугацаанд компанийн цэвэр ашгийн жилийн дундаж нийлмэл өсөлт нь 73.1 хувь байсан бол IPO-ийн дараах таван жилд цэвэр ашгаа жилд дунджаар 32.6 хувиар өсгөж, 28.6 тэрбум төгрөгт хүргэх амбицтай зорилт тавьжээ. Мөн 2023 оны байдлаар 15 хувьтай байгаа ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж нь 2028 он гэхэд 25 хувь болж тэлнэ хэмээн тус компани тооцоолж байна.
Баттай зах зээл
Өдөр тутмын хэрэглээ учраас цэвэр усны зах зээл ямагт тэлдэг гэсэн ойлголт сүүлийн жилүүдэд бий болоод байгаа. Дэлхийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн нийт савласан усны хэмжээ 30 гаруй хувиар өсөж, энэ онд 480 тэрбум литр давах төлөвтэйг Statista мэдээлж байна.
Тэгвэл 2023 онд Монгол Улс нийт 122 сая литр цэвэр ус үйлдвэрлэсэн нь өмнөх онтой нь харьцуулахад 16 орчим хувь, 2021 оноос 20 гаруй хувиар өссөн дүн болжээ. Зарим компаниудын тайлангаас харвал Монголд үйлдвэрлэгдэх савласан цэвэр усны биет хэмжээ ирэх таван жилд тасралтгүй өссөнөөр 2028 он гэхэд 201 сая тоннд, харин жилийн борлуулалт нь 427 тэрбум төгрөгт (105 хувийн өсөлт) хүрэх тооцоолол байгаа аж.
Прага руу шууд ниснэ
Изинис Эйрвэйз ХХК зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Монгол Улс, БНЧУ 2017 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулсан бөгөөд Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр хоёр талын хувийн хэвшлийн компаниуд идэвхтэй ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлж байв.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногоос БНСУ-ын агаарын тээврийн Jin Air компани Муан-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхлээд байна. Ингэснээр Монгол Улсаас БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болж байгаа юм.
“Баянхөндий”-н бүтээн байгуулалт
Erdene Resource Development компани оны эхний улиралд “Баянхөндий” алтны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, гүйцэтгэл 15 хувьд хүрснийг тайлагналаа. Мөн 2025 оны II улиралд анхны алтаа гарган авах төлөвлөгөө нь хэвээр байгааг онцолсон байна. Харин санхүүгийн хувьд эхний улиралд тус компани 2.6 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажиллахад хайгуул болон үнэлгээний зардал нэмэгдсэн нь нөлөөлжээ.
"Баянхөндий нь олборлолтын оргил үедээ Монголын хамгийн том алт олборлогч болж, уул уурхайн салбарт шинэ боломжуудыг нээнэ" гэж Erdene Resource Development компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли мэдэгдсэн байна.
Anglo-ийн хамгаалалт
107 жилийн түүхтэй Anglo American компани очир эрдэнэ, цагаан алт, нүүрс олборлолтын бизнесээсээ гарахаас шийдвэрлэсэн байна. Энэхүү нүсэр бүтцийн өөрчлөлт нь компанийг 43 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавиад буй BHP-ийн цаашдын оролдлогоос хамгаалах зорилготой бөгөөд үүний тулд ашигт ажиллагаа багатай бизнесүүдээ тусад нь гаргаж, ид сонирхол татаж байгаа зэсийн бизнестээ төвлөрөхөөр шийдсэн нь энэ аж.
Компани очир эрдэнийн алдарт De Beers дэх эзэмшлээ худалдах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулаад зогсохгүй Австралийн коксжих нүүрсний уурхайгаа зарж, Английн бордооны уурхайнхаа төсвийг танахаар болсон байна. Үүнээс өмнө Anglo American компани BHP-ийн нэгдэн нийлэх ээлжид саналд хоёр дахь удаагаа татгалзсан хариу өгөөд байв.
GPT-ийн шинэ хувилбар
OpenAI компани жилийн өмнө гаргасан GPT-4 хиймэл оюунт моделийнхоо илүү хурдан бөгөөд хямд үнэтэй шинэ хувилбарыг танилцууллаа. GPT-4o нь бичвэр, дуу хоолой, зургийг хоёр дахин өндөр хурдаар боловсруулах боломжтой төдийгүй 50 хэл дээр ажилладаг болсон нь гол давуу тал аж.
Мөн энэхүү шинэчлэлийн хүрээнд өмнө нь зөвхөн төлбөр төлсөн хэрэглэгчид ашиглах боломжтой байсан үйлдлүүдийг бүх хэрэглэгчдэд нээлттэй болгосон байна. Тухайлбал: веб сайтаас хайлт хийх, чатботтой ярилцах, хариултуудаа төрөл бүрийн хоолойгоор сонсох, харилцан яриагаа ирээдүйд санах ойд хадгалах зэрэг олон үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж эхэлжээ.
Онцлох чарт
Компаниуд таван долоо хоног дараалан 1 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө босгосон АНУ-ын IPO зах зээл бага зэрэг “хөрөх” хүлээлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд цахилгаан автомашин үйлдвэрлэгч Zeekr компани IPO хийж, 441 сая ам.доллар босгосноор анхдагч зах зээлийн татан төвлөрүүлсэн дүн тэрбум доллароос давсан 2021 оноос хойших хамгийн урт цувралыг үргэлжлүүлжээ.
Bloombergtv.mn танд санал болгож байна
Японы автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын технологийн компаниудтай хамтарч эхлэв
Goldman Sachs: Ам.долларын ханш чанга байгаа нь хөгжиж буй орнуудад сорилт болох төлөвтэй
Монголбанк: Эдийн засгийн өсөлт энэ онд саарахад ХАА-н салбарын агшилт нөлөөлөхөөр байна
Өнөөдрийн онцлох зураг
Индонезийн Ибу галт уул даваа гарагт идэвхжиж, 5 км өндөртэй үнсэн багана бий болгожээ.
Azzam Risqullah/AFP/Getty